Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/696

 

     Ю.О-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

яллагдагч Ю.О-н өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

      Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/964 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Ю.О-д холбогдох эрүүгийн 2210 00000 0326 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х  овгийн Ю-н О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............ аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

17.117.Яллагдагч Ю.О нь 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны амралтын задгай тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д-н Монгол гэрийн тооноор нэвтэрч, шинэ цагийн цагаан манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн бор манан хөөрөг 1 ширхэг “Самсунг эс-4” загварын гар утас 1 ширхэг, “LG” загварын нэр марк тодорхойгүй гар утас 1 ширхэг, бэлнээр 300.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Д-т 990.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ю.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн 22100 0000 0326 дугаартай хэргийн яллагдагч Ю.О-г шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, ийнхүү хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэг бүхий эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон хэм хэмжээ, журам шаардлагыг чанд сахиж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий баримтат мэдээллийг цуглуулах, бэхжүүлэх, эх сурвалжийг шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх учиртай.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсны дараа хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд /хх 7-9/ “...гэрийн гол хэсэгт төмөр пийшин байх ба ... пийшингийн таган дээр хээ нь мэдэгдэхгүй гутлын мөр шалан дээр байх плитан дээр арзгар гутлын мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав, ... хаалганы дээд талаас 1 ширхэг унь газар унасан байсныг шинжээч хар өнгийн ...түрхэж үзэхэд нэг ширхэг гарын мөр илрүүлж, бэхжүүлж авав. ... баруун талын буйдангийн урд шалан дээр 2.5 литрийн Сэнгүр нэртэй пивоны сав байсныг ...түрхэж үзэхэд нэг ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авав.” гэж тэмдэглэгдсэн байна.

Гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох тодруулах зорилгоор ..., хэрэг гарсан газарт үзлэг хийх бөгөөд үзлэгийн явцад хэв загвар, дээж авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлахаар мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт заасан.

Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гэх дээрх гарын мөр 2 ширхэг, гутлын мөр зэрэг нь эд мөрийн баримтаар тооцогдох эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нягтлан шалгаагүй, эдгээр нь “хохирогчийн гэрийн тооноор нь орж эд зүйл хулгайлсан” гэх яллагдагч Ю.О-н гарын хээ, дардастай тохирох эсэхийг шинжлүүлээгүй, энэ талаар огт ажиллагаа хийгээгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг шалган тогтоох нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэн яллагдагч Ю.О-д холбогдох эрүүгийн 22100 0000 0326 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл яллагдагчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн 964 дугаартай захирамжийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

1. Мөрдөгч 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийн газрын үзлэг хийж, мөн хуулийн 28.1 дүгээр зүйлд зааснаар “...гэрийн гол хэсэгт төмөр пийшин байх ба ...пийшингийн таган дээр хээ нь мэдэгдэхгүй гутлын мөр, шалан дээр байх плитан дээр арзгар гутлын мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав,...” гэсэн тэмдэглэл үйлдсэн байх боловч үзлэгийн явцад хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан 24 цагийн дотор прокурорт танилцуулж, тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах ажиллагааг нөхөн тооцуулах боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул нотлох баримтаас хасаж тооцох, өөрөөр хэлбэл нотлох баримтаас хасаж тооцох нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй.

2. Яллагдагч Ю.О нь 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Дэ-н Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, ...990.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч Ю.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/964 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Ю.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Ю.О-н өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрдөгч тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулах зөвшөөрлийн бичгийг прокурорт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй. Прокурор нь дээрх мөрдөгчийн ажлаа хийгээгүй байдлыг хүлээн зөвшөөрсөн байдал харагдаж байна. Хавтаст хэрэгт Ю.О-н холбогдсон хэрэгт ямар ч хамааралгүй 8 нүцгэн зургийг бэхжүүлж хийсэн мөртлөө гарын мөр, гутлын мөр зэргийг шинжилгээнд явуулаагүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурор шинжилгээнд тэнцэхгүй гэсэн тогтоол авчирсан. Үүнийг хэрэгт хийгээгүй гэж ярьсан. Энэ хэргийг гүйцэд шалгаагүй гэдэг нь харагдаж байна. Зөвхөн Ю.О-н мэдүүлгээр уг хэргийг хийсэн гэж үзэж болохгүй. Гэрч Ө, О нар ч нотолж чадаагүй, тухайн үед гурвуулаа согтуу байсан. О-н мэдүүлэгт “юу болсон талаараа санахгүй байна” гэсэн мэдүүлэг байдаг. Хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг дотор тухайн үед алдагдсан гэдгийг мэдсэнээс 3 хоногийн дараа ахынхаа хашаанд байсан тоосгон дундаас олсон. Тоосгон дундаас юу олсон, хохирогч юу алдсан талаар тодорхой мэдүүлэг аваагүй. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ю.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүх хуралдаанаар Ю.О-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/964 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Ю.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                         ШҮҮГЧ                                                                  Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР