Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/675

 

 Ц.Т-д холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогч Б.Т-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Х.Гантулга,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/360 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, насанд хүрээгүй хохирогч Б.Т-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н гаргасан давж заалдах гомдлоор Ц.Т-д холбогдох эрүүгийн 2203 00000 0176 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ц.Т, 19... оны .. дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, нөхрийн хамт ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/;

Шүүгдэгч Ц.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 18 цаг 53 минутын орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хотол” зочид буудлын баруун замд Д.Д-н эзэмшлийн “Хонда Фит” загварын 63-05 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 14 настай Б.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, энэ үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.Т-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хүү Б.Т нь уг хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон, хүндэвтэр хохирол учруулж зам тээврийн осол гаргасан шүүгдэгч Ц.Т-д шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Тухайн өдөр Хотол зочид буудлын баруун талын явган хүний замаар явж байхад зүүн талаас “Хонда фит” загварын 63-05 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.Т гэгч нь мөргөж, миний хүүгийн хөлийг хавсран дэлгүүрийн бетонтой мөргөсөн. Уг машиныг Ц.Т гэгч жолоодон явсан, хажууд нь нөхөр болох Б хамт байсан. Машинаасаа бууж ирээд машиныхаа гуперийг янзлаад “гупер эвдэрчихлээ” гээд байсан ба намайг ойшоохгүй байсан. Гэтэл хажууд нь цуг сууж явсан нөхрийгөө дэлгүүр орсон байсан гэж илт худал мэдүүлсэн. Эхнэр, нөхөр хоёр бие биенээ өмөөрч, үгээ нэгтгэж байна. Нөхөр нь эхнэр Ц.Т-ыг жолооны эрхгүйг мэдсээр байж санаатайгаар жолоогоо шилжүүлж машин бариулсныг хуулийн дагуу шалгаагүйд гомдолтой байна.

 2. Миний хүү Б.Т баруун хөлөө хадуулж, 3 хадаас тавиулж хагалгаа хийлгэсэн. Гэтэл зүүн хөл ослын дараа хөндүүрлээд байсан нь одоо хавдаж өвдөөд гэмтэл учирсан байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болж байна. Гэм буруутай Ц.Т гэгч нь анхнаасаа бүх хохирлыг барагдуулна, 4-5 сая төгрөг өгье гэхээр нь зөвшөөрсөн нь одоо хохирлыг төлөхгүй баримтгүй гээд хэлснээсээ буцаад хүн чанаргүй зан гаргаж байгаад гомдолтой байна. Тухайн үед нөхөртэйгөө ирээд Ц.Т нь амиа хорлоно гээд байна гэхээр нь маш их энэрэнгүй хандсан ч сүүлдээ утсаа авахгүй таслаад зугтаж байна.

3. Манай хүүхэд дунд сургуульдаа урлаг, спортоор ангиасаа тэргүүний сурагч байсан ба хөлөө гэмтээснээс болоод 2 сар гэртээ хичээлээс хоцорч, би өөрөө хүүхдээ сахиж ажил хөдөлмөр хийж чадаагүй. Миний хүү 9 дүгээр сард дахин хагалгаанд орж хадаас авахуулна. Одоо гишгэж чадахгүй хазганаад явж чадахгүй болсон. Хадаас авахуулах хагалгаанд ороход 6 сая төгрөг зарцуулагдана. Манай 4 хүүхэдтэй айлын том хүү тул дүү нараа хардаг, ээж аавдаа тусалдаг. Хагалгааны дараа өөр эмчилгээнд зарцуулагдах зардал буюу сувилалд хэвтэх, сэргээн засал хийлгэх эмчилгээнд 4.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү.

4. Анхан шатны шүүх хуралдааны өмнө урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас эхлэн Ц.Б миний хувьд гомдолтой, хохиролтой гэж хэлсээр байхад урьдчилсан хэлэлцүүлгээр талууд харилцан тохирч эвлэрсэн үед прокурорын ялын саналыг хүлээн авч гэм буруугийн хурлаар хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй. Гэтэл би анхнаасаа гомдолтой, хохирол бүрэн төлөгдөөгүй, харилцан тохирч чадахгүй гэж хэлсээр байтал хууль зөрчиж гэм буруутай хүнийг хаацайлж, 1 талыг барьж, Ц.Т-д ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хөнгөрүүлж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Би хэргийг хялбаршуулах, прокурорын гаргасан ялын саналыг анхнаасаа огт зөвшөөрөхгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хохирол төлөгдөөгүй, цаашид эрүүл мэндэд нь ямар өөрчлөлт гарахыг бид мэдэхгүй байна. Шүүгдэгч Ц.Т-д хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж тэнссэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хохирол төлөгдөөгүй, гэм хор арилаагүй, биеийн байдлыг нь асууж нэг ч удаа уулзаагүй, үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж байгаагүй тул ял шийтгэл нь илт хөнгөдсөн. Хүү маань 9 дүгээр сарын 1-нд хичээлдээ явах байсан ч энэ өдөр дахин хагалгаанд орох болсон. Иймд хэргийг хянан үзэж, хуулийн дагуу үнэн зөв ял шийтгэл оногдуулж, бидний нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н өмгөөлөгч Х.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Т-г дэлгүүрийн шаттай хавсарч мөргөснийхөө дараа бууж ирээд машиныхаа гуперийг шалгасан байдаг. Хүүхдийн эрүүл мэнд энэ хүнд хамааралгүй байсан. Хохирогч нь шүүгдэгчийг тохиролцсоноосоо буцсан мөн үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа байдлуудад маш их гомдолтой байгаа. Хохирогч хүүхдийн эрүүл мэнд одоогоор сайжраагүй, цаашид нэмж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Иймд хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хүүхэд мөргөж гэмтээсэндээ харамсаж байна. Гэхдээ би энэ үйлдлийг санаатай хийгээгүй. Төлбөр төлөхөө илэрхийлж байсан ч 4.000.000-5.000.000 төгрөг өгнө гэж би хэлээгүй. Манай нөхөр Ц.Б-н нөхөртэй ярьж тохиролцсон байсан. Мөн миний нөхөр осол гарах үед миний хажууд сууж яваагүй, би өөрөө машин жолоодож явсан. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө Ц.Т- хохирогчид 1.150.000 төгрөг төлсөн байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авч, гэм буруугийн хурлаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Т- “... ойрхон газар нөхөр дээрээ очъё гэж бодоод ийм байдалд хүрсэндээ харамсаад барахгүй байна...” гэсэн удаа дараагийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид хохирогчийн зөвшөөрлийг үндэслэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх заалт байхгүй. Нотлох баримтаар тогтоогдсон хохирол буюу 1.150.000 төгрөгийг төлсөн, анхан шатны шүүх хуралдааны дараа 500.000 төгрөгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгч баримтаар тогтоогдсон хохирлыг илүү төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.Т нь авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан үндэслэлүүд хангагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1.137.450 төгрөг төлөгдсөн гэж дүгнэсэн. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 18 цаг 53 минутын орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хотол” зочид буудлын баруун замд Д.Д-н эзэмшлийн “Хонда Фит” загварын 63-05 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 14 настай Б.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Т-н “...Би гэрээсээ гараад үсчин орж үсээ засуулахаар “Хотол” зочид буудлын баруун талын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байтал зогсоолоос гарч байсан машин шууд зорчих хэсгээс даваад явган хүний зам руу орж ирээд намайг дэлгүүрийн хундаамтай хавсраад мөргөчихсөн. ...” /хх 16/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н “... Тухайн өдөр намайг гэртээ байж байтал манай хүү Б.Т залгаад “би машинд мөргүүлчихлээ” гэсэн. Ослын улмаас манай хүүхдийн баруун хөлний гурвалсан савхан яс хугарсан. ...” /хх 18/,

гэрч Ц.Б-н “... манай эхнэр Ц.Т машин жолоодчихсон явган хүний замаар явж байсан хүүхдийг явган хүний зам руу орж ирээд дэлгүүрийн хундаамтай хавсраад баруун хөлийг  нь мөргөчихсөн. ...” /хх 46/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Т-н биед баруун шилбэний дотор хавчаарын далд хугарал, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 59-61/ гэх 3819 дугаартай дүгнэлт,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн “... “Хонда фит” загварын ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. ...” /хх 68-71/ гэх 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай шинжээчийн  дүгнэлт,

“...  “Хонда фит” загварын ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, 3.7 а, 3.4 а, 10.1 дэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх 75/, 

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 4-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-10/, насанд хүрээгүй хохирогч Б.Т-н өвчний түүхийн хуулбар /хх 29-37/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Т-ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Б-н “... Ц.Т-ыг жолооны эрхгүйг мэдсээр байж санаатайгаар жолоогоо шилжүүлж машин бариулсныг шалгаагүйд гомдолтой, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, хагалгааны дараа өөр эмчилгээнд зарцуулагдах нийт 10.000.000 төгрөгийг гаргуулах, Ц.Т-д ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

 Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Шүүгдэгч Ц.Т- нь анх удаа болгоомжгүйгээр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршигтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ.

Үүнээс гадна, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн бөгөөд цаашид энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Т-н эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

 Түүнчлэн, анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах...” үүрэг хүлээлгэж, хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Т-д мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд насанд хүрээгүй хохирогч Б.Т-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11ий өдрийн 2021/ШЦТ/360 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч Б.Т-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР