Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Б  түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  холбогдох 1705001080031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Б  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч Б  нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кастль” нэртэй бааранд иргэн Л.Мэнд-Амарын нүүрэн тус газарт гараараа цохиж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 09- нөөс 10-нд шилжих шөнө өөрийн танил Даваажаргалтай хамт хорооллын Кастль бааранд 00 цаг өнгөрч байхад ороод тайзнаас холгүй ширээнд суусан. Хэсэг хугацааны дараа 0.5 литрийн нэг шил Чингис архи аваад аягалах гэж байтал гоё дуу явахаар нь бүжиглэхээр бүжгийн талбай руу гарсан. Тэнд олон хүн байсан учраас хүмүүстэй шүргэлцээд яах вэ гээд бүжгийн талбайн зах хавиар нь бүжиглэж байгаад нэг охинтой танилцаад хамт бүжиглэсэн. Тэгтэл араас нэг залуу шахаад байхаар нь урагшилсан. Гэтэл нөгөө залуу намайг дахиад шахаад байхаар нь байраа солиод бүжиглэж байтал араас намайг дуудахаар нь “яасан бэ” гэтэл “сахалтай гөлөг минь наадах чинь чамайг тоохгүй байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би чамтай маргалдахгүй” гээд түлхсэн. Тэгтэл баахан залуу дайраад ирэхээр нь би ухраал сандраал нэгийг нь гараа хагас атгаад цохисон. Миний цохисон хүн Мэнд-Амар байсан байна лээ. Би түүний зүүн шанаа руу нь баруун гараа хасаг атгаад цохисон. Тэгээд баарны хамгаалагч нар болон Даваажаргал биднийг салгахад Мэнд-Амар “чи намайг салгах гэж байхад цохилоо” гээд над руу дайраад байхаар нь “чимээгүй газар ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд бие засах өрөөнд ороод ярилцахад Мэнд-Амар “чи манай найзтай маргалдахаар нь салгах гээд очтол чи намайг цохичихлоо” гэсэн. Тэгэхээр нь би “андуурсан байна, уучлаарай” гээд уучлалт гуйж, гар бариад бие засах өрөөнөөс гараад явсан” гэв. Шүүгдэгч Б  нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кастль” нэртэй бааранд иргэн Л.Мэнд-Амарын нүүрэн тус газарт гараараа цохиж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд болох: Хохирогч Л.Мэнд-Амарын “Би 2017 оны 6 дугаар сарын 10-ны орой өөрийн найз Батнаран, Бямбадорж нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Кастль” нэртэй бааранд орсон. Тэгээд тухайн бааранд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг танихгүй залуу миний хажуунаас миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуутай 00- ийн өрөөнд ороод юу болсон яагаад намайг зүгээр зогсож байхад цохиж байгаа юм бэ гээд ярилцаад байж байтал тухайн залуу чи яах гээд байгаан давраад байгаарай гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа дахиад нэг удаа цохичихоод тус баарнаас гараад явчихсан юмаа. ...Тухайн залууд зодуулснаараа баруун нүд хөхөрч улаасан байсан мөн баруун зүүн шанаа хавдаж хөхөрсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19 дүгээр хуудас/ “... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр нь ярьсан. Одоо нэмж хэлэхэд би намайг цохисон залуугаас 300.000 төгрөг хүлээж авсан. Гомдол санал байхгүй. Миний биед ил шарх зовиур байхгүй. Уг хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/ Гэрч Б.Бямбадоржийн “2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн найз нар болох Мэнд-Амар, Батнаран, Даваа, Өлзийбат бид нар хамт бааранд орсон юмаа. Тэгээд би гадагшаа гарчихаад эргээд иртэл Мэнд-Амарыг нэг залуу тайзан дээр цохисон гээд маргалдаж байсан. Тэгээд Мэнд-Амар тэр өөрийг нь цохисон залуутай хамт ариун цэврийн өрөө орохоор нь би дагаад ортол тэр залуу Мэнд-Амарын нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэр залуу Мэнд- Амарыг Батнарантай андуурч цохисон гэсэн. Сүүлд тэр залуугаас нэрийг нь асуухад өөрийгөө Б  гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас / Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7759 дугаартай актын: “1. Д.Мэнд-Амарын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 30 дугаар хуудас/ Шүүгдэгч Б ын сэжигтэн яллагдагчаар өгсөн “2017 оны 06 дугаар сарын 10-ны орой би өөрийн найз болох Даваажаргалын хамт хорооллын Кастль бааранд орсон. Тэгээд бид хоёр 0.5 граммын Чингис нэртэй архи аваад уугаад сууж байгаад би талбай руу гараад бүжиглэж байгаад нэг охинтой танилцаад хамт бүжиглэж байтал араас нэг залуу шахаад байхаар нь урагшилаад би бүжиглэж байтал намайг хөөе гэхээр нь би эргэж хараад яасан гэсэн чинь сахалтай гөлөг минь наадах чинь чамайг тоохгүй байгаа юм биш үү гэсэн. Тэгэхээр нь би чи зүгээр цаашаа яв гэсэн. Тэгтэл над руу бөөн залуучууд дайраад намайг зодох гэхээр нь би өөрөөсөө холдуудах гээд түлхэх үед Мэнд-Амар гэх залуугийн баруун шанаанд нь гараараа хальт алгадсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/ “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Зүүн талын шанаанд нь гараараа цохисон. Өөр байдлаар цохисон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Прокуророос Б ыг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Кастль” нэртэй бааранд иргэн Л.Мэнд-Амарын нүүрэн тус газарт гараараа цохиж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүний үйлдэл нь “танхайрах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу догшин авирлаж үйлдсэн гэмт хэрэг болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлтэй нийцэж байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хууль ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх ба шүүгдэгч Б од холбогдох хэргийг тус хуульд зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байх бөгөөд дээрх байдлаас дүгнэхэд түүний үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б  нь хохирогч Л.Мэнд-Амарыг нүүрэн тус газар цохиж шууд санаатай гэм буруугийн хэлбэрээр биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэлээ. Хохирогч Л.Мэнд-Амар нь “... миний бие Б той сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлт /хэргийн 49 дүгээр хуудас/ авагдсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж дүгнэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгч Б од хууль зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б  нь торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ