Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0846

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0700 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Ж.Б-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0700 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ж.М-т холбогдох хэсгээс Ж.Б миний өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой, гол маргаж байгаа газрын давхацлыг нарийн шалгаж, тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргээ анхан шатны шүүх биелүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэсэн.

Түүнчлэн ямар баримтыг үндэслэж хүсэлт гаргаж байгаа газрыг нь томруулж, олгох болсон талаарх баримтыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгаж, тогтоох шаардлагатай байхад анхан шатны шүүх энэ талаар огт ажиллагаа хийгээгүй, тайлбар ч аваагүй болно.

... Нэхэмжлэгч төрийн байгууллагаас байршлыг нь зааж, мэдээллийн санд баталгаажуулж оруулан, түүнд 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 300 м.кв газраас маань хууль бусаар 105 м.кв газар хасагдсан талаар маргаж байгаа болохоос 300 м.кв газраас илүү хашаалсан, байршлын хувьд маргаж байгаа газрын эсрэг талд байгаа, ямар ч маргаагүй газрын асуудлаар дүгнэлт хийсэн байна.

... Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамаарахаар байхад шүүх зөвхөн нэхэмжлэлд дурдсан үндэслэлд дүгнэлт хийсэн нь буруу байна.

Бас ... шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, 1994 оны Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байхад хуульгүй байсан мэтээр тухайн үед эзэмшиж, өмчлүүлэх газрын хэмжээг том бол 500, жижиг бол 300 гэж олгодог байсан гэсэн хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа хэлбэр.

... Мөн анхан шатны шүүх төрийн захиргааны байгууллага хуулиа барьдаггүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тухайн үед тэгж шийддэг байсан гэж тайлбарлаж, хууль зөрчиж эзэмшүүлж, өмчлүүлсэн болох нь тогтоогдож байхад хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй зөв байна гэж дүгнээд байгаа нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0700 дүгээр шийдвэр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Нэхэмжлэгч Ж.Б-аас “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ж.М-т холбогдох хэсгээс Ж.Б миний өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргаж, үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэж тодорхойлжээ. 

Иргэн Ж.Б, Ж.М- нарт БД-ийн .... дугаар хороо, Т-ын 6, 5 тоот  хаягтай тус бүр 300 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар, 0101001361, 0101000444 дугаартай газар эзэмших гэрчилгээг 2000 оны 05 дугаар сарын 31, 2001 оны 7 дугаар сард тус тус олгож, Нийслэлийн Засаг дарга гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ж.М-т 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар 405.52 м.кв, Ж.Б-т 2005 оны 186 дугаар захирамжаар 181.46 м.кв газрыг тус тус өмчлүүлжээ. 

Нэхэмжлэгч Ж.Б өөртөө газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэртэй буюу өмчлүүлсэн газрын хэмжээтэй маргаж байгаагүйгээс гадна түүний өмчлөлийн нэгж талбарын 18641311324598 дугаар бүхий 181.7 м.кв, гуравдагч этгээд Ж.М-ийн өмчлөлийн нэгж талбарын 18641311335699 дугаар бүхий 405.5 м.кв газрууд давхцалгүй нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/1399, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/15670 дугаар албан бичгээр ирүүлсэн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын Улаанбаатар хотын 2005 оноос хойшх агаар сансрын зурган мэдээлэл болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсон байна. 

Энэ тохиолдолд гуравдагч этгээд Ж.М-т Нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр, илт хууль бус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжүүдийг агуулах ёстой бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай шинжийг агуулаагүй байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцогдсон бөгөөд шүүх уг хуулийг хэрэглэх боломжгүй тул энэ талаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан буюу үг үсэг, тооны алдаа гаргаж, энэ нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх буруу дүгнэсэн” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                             Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                             Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Д.БАТБААТАР