Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00957

 

Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02591 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1051 дүгээр магадлалтай,

Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй

Ч.Батнасанд холбогдох,

“Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 893.200 доллар, 1.429.370.140 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Эх газрын эрдэнэс” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 552/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүйд тооцуулах, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад эрх нь дуусгавар болсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч.Батнасангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Лхамсүрэн түүний өмгөөлөгч Л.Сарангуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, өмгөөлөгч Б.Даваажанцан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Батнасан болон нөхөр Д.Энхжаргал нар 1990 оноос хойш найз нөхдийн холбоотой бизнесийн хамтрагчид байсан. 2001 оноос Д.Энхжаргалын “ОЭТ” ХХК-ийн нэр дээр Чингэлтэй дүүргийн 1-р хороонд “Финанс” төвийн барилга баригдаж эхэлсэн бөгөөд Д.Энхжаргал санхүүжилт хийж эхэлсэн. 2007 оноос эхлэн барилгын үйл ажиллагаа удааширч эхлэхэд нөхөр Д.Энхжаргал хурдан гүйцэтгэж барилгыг борлуулмаар байгаагаа хэлдэг байсан.

Иймд би 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 143.000 ам.доллар шилжүүлсэн. Би н.Батжаргалаас “Эх газрын эрдэнэс” ХХК-ийг 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 100 хувь шилжүүлж авсан, компанийн эзэмшилд Хан-Уул дүүргийн 11-р хороонд 4.25 га газартай ба компанийг 750.000 ам.доллараар худалдан авч компанийн болон хувь хүний албан татварын тайланд тусгасан. Ингээд тус газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байсан. Гэвч Ч.Батнасан  “Чингэлтэй дүүргийн 1-р хороонд баригдаж байгаа барилгын ажилд хөрөнгө оруулалт хийж дууссаны дараа “Эх газрын эрдэнэс” ХХК-д хөрөнгө оруулалт хийе” гээд “Финанс” центерийн барилгад хөрөнгө оруулалт хийхийг хүссэн. Ингээд 2007-2010 онд уг барилгад хөрөнгө оруулалт хийж, барилга дуусах дөхөж байхад Ч.Батнасан “удахгүй “Эх газрын эрдэнэс ХХК-ийн төсөлд ажиллах тул хувьцаагаа шилжүүлээч” гэж санал тавьсан. Ч.Батнасан нь өргөдөл бичиж “Эх газрын эрдэнэс” ХХК-тай хамтран ажиллана гэсэн тул би 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хувьцааны 50 хувийг бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Ингэхдээ би “газар”-аар хөрөнгө оруулалт хийж, Ч.Батнасан өөрийн хөрөнгийг оруулж хамтран ажиллахаар амаар тохиролцсон. 2010 оноос хойш Ч.Батнасан компанийн захирлаар ажилласан боловч өөрийн хөрөнгөө оруулаагүй, асуухаар “өмнөх барилга зарагдахгүй байна, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахгүй байна” гэсээр 2012 он хүрсэн. Ч.Батнасан нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байсан тул хувьцаа эзэмшигчдийн хурал хийж Д.Энхжаргалыг гүйцэтгэх захирлаар томилсон. Энэ байдлаас харахад Ч.Батнасан нь залилан мэхэлж “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж авсан тул бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү. Мөн 2007-2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт “ОЭТ” ХХК-ийн нэр дээр баригдаж байсан барилгад хөрөнгө оруулалт гэж 893.200 ам.долларыг шилжүүлсэн тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би Ч.Батнасантай олон жилийн өмнөөс хамтран бизнес эрхэлж нөхөрлөж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 1-р хороонд баригдаж байсан одоогийн “Финанс” төвийн барилгыг барьж байхдаа надаас хөрөнгө оруулалт хийхийг  хүссэн.  Энэ барилга нь миний эзэмшлийн “ОЭТ” ХХК-ийн нэр дээр 2001 оноос эхлэн баригдсан. Барилгын газрыг авах, зураг төсөл, дэд бүтэц, бичиг баримт бүрдүүлэх зардлаас эхлээд барилга угсралтын ажил нь 2004-2010 он хүртэл үргэлжилсэн. Энэ үеэс эхлэн Ч.Батнасанд хөрөнгө оруулалт хийж 621.000 ам.доллар, 77.800 евро өгсөн. Бид 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл намайг гадаад улсад ажиллаж амьдарч байхад Ч.Батнасан нь надад мэдэгдэлгүйгээр “ОЭТ” ХХК-ийн 2006 оны жилийн эцсийн тайлангаар барилгыг 623.000.000 төгрөгийн үнээр “Чимо” ХХК-ийн баланст хуурамчаар гарын үсэг зурж шилжүүлж авсан байсан. Энэ нь Чингэлтэй дүүргийн прокурорын 513 тоот тогтоолоор тогтоогдсон. Тухайн үед Д.Наранцэцэгтэй хамтран үйлдсэн. 2009 онд татварын шалгалт ирэхэд би үнэн бодит байдлаар хэлсэн бол Ч.Батнасан хүний эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үйлдлээр шалгагдах байсан. Тухайн үед Ч.Батнасан нь миний эд хөрөнгө байсан гэж хэлээд өгөөч гээд байсан учир би татварын албанд тийм мэдүүлэг өгсөн. Ч.Батнасан 623.000.000 төгрөгийг өөрийнх мэтээр тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Надад ямар нэгэн хувьцаа болон барилгаас оногдох хэсгийг өгөөгүй тул хөрөнгө оруулсан мөнгөө шаардаж байна. Надаас гарын үсэг зураагүй авсан мөнгө байгаа боловч шаардаагүй. Иймд 621.000 ам.доллар, 77.800 евро буюу монгол мөнгөөр нийт 1.429.370.140 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч.Батнасан шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Энхжаргалтай 1989 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Д.Энхжаргал нь Ч.Батнасангийн туслахаар ажиллаж байгаад 2000 оноос Монгол улсад суурьших болсон. Д.Энхжаргал нь архины бизнест хөрөнгө оруулахыг Ч.Батнасанд санал болгож “Өргөө Од” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Ч.Батнасан, “Трансын консулт” ХХК-ийн хувьцааг Д.Энхжаргал эзэмшдэг, “Финанс” төвийн байрыг “ОЭТ” ХХК, Д.Энхжаргалын архины бизнес ашиггүй болоход Ч.Батнасан түүнийг “Хархираа хөгжил” ХХК руу архины тусгай зөвшөөрөлтэй, объектын хамтаар 2006онд шилжүүлэх зэргээр бизнест хамтран ажиллаж байсан юм. Тухайн үед Ч.Батнасанд хувийн компани байгаагүй боловч нийслэлээс хувиараа газар авч хөрөнгө оруулалт хайсан. Ингээд хөрөнгө оруулалт олж Нийслэлийн Хангарьд ордны ард “Финанс” центерын барилгыг эхлүүлэх гэсэн боловч өөрийн гэсэн компанигүй байсан учраас Д.Энхжаргалын гүйцэтгэх захирлаар ажилладаг компанийн баланст бүртгүүлж барилгын ажил эхлүүлсэн. 2009 онд Татварын албаны дарга н.Гансүхэд холбогдсон хэрэгт өгсөн Д.Энхжаргал, Д.Наранцэцэг нарын тайлбараар тодорхой байгаа. Ч.Батнасан нь тухайн компанийн нэр дээр барилгаа барьж байсан. Гэвч “ОЭТ” ХХК-ийг “Увс хүнс” ХХК-д зарах болж Д.Энхжаргал нь хөрөнгөө авахыг Ч.Батнасанд хэлсэн, тэгээд барилгаа авсан. Тухайн үед дутуу баригдсан 3 давхар карказыг 630.000.000 төгрөгөөр балансаас баланст шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нар хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр Ч.Батнасангийн гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан. Тухайн үед шилжүүлж авсан баланстай холбоотой маргаан үүсээгүй юм. Татварын албанд шалгагдсан асуудал нь архины үйлдвэрийг зарахдаа татвар төлөөгүй гэдэгтэй холбоотой хэрэг шалгагдаж тайлбар хийж байсан. Д.Энхжаргал нь 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр татварын албаны даргад өгсөн тайлбартаа “Ч.Батнасан өөрийн нэр дээр зээл авч манай компанид бүртгүүлэн барилга барьж эхэлсэн, манай компанийн нэр дээр тендерт оролцсон, би 2004 оноос 2007 он хүртэл гадаад улсад амьдарч байсан, компанийн хөрөнгийг “Хархираа хөгжил” ХХК-д шилжүүлэх болсон тул Ч.Батнасан өөрөө “Чимо” ХХК-ийг байгуулж Сүхбаатар дүүрэгт бүртгүүлж хөрөнгөө авсан байсан” гэсэн тайлбар хийж байсан. Нэхэмжлэлээс харахад Н.Лхамсүрэн нь 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших хугацааны төлбөр, Д.Энхжаргал нь 2007 оны 05 дугаар сараас өмнөх хугацааны төлбөр нэхэмжилжээ. 2007 оноос өмнөх хугацааны төлбөр нэхэмжилж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг хуулиар зохицуулсан. Н.Лхамсүрэн нь нэхэмжлэл гаргахдаа оффисын барилгын хөрөнгө оруулалт гэж хийсэн гэдэг боловч гүйлгээний утга дээр өөр байдлаар тайлбар бичсэн. Ч.Батнасан нь Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нарын захиалгаар Хан-Уул дүүргийн Анома 5б байрыг 319.636.772 төгрөгийн төсөвтэй, 2009 онд Ч.Батнасангийн аав н.Чойжилсүрэнгийн захиалгаар 15 айлын 8 автомашины гарааштай 790.888.213 төгрөгийн төсөвтэйгөөр барьж Д.Энхжаргалд хүлээлгэж өгсөн. 6-р бичил хороололд үйлчилгээний төв, гараашийн хамтаар 2008 онд барьж гүйцэтгэсэн. Тус барилгыг барихдаа 200.213.613 төгрөгийн төсөв гарсан. Ингээд тус барилгуудыг барих төсвийн үнэ 1,310.738.595 төгрөг болж байгаа юм. Ч.Батнасангаас ч мөн ялгаагүй Д.Энхжаргалд мөнгө шилжүүлсэн юм.  “Финанс” төвийн барилгын ажил нь 2004 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил эхэлж, 2010 онд улсын коммист бүрэн хүлээлгэж өгсөн. Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нараас барилга барихад ямар ч хөрөнгө оруулалт аваагүй зөвхөн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу барилга барьж өгөхөд зарцуулсан хөрөнгө юм. “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг 2010 оны 02 дугаар сард шилжүүлсэн ба улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хурлын тэмдэглэлд Ч.Батнасан гэдэг хүний оюуны потенциал, боломжийг үндэслэв гэж бичсэн байна. Хавтаст хэрэгт газрыг 750.000 ам.доллараар авсан баримт байхгүй, зөвхөн 2.000.000 төгрөгийн хувьцаатай компани юм. Ч.Батнасан хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагаанд оролцож байсан боловч 2012 оны 09 дүгээр сараас үйл ажиллагаанд огт оролцуулаагүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Батнасан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Батнасан нь 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч юм. 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Н.Лхамсүрэнтэй байгуулсан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувийн хувьцааг хууль ёсоор шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Ч.Батнасан 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэвч гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг өгсний дараагаас нэхэмжлэгч нар шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргаж, удаа дараа цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байсан учраас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. “Эх газрын эрдэнэс” ХХК нь Хан-Уул дүүрэг, Зайсанд 4.25 га газар эзэмших эрхтэй ба тухайн газарт барилгын ажил эхлүүлсэн байдаг. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Эх газрын эрдэнэс” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 552/2013 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Үүнийг НЕТГ-аас авсан албан бичгээр мэдсэн, өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч Ч.Батнасангийн зөвшөөрлийг авалгүйгээр барилгын ажил эхлүүлсэн гэдгийг мэдсэн. Д.Энхжаргал нь ямар зорилго, зориулалтаар барилга угсралтын ажил хийж байгаа талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, зөвшөөрөл аваагүй, хувьцаа эзэмшигчдын хурлаар хэлэлцүүлээгүй байдаг. Энэ компани 2.000.000 төгрөгийн дүрмийн сантай, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл тул хүчингүй болгож өгнө үү. Мөн Д.Энхжаргал нь 2012 онд гүйцэтгэх захирал болсноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар зарлан хуралдуулаагүй.

Иймд гүйцэтгэх захирал Д.Энхжаргалын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүх эрх дуусгавар болж байна. Түүний бусад этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болж байгаа тул Д.Энхжаргалыг компанийг төлөөлөх эрхгүй этгээд болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:  Аж ахуйн нэгжийн барилга барих зөвшөөрөл аваагүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна. 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Батнасангийн саналыг авах шаардлага байхгүй. Төрөөс олгож байгаа барилгын зөвшөөрөл авахад 50 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Батнасангийн зөвшөөрөл авдаггүй юм. Компанийн тухай хуулийн дагуу их хэмжээний хэлцэлд тооцогдохгүй юм. Их хэмжээний хэлцэл гэдэг нь Н.Лхамсүрэн нь н.Батжаргалаас “Эх газрын эрдэнэс” ХХК-ийг 750.000 ам.доллараар авсан 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн баримт юм. Үүнийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар мэдүүлсэн байгаа. Ч.Батнасан нь 2008 онд “Эх газрын эрдэнэс” ХХК-ийг 750.000 ам.доллараар худалдаж авсан гэдгийг мэдэж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02591 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Н.Лхамсүрэн, Ч.Батнасан нарын хооронд байгуулагдсан 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ч.Батнасангаас 893.200 ам.доллар буюу 1.816.933.520 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Лхамсүрэн, 621.000 доллар, 77.800 евро буюу 1.429.370.140 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Энхжаргал нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхжаргалын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болсныг тогтоож, энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 87.1.2-д зааснаар “Эх газрын эрдэнэс” ХХК-д Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт амралтын цогцолбор бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 552/2013 тоот зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн Ч.Батнасангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Лхамсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.768.835 төгрөг, Д.Энхжаргалаас төлсөн 7.304.800 төгрөг, хариуцагч Ч.Батнасангаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ч.Батнасангаас 70.200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1051 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Лхамсүрэнгийн төлсөн 5.768.835 төгрөг, нэхэмжлэгч Д.Энхжаргалын төлсөн 7.304.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Батнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,... ” гэх үндэслэлээр энэхүү гомдлыг давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, гаргаж байна.

Тодруулбал, Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хөндөж, цаг хугацаагаар хохироолоо.

Давж заалдах шатны шүүх “Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад талуудын тодорхой бус шаардлага үндэслэлээ нотлохоор гаргасан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийг хууль зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтад үндэслэн маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна” гэх дүгнэлт хийснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Н.Лхамсүрэн анх шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “... “Эх Газрын Эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 893.200 доллар гаргуулах”, Д.Энхжаргал: “...1,429.370.140 төгрөг гаргуулах... ” гэж гаргаж байсан ба анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч нар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуухад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэвээрээ байгаа болохыг хэлж байсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг маш тодорхой бичсэн атлаа 12 дахь талд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дүгнэсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар өөрсдөө л нэхэмжлэлээ тодорхой ярих, тайлбарлах үүрэгтэй тэр хэмжээгээр шүүх шийдвэрлэх болохоос давж заалдах шатны шүүхийн санаачилгаар ихэсгэх шаардлага байхгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд хийсэн тайлбар, хавтаст хэргийн 123-189 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримт, анхан шатны шүүх, шүүх хурлын явцад оролцогч гэрчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар хариуцагчийн татгалзал хангалттай батлагдсан байхад давж заалдах шатны шүүх зориуд санаатай үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүхийн шийдвэр бодит үндэслэлтэй, хуулийн дагуу гаргасан. Ийм байхад давж заалдах шатны шүүхээс ямар үндэслэлээр дээр дурдсан дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй байна. ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно. Мөн хэнээс, юуг ямар үндэслэлээр шаардах нь нэхэмжлэгчийн онцгой эрх, хариуцагчийн тухайд ч ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрхэн тодорхойлох нь түүний л эрхийн асуудал ба шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, үндэслэлгүй бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл үндэслэлтэй бол хангаж шийдвэрлэх эрхтэй. Энэ утгаараа анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл нь үндэслэлгүй байсан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1051 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нарын “...2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 893.200 ам.доллар, 1.429.370.140 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Ч.Батнасан эс зөвшөөрч, “Эх газрын эрдэнэс” ХХК-д олгосон 552/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүйд тооцуулах, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад эрх нь дуусгавар болсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасныг баримталжээ.

Нэхэмжлэгч Н.Лхамсүрэн нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа “...гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227.3-д зааснаар гэрээнээс татгалзаж,  компанийн 50 хувийг Ч.Батнасангаас буцаан шилжүүлж өгнө үү” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 222-224 дүгээр тал/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн байхад анхан шатны шүүх хариуцагчид танилцуулаагүй, шүүх хуралдааны явцад тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Зохигчид компанийн хувьцааг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний зорилгын талаар маргасан бөгөөд анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээтэй салшгүй холбоотой байгуулагдсан “компанийн эрх шилжүүлэх” гэрээний талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т заасныг зөрчсөнөөс гадна  маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг бүрэн тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нар Чингэлтэй дүүргийн 1-р хороонд баригдсан “Финанс” төвийн барилгын захиалагч болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх захиалагч барилгын санхүүжилтийг хариуцах үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-г зөрчсөнөөс гадна Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1.12 дах заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлага хангаагүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч Ч.Батнасангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй тул магадлалд заасан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батнасангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 16.459.669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ