Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/678

 

  Д.Х, Д.Д нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,

цагаатгагдсан этгээд Д.Д-н өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Н.Улсболдын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Х-н өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Х, Д.Д  нарт холбогдох эрүүгийн 2208 00000 0411 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Д-н Х, 1983 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ............ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../,

2. С овгийн Д-н Д, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ...... аймгийн .......... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ц” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/,

Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр бусад руу “ална” гээд гартаа отверка барьчихсан дайраад” гэх үйлдлийг нь болиулахаар шаардлага тавьсан Д.Д-тай маргалдан улмаар өөрийн биед байсан отверкийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, түүний цээжний зүүн хөндий хэсэг рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн талд суганы дунд шугамаар 6,7-р хавирганы завсар цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт 7-р хавирганы сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Цагаатгагдсан этгээд Д.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Өнөр дэнжийн эцэс дээр Д.Х-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайн хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0411 дугаартай хэргээс Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д-г цагаатгаж, Дэмбэрэлийн Х-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлсөө холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг халивыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х, Д.Д нар нь төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Улсболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Хэрэгт шүүгдэгч Д.Х, Д.Д нарын хооронд үүссэн маргаан нь шүүгдэгч Д.Х-н тээврийн хэрэгслийн түлхүүрийг Н.Б нарын хүмүүс авснаас үүдэлтэй байх бөгөөд энэ талаар хохирогч Д.Х “...Таксинд явдаг гурван жолооч ирээд миний машины түлхүүрийг булааж авсан. ... намайг “давраад байгаарай эндээс хүн ачихгүй шүү” гэхээр нь би “адилхан амьдрах гэж байж та нар юунд нь ингэдэг юм бэ” гэж хэлээд ... цагаан өнгийн Верна машинтай хоёр хүн ирээд машинаасаа бууж ирээд над руу “хаана ирчихээд томроод байгаа юм бэ” гэж дайрсан” гэж мэдүүлсэн.

Үүнээс үүдэн шүүгдэгч Д.Х нь бусдаас түлхүүрээ авах зорилгоор тээврийн хэрэгсэл дотор байсан отверкийг гаргаж ирсэн болох нь гэрч Н.Б-н “... машины жолооч болох 40 орчим насны бараан царайтай эрэгтэй машинаасаа отверка бариад “бүгдийг чинь нэг нэгээр нь ална” гэж хэлээд машинаасаа буугаад ирэхээр би тэр залууг юм ойлгохгүй юм байна гэж бодоод машиных нь түлхүүрийг шууд буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /хх 39-40/, гэрч Б.Б-н “... Тэгсэн тэр хар өнгийн Тоёота саксид машинтай залуу машиныхаа хаалганы халааснаас отверка гаргаж ирээд “та нарыг бүгдийг чинь ална гээд” Дамбийтай маргалдаад зогсож байсан чинь манай тэнд амьдардаг “Хьюндай Верна” машинтай гарч ирээд явах гэсэн чинь зам хаалттай болохоор машинаасаа бууж ирээд “юу болов, хүн амьтан аллаа гэж хэлээд” тэр хар өнгийн Тоёота саксид машины жолоочтой маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 43-44/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Д.Х-н гэрч /хх 30-31/, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч Н.Б-н “...тэр цагаан машинтай залуутай отверк барьсан залуу маргалдаад эхэлсэн. Тэгсэн тэр цагаан машинтай залуу “Чи яагаад хөгшин хүн дээрэлхээд байгаа юм бэ” гээд хоёр гараараа өөрөөсөө холдуулж түлхсэн” /хх 39-40/ зэрэг мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Д нь эхэлж хохирогч Д.Х-н эсрэг довтолгоон хийж эхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх бөгөөд түүний түлхсэн үйлдлийн улмаас харилцан бие биеийнхээ шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл даамжирч улмаар Д.Х-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд үүссэн байна гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Д нь өөрийн хамт явсан насанд хүрээгүй гэрч Б.Б-н хамт хохирогч Д.Х дээр очиж үйлдлийг нь зогсоохдоо түүний биед халдсан байх бөгөөд тухайн шүүгдэгч Д.Д, насанд хүрээгүй гэрч Б.Б нарын үйлдлийн хариуд хохирогч Д.Х нь Д.Д-н эрүүл мэндэд халдсан үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Х-н бусад руу отверка барьж дайрсан үйлдлийн зорилго нь өөрийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг гэрч Н.Б нарын хүмүүсээс авах санаа зорилготой байсан бөгөөд тухайн түлхүүрийг авснаар энэхүү үйлдэл нь бүрэн дууссан байсан гэж дүгнэлт өгөх бүрэн боломжтой. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн баримт хангалтгүй байхад хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Х-н өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Д.Х нь Д.Д-д зодуулан хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайн хуйхны цус хуралт бүхий гэмтэл авсан. Гэтэл анхан шатны шүүх Д.Д нарын бүлэг хэргийг үгүйсгэж Д.Х-д ял оногдуулсанд гомдолтой байна.

Хэргийн талаар: Д.Д нар нь бүлэглэн машинынх нь түлхүүрийг булаан авч түүний жолооч талын хаалга онгорхой байхад нь зодож дээрх гэмтлийг учруулсан байна. Мөрдөгч, прокурорууд нь энэ хэргийг бүдэгрүүлж, улмаар отверка халааслаж явсан, отверка бариад ална гэж дайрч давшсан мэтээр зохиомол үг өгүүлбэр бүрдүүлж шийдвэр гаргасан байна. Шийтгэх тогтоолд дурдсан гэрч Б “... тэр хүн отверка машиныхаа жолооч талын хаалганы хавтаснаас гаргаж ирсэн...”, гэрч Батжаргал “...машиныхаа хаалганы халааснаас гаргаж ирсэн...” гэх мэдүүлгээр худал зохиомол гэдэг нь нотлогдоно. Шүүх хуралд ар гэрийнхнийг оролцуулахгүй хаалттай хийсэн нь Батаа шүүгч нарын ашиг сонирхлын зөрчлийг гэрчилнэ. Мөрдөн байцаагч Цэцэгсүрэн, прокурор Н.Улсболд нар нь ашиг сонирхлын зөрчилтэй байдаг. Бичиг үсэг мэдэхгүй, уншиж ч чаддаггүй Д.Х-г байцаагч нар нь өөрсдийн халаасны өмгөөлөгч авахуулж Д.Х-р зөвхөн гарын үсэг зуруулах л ажил хийлгэсэн байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 Цагаатгагдсан этгээд Д.Д-н өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд ямар нэг процессын зөрчил гаргаагүй. Миний үйлчлүүлэгч Д.Д нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэдэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокуророос Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх аргагүй хамгаалалт хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Хэрэгт Д.Х-н хохирогчоор “... Тэгсэн “верна”-г жолоодож явсан арай настай эрэгтэй хүн шууд хүрч ирээд миний хамар луу гараараа цохихоор нь хамраа гараараа дараад доош суутал цус гарч байсан. ...” /хх 30-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.Х-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ... хөнгөн зэрэгт хамаарна, тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 3021 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 76-77/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгахаар тус тус хуульчилсан.

Гэтэл шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокурорын яллах дүгнэлтэд заасан шүүгдэгч Д.Д-г буруутгаж буй нотлох баримт, түүний үндэслэл мөн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Д.Д-н үйлдлийг зүйлчлэх үндэслэл болсон нотлох баримтын агуулга тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл болон прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн яллах нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтуудын шаардлагыг зөрчжээ.

  Иймд прокурор Н.Улсболдын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Д.Х, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Д.Х-н өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хэлэлцээгүй орхисныг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана” гэж заасан тул шүүгдэгч Д.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг дахин анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х, Д.Д нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Д.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР