| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/05103/и |
| Дугаар | 1159 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1159
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/01146 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ус, дулаан хэрэглэсний төлбөрт 1 749 725.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, З.А, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х” ХХК нь Монгол Улсын Бүртгэлийн гэрчилгээг 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авсан бөгөөд Орон сууцны ашиглалт засвар үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани нь Эрчим Хүчний Зохицуулах хорооноос Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг авч, Баянзүрх дүүргийн 1, 4, 5, 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 7, 20 дугаар хороонд байрлалтай 55 байрны орон сууцны байруудыг халаалт, халуун, хүйтэн усаар тасралтгүй хангаж, инженерийн гадна, дотор шугам сүлжээ, сантехник, цахилгааны засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг.
Тус компанийн үйлчлэх хүрээнд байрладаг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүр горхи хотхон, 53 а байрны 00 тоотод оршин суугч Б.Б- нь 2016 оны 10 дугаар сарын төлбөр 48 436.96 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын төлбөр 89 851.96 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын төлбөр 40 717.16 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын төлбөр 56 431.76 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын төлбөр 44 450.56 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын төлбөр 46 474.56 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын төлбөр 48 702.06 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын төлбөр 39 945.73 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын төлбөр 18 816.60 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын төлбөр 38 502.20 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын төлбөр 21 263.00 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын төлбөр 36 680.93 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын төлбөр 51 346.46 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын төлбөр 51 346.46 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын төлбөр 42 401.26 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын төлбөр 43 413.26 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын төлбөр 60 683.26 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын төлбөр 45 045.66 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын төлбөр 62 707.26 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын төлбөр 38 533.33 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын төлбөр 2915.00 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын төлбөр 25 696.00 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын төлбөр 22 969.80 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын төлбөр 87 601.73 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын төлбөр 53 398.66 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын төлбөр 35 061.66 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын төлбөр 82 044.86 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын төлбөр 27 251.66 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын төлбөр 87 707.66 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын төлбөр 47 403.66 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын төлбөр 75 948.66 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын төлбөр 31 444.53 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын төлбөр 24 518.60 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын төлбөр 22 494.60 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын төлбөр 8 595.00 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын төлбөр 17 113.76 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын төлбөр 17 1809.33 төгрөг, нийт 1 749 725.60 төгрөг байна.
Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүр горхи хотхон, 53 а байрны 00 тоотод оршин суугч Б.Б-гаас 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөр болох 1 749 725.60 төгрөгийг удаа дараа нэхдэг боловч төлөхгүй байгаа учир төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Б- миний Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэнгүр горхи хотхоны 53а байрны 00 тоотод амьдардаг. 2016 оны 8 сард манай Сэнгүр горхи хотхоны 53а, 53б байрны оршин суугчдын цахилгааны хүчдэл онцгой хүчтэй ирж, манай гэрийн телевизор, угаалгын машин ажиллагаагүй болсон. Мөн оршин суугчид олноороо цахилгаан хэрэгслүүд нь шатаж хохирсон байсан. Оршин суугчид бүгд ярилцаж яаралтай өргөдөл бичиж Баянзүрх дүүргийн бөхийн өргөөний урд байдаг Баянзүрх дүүргийн цахилгаан шугам сүлжээ компани дээр очиж өргөдлөө өгсөн. Тус компани тодорхой хугацааны дараа хариу өгнө гэж оршин суугчдад хэлж явуулсан. Ингээд сарын дараа иргэд очиж өргөдлийн хариугаа асуухад манайх хариуцахгүй, танай орон сууцны Хүрээ хаус компани нам даралт учир хариуцна, орон сууцны Хүрээ хаус компанидаа ханд гэсэн. Бид “Х” ХХК дээр очиж асуухад манайх хариуцахгүй гэсэн. Эргээд цахилгаан сүлжээ компани дээрээ очиход манайх хариуцахгүй, орон сууцны компанидаа ханд гэх зэргээр оршин суугчдыг маш олон удаа нааш, цааш нь явуулж хохироосон. Миний бие дээрх 2 байгууллагад олон удаа хэлж яриад миний хохирлыг барагдуулаагүй.
“Х” ХХК цахилгаан шугам сүлжээ компанитайгаа яриад хэн нь хариуцахаа тодорхой болгож өг гэхэд манайд хамаагүй гэсэн. Энэ 2 байгууллагаас болж олон айл хохирсон бөгөөд 1 айл нь манайх юм. Эдгээр 2 байгууллагад энэ байдлаа олон удаа хэлсэн боловч өдий хүртэл миний хохирлыг барагдуулаагүй 2 байгууллага бие бие рүүгээ түлхэж, улмаар үе үе тог тасалсан. Энэ хоёр байгууллагад миний хохирлыг барагдуулахгүй бол мөнгийг нь өгөхгүй гэдгээ би анхнаас нь хатуу хэлсэн байсан.
“Х” ХХК-ийн гаргасан хуурамч мөнгөн дүнг эсэргүүцэж байна. Манай байрны оршин суугчид уд дулааны төлбөр нь дулаан зогсоход зун 5000-8000 төгрөг, өвөл 10 000-25 000 төгрөг л байдаг. Өөрсдийн буруугаас болж өвчтэй зовлонтой хүмүүсийг хохироосон бөгөөд “Х” ХХК далимдуулан маш их мөнгө гаргасныг би эсэргүүцэж байна. Харин “Х” ХХК-д ял шийтгэл оногдуулж, өвчтэй зовлонтой нас барсан хүмүүс төлбөрийн чадвар байхгүйг харгалзан үзэж мөнгөн дүнг “Х” ХХК-аас төлбөр тооцон гаргуулж, бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Б-гаас 1 701 288.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48 436.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 42 170.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Б.Б- давж заалдах гомдолдоо:
... Манай байранд цахилгааны хүчдэл огцом хүчтэй ирснээс болж манай хотхоны айл өрхийн цахилгаан хэрэгслүүд шатаж хохирол учирсан юм. 2016 оны 8 дугаар сард бүх айлууд хохирлоо барагдуулахаар Баянзүрх дүүргийн Цахилгаан сүлжээ компанид өргөдлөө гаргасан боловч “Х” ХХК-ийг хариуцлага хүлээх ёстой гэж хариу өгсөн бөгөөд “Х” ХХК нь Цахилгаан түгээх сүлжээ хариуцах ёстой гэдэг. “Х” ХХК-ийн буруутай үйл ажиллагааг харгалзан үзэж их хэмжээний хүү, алданги тооцсон бөгөөд өөрсдөө тоолуурыг авч явсан атлаа задгайгаар төлбөрийг бичиж иргэн намайг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан ус, дулаан хэрэглэсний төлбөрт 1 749 725.60 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлоогүй, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь учир дутагдалтай байх бөгөөд энэ нь ус, дулаан, цахилгаан хэрэглэсний төлбөрийг төлөхтэй холбоотой ерөнхий зохицуулалт тул ус, дулааны төлбөрийг тогтоосонтой холбоотой нарийвчилсан хуулийн зүйл заалтыг хэрэглэж дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ.
Нэхэмжлэгч “Хүрээс хаус” ХХК нь хариуцагч Б.Б-г 1 749 725.60 төгрөгийн ус, дулаан хэрэглэсэн гэж нэхэмжлэхдээ шүүхэд гаргасан тооцооны хуудас нэртэй, санхүүгийн тэмдэгтэй баримт нь хэрэглэсэн цахилгааны хэмжээ, хэрэглэсэн ус дулааны тоолуураар тогтоосон тоог заасан нэг талын баримт байх ба нэгжийн үнэ, нийт үнийн хэмжээ, үнэлгээг тогтоох эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээ, талуудын хөлс төлөх талаар тохиролцсон гэрээ зэрэг нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээнд дүйцүүлэн тооцох боломжтой болон үүрэг үүссэн тухай баримтыг нэхэмжлэгч талаас гаргаагүй байна.
Нэхэмжлэгч төлбөрийн хэмжээг зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул дээр дурдсан баримтгүйгээр төлбөрийн хэмжээний талаар дүгнэх боломжгүй. Мөн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамааралтай эрх зүйн зохицуулалтыг шүүх зөв хэрэглээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу нэхэмжилж байгаа төлбөр хэрхэн гарсныг тодруулж, талуудыг тухайн шаардлагын хэмжээнд мэтгэлцүүлэх шаардлагатай, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Дээрх дурдсан үндэслэлээр хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/01146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/08949 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
А.ОТГОНЦЭЦЭГ