Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 181/2020/00263/и |
Дугаар | 597 |
Огноо | 2020-03-18 |
Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 597
“П О Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00263 дугаар шийдвэртэй, “П О Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М Д” ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 224 772 375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “П О Э Э” ХХК нь бүх төрлийн шатахуун импортлох, бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг ба “Төгс цэлмүүн констракшн” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр S2018/014 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 299 696 000 төгрөгийн түлш нийлүүлсэн боловч төлөлт хийгдээгүй. Уг гэрээний хуваарьт төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж, “М Д” ХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 90C1820007280 дугаартай 300 000 000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч нь худалдан авалтын зээлийн гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг хүлээсэн.
Даатгалын гэрээний 2.1.9-д даатгалын тохиолдол гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн тухайд газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтад зааснаар төлбөрийг эцсийн байдлаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нь 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдол бий болоод байна. Даатгалын тохиолдол бий болсон учир даатгагч нь даатгалын гэрээ, түүний хавсралтад заасан даатгалын үнэлгээ болох 300 000 000 төгрөгт багтаан “П О Э Э” ХХК-ийн нийлүүлэлт хийсэн 299 696 000 төгрөгөөс даатгуулагчийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасаж, даатгуулагчид 224 772 375 төгрөг буюу 75 хувийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Бид даатгалын гэрээнд хамруулан төлбөр тасалдал үүссэн буюу даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж “М Д” ХК-д хандсан боловч даатгагч нь даатгалын гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч нь “Төгс цэлмүүн констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийн талаар маргааныг тодорхой болгосон тохиолдолд нөхөн төлбөрийг төлнө гэж хэлсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас нийт 449 545 250 төгрөгийн авлагатай болохоо шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Энэ төлбөрийн зарим хэсэг болох 224 772 375 төгрөг нь “М Д” ХК-ийн даатгалын гэрээний дагуу бидэнд төлөх ёстой нөхөн төлбөр юм. Шүүхийн шийдвэрээр “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь олгохоор шийдвэрлэсэн боловч уг шийдвэр биелэгдэх баталгаа байхгүй, төлбөр төлөгч компани дампуурах болон бидний өмнө дарааллаа хүлээж байгаа төлбөр авагч байгаагаас үүргээ биелүүлж чадахгүй байх бодит эрсдэл байгаа юм.
Иймд шаардах эрх шилжүүлэх хуулийн зохицуулалт болон эрх залгамжлан авах хууль зүйн боломжид үндэслэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн зарим хэсгийг “М Д” ХК-аас гаргуулахаар шаардаж байгаа тул талуудын хооронд байгуулагдсан 90C1820007280 дугаартай даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 224 772 375 төгрөгийг “П О Э Э” ХХК-д олгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Тус компани нь “П О Э Э” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 9 даатгалын гэрээ байгуулахдаа цэвэр бизнесийн итгэлцэл, харилцан ойлголцлын зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 90С1820007280 тоот гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд хариуцагч компанийн зүгээс даатгал үйлчлэх хугацааны хувьд ухрааж хийх тухай асуудал тавьж байгаагүй, мөн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг даатгалын гэрээний хугацаатай нийцүүлэн байгуулж, уг хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлж байсан үйлдэл нь гэрээний үйлчлэх хугацаа болон тохиролцооны зүйл, даатгуулагчийн хувийн шинж байдал зэрэгт итгэл төрүүлж уг гэрээг үйлчлэх хугацааг ухрааж хийх гол үндэслэл болсон.
Даатгалын үйл ажиллагааны онцлог, даатгал хийх гол зарчим нь эрсдэл учраагүй буюу бүрэн бүтэн эд хөрөнгө, хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг аливаа төрлийн эрсдэл аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт эрсдэл учирсан, учрах нь тодорхой болсон нөхцөл байдалд ямар ч эд хөрөнгө, ашиг сонирхолыг даатгах боломгүй. Гэтэл даатгуулагч “П О Э Э” ХХК нь хуулиар тогтоосон үүргээ зөрчиж даатгалын тохиолдол бий болоход нөлөөлөхүйц ноцтой нөхцөл, цаашлаад гэрээ хэлцэл байгуулах эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай байдлын талаар бидэнд мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 186 дугаар зүйлийн 186.2, 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ умартан, гэрээний талууд үнэнч шударга, ил тод байх зарчимд тулгуурласан бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үүргээ эс биелүүлж даатгалын гэрээ байгуулсан.
Дээрх үүргээ биелүүлсэн бол даатгагчийн зүгээс даатгалын гэрээ байгуулахгүй, эсхүл гэрээний нөхцөл, хураамж болон хугацааны хувьд өөрөөр тохиролцох байсан ба бид уг гэрээг байгуулахдаа даатгуулагч тал худалдан авагч талтайгаа байгуулсан худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь даатгуулах зорилготой байгаа юм байна, энэ гэрээнийхээ дагуу нийлүүлэлтээ хийгээгүй буюу нийлүүлэлт хийхээсээ өмнө тохиролцож гэрээгээ байгуулсан юм байна, одоо нийлүүлэлтээ хийж эхлэх гэж байгаа учраас даатгалд хамруулж байна гэж ойлгосоны үндсэн дээр гэрээг байгуулсан.
Хариуцагчийн зүгээс “П О Э Э” ХХК-ийг худалдан авагч талдаа бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болохоо нуун дарагдуулсан явдлыг бичгийн нотлох баримтаар нотлох боломжгүй. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр даатгалын гэрээ байгуулахдаа өмнөх гэрээнүүдийн адил нөхцөлтэй байгаа, харин худалдах, худалдан авах гэрээний хувьд өмнө нь хийгдсэн байгаа, одоо нийлүүлэлт эхлэх гэж байгаа учраас даатгал хийлгэнэ гэж мэдэгдсэн учир даатгалын гэрээг байгуулсан. Энэ хугацаанд бидэнд нийлүүлэлт хийсэн талаар албан ёсоор бичгээр, цахим шуудангаар мэдэгдсэн зүйл огт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд тухайлбал, өмнө нь “П О Э Э” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээнүүдийн хугацаа, тус компанийн худалдан авагч талтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний болон бүтээгдэхүүн нийлүүлэлт хийсэн хугацаа зэргийг харьцуулан үзвэл биднийг төөрөгдөлд оруулж, нийлүүлэлт хийснээ нуун дарагдуулсан нь тодорхой.
Даатгалын нөхөн төлбөрийн материалыг шалгах явцад “П О Э Э” ХХК нь худалдан авагч болох “Төгс цэлмүүн констракшн” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 23 удаагийн нийлүүлэлтээр нийт 299 696 500 төгрөгийн түлш нийлүүлсэн байх бөгөөд үүний 78 хувь буюу 18 удаагийн 219 056 500 төгрөгийн нийлүүлэлт нь даатгалын гэрээ байгуулагдаж гарын үсэг зурагдахаас өмнө хийгдсэн ба даатгалын гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Өөрөөр хэлбэл, нийт нийлүүлэлтээ хийж дуусах үедээ даатгалын гэрээг байгуулсан байна. Даатгалын гэрээг хийх үед даатгуулагч энэ талаар даатгагчид мэдэгдээгүй бөгөөд хэрэв нэгэнт даатгалын гэрээг байгуулахаас өмнө богино хугацаанд даатгалын үнэлгээтэй тэнцэхүйц нийлүүлэлтийг хийсэн гэдгийг мэдсэн бол даатгалын гэрээг байгуулахгүй байх нөхцөл бүрдэх байсан.
Ийнхүү богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийсэн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Худалдан авалтын гэрээ байгуулахаас өмнө 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Төгс цэлмүүн Констракшн” ХХК-аас “П О Э Э” ХХК-д явуулсан 18/16 албан тоотод ...богино хугацааны зээлийн нөхцөлөөр 100 тонн, 197 000 000 төгрөгийн түлшийг худалдан авах хүсэлттэй байна гэсэн хүсэлт гаргасан байтал нэмж 96 000 000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулж, нийт 299 696 500 төгрөгийн нийлүүлэлт хийсэн, мөн худалдан авагч нь гэрээний хугацаанд эргэн төлөлт огт хийгээгүй гэдгээс үзэхэд даатгалын тохиолдол нөхцөл, орчин бүрдүүлсэн гэдэг нь нотлогдож байна.
Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 181/ШШ/2019/00561 дугаар шүүхийн шийдвэрээр “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас 449 545 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П О Э Э” ХХК-д олгож шийдвэрлэсэн. “М Д” ХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний төлбөрөө төлөхгүй байхыг даатгалын тохиолдол гэж ойлгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт тус тус зааснаар дээрх 181/ШШ/2019/00561 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр болсон шийдвэр бөгөөд заавал биелэгдэх шинжтэй тул “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь гэрээний төлбөрийг төлөх нь тодорхой. Нэгэнт үндсэн гэрээний үүрэг гүйцэтгэгчээс төлбөр гаргуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал “М Д” ХК-аас тус төлбөрийг дахин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэг төлбөрийг хоёр дахин гаргуулах шударга бус нөхцөл бүрдэж байна.
Ийнхүү “М Д” ХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу худалдан авагч нь хуваарьт төлбөрөө 120 хоногоор хэтрүүлж төлбөр төлөгдөхгүй байх нөхцөлийг даатгалын тохиолдол хэмжээн үзэж нөхөн төлбөр олгохоор заасан боловч худалдан авагч “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээний төлбөрийг төлөх нь тогтоогдсон тул “М Д” ХК нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “М Д” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 224 772 375 төгрөг гаргуулахыг хүссэн “П О Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 281 820 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Даатгуулагч болох “П О Э Э” ХХК -ийн эрх сэргэх тохиолдол нь шүүхийн шийдвэр гарснаар бус тухайн шүүхийн шийдвэр биелэгдсэнээр буюу шүүхээр тогтоогдсон төлбөр нэхэмжлэгчид төлөгдсөнөөр сэргэх юм. Гэтэл “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь “П О Э Э” ХХК-д шүүхийн шийдвэр гарснаас хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд хариуцагч “М Д” ХК-ийн зүгээс ч төлбөр төлөгдөөгүй гэдэгтэй маргаагүй, зөвхөн шүүхийн шийдвэр гарсан учраас даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж мэтгэлцсэн. Шүүхээс дүгнэсэнчлэн даатгалын гэрээний зорилго нь нэхэмжлэгчийн санхүүгийн байдал эрсдэлд орохоос өмнөх үеийн байдлаар сэргээгүй гэдэг нь нотлогдсоор байтал нэхэмжлэгчийн эрх сэргэсэн гэх дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.
Мөн “М Д” ХК-ийг “П О Э Э” ХХК-д даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийн алинд нь хамаарч байгааг шүүх тайлбарлах ёстой. Гэтэл шүүх дээрх үндэслэлүүдийн алинд хамаарч “Монгол даатгал" ХК-ийн даатгалын гэрээгэээр хүлээсэн даатгалын нөхөн олговор олгох үүрэг дуусгавар болсон гэдгийг тайлбарлаагүйн зэрэгцээ хариуцагч үүрэг дуусгавар болоогүй гэдэгт маргаагүй байхад үүрэг дуусгавар болсон гэж хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйн улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Шүүхээс “... нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгчээ өөрөө сонгосон, шүүх түүний сонгосон үүрэг гүйцэтгэгчээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчаас нөхөн төлбөр шаардах эрхээс нэхэмжлэгчийг татгалзсан гэх дүгнэлтэд хүрсэн болно” гэж тайлбарласан нь үндэслэлгүй, ойлгомжгүй. Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргасан, уг шаардлагаа татан аваагүй байхад “шаардах эрхээсээ татгалзсан” гэснийг зөвшөөрөхгүй. Хэдийгээр “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас “П О Э Э” ХХК-д төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан ч энэ нь үүрэг гүйцэтгэгчийг өөрөө сонгож эрхээ сэргээлгэсэн гэж шууд үзэх үндэслэлгүй. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч хариуцагч компани дампуурах, төлбөрийн чадваргүй болсны улмаас тухайн шийдвэр биелэгдэхгүй байх боломжтой тул нэхэмжлэгчид төлбөр төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэсэн гэж үзэхгүй юм.
Мөн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “П О Э Э” ХХК болон “М Д” ХК-ийн хооронд байгуулагдсан “Даатгалын гэрээ”-ний 2.1.9-д худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхээр заасан. Нэхэмжлэгч, гэрээний заалтын дагуу төлбөр төлөгдөх 120 хоног хэтэрсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамаарч даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн даатгагчаас даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй юм.
Шүүх даатгалын гол үүрэг нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн олгож, эрсдэлд орохоос өмнөх санхүүгийн байдлыг сэргээхэд чиглэхээс бус даатгуулагчид ашиг олох зорилго агуулдаггүй тул худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг шүүх шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийн шаардлагаар даатгалын нөхөн төлбөр олгох асуудлыг давхардуулан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, “П О Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс “М Д” ХК-аас даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг шаардахдаа тус даатгалын гэрээгээр ямар нэгэн ашиг олох зорилгыг агуулаагүй гэдэг нь дараах байдлаар нотлогддог.
Бид “М Д” ХК-ийн удирдлагуудад даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч буюу нэхэмжлэгчид шилжүүлсэн тохиолдолд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасны дагуу нөхөн төлбөр олгогдсон хэмжээгээр “Төгс цэлмүүн констракшн” ХХК-аас шаардах эрхээ шилжүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд шүүх дээрх нөхцлийн дагуу эвлэрэх боломжтой талаар болон нөхөн төлбөр олгосон нөхцөлд бид шаардах эрхийг шилжүүлэх талаар хэлж байсан. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс даатгалын нөхөн төлбөрийг давхар авч ашиг олох зорилготой байсан бол шүүхэд эвлэрэх, хариуцагчтай дээрх нөхцөлөөр санал тавихгүй билээ.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан гэдгийг маш тодорхой тайлбарласан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай, үндэслэлгүй байна. Шүүхээс нэгэнт талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд тус даатгалын гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг нь дуусгавар болоогүй байтал хариуцагчийг даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэггүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч “П О Э Э” ХХК нь хариуцагч “М Д” ХК-аас даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 224 772 375 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 65-67/
Хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 90С1820007280 дугаар “Даатгалын гэрээ”-г нэг талаас даатгагч “М Д” ХК, нөгөө талаас даатгуулагч “П О Э Э” ХХК байгуулан, уг гэрээгээр даатгагч нь даатгуулагчийн барааг зээлээр худалдан авагч “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн эргэн төлөлтийн хэвийн байдлыг даатгалын зүйл байхаар тодорхойлж, төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх, энэ тохиолдол бий болсон нөхцөлд 300 000 000 төгрөг хүртэлх худалдан авалтын 75 хувьтай тэнцэх хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээжээ. Талууд гэрээний хугацааг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагаас эхлэн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 24 цаг хүртэл гэж тогтоосон байна. /хх13-19/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, худалдан авагч нь төлбөр төлөх гэрээнд заасан хугацааг 120 хоногоор хэтрүүлсэн, төлбөр төлөгдөөгүй даатгалын тохиолдол бий болсон тул худалдан авагч “Төгс цэлмүүн констракшн” ХХК-д нийлүүлсэн нийт шатахууны үнийн 75 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч уг шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ, даатгуулагч нь “Төгс цэлмүүн констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний бодит нөхцөл байдал буюу худалдан авагч талд бараа нийлүүлснийг нуун дарагдуулж даатгалын гэрээ байгуулсан, уг гэрээг байгуулахаас өмнө богино хугацаанд даатгалын үнэлгээтэй тэнцэхүйц нийлүүлэлт хийсэн гэдгийг мэдээгүй, худалдан авагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээний төлбөрийг нэхэмжлэгч талд төлөх нь тогтоогдсон тул даатгалын нөхөн төлбөр төлөхгүй гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх даатгалын гэрээ байгуулахаас өмнө их хэмжээний нийлүүлэлтийг худалдах, худалдан авах гэрээний дагуу хийсэн болохыг даатгагч мэдээгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан нөхцөл байдлыг олж мэдээгүй явдал нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдал болон даатгалын гэрээний агуулгын талаар хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу “хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх”, даатгуулагч нь “даатгалын хураамж төлөх” үүргийг тус тус хүлээсэн байна.
Хэрэгт “Төгс цэлмүүн констракшн” ХХК, “П О Э Э” ХХК-ийн хооронд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” /хх9-12/ авагдсан. Уг гэрээнд зааснаар “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь худалдан авсан дизель түлшний үнийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн, харин талуудын хооронд байгуулагдсан “Даатгалын гэрээ”-гээр худалдан авагч болох “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь төлбөр төлөх үүргээ 120 хоногоос хэтрүүлэх, мөн төлбөр төлөгдөхгүй байхыг даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч “П О Э Э” ХХК, “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” /хх12/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ/2019/00561 дугаар шийдвэр /хх76-77/, талуудын тайлбараар худалдан авагч “Төгс цэлмүүн констракшн” ХХК нь бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ 120 хоног хэтрүүлж, төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ. Иймд “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авагч мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа гэрээнд зааснаас хэтэрсэн нөхцөл байдал нь зохигчдын байгуулсан “Даатгалын гэрээ”-д заасан даатгалын тохиолдолд хамаарах юм.
Анхан шатны шүүх “дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6-д заасан хамгаалалтын аргаар сэргээн шийдвэрлэсэн, даатгуулагч даатгалын нөхөн төлбөр төлөхийг даатгагчаас шаардах эрхээсээ татгалзсан, даатгагч нөхөн төлбөр төлөх замаар нэхэмжлэгчийн эрхийг дахин сэргээх үүрэггүй” талаар хийсэн дүгнэлт буруу болжээ. Учир нь, талуудын хооронд байгуулсан “Даатгалын гэрээ”-ний 2.1.9-т заасан даатгалын тохиолдол бий болсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь даатгагч “М Д” ХК-аас өөрт учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад өөрчлөлт оруулах нь нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00263 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Д” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 224 772 375 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П О Э Э” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн,
Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 281 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Д” ХК-аас 1 281 820 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П О Э Э” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “П О Э Э” ХХК-аас төлсөн 1 281 820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Т.ТУЯА