Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0225

 

    2024          03           13                                   128/ШШ2024/0225

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н******* д*******” ХХК /РД: *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С,

Гуравдагч этгээд: “А э” ХХК /РД: /,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхийн газрын зөвшөөрлийг цуцалсан тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/492 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А э ХХК-д 31,640 м.кв газар ашиглах эрх олгосон А/627 дугаартай  тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

2. Н******* д*******” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1851 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын  сарын 29-ний өдрийн А/492 дугаартай тушаалаар газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдэж, шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэгч компанид мэдэгдэлгүйгээр мэдэгдэх, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4.1.6 болон 24, 25, 26 дугаар зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоож, энэ шийдвэр гаргах ажиллагааг явуулалгүйгээр гэнэтхэн манай 16 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг гаргасан байсан. Гэтэл бодит нөхцөл байдал дээрээ тухайн тушаал дээр хоёр үндсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон,

3.2. Газраа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлсэн, тухайн барилга байгууламж барьж, байгалийн газрын хөрсийг хөндсөн гэж,

3.3. Бодит нөхцөл байдал дээрээ энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд дурдаад байгаа зөрчил болон нөхцөл байдал үүсээгүй болохыг сайд өөрөө сонсох ажиллагаа хийгээгүй учраас бодитоор тогтоогоогүй, бас нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэж энэ тушаалыг гаргасан гэж үзэж байгаа. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж буюу Э и М компанид газрыг хууль бусаар шилжүүлсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байна гээд Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэтэл Н******* д******* компани болон түүний захирал Ч.Б нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, мөрдөгчийн саналаар тогтоогдож байгаа гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн хувьд анх 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/338 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын хязгаарлалтын бүсэд Арцатын аманд 16 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Үүний дагуу гэрээ, гэрчилгээгээ авч гэрээгээ байгуулж, зохих хөрөнгө оруулагч болон өөрийн хөрөнгө оруулалтаар тухайн талбай дээр аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар холбогдох архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулаад, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын газраар энэ зөвшөөрлийг батлуулж, үүний үндсэн дээр тухайн аялал жуулчлалын зориулалт бүхий цогцолборыг барьсан. Шүүхээс хийсэн үзлэгээс 7 блок болон 3 давхар томоохон барилгын ажил хийгдсэн нь харагдана. Тодорхой хэмжээний аялал жуулчлалын цогцолборын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явагдаад бүтээн байгуулалт явагдсан болох нь тодорхой. Ийм тодорхой хэмжээний хөрөнгө оруулчихсан газар байгаа юм. Нэгдүгээрт, газраа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлсэн, хоёрдугаарт, тухайн газарт барилга байгууламж барьж, байгалийн газрын хөрсийг хөндсөн гэж байгаа. Үндэслэл болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 12.1, 12.5, 12.11, 27.1, 33.2, 36.1, 39.1.1, 39.1.2, 40.1.1 болон Газрын тухай хуулийн 35.1.4, 38.1.6, 61.1-д заасан хуулийн үндэслэлүүдийг удирдлага болгон гаргасан байсан. Гэтэл бодит нөхцөл байдал дээрээ энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд дурдаад байгаа зөрчил болон нөхцөл байдал бол үүсээгүй болохыг сайд өөрөө сонсох ажиллагаа хийгээгүй учраас бодитоор тогтоогоогүй, бас нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэж энэ тушаалыг гаргасан гэж үзэж байгаа. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж буюу Э* и* М* компанид газрыг хууль бусаар шилжүүлсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байна гээд Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэтэл Н* д* компани болон түүний захирал Ч.Б* нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, мөрдөгчийн саналаар тогтоогдож байгаа. Тэгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий тушаал эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн бичгийг үндэслээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна, газрыг хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал байна, үүнтэй холбоотойгоор үр дагаврыг арилгах арга хэмжээ аваарай гэдэг прокурорын албан бичгийг үндэслээд гарчихсан байдаг. Гэтэл прокурор нь өөрөө хэргээ хэрэгсэхгүй болгоод, буруу байхгүй байна, гэмт хэрэг биш байна гээд дүгнэчихсэн байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийнх нь үндэслэл болсон нөхцөл байдал арилаад гэмт хэрэг биш болохыг тогтоосон байхад нэхэмжлэгчийн эрхийг сэргээн, газрыг сэргээж олгохгүй байгаа нөхцөл байдал байгаа юм. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшигчийн эрхийг заасан байгаа. Бидний газар бол эзэмших эрхтэй газар биш, ашиглах эрхтэй газар. Ашиглах эрхтэй газрыг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх зохицуулалт байхгүй. Мөн сайдын тушаал дээр үндэслэл болгоод байгаа 38.1 дүгээр зүйл бол газар эзэмших эрхийг шилжүүлэх зохицуулалт байгаа. Гэтэл үндэслэлгүй энэ заалтыг баримтлаад газар ашиглахыг шилжүүлсэн мэтээр тайлбарлаад байгаа юм. Гэтэл нөхцөл байдал бол Эрүүгийн цагдаагийн албан дээр Ч.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа тогтоол дээр юу гээд дүгнээд байна вэ гэхээр үүнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5 дахь заалт маш тодорхой хариулт өгнө. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5 дээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж ямар компанийг хэлэх юм бэ гэхээр Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн 25% хувь буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын иргэн, гадаадын аж ахуйн нэгж нь эзэмшээд байх юм бол энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж ойлгогдоно гээд тайлбарлаад өгчихсөн. Гэтэл энэ томоохон төсөл буюу 7 блок 3 давхар суурийн маш их хэмжээний ажил, газар арчлалт, хамгаалалт, хашаалсан байнгын харуул хамгаалалт, гадаадаас хүртэл ажиллах хүчин оруулж ирээд энэ барилгуудыг барьсан. Суурийн 3 давхар ажил явагдсан. Энэ хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд Э и М компани 24 хувийнхаа хэмжээнд оруулсан. Энэ нь өөрөө гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж ойлгогдохгүй. Монгол Улсын хуулийн этгээд гэж ойлгогдож байгаа. Энэ нөхцөл байдлыг Эрүүгийн цагдаагийн алба, прокурор бас тогтоогоод хэрэгсэхгүй болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хүчингүй болгоод байгаа үндэслэл маань өөрөө үүгээр няцаагдаж байгаа юм. Бусдад шилжүүлсэн нөхцөл байдал байхгүй. Ерөөсөө Н******* д******* компани дээр 2010 онд газар ашиглах эрх нь олгогдсон. Харин 24%-ийн хувьцаа эзэмшлийг Э и М компани эзэмших замаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулалт хийсэн. Бодит нөхцөл байдал хийгээд хуулийг буруу тайлбарлаж, манай компанийг хохироочихсон ийм нөхцөл байдал байгаад байгаа юм” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг бүртгэлтийн хэрэг нь хаагдчихсан учраас танай цуцалсан үндэслэл чинь алга болчихсон гэж тайлбарлаад байна. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 113 дугаар хуудсанд прокуророос яам руу явуулсан 2020 оны 6 сарын мэдэгдэл авагдсан. Энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр энэ хэргийг тус компанийн захирал Ч.Бд холбогдуулж ямар хэргийг шалгасан бэ гэхээр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр барилга бариад байна буюу өөрөөр хэлбэл, мөнгө угаах хэргээр шалгасан юм. Мөнгө угаах хэргээр шалгаж байх явцад мөнгө угаагдсан нь тогтоогдоогүй учраас тэр хэргийг хаасан. 2020 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд явж байхад тэр дунд Н******* Д******* гэдэг компани дундаа хувьцаа эзэмшигч нь солигдоод гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн этгээд орж ирээд, газраа хууль бусаар бусдад ашиглуулсан байдал тогтоогдсон учраас прокурор мэдэгдэл бичсэн. Прокурор нь Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг барьж байгаа. Мөнгө угаах хэрэгтэй андуурмааргүй байна гэж хэлэх гээд байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж юу юунаас бүрдэх вэ гэдгийг заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон Газрын хууль, бусад холбогдох хууль тогтоомж. Тийм ч учраас Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хоёр хоорондоо бие биеэсээ эш татсан маш олон заалтууд байдаг. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгах харилцааг хэрвээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байхгүй бол Газрын тухай хуулийг эшилж дуусгахаар хуульд өөрөө заасан. Хууль тогтоогч тэгж хуульчилсан. Тэгэхээр Газрын тухай хуулийг барих ёсгүй байсан гэдэг тайлбар бол үндэслэлгүй.  Газрын төлбөрийг төлсөн гээд яриад байна л даа. Хэрэгт байгаа баримтыг үзээд Н******* Д******* гэдэг компанийн гүйцэтгэх захирлын мэдүүлгийг харах юм бол энэ газрын төлбөрийг ганцхан 2019 онд л төлсөн. Өөрөөр хэлбэл, Бээжинд 2 хятад нь муудалцаад арбитрын маргаан үүсэхтэй зэрэгцээд нөгөө хятадууд газрын төлбөр төлөхөө больсон учраас аргагүйн эрхэнд газраа цуцлуулахгүйн тулд төлсөн. Түүнээс өмнө хятадууд төлдөг байсан юм. Үүнийг гэрчээр өгсөн мэдүүлэг дотор тодорхой дурдчихсан. Харуул хамгаалалтыг ч гэсэн хятад компани хариуцдаг байсан. Э и М компани. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдчихсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар гадаадын иргэн хуулийн этгээдэд газрыг ашиглуулж болохгүй. Хуулийн этгээд 24% гэхээр танайд 24%-аа өгчихье гээд тохирсон л асуудал. Энэ бол илэрхий шүү дээ. Үнэхээр 24%-аа та нар өгсөн юм бол хятадууд чинь яахаараа тэр төслийн 80%-ийн үр шимийг хүртдэг юм, хүртэхээр гэрээ хийчихсэн байдаг юм. Та нар 76 хувийнхаа хөрөнгө оруулалтыг хийгээд, хятадууд нь 24 хувийнхаа хөрөнгө оруулалтыг хийгээд 24 хувьдаа ноогдох үр шимийг л хүртэх ёстой биз дээ. Бизнесийн зарчим тийм гэж бодоод байна. Тэгээд энэ бүгдийг үзэж байгаад мэдээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед, эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад шилжүүлсэн үйл баримтууд гарцаагүй тогтоогдсон. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тогтоогдсон байна гэж үзсэн. Бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан асуудал нь мөнгө угаасан асуудал нь тогтоогдохгүй байна гэж хаасан гэсэн үг. Сайд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ашиглах эрх, ашиглаж байгаа газраа бусдад хэсэгчлэн буюу бүхэлд нь дамжуулан ашиглуулахыг хориглоно гэж заасан. Энэ хууль өөрөө 1995 оны хууль. Ашиглуулах гэдэг үг энэ дээр маш чухал. Ашиглуулах гэдэг үгийг монгол хэлний тайлбар толь дээр 2 янзаар тайлбарласан. Ашиглуулах гэдэг нь ашиглуулж байгаа талдаа төлбөртэйгөөр ашиглуулах, нөгөө талдаа ашиглаж байгаа хүн үр шимийг нь хүртэх зорилготой гэж тайлбарласан. Хуулийн хувьд ч гэсэн үзэл баримтлалын хувьд ч гэсэн тийм. Яг энэ ашиглуулах гэдэг үгэн дээр энэ харилцаан дээр яагаад байна гэхээр нөхөр Монгол хүн газраа гаргалаа, нэг ч төгрөг дахиж гаргахгүй. Төслийн цэвэр ашиг 21%-ийг авна. Төлбөртэйгөөр ашиглуулж байгаа хэрэг мөн.  Нөгөө талдаа Хятад компани Э и и******* м яах вэ гэхээр бүх мөнгөө гаргана. Бүх төлбөрөө хариуцна. Харуул хамгаалалт бүх юмаа хийнэ. Гэхдээ цэвэр ашгийн 79%-ийг хүртэнэ. Ашиглаад байгаа юм. Тэр газар дээр бий болсон төслөөс үүсэж байгаа үр шимийг хэн хүртээд байгаа юм. Дийлэнх олонх нь Хятад нөхөр хүртээд байгаа юм. Үүнийг одоо ашиглуулах, ашиглачихсан гэхгүй юм бол өөр ямар нөхцөл байдал тогтоох ёстой байгаа гэдгийг ойлгохгүй байна. Ийм учраас л сайдын тушаал хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна” гэв.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газруудад тус тус хандан хүсэлт гаргасны үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Нүхтийн ам дахь газарт 31,640 метр квадрат газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу ашиглах зөвшөөрлийг авсан. Манай компанийн хувьд дээрх ашиглах эрхийг Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан учир одоог хүртэл өөрсдийгөө тухайн газрын хууль ёсны ашиглах эрх бүхий этгээд гэж үзэж байгаа учир өмнө нь гаргасан хавтаст хэргийн 186 дугаар талд байгаа 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0020 дугаартай тайлбараа дэмжин оролцож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын аманд 16 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 тушаалыг үндэслэн, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011/75 дугаар гэрчилгээ 5 жилийн хугацаатай  “Н******* д*******” ХХК-д олгож, улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар  сунгажээ.

3. 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Барилга байгууламжийн хамтран ажиллах” гэрээг “Г*******” ХХК, “Э и и******* м” ХХК-тай  байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ашиглах эрх бүхий газарт амрагчдын байр, хүүхдийн цэцэрлэг, зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын 208 дугаартай Архитектур  төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг хийлгэж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 108/2014 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байна.

4. Нэхэмжлэгч компани Арцатын аманд хэрэгжиж буй аялал жуулчлалын цогцолборын төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр газар ашиглах гуравласан гэрээний хэрэгжилтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дүгнүүлжээ.

5. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/492 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Н******* д*******” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын аманд 2011 оны А-338 дугаартай тушаалаар олгосон 16 га  газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э и и******* м” ХХК-д шилжүүлснийг Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/35 дугаар мэдэгдлийн дагуу  зориулалт бусаар анх олгосон, дархан цаазат  газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж, барилга байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэсэн үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” 1851 дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул гэрчилгээг гэрээний хамт хүлээлгэн өгөхийг Н******* д*******” ХХК-д мэдэгдсэн.

6. Мөн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 09/2834 дугаартай албан бичгээр түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгосонтой холбогдуулан архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болсныг Н******* д*******” ХХК-д мэдэгджээ.

7. “Э и и******* м” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Хятад улсын дөрвөн иргэн тус компанийн хувьцаа эзэмшигч болох мэдээлэл байх ба харин Н******* д*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны  хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээллээр 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлээр тус компанийн 24 хувийг “Э и и******* м” ХХК, 76 хувийг Ч.Б эзэмшдэг болох нь тогтоогдож байна.

8. Үүнээс үзвэл, Н******* д*******” ХХК, “Э и и******* м” ХХК-уудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч компанийн 76 хувийн хувьцаа эзэмшигч нь иргэн Ч.Б, 24 хувийн хувьцаа эзэмшигч нь “Э и и******* м” ХХК   байна.

9. Нийслэлийн прокурорын газрын прокурор Н******* д*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/35 дугаартай дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.

10. Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

11. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, прокурорын мэдэгдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэлбэрийн талаар мэдэгдэлд дурдах бөгөөд харин захиргааны байгууллага, албан тушаалтан тус мэдэгдлийн дагуу аливаа арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхээр байна.

12. 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор Н******* д*******” ХХК нь 2011 онд Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд аялал жуулчлалын цогцолбор барих төсөл бичин, газар ашиглуулах зөвшөөрөл гаргуулж авсан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчиж, тус газарт орон сууцны барилга, байгууламж барьж залилан мэхэлж байнгын тогтвортой мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 226 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

13. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н******* д*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо шийдвэр гарах нөхцөл байдлыг өөрөө тогтоож, үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

14. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно 1/ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахыг хориглосон боловч газар ашиглаж буй компанийн хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байхыг хориглоогүй бөгөөд 2010 оны А-338 дугаар тушаалаар Н******* д*******” ХХК-д газрыг ашиглуулахаар шийдвэрлэх үед тус компанийн хувьцаа эзэмшигчээр иргэн П.Н******* бүртгэлтэй байсан байх тул хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

15. Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглох боловч компанийн хувьцаа эзэмшигч солигдсоныг ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэж үзэхгүй.

16. Дээр дурдсанаар Н******* д*******”  ХХК-ийн газар ашиглах эрх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дууссан хэдий ч энэ цаг хугацаанд шүүхийн маргаантай, шүүгчийн захирамжаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн байсан тул газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй, дээрх хугацааны газрыг төлбөрийг төлөөгүй гэж үзэх боломжгүй юм. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж зааснаар газар ашиглуулах шийдвэр гарснаар газрын төлбөр төлөх үүрэг үүсэхээр байна.

17. Нэхэмжлэгч Н******* д*******” ХХК нь газар ашиглаж эхэлснээс хойш ашиглаж буй газар дээрээ барилга барихаар эрх бүхий байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл авч барилга барьсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул  газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, дархан цаазат газрын горимыг зөрчин газар ухаж, барилга байшин барьсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

18. Учир нь нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газрын ойр орчимд орон сууц, эмнэлэг зэрэг үл хөдлөх хөрөнгө байгаа нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд энэхүү үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна гэж шүүхээс үзлээ.

19. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны “А э” ХХК-д 31,640 м.кв газар ашиглах эрх олгосон А/627 дугаар тушаалын тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаартай тушаалаар “А э” ХХК-д нийслэлийн Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд 31,640 м.кв газар ашиглах эрх олгож, ******* дугаартай гэрчилгээ олгожээ.

20. Дээрх газрын байршил нь өмнө Н******* д*******” ХХК-д ашиглах эрх олгосон газар болох нь кадастрын зургаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар энэ тал дээр маргаагүй болно.

21. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж зааснаас гадна тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 9033 дугаартай захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/492 дугаар тушаалын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байхад маргаан бүхий газарт гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон сайдын 2022 оны А/627 дугаартай тушаал нь хууль бус болох нь тогтоогдож байна.

22. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/492, 2022 оны А/627 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н******* д*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/492, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалуудыг тус тус  хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н******* д*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ