Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 81

 

Ч.Ж-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаар цагаатгах тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалтай, Ч.Ж-т холбогдох 1813002450164 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Х.Тасхын нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 13 дугаар багийн 1007 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Ч-ын Ж.

Ч.Ж- нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Ж.Б-гийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч 120,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг Казак үндэсний орны аравч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож Ч.Ж-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ч.Ж-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авж  шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Х.Тасхын нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэлж, дүгнэн, хэрэгт цугларсан үйл баримт, шүүгдэгчийн үйлдсэн гэх гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарт анхаарлаа хандуулсан байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэрээс гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Ч.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Н-ы мөрдөн байцаалтад, гэрч Я.Айнурын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “аравчаа буцааж хүлээж авсан” талаарх мэдүүлгүүдээр Ч.Ж-ийн үйлдэл “энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан бага хэмжээний хохиролд ч хүрэхгүй байгаа гэдгийг анхаарч үзээгүй байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэж заажээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь хүн байнга амьдрах зориулалттай буюу орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ гэмт хэргийн шинжээр нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй шүүхэд шилжүүлсэн байхад илтэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн учраас магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Х.Тасхын нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ч.Ж-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Ж- 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Ж.Б-гийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч нийт 120,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг казак үндэсний орны аравч хулгайлсан болох нь хэрэгт авагдаж шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байх бөгөөд тухайн үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэмжээнээс үл хамаарч, гагцхүү тухайн шинжээр нь гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон байх тул  Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх боломжгүй болно.    

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Х.Тасхын нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ж-, түүний өмгөөлөгч Х.Тасхын нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН