Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч О  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О т холбогдох 1705001480048 эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, О  Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Шүүгдэгч О  нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Ц.Наранцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О  мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 14- ний өдөр эхнэртэйгээ муудалцаад тусдаа унтсан. Маргааш өглөө цүнхнээс нь мөнгө авч гараад ганцаараа архи уусан. Тэгээд гэртээ ороод эхнэртэйгээ хэрэлдээд түүнийг зодсон. Би одоо эхнэр, 4 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Би эхнэрээ зодчихоод найзындаа очоод эргээд гэртээ иртэл эхнэр, хүүхэд маань байгаагүй. Манай эхнэр Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан” гэв. Шүүхээс шүүгдэгч О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл: Шүүгдэгч О  нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 19-641 тоотод эхнэр Ц.Наранцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хохирогч Ц.Наранцэцэгийн “Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нөхөр болох О тай гэр бүлийн асуудлаас болж намайг пиво аваад өг гэхээр нь авч өгөхгүй гэдгээс болж О  нь уурлаад дуугаа хураагаад тэр өдрөө унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 11 цагийн үед гэрээсээ хаашаа явахаа хэлэлгүй гараад яваад өгсөн. Тэгээд би гэртээ 3 хүүхэдтэйгээ гэрээ цэвэрлээд байж байтал нөхөр О  нь 13-14 цагийн хооронд яг хэд болж байсанг санахгүй байна гаднаас архи уучихсан, халамцуу байдалтай орж ирээд намайг муу үгээр хэл амаар доромжилж байсан. Одоо сайн санахгүй байна. Тухайн үед би том өрөөний буйдан дээр сууж байтал хажуу талд ирж сууснаа зүүн талын гуя руу гараараа 2 удаа алгадаад байхаар нь босч яваад гал тогооны өрөө рүү ортол араас хэл амаар доромжлоод байх шиг байсан. Тэгээд би гал тогооны өрөөнд нээх удалгүй эргээд том өрөө рүү ортол нөхөр О  нь цонхны хажууд зогсож байгаа харагдсан ба намайг өрөөнд орж иртэл урдаас ирээд зүүн талын хөлөн дээр санаатай байдлаар гутлаараа гишгэхээр нь ёо ёо гэж хэлээд түлхээд өөрөөсөө холдуулаад зайлаач гэж хэлээд маргалдаж байтал хадам аав Цэндсүрэн нь урд гэрээс манайд орж ирээд О  болиоч гэж хэлсэн. Тухайн үед О  зүгээр болчихсон ба хадам аав эргээд гараад явтал дахин О  хэрүүл маргаан үүсгээд байхаар нь гэрээсээ гараад хадам аав Цэндсүрэнгийн гэрт ортол араас О  нь орж ирээд над руу зодох гээд дайраад байхаар нь хадам аав Цэндсүрэн дундуур орж салгасан. Тэгэхээр нь би гарч зугтаагаад гэртээ ортол араас дахин гүйж орж ирээд дахин хэл амаар доромжилж байгаад барьж аваад газар түлхэж унагаагаад, дээрээс хөлөөрөө цээж хэсэг дээр нэг удаа хөлөөрөө дэвслэх үед аймхааруу орж таараад амьсгалж болохгүй байсан. Тэгээд юу болсон сайн санахгүй болоод нөхөр О  нь холдсон ба арай хийж амьсгаа аваад босох гэтэл над руу түшлэгтэй төмөр сандал аваад шидсэн. Энэ үед би бултаж чадалгүй зүүн талын шанаа буюу нүдний доод талд цохигдож таарсан. Тэгээд дахин дайрч ирээд гараараа бие рүү хэд хэдэн удаа цохисон. Яг хаана нь хэдэн удаа цохисонг одоо санахгүй байна. Тэгээд намайг цохиж байтал хадам аав Цэндсүрэн дахин гаднаас орж ирээд О ыг салгасан. Тэгээд цагдаа ирэх хооронд О ыг салгахаар нь дахин гэрээсээ гараад аавындаа орсон. Аавынд байж байтал 10 орчим минутын дараа аав Цэндсүрэн цагдаа ирчихлээ. О  зугтаагаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн юм. Бид хоёр хамтран амьдраад 9 жил болж байгаа ба албан ёсны эхнэр, нөхөр болоод 4 жил болж байгаа юм. ... Надад цаашид гаргах гомдол санал байхгүй. Хэргийг хурдан түргэн шуурхай хөнгөн байдлаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргээс болоод ажил төрөлдөө ч явж чадахгүй, ажлаа алдаад байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 88-89 дүгээр хуудас/ Гэрч Б.Цэндсүрэнгийн “ ... 2017 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байхад бэр охин ажилдаа явсан ба гэрт нь 3 хүүхдээ хараад хүү О  үлдсэн. Ингээд байж байтал зээ охин Нарансолонго манай гэрт орж ирээд өчигдөр шөнө жоохон маргалдсан гэж хэлсэн. ... О  13-14 цагийн орчим халамцуу ирж байгаа харагдсан. Тэгээд гэртээ орж ирээд сууж байтал бэр охин Наранцэцэг орилох шиг болохоор нь яваад ортол хүү О  эхнэрээ барьчихсан баруун гараараа хацар луу нь хоёр удаа цохиод авахаар нь салгаад О ыг үлдээгээд бэр Наранцэцэгийг гэртээ авч ороод цагдаад дуудлага өгсөн яагаад зодолдсоныг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9085 дугаартай үзлэг хийсэн актын: 1.Ц.Нарансолонгын биед зүүн нүдний зовхи, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 16 дугаар хуудас/ Шүүгдэгч О ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би эхнэртээ гар хүрэх болсон шалтгаан нь хардалтаас болсон юм. Яагаад хардаад байдаг гэвэл манай эхнэр Наранцэцэг нь ажил хийдэггүй, гэртээ хүүхдээ хардаг байсан ба төрсөн эгч Мөнхсайханы ажиллуулдаг махны лангуун дээр 2016 оны 06, 07 дугаар сараас эхэлж суух болсон юм. Тэгээд 2016 оны 12 сар гараад ажлын газрынхантайгаа яваад ажил нь 21 цаг гээд тардаг боловч гэртээ ирдэггүй, үүрээр гэртээ орж ирдэг, хамт байхад ямар нэгэн хамаагүй хүмүүс залгаад байхаар нь тоодоггүй байсан юм. ... Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Наранцэцэгтэй хүүхдүүдээ загналаа гэх асуудлаас болж маргалдаад тухайн шөнө бие биетэйгээ юм ярилгүй унтсан юм. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын орчимд байрладаг хадам аавындаа орж байж байгаад эргээд гэртээ харих замдаа 11 цагийн үед яагаад юм бүү мэд архи уумаар санагдаад гэрийн ойролцоо байдаг Стандарт нэртэй дэлгүүрээс 500 граммын Хараа архи ганцаараа авч уусан юм. Ингээд архиа уугаад сэтгэл тавгүй байсан тул согтчихсон ба гэртээ өдөр 13-14 цагийн хооронд гэртээ ороод юу болсонгоо санахгүй байгаа ба нэг мэдсэн эхнэрээ зодчихсон байдалтай байхаар нь санаа зовоод бас айгаад гэрээсээ гараад зугтаачихсан юм. ... Би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг маш түргэн шуурхай шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч О  хохирогч болох эхнэр Ц.Наранцэцэгтэй “гэр бүлийн асуудлаас ” болж маргалдах явцдаа түүнийг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч Ц.Наранцэцэг мөрдөн байцаалтад “ ...Надад цаашид гаргах гомдол санал байхгүй. ...Миний бие ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул түүнийг гэмт хэргийн хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдвал зохино. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч О ын хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цаг хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ