Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/697

 

        З.Т-д холбогдох эрүүгийн

                                                             хэргийн тухай                      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч З.Т-н өмгөөлөгч И.Чимэдбадам, Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/511 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Т-д холбогдох эрүүгийн 1908 02209 0777 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн З-н Т, 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Г т” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, .................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ................/,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 17-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......... дугаар байрны гадна байрлуулсан “Тоёота приус-30” загварын, ......... УББ улсын дугаартай автомашинд сууж байсан иргэн П.Э-тай “найзтай маргалдлаа, яв гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний цээж болон хэвлийн тус газар хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл учруулан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Т-г 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3.000.000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед гарсан уг хэрэгт би огт холбогдолгүй болно. Хэрэг явдал болсон 17-ны өглөөний 05 цагийн үед гэрт цагдаа орж ирээд намайг хэлтэс рүү авч явсан. 10 цагийн үед гэрт үзлэг нэгжлэг хийж баримтжуулан хутгануудыг хурааж авсан, 11 цагийн үед байцаагчийг хүлээж байхад хэргийн холбогдогч гэх залуу эрүүлжүүлэхээс гарч ирсэн бөгөөд нүүр ам нь хавдсан, нүд нь хөхөрсөн гар, хуруу нь зулгарсан, харахад нэлээн зодоон хийсэн нь илт байсан. Та нар намайг ийм болгоод байхдаа яадаг юм гээд над руу давшлахад би түүнд “өөрийг чинь анх удаа харж байна, зодолдсон хүмүүстэйгээ ярь” гэж хэлж байсан. Тэр залуу одоо гэрч гээд байгаа Н-О гэх залуу байсан. Түүнийг болон намайг байцаагч зодоон хийсэн, хийгээгүй гэдгийг хараад хэлж байсан. Прокурорын хэлж байгаагаар гэрч гэгдэх А нь энэ залуу хутгалсан гээд шууд заасан, гэрчилсэн бол байцаагч намайг явуулахгүй шууд цагдан хорих байсан нь тодорхой асуудал юм. Хохирогч П.Э нь цагдаагийн ахмад цолтой хүн байсан нь хэрэгт шууд нөлөөлсөн. Тэр мэдүүлэхдээ намайг цахилгаан бороохойгоор цохиулж өшиглөж цохисон гэдэг. Гэтэл миний хувцас болон биед ямар нэгэн зодолдсон шинж тэмдэг огт байдаггүй. Намайг хүргэж ирсэн таксины 2 залуугийн нэг нь 2 давхарт гэрт оруулж өгсөн байдаг. Товчхондоо орцныхоо үүдэнд зодолдоод гэр лүүгээ орж хутга аваад гарч ирэн орцныхоо үүдэнд хүн хутгалаад буцаад гэртээ орчихдог ийм үйлдлийг хийх хүн байхгүй. Гэрч А-н хажуугаар гараад гүйсэн гэж гэрчилж байгаа нь намайг биш гэдгийн нотолгоо болж байгаа юм. Хажуугаар нь гараад гүйсэн бол гэрт орох боломжгүй байсан, 05 цагт цагдаа ирэхэд би гэртээ унтаж байсан.

Урьд нь ял эдэлж байсан гэдэг шалтгаанаар уг хэргийг надад тохож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд зөвхөн байцаагч, прокурорын ажлын үзүүлэлт талаас хувь заяагаа шийдүүлж байгаадаа харамсаж байна. Шүүх хуралдаанд П.Э-н талаас намхан хүн байсан гэдэг мэдүүлэг, гэрч А-н “урьд нь хүн амины хэргээр шоронд сууж байсан гэдэг нь надад энэ залуу гэж бодоход нөлөөлж байж магадгүй” гэсэн мэдүүлэг, мөн оройн 23 цагаас хойш шөнийн 04 цаг болтол байрны орцны гадаа байсан байдлыг огт тодруулаагүйгээс гадна гэрч А-н согтуурлын хэмжээ зэргийг гаргаагүй болон холбогдогчийг гол гэрчээр татсан нь энэ асуудал хэт нэг талыг барьсан нь тодорхой харагддаг. Шүүх хуралд хохирогч болон гэрч нарын нэгийг ч оролцуулахгүйгээр, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх шийдвэрээ урьдчилан гаргасан хэрэг байлаа. З.Т миний бие уг хэрэгт холбогдсон 2019 оны 4 дүгээр сараас хойш сэтгэл санаа, ар гэрийн байдал бүх талаараа хохирч байна. Өнөөдрийн байдлаар сахарын хэмжээ дээд цэгтээ хүрч, хорих ангийн эмчийн хяналтад байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч З.Т-н өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэснийг зөрчсөн тухайд:

    1. Шүүх З.Т-г гэм буруутайд тооцсон нотлох баримтууд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар:

 А. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд З.Т-г энэ гэмт хэрэг үйлдсэн гэсэн ямар ч нотолгоо байхгүй. З.Т-н гэр цэвэр цэмцгэр байдалтай байдаг. Ямар ч айлд хутга байдаг. Бүх хутгыг хоолны шүүгээнээс хурааж авсан. Энэ хутганууд хэрэгт хавсаргагдаагүй. З.Т хутгануудаа буцааж аваагүй. /1 хх-14,17/

Б. Хохирогч П.Э-н /1 хх 22/ 2019 оны 5 сарын 1-ний өдрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байна. Хохирогчийн удаа дараа өгч байсан мэдүүлгүүдийн зөрүүг яагаад зөрүүгүй гэж үзсэн үндэслэлээ заагаагүй байна. П.Э 2019 оны 4 сарын 17-ны өдөр /1 хх 31-34/ өгсөн мэдүүлэг “... Тэгээд нэг мэдсэн чинь хүмүүс орилолдоод байсан. Хүмүүс зодолдсон байх би сайн санахгүй байна. Тэгээд зогсож байсан чинь шар царайтай залуу ирсэн. Цээж рүү цохиод байсан. Мөн зүүн тал руу гэдэс 2-3 удаа цохиод зугтаасан. ... мэдээд хажуу тийшээ харсан чинь Бооноо, Зулаа 2 зогсож байсан. Тэгээд цус гараад эхэлсэн. Тэгтэл Зулаа “манай 2 давхрын залуу байна ш дээ” гээд орилоод байсан. Хэн ... хутгалсныг мэдэхгүй байна...  Намайг хутгалсан залуу шар царайтай хүн байсан. Өөр дүр төрхийг нь сайн санахгүй байна. ...”, мөн 2019 оны 4 сарын 17-ны өдөр /1 хх 31/ өгсөн мэдүүлэгт “... Н-, З.Т 2 муудалцаж маргаад байсан. ..би машинд байсан цахилгаан бороохойгоор Т-г айлгах гэж ганц нэг удаа цохиж, хөл рүү 1 удаа өшиглөсөн. Намайг хутгалуулж байхыг СӨХ-ийн дарга цонхоор харж байсан. Т шар царайтай, баруун нүдний зовхи сорвитой, нүүр хэсэг мурийдуу царайтай, 30 гаран насны залуу байсан. Хар богино хүрэмтэй, дотуураа бараан өнгийн ноосон цамцтай байсан...”, 2019 оны 5 сарын 1-ний өдрийн /1 хх 37/ таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “П.Э шар царайтай шөвгөр хамартай баруун талын нүдний дээр жаахан сорвитой өндөр нь 1.70м өндөртэй надаас арай намхан 36-37 орчим настай халимаг үстэй, хар бараан өнгийн савхин куртиктэй, бараан өнгийн өмдтэй. ...”, 2019 оны 5 сарын 5-ны өдрийн /1 хх 64/ мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа хэвлийн хөндийн зүүн дээд талд автомашины цонхоор ирж хутгалсан. ...”, шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх 15/ “... Н-О-н үеийн байсан бөгөөд намайг тэр хоёрыг салгах гэж очиход надаас намхан харагдаж байсан. З.Т-н нүдэн дээрх сорвийг би өмнө нь мөрдөн байцаагчтай уулзах гэж байхдаа харж байсан. ...”,

В. Гэрч А.А-н /1 хх 24-25/ 2019 оны 5 сарын 1-ний өдрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байна. Гэрчийн удаа дараа өгч байсан мэдүүлгүүдийн зөрүү тэдгээрийг яагаад зөрүүгүй гэж үзсэн үндэслэлээ заагаагүй байна.

Гэрч А.А 2019.4.17-ны өдөр /1 хх 23/ 01 цагийн үед “манай гадаа байна, бичиг баримтаа аваад гараад ир” гэхээр нь би гараад очтол Э машиныхаа ард зогсож байсан. Түүний дэргэд машины урд талд 2 согтуу залуу хоорондоо “бацаан минь зүгээр байгаарай” гээд хэрэлдэж маргалдаж байсан. Тэгэхээр нь би Э-с “энэ 2 хүнийг таньдаг юмуу” гэж асуутал “нэг нь надтай хамт явж байгаа юм, нөгөө залуу нь машинаас бууж ирчихээд манай найзтай маргалдаад байна” гэхээр нь би тэр 2 залууг сайн хартал нэг нь манай орцны 06 номерын залуу согтуу байдалтай маргалдаж байсан. Тэгэхээр нь болохгүй миний дүү гээд тэр залууг салгаад орц руу дөхүүлээд явуулсан чинь орцны хаалга нүдээд харааж байгаад буцаж очоод нөгөө согтуу залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь би орцны залууд “чи ер нь яах гээд байгаа юм, наад хүмүүс чинь надтай уулзах гэж ирсэн хүмүүс байна, чамтай муудалцах ямар ч сонирхолгүй байна” гээд дахин салгаад орц руугаа өөрөө яваад орсон. Би Э-тай юм ярьж байгаад машинд нь хамт суугаад машиныг нь хөдөлгөх гэтэл би автомат тэрэг барьж чадахгүй болохоор ...  тэр 2 машинд сууж байхад би машинаас буугаад ойрхон өөрийн машиндаа очоод бичиг баримтаа хайж байтал П.Э намайг хутгалчихлаа гээд орилсон. Би юу болов гээд хартал манай доод давхрын агсам тавиад маргалдаад байсан залуу тэр хоёртой машинынх нь гадаа тойроод хутга барьсан чичлээд байсан.

            Шүүх хурал дээр А-н гэрчээр өгсөн мэдүүлэг /2 хх 16/ Н-О-той маргалдсан хүн Н-О-той ойролцоо өндөртэй хүн байсан. Таньж олуулах ажиллагаа хууль бус хийгдсэн болно.

Г. Гэмт хэрэг гарсан газар: Гэрэлтүүлэг байхгүй. Хүнийг гаднаас хараад таних боломжгүй нөхцөл байдалтай.

Д. Хэргийн гарсан цаг хугацаа: мэдүүлгийн нотлох баримтаар авсан цаг хугацаа бүгдийг нь 00 цаг гэж тааруулсан боловч гомдол мэдээлэл гаргасан, хохирогчийн эмнэлэгт очсон цаг хугацаа зөрнө, 2 цаг тэнд ямар үйл явдал болсныг тогтоож чадаагүй. ...

“Хаан” банкны зөрүүтэй мэдээллүүд байхад шүүх “Хаан” банкны тоот бичгийн нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээд харин “Хаан” банкны дипозит хуулгыг нотлох баримтаар үнэлээгүй үндэслэлээ гаргаагүй. Өмгөөлөгч би шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт болон шүүх хурал дээр гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа болно. “Хаан” банкны серверт үзлэг хийлгэх, Шинжээч томилуулж, шинжээчид тавих асуулт:

1. “Хаан” банкны хаана байрладаг сервер дээр эх сурвалжийг тодруулах,

            2. Тухайн сервер 2018 болон 2019 оноос хойш хэдэн удаа хэрхэн шинэчлэгдсэн эсвэл сайжруулсан эсэх,

            3. “Хаан” банкны программ, техник нь гацдаг эсэх үүн дотроо 2018 онд болон 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус тус ачаалал ихсэж гацсан эсэх,

            4. Цагийн зөрүүтэй байх шалтгаан тодруулах шаардлагатай байсан.

Е. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт: гэмт хэргийг хэн үйлдсэн талаар Н-О, А.А болон түүний нөхөр, бусад этгээдийг сэжиглэл дэвшүүлэн шалгаж мухарлаагүй.

 Хэргийг хэт нэг талыг барьж бүхэлдээ хөтөлж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдлыг анхааралгүй дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдлыг шүүх орхигдуулсан, нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг хэрхэн үгүйсгэж байгаагаа заагаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн, нөлөөлж болох ноцтой зөрүү байгаа гэж үзэж байгаа болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа болно.

З.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллаж байсан боловч З.Т-г хэргээ хүлээгээгүй гэж прокурор үзээд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, хэрэг хүлээлгэх “айлгах” тактик хэрэглэж байсан бөгөөд түүнийг нь шүүх тэр чигээр нь шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолд “2 удаа хутгалсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хийгдсэн. Хохирогч хутгалагдсаны дараа хамт байсан хүмүүс түргэн дуудаж, гэмтлийн эмнэлэгт яаралтай мэс засал хийгдэж, түүний амь нас аврагдсан нь шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй” гэж үзжээ. Гэтэл “Шуурхай удирдлагын төвийн СХДЦХ-1 дуудлагын лавлагааны хуудас” бичгийн нотлох баримтад 2019.04.17-ны 03.17 минутад дуудлага өгсөн байдлаас дүгнэхэд хохирогч энэ цаг хугацаанаас өмнө хутгалагдсан. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоогүй, Цэргийн төв эмнэлэгт 04.27 минутад ирж өвчний түүх нээлгэсэн. /1 хх 85/,

Завдалтын субьектив шинж нь гэмт хэрэг санаатай бөгөөд буцалтгүй шийдсэн санаа байдаг. Субьектив санааг тогтоох нь битгий хэл хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож чадаагүй байж завдалтаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3. Бусад асуудлаар: Өмгөөлөгч би хэргийг нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх талаар удаа дараагийн гаргасан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлээгүй.

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцсаны дараа прокурор Гансүлдэд гаргасан хүсэлтийг хангаагүй шүүхэд шилжүүлсэн. Прокурор Г-г татгалзан гаргах хүсэлтийг дээд шатны прокурорт гаргасан боловч 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 33 тоот хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг хангахаас татгалзсан.

Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хохирогч, гэрчийг оролцуулах болон хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад буцаах, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.10 дугаар зүйлийн 2, 4, 7 дугаар зүйл, 16.15 дугаар зүйлүүдийг зөрчсөн.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах эсвэл З.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Т-н өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Э нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт “намайг орилсон чинь Н-О “яасан гэнээ” гээд ирсэн. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудахаар явсан, би ухаан алдсан, дараа нь эмнэлэгт сэргэсэн. Н-О-той маргасан болон хутгалсан хүнийг сайн санахгүй байна, шүүгдэгчийг намайг хутгалсан гэж хэлж чадахгүй. Тэр хүн ямар ч байсан надаас намхан хүн байсан. Харин энэ хүн надаас өндөр байна” гэж мэдүүлдэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хурал завсарлахад бүгд шүүх хуралдааны танхимаас гарсан. Гэтэл З.Т нь хохирогчоос толгой өндөр хүн байсан. Мөрдөн байцаалтын явцад хохирогч энэ хүнийг нүдэндээ сорвитой байсныг байцаалт өгөх гэж цагдаа дээр олон удаа очиж байхдаа харсан. Ийм хүн байсан гэдгийг А.А-с сонсож хэлсэн гэж хэлдэг. Цагдаад 3 цаг 20 минутын үед дуудлага өгсөн. З.Т 3 цаг 55 минутад “Хаан” банкны посс машинаар үйлчилгээ авсан. Шүүх анх дүгнэхдээ хүн нэг цаг хугацаанд 2 газар байж болохгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж байсан. Жилийн дараа “Хаан” банкны хуулийн хэлтсээс бичиг ирсэн. Манай техник алдаатай уншсан гэж хэлсэн. Хуулийн хэлтсийн ажилтан яагаад техникийн инженер болсныг ойлгохгүй байна. Эргэлзээ бүхий байдал үүссэн бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Миний үйлчлүүлэгчийг А.А-н мэдүүлэг, “Хаан” банкны албан бичгээр ялласан. А.А нь “Э-г ... машиныхаа ард зогсож байсан. Түүний дэргэд машины урд талд 2 согтуу залуу хоорондоо “бацаан минь зүгээр байгаарай” гээд хэрэлдэж, маргалдаж байсан. Энэ нь Н-О-той нэг хүн зодолдож байсныг хэлж байгаа. Би Э-тай юм ярих гээд машинд нь хамт суугаад машинаа хөдөлгөх гээд чадаагүй. Би машинаас буугаад өөрийн машинд бичиг баримтаа хайж байхад Э “намайг хутгалчихлаа” гэж орилсон. ... очтол зүүн гараараа зүүн хөхний доод талд дараад, цус гарсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэж мэдүүлсэн. Нөгөө мэдүүлэгтээ “хутгалчихаад, миний хажуугаар гүйгээд явсан” гэдэг. ... З.Т нь “хүн хутгалуулчихаад мөнгөгүй, ажилгүй, олон хоног эмнэлэгт хэвтэж байгаа гэхээр нь хүний ёсоор боломжоороо өмгөөлөгчөөрөө дамжуулж мөнгө өгсөн” гэдэг. П.Э нь “намайг хутгалсан хүн энэ хүн биш, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэдгээ мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа тул З.Т-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... З.Т тухайн гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан. З.Т тухайн цаг хугацаанд хохирогчтой маргалдаж түүнийг хутгалсан гэж 3 өөр гэрч мэдүүлдэг. Таньж олуулах ажиллагаагаар хохирогч өөрийг нь хутгалсан хүнийг анх хараад таньсан. Тухайн орон зай, цаг хугацаанд З.Т байсан нь хангалттай тогтоогдож байгаа. “Хаан” банкнаас лавлагаа, албан бичиг авсан. Хуулийн хэлтсийн мэргэжилтэн серверийг шалгасан гэх агуулгатай бичиг хэрэгт огт байхгүй. Хуулийн хэлтэс гэдэг нь хууль, шүүх, хуулийн байгууллагатай харилцдаг хэлтэс гэж ойлгож байгаа. Тухайн өдрийн гүйлгээ өндөрлөх үед хийгдсэн мөнгө учраас цагийн хувьд зөрүүтэй гарсан талаар тайлбар, мэдүүлэг өгч, тодорхойлолт гаргаж өгсөн. Зүйлчлэлийн хувьд З.Т нь хохирогчийг 2 удаа хутгалж, цээж болон хэвлийн хэсэгт нэвтэрсэн шарх бүхий тухайн үедээ амь насанд аюултай гэмтэл учруулсан. Түүний уг үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлагаас үзэхэд хүнийг алахыг шууд чиглэсэн үйлдэл зориудаар хийсэн гэж үзэхээр байна. Өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг ямар ч үндэслэлгүйгээр хүндээр зүйлчилсэн, шүүх яаж шийдэх нь хамаагүй гэдэг байдлаар хандаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч З.Т-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос З.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн болж өнгөрсөн жинхэнэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ З.Т-г хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар З.Т нь хүнийг санаатай алахыг завдсан гэх гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, үйл баримт тогтоогдсонгүй.

Тухайлбал, хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч П.Э-н “... 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ... Н-О ирээд бид хоёр нэг шил архи уухаар болоод ...машиндаа уусан ... З.Т манай найз Н-О-той маргалдаж хэрэлдээд байсан би яг юунаас болсныг мэдээгүй би тэр хоёрын дундуур орж “больцгоо” гээд З.Т-г 1-2 удаа цохиод автал тухайн үед А.А гарч ирээд ... бид гурав машинд суусан А.А жолооны ард суугаад би хажууд нь суусан машин хөдөлгөх гээд чадаагүй тэр үед З.Т буцаж хүрч ирэнгүүтээ миний хаалганы цонх онгорхой байсан чинь гартаа байсан хутгаар шууд зүүн цээжинд нэг удаа хатгах үед яс таарч ороогүй тэгсэн зүүн хөхний доод талд хоёр удаа хатгаад авахаар нь би машинаас гараад “намайг хутгалчихлаа ш дээ” гээд хэлтэл найз Н-О арын суудлаас гараад иртэл хутгаараа чичээд байх үед А.А “манай байрны хоёр давхрын залуу байна ш дээ” гэж байсан. Тэгсэн тэр залуу шууд гүйгээд явсан миний хутгалуулсан газраас цус гарах үед би гараараа дарж байгаад ухаан алдсан. ...” /1 хх 22/,

гэрч А.А-н “...Би машинаас буугаад ойрхон өөрийн машиндаа очоод бичиг баримтаа хайж байтал П.Э “намайг хутгалчихлаа” гээд орилсон. Би “юу болов” гээд хартал манай доод давхрын агсам тавиад маргалдаад байсан залуу тэр хоёртой машиных нь гадаа тойроод хутга барьсан чичлээд байсан. Тэгэхэд Э наадах чинь хутгатай байна намайг хутгалчихлаа гурав хатгачихлаа гээд орилоход манай байрны залуу баруун гартаа хутга барьчихсан миний хажуугаар гүйгээд орц руу яваад орчихсон... Э дээр яваад очиход зүүн гараараа зүүн хөхний доод талдаа дараад түүнээс нь цус гарсан байдалтай байхаар нь цагдаа түргэн рүү өөрийн дугаараас залгаад юм ярьж чадахгүй айж сандарч байтал манай орцны нэг давхарт оршин суудаг СӨХ-ийн дарга Сайхнаа “юу болов оо, Зулаа” гэхээр нь би “манай орцны залуу хүн хутгалчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гээд барьж байсан утсаа Сайхнаад өгсөн...” /1 хх 24-25, 2 хх 11-13/,

             гэрч А.Н-О-н “... П.Э-н хутгалуулсан хэвлийнээс цус гарч байхаар нь юу болов гэхэд сүүлд нэрийг нь мэдсэн Зулаатай уулзахад ... машины хаалганы цонхоор манай байрны залуугийн гар нь орж ирээд Э-г хутгалчхаад яваад өгсөн гэж байсан ...” /1 хх 35/,

             гэрч О.Э “... гэртээ амарч байтал гадаа манай байрны дээд давхарт байдаг Зулаа “хүн хутгалчихлаа” гэж орилох үед сэрээд нэг давхрын цонхоороо хартал Зулаа “сая энд гадаа хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би ... утсыг нь аваад 103 түргэн дуудаж өгчихөөд дараа нь 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн ... удалгүй биерхүү биетэй хүнийг хөтөлж суулгаад түргэний машинаараа аваад явсан ...” /1 хх 39/,

гэрч А.О-н “... би 48 айлын орон сууцны урд байрлах хашаанд ороод бүтэн тойроод 15 минут орчмын дараа гарч ирээд харуулын байр луугаа явж байтал ... СӨХ-ийн дарга эгч гараад ирчихсэн “цагдаа дуудаарай, хүн хутгалуулчихлаа” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” /1 хх 48-49/,

            гэрч Ц.Б-ны “... сарын дараа надтай дахин уулзсан ах нь танай баарнаас гараад хүн хутгалчихсан байна чи цагдаатай яриад ахыгаа гайгүй гарсан гээд хэлээд өгөөч гэж хэлээд утсаа надад өгсөн би тэр хэлсэн үгийг нь утсаар ярьсан хүнд хэлээгүй...” /1 хх 107-108/, “...З.Т уг асуудлаас хойш хэд хоногийн дараа 3-4 хоногийн дараа над дээр ирээд намайг дуудаад “Ах нь тэр орой танайхаас гарч яваад хүн хутгалчихсан байна, чи ахыгаа гаргаж өгсөн гээд хэлээд өгөөрэй гэж хэлээд цагдаатай ярь надад утсаа өгөхөөр нь би ярихгүй ээ гээд яриагүй...” /1 хх 209/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... П.Э-н биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4831 дугаартай дүгнэлт /1 хх 68/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

шүүгдэгч З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 17-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд ...48 дугаар байрны гадна байрлуулсан “Тоёота приус-30” загварын, .....УББ улсын дугаартай автомашинд сууж байсан иргэн П.Э-тай маргалдаж, улмаар түүний цээж болон хэвлийн тус газар хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хүнийг санаатай алахыг завдах болон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн гол ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас үүссэн хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо зэрэг болно.

Шүүх хүнийг алах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн шалтгаант холбоо, хор уршиг зэрэг нөхцөл байдалт тал бүрээс нь бүрэн бодиттой бичгийн нотлох баримтын хүрээнд үндэслэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нь зүйтэй юм.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Т-н үйлдэлд хохирогчийн амь насыг шууд хохироох санаа зорилго агуулаагүйн гадна гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй гэж дүгнэх боломжгүй юм.

Тухайлбал, хэрэгт авагдсан гэрч А.Н-О-н “... машины хаалганы цонхоор манай байрны залуугийн гар нь орж ирээд П.Э-г хутгалчихаад яваад өгсөн гэж байсан ...” /1 хх 35/, гэрч А.А-н “... Тэгэхэд П.Э наадах чинь хутгатай байна, намайг хутгалчихлаа гурав хатгачихлаа гээд орилоход манай байрны залуу баруун гартаа хутга барьчихсан миний хажуугаар гүйгээд орц руу яваад орчихсон... ” /1 хх 24-25, 2 хх 11-13/,  хохирогч П.Э-н “... З.Т буцаж хүрч ирэнгүүтээ миний хаалганы цонх онгорхой байсан чинь гартаа байсан хутгаар шууд зүүн цээжинд нэг удаа хатгах үед ... тэр залуу шууд гүйгээд явсан ...” /1 хх 22/ гэх зэрэг баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Т нь хохирогчид гэмтэл учруулсан даруйдаа өөрөө хэргийн газрыг орхин явсан нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Харин өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, П.Э-н цээж болон хэвлийн тус газар хутгалсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон.

Тиймээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ... болно. гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдлийг зэвсэг хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдал, хохирогч П.Э-н “...гомдолгүй ...” гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Т-д 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас хоёр жилийг өршөөн хасахаар хуульчилсан ба З.Т-н үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч З.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нараас “... уг гэмт хэргийг З.Т үйлдсэн гэх нотлох баримт хангалттай авагдаагүй, “Хаан” банкны серверт үзлэг хийлгэх, шинжээч томилуулах ажиллагаа хийгээгүй, гэрчүүдийн удаа дараагийн зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэгт авагдсан гэрч А.А-н “... П.Э “намайг хутгалчихлаа” гээд орилсон... хартал манай доод давхарын агсам тавиад маргалдаад байсан залуу ... хутга барьчихсан чичлээд байсан. ...” /1 хх 24, 27/, гэрч Н-О-н “... машины хаалганы цонхоор манай байрны залуугийн гар нь орж ирээд Э-г хутгалчихаад яваад өгсөн гэж байсан. ...” /1 хх 35/ гэсэн мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 50-60/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан нотлох баримтуудаар уг гэмт хэргийг З.Т үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон.

 Гэрч А.А-н удаа дараагийн мэдүүлгийг хохирогч П.Э мэдүүлгээрээ /1 хх 22, 32/ баталсан байх ба тэдгээрийн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч З.Т учруулсан байх бүрэн боломжтой байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар хууль сануулж мэдүүлэг авсан байх бөгөөд тэдний мэдүүлгийг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 Үүнээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул З.Т-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч З.Т нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 4 дүгээр сарын 26ы өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26ы өдрийн 2022/ШЦТ/511 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч З.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч З.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Т-г 07 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Т-г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР