Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 528

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Н” ХХК; 

                      “М” ХХК; 

                      “Монг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

“Хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Н” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн, “Монг” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, С.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Н” ХХК, “М” ХХК,                       “Монг” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тушаалаар “Н” ХХК-д дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 

-“Монг” ХХК-д мөн өдрийн 04 дүгээр тушаалаар , , , *******, *******  дугаар бүхий 5 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, 

-“М” ХХК-д мөн өдрийн 06 дугаар тушаалаар *******, ******* дугаар бүхий 2 ширхэг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг тус тус зохих журмын дагуу олгосон.

Нэхэмжлэгч нар нь дээрх дугаар бүхий цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу эзэмшиж, өөрсдийн үйл ажиллагаа явуулж байсан. 

Гэтэл Цөмийн энергийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М******* 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалуудыг гаргаж нэхэмжлэгч компаниудын эзэмшиж буй бүх тусгай зөвшөөрлүүдийг ямар ч үндэслэлгүйгээр цуцалсан байсан. 

Бид үүнийг мэдээд дээрх тушаалууд хууль зөрчиж гарсан талаар тус газарт гомдол гаргасан. Уг гомдлыг Цөмийн энергийн газар хянан судлаад хууль зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч нэр бүхий 3 компани нэг бүртэй 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулан хууль зөрчиж гаргасан дээрх  тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгосон Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар шийдвэрүүдийг сэргээх үндэслэлтэй талаар болон уг эвлэрлийн гэрээ байгуулмагц ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхээр гэрээнд тусгасан байна. 

Цөмийн энергийн газрын дарга эвлэрлийн гэрээг байгуулсан өдрөө үүргээ биелүүлж тус газрын дарга /Н.Т*******/-ын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 032 дугаар  тушаалаар “Н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн ба бусад компаниудын тусгай зөвшөөрлийг сэргээж амжаагүй байхад Цөмийн энергийн газар татан буугдаж тус газрын чиг үүрэг нь одоогийн Ашигт малтмалын газарт шилжсэн. 

Үүний дагуу Ашигт малтмалын газрын дарга, удирдлагатай удаа дараа биечлэн уулзах болон албан бичгээр хандаж тусгай зөвшөөрлөө сэргээн бүртгэхийг хүсэхэд татгалзаж, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2/6891, 2/6890, 2/6893 дугаартай албан бичгүүдээр “танай хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлүүдийг сэргээх боломжгүй тул холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болно.” гэсэн хариуг өгсөн. 

Ашигт малтмалын газрын энэхүү албан бичгийг аваад нэхэмжлэгч компаниуд нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлж, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9563 дугаар “Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай” захирамжаар хугацааг сэргээсэн. 

Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М*******ын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалууд нь Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүчингүй болгох нөхцөл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд тус тус хамаарахгүй болно.

Иймд Ашигт малтмалын газар нь үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалгаж өгнө үү.” гэв. 

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 

“...2011 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч компаниуд нь Цөмийн энергийн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн байдаг бөгөөд Цөмийн энергийн газраас хуульд заасан хугацаанд манай өргөдлийг шийдвэрлэж, зохих хариуг өгөөгүй учир нэр бүхий 5 компани Захиргааны хэргийн шүүхэд “...ирүүлсэн хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэх талаар захиргааны акт гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Үүний дагуу уг нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр “...компаниудын цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулахаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст даалгасугай.” гэж шийдвэрлэсэн. 

Үүний дараа Цөмийн энергийн газрын дарга Д.Э******* нь дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж нэхэмжлэгч компаниудад 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар тушаалуудаар найман тусгай зөвшөөрөл олгосон. 

Гэтэл уг тушаалуудыг Ерөнхийлөгчийн 2011 оны 181 дүгээр зарлигт дурдсанаар ураны хайгуулын тусгай зөвшөөрлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгох асуудал нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэрээр зохицуулагдах байхад зааварт өөрчлөлт оруулж Цөмийн энергийн газрын дарга шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч компаниудад цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш хоёр сарын дараа буюу тухайн компаниуд лицензийн төлбөрийг төлж, үйл ажиллагааны ихээхэн зардлууд гарснаас хойш Цөмийн энергийн газрын даргын албан үүргийг  түр орлон гүйцэтгэгч Г.М******* нь 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалуудыг гарган тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон. 

Дээрх тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан ч захиргааны хэргийн гурван шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Нэхэмжлэгч компаниудаас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дараа Цөмийн энергийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Т******* нь төрийн захиргааны байгууллагын өөрсдийн үйл ажиллагааны бурууг ухамсарлаж, нэхэмжлэгч компаниудтай 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлүүдийг сэргээхээр болж, “Н” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн тушаалыг гаргасан байдаг. Харин бусад тусгай зөвшөөрлийг сэргээхийг, мөн эвлэрлийн гэрээгээ биелүүлнэ гэдэгт итгэж найдан хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаагаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны  ашиг сонирхол зөрчигдөж, хохирсон хэвээр байна. 

...Түүнчлэн тухайн үед үйлчилж байсан Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар зарлигаараа 2011 оны 181 дүгээр зарлигийг хүчингүй болгосон байна. 

Иймд хүчин төгөлдөр байгаа “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Н” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн, “Монг” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтанд даалгаж өгнө үү.” гэжээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 “Цөмийн энергийн газрын “Цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.2-т “...тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх асуудлыг Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэрээр зохицуулагдана.” гэж заасныг “...тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх асуудлыг Цөмийн энергийн газрын даргын шийдвэрээр зохицуулагдана.” гэж өөрчлөлт оруулж, зааврын өөрчлөлтийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн мөрдөх тухай Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Зааварт өөрчлөлт оруулах тухай” А/06 дугаар тушаал гарсан байна. 

“М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр гаргасан өргөдлийн материал, “Монг” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/02 дугаартай албан бичгээр гаргасан өргөдлийн материал, “Н” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/01 дугаартай албан бичгээр гаргасан өргөдлийн материалуудыг тус тус хянаж, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар шийдвэрүүдийг гаргасан. 

2. ...Хууль зөрчсөн шийдвэрийг төрийн байгууллага өөрсдийн эрх хэмжээний хүрээнд залруулах үүрэгтэй тул Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.4, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичгийг тус тус үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалаар Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 04, 05, 06 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон байна. 

3. ...нэхэмжлэгч нарын ...“Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

4. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн 2012 оны 207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, ...288 дугаар магадлал гаргажээ. 

5. ...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, ...163 дугаар тогтоол гарснаар дээр нэр дурдагдсан аж ахуйн нэгжүүдийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх маргаан эцэслэн шийдвэрлэгджээ.

...Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарт: 

Нэг. “...Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлүүдийг олгож байсан тул уг шүүхийн шийдвэрийг ахин хоёр дахь удаагаа биелүүлэх, мөн нэхэмжлэгч тал хоёр дахь удаагаа биелүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. 

Хоёр. “Цөмийн энергийн газрын дарга Д.Э*******ын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар тушаалуудаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг мөн оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28  дугаар тушаалуудаар хүчингүй болгожээ. 

“Монг” ХХК, “М” ХХК, “Н” ХХК-иуд нь Цөмийн энергийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М*******ын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч захиргааны хэргийн гурван шатны шүүх уг аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

Нэхэмжлэгч “Н”, “Монг” ХХК, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүхээс хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн  бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дугаар шийдвэрийг хэрэгжүүлж, “Н” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн, “Монг” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

 

Нэг. Хэргийн нөхцөл байдлын талаар:

Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ;

-“Монг” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ; 

-“М” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр  тус тус Цөмийн энергийн газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан  байна.

Цөмийн энергийн газар нь “Н” ХХК, “Монг” ХХК, “М” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Цөмийн энергийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6/1708 дугаар албан бичгээр  хариу өгсөн байна. Тус 2011 оны 6/1708 албан бичигт “...танай компанийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүд хянагдаж байсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн ба Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гартал түр хугацаагаар зогсоосон болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ. 

Харин Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр  “...цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших тухай нэхэмжлэгч компаниудын хүсэлтийг Цөмийн энергийн газар хууль тогтоомжийн хүрээнд зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж үзэж,

Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5, 18 дугаар зүйлийн 18.9, 18.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н” ХХК, “Монг” ХХК, “М” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна. 

Цөмийн энергийн газраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5, 11.6.8, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн:

нэгд, “Монг” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хянан үзэж Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр :

-Булган аймгийн Тэшиг сумын “Зүүн тавт” нэртэй газарт 12513 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх ; 

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Баянгол” нэртэй газарт 4025 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх ; 

-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Ар гол” нэртэй газарт 3289 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх ; 

-Өмнөговь аймгийн Манлай сумын “Тагийн хар” нэртэй газарт 21179 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх *******; 

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Эрдэнэ” нэртэй газарт 9297 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх ******* дугаар тусгай зөвшөөрлүүдийг;

хоёрт, “Н” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хянан үзэж Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05  дугаар шийдвэрээр:

-Сүхбаатар аймгийн Уулбаян, Халзан, Баяндэлгэр сумын “Цагаан нуур” нэртэй газарт ******* гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх дугаар тусгай зөвшөөрлийг; 

гуравт, “М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хянан үзэж Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06  дугаар шийдвэрээр:

-Хөвсгөл аймгийн Мөрөн, Түнэл сумын “Толгой” нэртэй газарт 9386 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх *******;

-Архангай аймгийн Батцэнгэл, Их тамир сумын “Үзүүр” нэртэй газарт 4564 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх ******* дугаар тусгай зөвшөөрлийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Гэтэл Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч “Н” ХХК, “Монг” ХХК, “М” ХХК-дад олгосон дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийг Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс нэг сарын дараа буюу 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/287 , 1/288 , 1/291  дүгээр албан бичгүүдээр “...тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй ...нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийг зөрчсөн байх тул Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 04, 05, 06 дугаар шийдвэрийг тус тус хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн” болох талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна. 

Уг мэдэгдлийн дагуу Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М******* нь Засгийн газрын агентлагийн тухай эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” Н/35 дугаар албан бичгийг тус тус үндэслэн:

нэгд, нэхэмжлэгч “Монг” ХХК-д холбогдох “Тусгай зөвшөөрөл олгох тухай” Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 04 дүгээр шийдвэрийг 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26  дугаар тушаалаар;

хоёрт, нэхэмжлэгч “Н” ХХК-д холбогдох “Тусгай зөвшөөрөл олгох тухай” Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 05 дугаар шийдвэрийг 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/27  дугаар тушаалаар;

гуравт, нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох “Тусгай зөвшөөрөл олгох тухай” Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 06 дугаар шийдвэрийг 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/28  дугаар тушаалаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар: 

Нэхэмжлэгч “Н” ХХК, “Монг” ХХК, “М” ХХК-дад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 04, 05, 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон 2012 оны Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн А/26, А/27, А/28 дугаар тушаалууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Үндсэн хуульд ...төрийн байгууллагын ...шийдвэр, ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181  дүгээр зарлигийн 1 дэх заалтад “Үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг олгох, ...асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох төрийн байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.” гэжээ.

Гэтэл Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М*******аас нэхэмжлэгч “Н” ХХК, “Монг” ХХК, “М” ХХК-дад 2012 оны 04, 05, 06 дугаар тушаалуудаар олгосон цацраг идэвхт ашишт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг “...Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй ...нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийг зөрчсөн байх тул Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 04, 05, 06 дугаар шийдвэрийг тус тус хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн” гэх мэдэгдлийг өгч, улмаар 2012 оны А/26, А/27, А/28 дугаар тушаалуудаар тус тус хүчингүй болгосон нь нийтийн эрх зүйд эрх зүйн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх гэсэн зарчмыг зөрчсөн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, 

Цөмийн энергийн газраас 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн 2/1951 дүгээр албан бичигт “...2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус газар нийтдээ 20 аж ахуйн нэгжийн 49 хайгуулын, ...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлсэн, ...”Цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны дотоод заавар”-ын дагуу өргөдлүүдийг бүртгэн дотоод хяналтад шилжүүлэн ...хянах үйл ажиллагааг явуулж байна. ...Үүнд: ...”Монгол 3000” ХХК, ...”Н” ХХК, ...“М” ХХК, ...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл ирүүлсэн. ...Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журмын дагуу тус газраас сар бүрийн эхний долоо хоногт багтаан цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг хүргүүлж байгаа болно.” гэжээ.

Иймд Цөмийн энергийн газрын дарга “Монг” ХХК, ”Н” ХХК, “М” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 2012 оны 04, 05, 06 дугаар шийдвэрийг гаргахдаа:

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус газраас дээр дурдсан 2011 оны 2/1951 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг хянах үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргээ Цөмийн энергийн газрын дарга биелүүлээгүй нь нийтийн эрх зүйд төрийн эрх бүхий албан тушаалтны хууль зүйн үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөж, харин нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүй болгож, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үндэслэл болохгүй юм. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 181 дүгээр зарлигийг хэрэгжүүлэгч эрх зүйн этгээд нь тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээд бус, гагцхүү “төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан” болох нь уг зарлигийн 1 дэх заалтаас тодорхой байх тул Цөмийн энергийн газрын эрх бүхий албан тушаалтны үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж, хууль ёсны дагуу олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчмыг зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хоёр. Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 2012 оны А/26, А/27, А/28 дугаар тушаалууд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” Н/35 дугаар албан бичгийг үндэслэж гарсан бөгөөд уг албан бичиг нь нэхэмжлэгч “Монг” ХХК, ”Н” ХХК, “М” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхэд халдаж, тусгай зөвшөөрлийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ёстой байтал хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон байна. 

Иймд нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн байх тул Цөмийн энергийн газрын даргын 2012 оны А/26, А/27, А/28 дугаар тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан “...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй” илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй захиргааны акт байна.

Цөмийн энергийн газар /хуучин нэрээр/-ын үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх бөгөөд тус газрын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. 

Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид нэхэмжлэгч “Монг” ХХК, ”Н” ХХК, “М” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хүчингүй болгох бүрэн эрхийг хуульд тусгайлан заагаагүй байх тул Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, мөн бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь заалтад заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “ашигт малтмалын хайгуулын ...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч ...шийдвэрлэх” гэсэн чиг үүргийг хэрэгжүүлж, дээр дурдсан нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч “Н” ХХК, “Монг” ХХК, “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Үндэслэх хэсгийн Хоёрын 1, 2-т дүгнэсэн хууль зүйн үндэслэлүүдээр хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дугаар шийдвэрийг хэрэгжүүлж, “Н” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн, “Монг” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Энэхүү захиргааны хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутад явуулахаар товлосон тухай хэргийн оролцогчдод мэдэгдсэн, тус хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан түүний саналыг харгалзан товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, ажлын цаг тодорхойлох хуудаст бичигдсэн эмнэлэгт үзүүлэх гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан, шүүх хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан гэж үзэж түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н”, “Монг” ХХК, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Н” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн, “Монг” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, “М” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙСАЙХАН