Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2024/00640

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн  тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн  тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие эгч нь эмчилгээнд явах гэж байгаа чамайг дагаад хил явъя” гэдэг саналыг тавьсан. Та надаа мөнгөө өгчих, тэр мөнгөөр чинь бараа аваад танд ашигтайгаар мөнгийг чинь өсгөж өгье гэж хэлэхээр нь 1 000 000 төгрөг банкаар шилжүүлсэн. Тэгээд Бадамчимэгийг хоёр ч удаа дагаж явсан. Барааг маань аваад “таньдаг мэддэг хүндээ өгнө” гээд мөнгийг маань өгөөгүй. Дандаа “танд ашигтайгаар бодно, та тайван бай” гэж хэлдэг. Эмчилгээндээ явах болоод утас руу нь залгахаар утсаа ч авахгүй, мөнгийг маань ч өгдөггүй. Арга ядаад шүүхэд хандсан. И.Бадамчимэг нь хил хоорондын наймаа эрхэлдэг. Надад бараа хэрэггүй учраас түүнд өгсөн 1 000 000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Иймд *******ээс 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******ийн нэхэмжилж байгаа 1 000 000 төгрөгийн 50 хувь болох 500 000 төгрөгийг, мөн 500 000 төгрөгийн барааг өгөх саналтай байна. Тухайн бараа нь тоо ширхэгээрээ байгаа. Тухайн үед Хятад явж бараа зарах хүндрэлтэй байсан тул бараа нь буцаж ирсэн. Би мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлсэн. Гэхдээ хүмүүсээс авах өр ирэхээр өгнө гэж олон удаа хэлсэн. Хятадаас ирээд удаагүй байхад танихгүй хүнээр яриулж сэтгэл санааны дарамт хийж байсан. Бараа нь зарагдаагүй байхад элдвээр доромжилж байсан гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ХААН банк дахь дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн болно.

4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ...Бадамчимэг нь хил хоорондын наймаа эрхэлдэг бөгөөд надаас 1 000 000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авсан. Тухайн үед ******* нь таны мөнгөөр найзуудынхаа захисан барааг авч яваад таньд ашигтайгаар борлуулж өгнө, та битгий санаа зов гэж хэлсэн. Гэвч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. Би хүү, ашиг нэхэхгүй,  надад бараа хэрэггүй. Тиймээс 1 000 000 төгрөгийг нэхэмжилнэ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Тухайн үед Хятад явж бараа зарах хүндрэлтэй байсан тул бараа нь буцаж ирсэн. Би мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлсэн. Гэхдээ хүмүүсээс авах өр ирэхээр өгнө гэж олон удаа хэлсэн. Хятадаас ирээд удаагүй байхад танихгүй хүнээс яриулж сэтгэл санааны дарамт хийж байсан. Бараа нь зарагдаагүй байхад элдвээр доромжилж байсан.  Одоо *******ийн нэхэмжилж байгаа 1 000 000 төгрөгийн 500 000 төгрөгийг төлнө. Харин 500 000 төгрөгт нь барааг нь өгнө. Учир нь тухайн бараа нь тоо ширхэгээрээ байгаа гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ХААН банк дахь дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

- Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгсөн байна.

- Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал үгүйсгээгүй ч нэхэмжлэгчид 500 000 төгрөг, мөн 500 000 төгрөгийн үнэ бүхий барааг төлнө гэж тайлбарлан маргасан.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч ******* нь 1 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Харин хариуцагч мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй талуудын хооронд тохиролцсон гэрээний үүргийн зөрчил гаргасан байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс авсан 1 000 000 төгрөг буцааж өгөхдөө 500 000 төгрөг, 500 000 төгрөгийн барааны хамт өгөхөөр тайлбарлаж байгаа боловч ямар үндэслэлээр яагаад төлбөрийг ийм нөхцөлтэйгээр буцаж өгөх гэж байгаагаа нотлоогүй болно.

Иймд хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р. олгох үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт  1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАЙГАЛМАА