Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 596

 

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00190 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Г-ийн хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан хохирол 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г-э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа                                            нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/1 дүгээр байр 3 дугаар орцны зоорийн давхрын 288 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд тухайн газар таеквондогийн клубын үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б.Доржням гэдэг хүн яриад “клубынхээ хаалгыг онгойлгоод өгөөч, ус хаах гэсэн юм, дээд айлаас чинь ус алдаад байна” гэхээр нь очье гэтэл “бөглөөг нь гаргачихлаа, ирээд хэрэггүй” гэсэн. Тухайн өдөр би зусландаа байсан. 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр клуб дээрээ                                         ирэхэд дээд айлын бохир хальж битүү усанд автсан байсан. Дээд айлын буруугаас бохир халиагүй.

“ОСНААУГ” гэх ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6-д гомдол гаргаж, холбогдох хүмүүс ирж “Техникийн комиссын акт” үйлдэн бохирын гаргалгааны шугам бөглөрч, дээд айл болох 42 тоотын суултуураар хальж, доошоо бохир ус алдсан гэдгийг тогтоосон.

 

Энэ талаар хариуцагч байгууллагын удирдлагуудад гомдол гаргахад газар дээр нь шалгаж үзээд, техникийн подвалиар явсан шугам сүлжээнд гэмтэл гарахад урьдчилан сэргийлэх боломж бага тул нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх боломжгүй гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Г.Дамиран инженер “дарга уулзъя гэж байна” гэснээр очиж уулзахад “таны нэхэмжилсэн төлбөрийг гаргах боломжгүй, он дуустал ус, дулаан, ашиглалтын зардлыг тэглэе” гэсэн. Энэ саналыг би зөвшөөрөөгүй.

Тус газрын буруутай үйл ажиллагааны улмаас бохирын ус их хэмжээгээр алдаж, хана, таазны эмульс, замаска норж хуурсан, шаланд дэвссэн дэвжээ дахин хэрэглэхгүйгээр бохирдож хохирсон. Хэрэв “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь цаг тухай бүрд нь бохирын шугам сүлжээндээ хяналт, шалгалт хийж, засч янзалсан бол би хохирохгүй байх байсан. Бохир бөглөрсөн нь үл буцах хавхлаг байрлуулсан эсэхээс хамаарахгүй. Иймд хөрөнгийн үнэлгээний “Файн Эстимэйт” ХХК эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тооцоолж 6 847 380 төгрөг гэж үнэлсэн. Үүнээс зөвхөн барилгын засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан 3 600 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “ОСНААУГ”-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6-д 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/1 дүгээр байр, 42 тоот айл “бохир бөглөрсөн” гэх дуудлага ирүүлсэн. Засварчин очиж бөглөөг гаргаж байхад нэхэмжлэгчээс ямар нэгэн санал ирүүлээгүй. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ариутгах татуургын босоо шугамыг манай байгууллага эзэмшиж ашигладаггүй, зөвхөн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулдаг.

Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Арслан клуб” нь манайд ямар нэгэн дуудлага мэдэгдээгүй, өөрсдөө дур мэдэн ариутгах татуургын гаргалгааны шугамтай ижил түвшинд ариун цэврийн өрөө байгуулан шугам дээр үл буцах хавхлаг суурилуулсан нь бохир бөглөрч бохир халих, ус алдах шалтгаан үүссэн байж болзошгүй. Иймд С.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас хохирол болох 3 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г-эд олгох,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх, хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 72 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г-эд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/1 дүгээр байрны бохирын гаргалгааны шугам 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг орчимд бөглөрсөний улмаас “Арслан” клубын дээд давхрын айлаас буюу тус байрны 42 тоотын 00-оор бохир ус алдсан, тухайн үед “Арслан” клуб, 42 тоот айл аль аль нь эзэнгүй байснаас хохирол учрах шалтгаан болсон.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэж хохирол гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Тухайн байрны бохирын гаргалгааны шугам бөглөрсөн нь засвар үйлчилгээтэй ямар ч холбоогүй бөгөөд бохир бөглөрсөн тухай 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 50 минутад дуудлага авч 13 цаг 15 минут орчимд шуурхай очиж шугамыг хэвийн болгосон. Бусдын цоожтой, түгжээтэй байранд юу болж байгааг мэдэх боломжгүй учир шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Г-э нь хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 3 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 30/

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн /Дугаар 61/ “Техникийн комиссын акт” /хх6/, “Файн Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хохирлын үнэлгээний тайлан /хх7-11/ зэргээс үзвэл, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 73/1 дугаар байрны 1 дүгээр орцны бохирын гаргалгааны шугам бөглөрч 42 тоот айлын суултуураар бохирын ус хальж, улмаар зоорийн давхарт байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн 288 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд бохир ус алдсанаар эд хөрөнгөд нь хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөл мөн эсэх, хариуцагч байгууллага тус орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг 2015 оноос хойш гэрээний үндсэн дээр хариуцаж байгаа талаар маргаагүй. /хх26,67-69/ Харин нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хэний буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэх үйл баримтын талаар маргажээ.

 

Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшинд хамаарах бөгөөд хариуцагч байгууллага нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т зааснаар тухайн орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагааг хангах, түүнд байнгын хяналт тавих зорилгоор сууц өмчлөгчдийн холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажил зохион байгуулах үүрэг хүлээсэн эрх бүхий этгээд юм. Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, 14.2.4-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч С.Г-ийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж дүгнэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллага давж заалдах гомдлын үндэслэлээ, бохир ус алдах үед нэхэмжлэгч болон 42 тоот айлын аль аль нь эзэнгүй байснаас хохирол учирах шалтгаан болсон, шүүх Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-т заасныг баримталсан нь буруу, бохирын гаргалгааны шугам бөглөрсөн асуудал засвар үйлчилгээтэй ямар ч холбоогүй гэж тайлбарлажээ.

 

Талуудын тайлбар, хариуцагч байгууллагын тухайн газар дээр нь үзлэг хийж тогтоосон “Техникийн комиссын акт” зэргийг харьцуулан үнэлвэл, бохирын гаргалгааны шугам бөглөрсөний улмаас бохир ус алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар “халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, ... шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах” бөгөөд бөглөрсөн гэх гадны шугам сүлжээний эзэмшигч, өмчлөгч нь хуульд зааснаар мэргэжлийн байгууллага болох “ОСНААУГ” байхаар зохицуулагджээ.

 

Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар хортой бодисын улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Хуулийн энэхүү заалтад зааснаар хариуцагч байгууллага гэм буруутай эсэхээс үл хамааран тухайн эд зүйл буюу бохирын гаргалгааны шугамд үүссэн бөглөрлийн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, шугам сүлжээний бохирын ус хальсан нь хортой бодисын улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдалд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасныг нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болохоор зохицуулсан. Иймд оршин суугчид эзгүй байсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирах шалтгаан болсон, бохирын гаргалгааны шугам бөглөрсөн нь засвар үйлчилгээтэй холбоогүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00190 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас хохирол болох 3 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г-эд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас төлсөн 72 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                    

                                       ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Т.ТУЯА