Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/677

 

  С.Б, Г.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

     Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШТ/102 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцлээр С.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2108 00495 0236 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн С-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “.....................” ХХК-д цавуу орлуулагч ажилтай, ам бүл 3, өвөг эцэг, эхийн хамт ...................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: .............../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2, 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

2. Л овгийн Г-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............./,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ Г.Б-тай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Ч.....” нэртэй зочид буудалд хохирогч Б.Э-г “утас хулгайллаа” гэх шалтгаанаар хэвлий хэсэг рүү өшиглөж, биед бүдүүн гэдэсний чацархайн урагдал, язрал, хэвлийн хөндийн цус хуралт, гялтангийн арын зайн язрал бүхий хүнд хохирол санаатай учруулж, хэвлий болон бүсэлхий хэсгийг газаар түлж бие махбодид зовуурь үүсгэж үйлдсэн,

шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ С.Б-тэй бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Ч.........” нэртэй зочид буудалд хохирогч Б.Э-г “утас хулгайллаа" гэх шалтгаанаар хэвлий хэсэг рүү өшиглөж биед бүдүүн гэдэсний чацархайн урагдал, язрал, хэвлийн хөндийн цус хуралт, гялтангийн арын зайн язрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар, Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс шүүгдэгч С.Б нарт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг сайтар шалган тогтоох шаардлагатай байна. Тухайлбал, яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Б согтуурсан үедээ Г.Б-тай бүлэглэн хохирогч Б.Э-г “утас хулгайллаа” гэх шалтгаанаар хэвлий хэсэгт өшиглөж, биед бүдүүн гэдэсний чацархайн урагдал, язрал, хэвлийн хөндийн цус хуралт, гялтангийн арын зайн язрал бүхий хүнд хохирол санаатай учруулж, хэвлий болон бүсэлхий хэсгийг газаар түлж бие махбодид зовуурь үүсгэж үйлдсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг “Ч” зочид буудалд үйлдсэн мэтээр тусгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Хохирогч Б.Э, шүүгдэгч С.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлгээс газаар түлсэн гэх үйлдлийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол...” гэж заажээ. Шүүгдэгч С.Б, Г.Б нарын “Ч..........” нэртэй зочид буудлын 2 дугаар давхрын коридорт хохирогч Б.Э-г бүлэглэн зодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай.

3. Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хэргийн газар байсан гэх н.Г, Д.Х, камерийн бичлэгт дүрслэгдсэн цагаан өнгийн Приус загварын тээврийн хэрэгслийг олж тогтоон, яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “бие махбодын зовуурь үүсгэж үйлдсэн” гэх гэмт хэргийн нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хуульд нийцүүлэн хийх шаардлагатай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлсон ба шүүх хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, яллагдагч С.Б, Г.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, улмаар 3 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдааныг 4 дүгээр сарын 12-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгч Г.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Б нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр УБ- Истанбул чиглэлийн ТК-237 дугаар аялалын онгоцоор улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон бөгөөд тэрээр 4 дүгээр сарын 28, 5 дугаар сарын 19-ний өдөр мөн ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оргон зайлсан үндэслэлээр Г.Б-т холбогдох хэргийг тусгаарлан, түдгэлзүүлсэн.

Улмаар шүүх С.Б-д холбогдох хэргийг хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээр дурдсан ажиллагаануудыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн Г.Б-т холбогдох хэргийг тусгаарлан, түдгэлзүүлсэн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, С.Б, Г.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гадаад улсын эрх бүхий байгууллагад тавина” гэжээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд “Хэлэлцэн тохирогч талууд энэхүү Гэрээний заалтын дагуу өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа этгээдийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор аль нэг талаас гаргасан хүсэлтийн дагуу харилцан шилжүүлэн өгөхийг зөвшөөрнө” гэж заасан байх тул Монгол Улсын хилээр Бүгд Найрамдах Турк Улс руу гаран оргон зайлсан шүүгдэгч Г.Б-г шилжүүлэн авах талаар хууль, гэрээнд заасан журмын дагуу зохих ажиллагааг явуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг чандлан сахиж мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэйн зэрэгцээ хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор хуульчилсныг анхаарвал зохино.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзсэн тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг тусгаарласан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Б-г 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор шүүгдэгчийг эрэн сурвалжилж, албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж хуульчилсан байхад шүүх шүүгдэгч Г.Б-г оролцуулалгүйгээр түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч оргон зайлсан бол түүнийг олж ирүүлэх хүртэл ", мөн 2 дахь хэсэгт “Шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэрээр эрх бүхий байгууллагад гүйцэтгүүлэхээр даалгана”, мөн 3 дахь хэсэгт “Оргон зайлсан шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ. ...” гэж хуульчилсан.

Шүүх хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, яллагдагч С.Б, Г.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, улмаар 3 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдааныг 4 дүгээр сарын 12-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгч Г.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүгдэгч Г.Б нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр УБ-Истанбул чиглэлийн ТК- 237 дугаар аялалын онгоцоор улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн шатнаас оргон зайлсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч оргон зайлсан бол түүнийг олж ирүүлэх хүртэл ' хэргийг түдгэлзүүлнэ” гэх заалтыг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан.

Мөн шүүгдэгч С.Б нь гэм буруу дээрээ маргадаг, шүүгдэгч нар нь хоорондоо харилцан эсрэг сонирхолтой, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар нөхцөл байдал тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б-д холбогдох хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс С.Б, Г.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШТ/102 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хамт хэрэгт холбогдсон Г.Б-н хамт хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч С.Б, Г.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг “гэмт хэрэг гарсан байдал буюу хохирогч Б.Э-н хэвлий болон бүсэлхий хэсгийг газаар түлж бие махбодид нь зовуурь үүсгэж үйлдсэн гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэнийг тогтоогоогүй, уг гэмт хэргийн нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж, үүнтэй холбоотойгоор Г.Б-т холбогдох хэргийг үргэлжүүлэн шалгах, эсхүл түдгэлзүүлэх, тусгаарлах эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаажээ.  

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн шийдвэр гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б, Г.Б нарт холбогдох хэргийн үйл баримтын талаар буюу хохирогч Б.Э-н биед хэвлий болон бүсэлхий хэсгийг газаар түлсэн гэх үйлдлийг шалгаж тогтоох ажиллагааг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”  /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн шатанд оргон зайлсан ба хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасантай холбоотой түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, уг ажиллагааны үр дүн хэрхэн гарснаас шалтгаалан түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах эсэх асуудлыг тухайн шатанд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бүхий л ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШТ/102 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШТ/102 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ  

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

               ШҮҮГЧ                                                            М.АЛДАР