Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/676

 

  Б.Б-д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох эрүүгийн 2202 00085 0080 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Б, 19.. оны .. дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /................./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр .................. .............. тоотод байрлах амины орон сууцны машины граш дотор өвс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин нь нийт 452.5 грамм хэмжээтэй гялгар уут болон хуванцар саванд 4 хэсэг болгон хуваан хийсэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.        

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-ий эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, уутны хамт 329.3 гр жинтэй ургамал мэт зүйл, 1.5 литрийн хуванцар савтай 147.5 гр жинтэй ургамал мэт зүйл, 0.5 литрийн хуванцар савтай 195.3 гр ургамал мэт зүйл, 4.8 гр жинтэй бор өнгийн нунтаг зүйл, 2 ширхэг бохирлогдсон претка, Мульта витамин гэсэн бичиглэлтэй савны дотор хэсэг ургамал мэт зүйл болон бохирлогдсон шингэн зүйлтэй хуванцар сав, шүдэнзний хайрцаг, шатаж харласан тугалган цаас зэрэг эд зүйлүүд / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа /-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, түлэгдсэн 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Б.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-ий насанд хүрээгүй хүүхэд Б.Ц, Б.Ц нарыг түүний эх Т.Т-н хараа хяналтад үлдээж, шаардлагатай тохиолдолд Т.Т нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилуулах тухай асуудлаа харьяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

     Шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч хадгалж байсан өвсөө өөрөө сайн дураар цагдаагийн ажилтнуудад гаргаж өгсөн. Б.Б нь хууль зүйн мэдлэг боловсролгүйн улмаас өөрийн эрх зүйн байдлыг дордуулж Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. 14/... хууль зүйн туслалцаа авах, эрхээ эдэлж чадалгүй өнгөрчээ. Б.Б-ий гэрчээр “... Би 2021 оны 09 сард амьжиргаа цагаан машинаар Ар гүнт рүү үл таних хүний нүүрсийг хүргэж өгөөд явахад Батсүмбэр гэх бичигтэй цагаан хаалганаас 1-2 км яваад айлын хашаа байсан. Миний хадгалсан өвс ихээр ургасан байхаар нь машинд байсан цагаан торны талаар түүж авсан. Ингээд лагерын байшинд авчирч грашдаа хадгалж өөрөө хэрэглэсэн” гэх мэдүүлэгт авагдсан тус өвс нь хот, хөдөөгүй элбэг ургадаг гэнэ. Тийм ч учраас залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоход тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч юм байна. Б.Б-ий асрамжид түүний хүүхдүүд болох бага насны Б.Ц 6 настай, Б.Ц 6 настай байдаг бөгөөд охидын төрсөн эх Ө.Б нь тэднийг хаяад явсан, өөрөө ч тогтсон ажил, гэр оронгүй явдаг нь хавтаст хэрэгт авагджээ. Одоо энэ жилээс охидууд сургуульд орох насанд хүрч, эдийн засгийн хэрэгцээ ч нэмэгдэж байна. Б.Б 2 ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан ба эцэг нь арьсны өвчтэй сар бүр эмнэлэгт хэвтдэг группт байдаг, эх нь тогтсон ажил, орлогогүй өвчтэй эхээ сахидаг бол оюутан эрэгтэй дүү, 6 дугаар ангийн охин дүүгийн хамт амьдардаг. Б.Б нь архи, дарс огт хэрэглэдэггүй бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа болно. Ялангуяа өөрийн төрсөн охидуудад их санаа зовниж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж  заасны дагуу Б.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Б.Б-н ар гэрийн байдал нь ял хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ........................ тоотод байрлах амины орон сууцны машины граш дотор өвс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин нь нийт 452.5 грамм хэмжээтэй гялгар уут болон хуванцар саванд 4 хэсэг болгон хуваан хийсэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Б.Б-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн “... Нүүрс хүргээд буцаж явахдаа Батсүмбэр гэх бичигтэй цагаан хаалганаас 1-2 км яваад айлын хашааны гадна миний хадгалж байсан өвс ихээр ургасан байхаар нь машинд байсан цагаан торны талаар нь түүж авсан. Ингээд лагерийн байшиндаа авчирч грашдаа хадгалж байсан ба өөрөө хэрэглэж байсан. ...” /хх 31, 114-116/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 202,0 цэвэр жинтэй ургамал мэт зүйл /дотроо ягаан өнгийн 93,3 г даавуун материалтай/, 2 гэж дугаарласан 1,5 литрийн хуванцар савтай 78,1 гр ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан Фанта гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн хуванцар савтай 168,5 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан 3,90 грамм цэвэр жинтэй бор өнгийн нунтаг зүйл, 5 гэж дугаарласан 2 ширхэг бохирлогдсон претка, 6 гэж дугаарласан Мульта витамин гэсэн бичиглэлтэй 252,9 грамм жинтэй савны дотор хэсэг ургамал мэт болон бохирлогдсон шингэн зүйлтэй хуванцар сав, 7 гэж дугаарласан бохирлогдсон хоосон шүдэнзний хайрцаг, Б.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан гэх 1 гэж дугаарласан түлэгдэж харласан 100 төгрөгийн дэвсгэрт, 2 гэж дугаарласан шатаж харласан тугалган цаас зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2022 оны 1 дүгээр сарын 22ы өдрийн 827 дугаартай дүгнэлт /хх 47-48/,

“... Шинжилгээнд ирүүлсэн “Б Б .................. 2002/1/19” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ...” гэсэн 2022 оны 1 дүгээр сарын 27ы өдрийн 825 дугаартай дүгнэлт /хх 58-59/,

Б.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-21/, Б.Б-ий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “...олон төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий ... саванд шээлгэж үр дүнг харахад 1 дүгээр багана буюу ТНС /марихуан/ илэрсэн, 6 дугаар багана буюу LSD /диэтиламид лизергиний хүчил/ илэрсэн буюу эерэг илэрснийг тусгав. ...” /хх 22-23/, энэ ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 24/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27-28/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Г.Батжаргалаас “... Б.Б-ий бага насны хоёр хүүхэд асран хамгаалагчгүй үлдэж байгаа тул шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Б нарын төрсөн хүүхдүүд болох Б.Ц, Б.Ц нар нь өөрсдийн төрсөн эх Ө.Б-н асрамжид байх боломжтойгоос гадна, төрсөн эх Ө.Б нь хүүхдүүдээ асран хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж тус тус заасны дагуу шаардлагатай гэж үзвэл хүүхдүүдийн асрамжийн асуудлыг тухайн оршин суугаа газрын Засаг даргад хандан хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... онцгой нөхцөл байдал...”-д хамаарахгүй тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Г.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 5 дугаар сарын 3ы өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Г.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс хойш 57 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР