| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04122/И |
| Дугаар | 184/ШШ2024/03501 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/03501
2024 06 18 184/ШШ2024/03501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 31,789,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн
бичгийн даргаар ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн
төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* “” ХК-тай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19,000,000 төгрөг, 2018 оны
12 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт 6,200,000 төгрөгийг дугаар 18/334 тоот
зээлийн гэрээ байгуулан нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 25,200,000 төгрөгийг
жилийн 14,4 хувийн, сарын 1,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж
авсан. Банк нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч *******гийн ******* дахь
******* тоот харилцах дансанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр
19,000,000 төгрөг, 2018 оны 12-р сарын 12-ны өдөр 6,200,000 төгрөг нийт
25,200,000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан
өдрөөс хойш үндсэн зээлээс 5,632,513.64 төгрөг, хүүнээс 5,078,824.04 төгрөг,
нэмэгдүүлсэн хүү 16,619.60 төгрөг, нийт 10,727.957.28 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 12-р
сарын 12-ны өдрийн дугаар 18/334 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан
эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2023 оны 11
дүгээр сарын 16-ний өдөр, 2023.12.18-ний өдөр, 2024.02.28-ны өдөр, 2024.04.01-
ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох “мэдэгдэл
тайлбар”-ийг зээлдэгчид удаа дараа утсаар мэдэгдсэн боловч зээлдэгчид нь
гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл
болж байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ
биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр
19,567,486.36 төгрөг, үндсэн хүү 11,122,803.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү
1,083,879.78 төгрөг, хуримтлагдсан хүү буюу нэг өдрийн хүү 7,719.77 төгрөг,
нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 31,789,889.37 төгрөг хуримтлагдаж, 1453
хоног хугацаа хэтэрч банкийг хохироож байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч нийт 25,200,000 төгрөгийн зээл авснаас үндсэн зээлээс төлсөн
төлбөрийг хассан дүн буюу 24,401,311.25 төгрөгөөс хүү тооцсон гэдэг нь
графикаас тодорхой харагдана, эхний үнийн дүнгээс бодоогүй. Иймд
нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн хангуулахаар дэмжиж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа: Би ******* ХХК-тай 2018 оны 08 сарын 29-ний өдөр 19,000,000
төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай авсан. Үүнээс 9,10,11,12 сард
төлөлт хийсэн. Ингээд 2018 оны 12 сарын 12-ны өдөр нэмэлтээр 6,200,000
төгрөгийг цалингийн зээлийн гэрээ байгуулан нэмж, 2 удаагийн үйлдлээр нийт
24,401,311.25 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр буюу сарын 1,2
хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлээ ажлаасаа гарах
хүртлээ буюу 2020 оны 03 сар хүртэл хугацаандаа төлсөн. Ажлаас гарсны дараа
ковидын үе таарсан, хувийн бизнес ажиллахгүй болсон. *******наас нийт
200,000,000 төгрөгийн зээлтэй байсан, өндөр үнийн дүнтэй зээлээс эхэлж хааж,
төлсөөр байгаад дуусаж байгаа. Одоо энэ цалингийн зээл үлдсэн. Их хэмжээний
хүү төлж байгаа учир хүүгээс хасах боломж байгаа эсэхийг банкнаас асуусан
боловч боломжгүй гэсэн хариу өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш
төлбөр төлөөгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 19,567,486 төгрөгийг зөвшөөрч байгаа,
хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Би *******инд эдийн засагчаар
ажиллаж байгаад 2020 оны 03 сарын 30-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа
гарсан гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2018
оны 08 сарын 29-ний өдөр 19,000,000 төгрөгийг авсан. Нэхэмжлэлийн шаардлагын
утга нь тодорхойгүй байна. Манайх 2018 оны 09 сарын 10-ны өдөр 22,665 төгрөг,
2018 оны 09 сарын 26-ны өдөр 222,048 төгрөг, 2018 оны 10 сарын 26-ны өдөр
222,304 төгрөг, 2018 оны 11 сарын 10-ны өдөр 222,529 төгрөг, 2018 оны 11 сарын
25-ны өдөр 222,105 төгрөг, 2018 оны 12 сарын 10-ны өдөр 231,674 төгрөг төлсөн.
2018 оны 12 сарын 12-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 18,201,311 төгрөг дээр
нэмж 6,200,000 төгрөг зээлсэн, нийт зээлийн үлдэгдэл 24,401,311 төгрөгийг 365
хоногийн хүү 14,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар нэмэгдүүлсэн хүү
зээлийн хүүгийн 20 хувиар тооцохоор зээлсэн. Гэтэл 25,200,000 төгрөгөөс зээлийн
хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байна. Зээлийн гэрээн дээр хуримтлагдсан хүү
авах эрх зүйн зохицуулалтыг гэрээнд заагаагүй, нэмэгдүүлсэн хүү авах талаар
заасан байхад нэхэмжлэгч тал хуримтлуулсан хүүг нэхэмжлээд байдаг. Үндсэн
зээлийг хүлээн зөвшөөрдөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх
хүсэлт хариуцагчид гаргаж байсан. Мөн хариуцагч тал манайд мэдэгдэл явуулж
байсан гэх боловч хариуцагчид хүргэж өгөөгүй, *******гийн хувьд тус банкны
өөр зээлүүдээ төлсөн, ковидын үе байсан, зээлдэгчийн эрх зүйн байдал дордсон,
ажлаасаа гарсан зэргийг харгалзан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж
өгнө үү. Учир нь ******* нь өөрөө тус банканд ажиллаж байхдаа цалингийн
зээл гэж уг зээлийг авсан, ажлаасаа гарсан, цар тахлын үе байсан тул зээлээ
төлөх боломжгүй болсон, 2021 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл зээлээ
тасралтгүй төлсөн байдлыг харгалзаж үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид
316,899 төгрөг төлсөн баримт, нотариатын 8,000 төгрөгийн төлбөрийн баримт,
улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл,
*******гийн хүсэлт, зээлдэгчийн анкетын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн нотариатаар
гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 18/334 дугаартай
барьцаат зээлийн гэрээ, түүний эргэн төлөлтийн хуваарь, *******наас
*******д 19,000,000 төгрөг, 6,200,000 төгрөг шилжүүлсэн мемориалын
баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 16, 2023
оны 12 дугаар сарын 18-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай
мэдэгдлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан
тухай мэдээллийн хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү тооцооллын
хүснэгт, *******гийн ******* дугаартай зээлийн дансны харилцагчийн
хуулга, *******гийн ******* дугаартай харилцах дансны харилцагчийн
хуулга, 2024 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 9828 дугаартай “Хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, хүү тооцооллын хүснэгт, 2018 оны
08 дугаар сарын 29-ний өдрийн 18/180 дугаартай барьцаат зээлийн гэрээ, түүний
эргэн төлөлтийн хуваарь,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт: Байхгүй,
Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “*******” ХК хариуцагч *******д холбогдуулан
үндсэн зээлийн үлдэгдэл 19,567,486 төгрөг, үндсэн хүү 11,122,803 төгрөг,
нэмэгдүүлсэн хүү 1,083,880 төгрөг, хуримтлагдсан хүү 7,720 төгрөг, нотариатын
зардал 8,000 төгрөг, нийт 31,789,889 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч ******* үндсэн зээлийн үлдэгдэл 19,567,486 төгрөгийг
зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх төлбөрийг ажил орлогогүй, ковид-19 хөл хорионы
үе байсан, бизнесийн үйл ажиллагаа алдагдсан, хүү болон нэмэгдүүлсэн хүүг
буруу дүнгээс тооцсон зэрэг үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх
хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
“*******” ХК болон ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар
сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч
19,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай,
нэмэгдүүлсэн хүү зээлийн 20 хувь байхаар,
2018 оны 12 дугаар сарын 12-ний өдөр мөн талуудын хооронд зээлийн гэрээ
байгуулагдаж дээрх зээлийн үлдэгдэл 18,201,311 төгрөг дээр нэмэлтээр 6,200,000
төгрөг нэмж, нийт 24,401,311 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 60 сарын
хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн 20 хувь байхаар харилцан тохиролцож,
зээлийн төлбөрийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч зээлийн төлбөрийг хүүгийн
хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх
үүргийг тус тус хүлээсэн болох нь 18/180, 18/334 дугаартай зээлийн гэрээгээр
тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт
зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээнүүд нь Иргэний
хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн
байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зохигч нь зээлийн хоёр гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр
байдал, зээлийн хоёр гэрээний дагуу нийт 25,200,000 /18/180 дугаар гэрээний
дагуу 19,000,000 төгрөг+18/334 дугаар гэрээний дагуу 6,200,000 төгрөг/ төгрөгийг
хариуцагч *******д шилжүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн
гэрээгээр нийт үндсэн зээлийн хэмжээ 24,401,311 төгрөг болсон, үүнээс үндсэн
зээлд 5,532,513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,620 төгрөг төлсөн, зээлийн гэрээний
хугацаа дууссан өдрөөс хойш төлөлт хийгээгүй үйл баримтуудын талаар
маргаагүй.
Хариуцагчаас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан нь
үндэслэлтэй эсэх болон нэхэмжлэгч тал үндсэн хүүгээс 5,078,824 төгрөг төлсөн,
хариуцагч үндсэн хүүгээс 5,689,004 төгрөг төлсөн, 25,200,000 төгрөгөөс хүүг
тооцсон байна гэж маргасан.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа
эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл
ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн
хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар,
зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,
гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн
206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих
ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.
Зохигчийн хооронд байгуулсан 18/334 дугаар зээлийн гэрээний 2.1.5-д
зааснаар зээлийг 60 сарын хугацаатай олгоно, талууд зээл, зээлийн хүүгийн эргэн
төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1 “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-р
харилцан тохиролцож баталгаажуулсан болно, 2.1.4-т нэмэгдүүлсэн хүү зээлийн
хүүгийн 20 хувь байна, үндсэн зээл, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт
хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг
хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй
үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тус тус заажээ.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар хариуцагч ******* нь 2018
оны 12 дугаар сарын 25-ний өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрийг нэмэгдэх,
зээлийн хүүгийн төлбөрийг буурах байдлаар сар тутам тогтмол үнийн дүнгээр
287,300 төгрөгийг төлж гэрээний хугацаа дуусахад буюу 2023 оны 11 дүгээр сарын
25-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү төлөгдөж дуусахаар тохиролцжээ.
Энэ нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ
хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол
нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, зохигч гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр
үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр
тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг
заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах
хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас
хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-
т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24.3-т заасан хэмжээнээс
хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасантай нийцэж байна.
5. Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, *******гийн зээлийн дансны
харилцагчийн хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр хариуцагч
2020 оны 03 дугаар сараас сар бүр гэрээнд заасан зээл, зээлийн хүүг зохих ёсоор
хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус төлж байсан нь
тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 6.1.1-д гэрээний хавсралтад заасан зээл, хүүгийн төлбөр,
хэрэв бодогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан
буюу гэрээний гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болохоор
заасан байна.
Хариуцагч тайлбартаа “зээлийн хүүгээс чөлөөлөх боломж байгаа эсэхийг
асуухад нэхэмжлэгч боломжгүй гэж хэлсэн, төлөөлөгч *******тай буюу нийт 2
удаа банкнаас надтай утсаар ярьсан” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч талын
*******г зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан гэх тайлбар
үндэслэлтэй бөгөөд түүнийг нотлохоор “Зээлдэгчтэй холбоо барьсан тухай
мэдээллийн хүснэгт” гэх баримтыг хавсарган ирүүлсэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар
зүйлийн 38.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын
талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Үндсэн хүү төлсөн төлбөрт хариуцагч маргаж байгаа ч харилцах дансны
хуулганаас үзэхэд нийт хүү 5,078,824 төгрөг төлсөн бөгөөд талуудын хооронд
маргасан зөрүү 610,180 төгрөгийг төлснөө хариуцагч баримтаар нотлоогүй тул
үндэслэлгүй.
*******гийн зүгээс “бизнесийн үйл ажиллагаа тасалдсан гэх тайлбар
гаргасан боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь цалингийн
зээлийн гэрээ буюу хэрэглээний зээлд тооцогдоно. Мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн
хүүгээс чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж байсан гэсэн хариуцагчийн тайлбар нотлох
баримтгүй, энэ нөхцөл байдал тогтоогдоогүй.
Зээлийн эргэн төлөлтийн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл буюу зохигч
маргаагүй үнийн дүн болох 19,567,486 төгрөгөөс, 2020 оны 03 дугаар сарын 25-ний
өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 1,2 хувийн
хүүгээр тооцоход нэхэмжлэгчийн 11,122,803 төгрөгөөр шаардсан бодолт зөв байх
тул хариуцагч талын “25,200,000” төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож
нэхэмжилсэн байна” гэх татгалзал үгүйсгэгдэж байна.
Тиймээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн
үлдэгдэл 19,567,486 төгрөг, хүү 11,130,523 төгрөг /11,122,803+7,720 төгрөг 1
өдрийн хүү/ нэмэгдүүлсэн хүү 1,083,880 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ нь цалин барьцаалсан ба
******* 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр ажлаас өөрийн хүсэлтээр
чөлөөлөгдөж ажилгүй болсон талаар талууд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний
хугацаа нь дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын үед хамаарах тул энэ
нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хариуцагчийн төлөх нэмэгдүүлсэн хүү
болох 1,083,880 төгрөгөөс чөлөөлж шийдвэрлэв.
8. Иймд хариуцагч *******гаас нийт үндсэн зээл 19,567,486 төгрөг, хүү
11,122,803 төгрөг, нийт зээлийн төлбөрт 30,706,009 төгрөг гаргуулж нэхэмжлэгч
“*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүү тооцсон 1,083,880
төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан хэмжээнд хариуцагчаар нөхөн
төлүүлж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453
дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас
30,706,009 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн
шаардлагаас үлдэх 1,083,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 316,899.44 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,
хариуцагч *******гаас 311,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д
олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан
сонсгомогц хүчинтэй болох бас зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч
буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14
хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол
гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН