Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: *******/

          нэхэмжлэгчийн төлөөлөгч А.*******,

          нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******,

          Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.*******, Б.*******  нарыг оролцуулан

          Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч ******* ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан.

          2.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт ******* ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрөл олгосон нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон. 

          3.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2023/8343 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Нэхэмжлэгч ******* ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Улаанбаатар хот, дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил явуулж тоосгоны шаврын нөөц тогтоосон. Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тушаалаар ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргад хандан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уг тоосгоны шаврын нөөцийг ашиглахаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Энэхүү хүсэлтийн хариуд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон.

Гэтэл нийслэлийн Засаг дарга нь дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Байгаль орчны газраас 2023 оны 07 дугаар сарын 28 өдрийн дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

          Тус захирамжид манай компанийн эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох хоёр үндэслэлийг зааж өгсөн байна. Нэгдүгээрт, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон; Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын аюултай бүстэй давхацсан.

          Гэтэл захирамжийн хууль зүйн үндэслэлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талаарх хэм хэмжээг дурдаагүй, Захиргааны эрх зүй дэх хуульд үндэслэх зарчмын хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтан нь аливаа захиргааны акт гаргахдаа хууль зүйн үндэслэлээ тодорхой тусгаж байхыг шаарддаг. Түүнчлэн манай байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй. Учир нь манай компани Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.1, 4.1.1, 18.1 дүгээр зүйл, заалтуудыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж байсан. Тухайн үед манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байсан тул нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон” гэж тусгасан нь огт үндэслэлгүй юм.

          Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж дээрх хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно гэж хуулийн тодорхойлолт хэсэгт тусгасан. Үүнээс харахад, ******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахдаа хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн эзэмшигч байсан ба хуульд заасан өргөдөл гаргах эрхийнхээ дагуу хүсэлтээ гаргасан юм. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад дээрх хуулийн 17.1, 17.2-т заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг бөгөөд манай компани нь хуульд заасан бүх шаардлагыг хангаж байсан тул ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Манай компани 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс эхлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах зорилгоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18.1-д заасан 6 төрлийн баримт бичгийг бүрдүүлж эхэлсэн. Харин 2020 оны 11-р сарын 07-ны өдөр НБОГ-аас дээрх хуулийн 18.1 дэх хэсэгт заасан бүрдүүлэх баримт бичигт тусгагдаагүй, нэмэлт материалыг шаардсан.

          Тухайн шаардсан баримт бичиг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлт байсан. Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулахын тулд ашиглалтыг явуулах талбайн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, тухайн сум дүүргийн Засаг даргын дэмжих бичиг зэрэг шаардлагатай болсон. Дээрх баримтуудыг бүрдүүлэх явцад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Ковид-19 цар тахал гарч, бүх нийтийн хөл хорио бүхий онцгой дэглэм тогтоосон. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан гаргуулахын тулд ашиглалт явуулах газрын хөрсний болон усны дээж авдаг. Мэргэжлийн байгууллагын зүгээс хөл хорио тавигдсаны дараа дээрх дээжийг авах боломжтой талаар мэдэгдэж байсан юм. Бүх нийтийн хөл хорио 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуус, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Их ХХК-тай байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан гаргуулахаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус өдөр Нийслэлийн дүүргийн Засаг даргад хандан БОАЖЯ-нд ерөнхий үнэлгээ хийлгүүлэхийг дэмжих бичиг гаргаж өгөхийг хүсэж, хүсэлт гаргаж байсан юм.

          Улмаар 2021 оны 01 -р сарын 30 өдөр байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг дээрх компани дуусгаж, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн засаг даргаас ерөнхий үнэлгээ хийлгүүлэхийг дэмжсэн албан бичиг гарсан. Дээрх шаардсан материалыг хавсаргаж өгөхөөр очсон боловч цар тахлын улмаас өргөдлийг зөвхөн цахимаар авч байгаа талаар мэдэгдсэн. Цахимаар өргөдлөө гаргахын тулд цахим гарын үсэг авах гэсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс дахин бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Хөл хорио тавигдсаны дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 23 өдөр Дүнжингарав төвийн нэг цэгийн төвөөр дамжуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө гаргасан.

          Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 хоногт багтаан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эсхүл олгохыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргахаар зохицуулсан.Нийслэлийн засаг дарга нь 2021 оны 12 сарын 27-ны өдөр манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаж, дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Иймээс нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийн 1 хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон" гэж тусгасан нь огт үндэслэлгүй юм, Тухайн үед энэ талаар татгалзаагүй атал хэзээ хойно нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зохион гаргаж ирж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг гурван үндэслэлээр дуусгавар болгох тухай тусгасан, 35.1, 37 дугаар зүйлд заасан зохицуулалтыг огт үндэслээгүй.

          Харин Зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэсэн байдаг. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл хэсэгт тусгагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.3 дахь заалт нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үед тавигдах шаардлага болохоос бус ашиглалтын тусгай зөвшөөрөл авчихсан эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлахад үндэслэх хэм хэмжээ биш юм.

          Дээрх үндэслэлээс гадна “тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын аюултай бүстэй давхцалтай” гэсэн үндэслэлээр ******* дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл хэсэгт Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг үндэслэсэн. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж заасан.

          Үүнээс харахад, Нийслэлийн засаг даргын гаргасан маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлийн хувьд зөрүүтэй байна. Тухайлбал: Захирамжийн үндэслэл хэсэгт төмөр замын зурвас газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж, захирамжийн 1 дэх хэсэгт төмөр замын аюултай бүстэй давхцалтай гэсэн хоёр өөр үндэслэлийг тусгасан. Төмөр замын тээврийн тухай хуульд төмөр замын аюултай бүс болон төмөр замын зурвас газар нь хоорондоо зөрүүтэй ойлголт байхаар тодорхойлж өгсөн.

          Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д төмөр замын зурвас газарт үйл ажиллагаа явуулахдаа төмөр замын тээврийн тухай хуулиар тогтоосон дэглэмд заасны дагуу үйл ажиллагаа явуулах агуулгыг тусгасан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27.7-д “Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэх болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно” гэж зохицуулсан. Энэхүү зохицуулалтаар төмөр замын зурвас газарт газар тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэх болон бусад зориулалтаар үйл ажиллагаа явуулж болох тухай заасан. Төмөр замын аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслэн ашиглуулах эрхийг төмөр замын байгууллагад олгосон байна.

          Манай компани 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хайгуулын зөвшөөрөл авахын өмнө 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төмөр замын хэрэг эрхлэх газарт хүсэлт гаргаж, 2008 оны 04 сарын 17-ны өдөр дугаар албан бичгээр “... санал болгож байгаа олборлолт хийх 27 га талбай нь ... м урт газар үргэлжилж төмөр замын гом шугамаас хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд 280 м хүртэл зайнаас эхэлж байна. Хуучин уурхайн олборлож байсан карьерийн эхлэл нь төмөр замын гол шугамаас 100 м орчмын зайд байрлаж байсан ба ******* ХХК-ийн шавар олдворлох цэгийн эхлэл нь гол шугамаас 250 м-ээс дээш зайд байгаа нь төмөр замын тээврийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх зүйлгүй тул дээрх 1/23 тоот албан бичигт дурдагдсан координатуудад зохих хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, ашиглуулахад боломжтой” гэсэн хариу өгчээ.

          Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актын нэг дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын аюултай бүстэй давхцалтай зэрэг зөрчилтэй байхад олгосон нь тогтоогдсон” гэж бичсэн нь үндэслэлгүй юм.

          Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагчийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд ХХК нь 2009 оны 02 сарын 24-ний өдрөөс Улаанбаатар хот, дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд хуульд заасны дагуу өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил явуулж тоосгоны шаврын нөөц тогтоосон.

          Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болно. Манай компани нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсан холбогдуулан нийслэлийн Засаг даргад хандан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уг тоосгоны шаврын нөөцийг ашиглахаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Энэхүү хүсэлтийн хариуд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар ******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Гэтэл нийслэлийн Засаг дарга нь дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

          Тус захирамжийн мэдэгдлийг Нийслэлийн Байгаль орчны газраас 2023 оны 07 дугаар сарын 28 өдрийн дугаар албан бичгээр мэдэгдсэн. Ямар асуудалд нэхэмжлэгчийн зүгээс гомдоод хууль ёсны эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд байна вэ гэхээр тус захирамжийн 1 дэх хэсэгт дүүргийн нутаг дэвсгэрт ******* ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийг "хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийн талбай нь Төмөр замын аюултай бүстэй давхцалтай гэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Эхлээд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдэгт манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгосон.

          Бид 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уг хүсэлтээ гаргасан буюу тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх үед хүсэлтээ гаргасан байдаг. Байгаль орчны газраас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байдаг. Энэ албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ирүүлсэн гэдэг нь хавтаст хэргийн 80 дахь талд нотлогдож байна. Үүнийг Байгаль орчны газар хүлээн зөвшөөрч тайлбарлаж өгсөн байдаг. Хариуцагчийн бариад байгаа заалт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэдэг заалт тухайн үед ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үед дуусгавар болсон буюу тухайн үед хүчин төгөлдөр байсан уу, үгүй юу гэдэгтэй холбоотой асуудал.

          Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар бол хүчинтэй байсан хүчин төгөлдөр зөвшөөрөл. Байгаль орчны газар шалгаад хүлээн зөвшөөрөөд, дуусаагүй гэж үзээд олгосон байдаг. Төмөр замын аюултай бүстэй давхцалтай гэж үндэслэж захирамждаа дурдаж хүчингүй болгосон. Манай компанийн хувьд 2009 оноос хойш, үүнээс өмнө өөр компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, тухай зурвас газар гэж үзээд байгаа газарт хайгуулын ажлыг гүйцэтгэж байсан. Бид анх хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас өмнө 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төмөр замын хэрэг эрхлэх газраас дугаар албан бичгийг авсан.

          Хавтаст хэргийн сүүлд авагдсан байсан Улаанбаатар төмөр замаас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дугаар бичигт хэлэлцээрийн дагуу тухайн газрыг ашиглах аюултай гэдэг ч юм уу ийм зүйл алга гэдэг байдлаар тодорхой албан бичиг өгсөн.

          Нэхэмжлэгчийн хувьд тодорхой зөвшөөрлийг байгууллагуудаас авахаар албан бичиг өгсөн байдаг. Тэр бичгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны газраас шалгаж үзээд манайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон байна. Нэхэмжлэгч шаардлагатай баримтуудыг захиргааны байгууллагад хүргүүлж өгсөн. Захиргааны байгууллага өөрөө шалгаж аваад, бидэнд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Үүний дагуу бид тодорхой хэмжээний хүсэлт өгч, нөөц тодорхойлоод, тодорхой хэмжээний 40 гаруй сая төгрөгийн зардал тооцоо гаргаад явж байхад эдийн засгийн эдийн хохиролтой асуудал гарч байна.

          Захиргааны байгууллага нэгэнт шийдвэр олгочхоод, дараа нь хүчингүй болгож байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна. Зурвас газартай давхцалтай гэж яриад байгаа боловч анх олгохдоо бүх зүйлийг мэдэж байсан. Биднээс тухайн зөвшөөрлүүдийг Төмөр замын Хэрэг эрхлэх газраас авчир гэсний дагуу авчирч өгсөн. Засаг дарга өөрийнхөө шийдвэрийг хууль бус байсан гэж хүчингүй болгосон нь захиргааны байгууллага нэгэнт итгэл олгоод эдийн засгийн тодорхой үр дагавар гарчхаад байхад буцааж хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны зарчмыг зөрчиж байна. Энэ тохиолдолд итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглэх ёстой гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

             6. Хариуцагч нийслэлийн Засаг даргаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “Ашигт малтмалын газраас ******* ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгосон байна. 2014 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох нь аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт шилжиж ирсэн.

          ******* ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо дараах хууль тогтоомжийг зөрчсөн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:”, 14.7-д “Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1- д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.”, 15 дугаар зүйлийн 15.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах.” гэж тус тус зааснаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 5 жил байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.”, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэж тус тус зааснаас үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 12 жил байна.

          Гэтэл тухайн аж ахуйн нэгж нь дээрх хуулиудын заалтыг зөрчин мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах;”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй.” гэж тус тус хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүссэн өргөдлийг бүрдлийн хамт хуульд заасан харьяалах байгууллагаар шийдвэрлүүлэхээр гаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх тухай зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг зааж өгсөн уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:’’, 17.3-д “Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна.” гэж өргөдлийн бүрдэл, бүрдлийн баримт бичгүүдийг тус тус зааж өгсөн.

          ******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дээрх хуульд заасан журмын дагуу бичиг баримтын бүрдлийг хангуулахгүйгээр зөвхөн албан бичгээр хүсэлт гаргасан байдаг бөгөөд тухайн материалуудыг нөхөн бүрдүүлж ирүүлсэн байдаг. Үүнд: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, мөн хуулийн 18.1.6- д заасан баримтыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн байна. Тухайн аж ахуйн нэгжийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ******* дугаар захирамж гарсныг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар зэрэг төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

          Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын системд дээрх захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн мэдээллийг бүртгэхээр оруулахад ******* ХХК-ийн мэдээлэл нь дугаар буюу “хаагдсан” төлөвтэй байсан учраас ашиглалтын тусгай зөвшөөрлийн бүртгэл хийх боломжгүй болж манай газраас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар албан бичгээр хүсэлт гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 8/1380 дугаартай албан бичгээр тухайн аж ахуйн нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул сэргээж бүртгэх боломжгүй тухай албан бичиг ирүүлсэн байдаг.

          Тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн мэдээлэл нь одоог хүртэл тус газрын кадастрын бүртгэлийн системд бүртгэлгүй байна. Дээр дурдсан хууль зөрчсөн нөхцөлүүд мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Уурхайн талбай нь дараах шаардлагыг хангасан байна: 24.4.2-д “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй;”, 24.5.3-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар;” заасан тусгай зөвшөөрлийн давхцалгүй байх шалгуурыг хангаагүй бөгөөд Төмөр замын тээврийн тухай 27 дугаар зүйлийн 27.6-д “Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж олгосон нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасны дагуу хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон байна.

          Тухайн актыг гаргахдаа Өргөдөл, түүний бүрдүүлбэрийг хуулийн хугацаанд ирүүлээгүй, тэмдэгтийн хураамжийг өргөдөл гаргаснаас 20 хоногийн дараа төлсөн, кадастрын бүртгэлийн системд бүртгэлгүй, холбогдох хууль, журмын заалтуудыг ноцтой зөрчсөн тул тухайн аж ахуйн нэгжид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, 3 мэдэгдсэн боловч үндэслэлтэй шалтгаан бүхий тайлбар, нотлох баримтуудыг ирүүлээгүй тул нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн ******* дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны ******* дугаар захирамж нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******* ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчиж олгосон байдаг.

 ...Тухайн аж ахуйн нэгжийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ******* дугаар захирамж гарсныг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар зэрэг төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын системд дээрх захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн мэдээллийг бүртгэхээр оруулахад ******* ХХК-ийн мэдээлэл нь дугаарт "хаагдсан" төлөвтэй байсан учраас ашиглалтын тусгай зөвшөөрлийн бүртгэл хийх боломжгүй болж манай газраас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгээр хүсэлт гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 8/1380 дугаартай албан бичгээр тухайн аж ахуйн нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул сэргээж бүртгэх боломжгүй тухай албан бичиг ирүүлсэн байдаг.

Тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн мэдээлэл нь одоог хүртэл тус газрын кадастрын бүртгэлийн системд бүртгэлгүй байна. Дээр дурдсан хууль зөрчсөн нөхцөлүүд мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д "Уурхайн талбай нь дараах шаардлагыг хангасан байна: 24.4.2-д "тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй;", 24.5.3-д "тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар;" заасан тусгай зөвшөөрлийн давхцалгүй байх шалгуурыг хангаагүй бөгөөд Төмөр замын тээврийн тухай 27 дугаар зүйлийн 27.6-д "Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчиж олгосон нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасны дагуу хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон байна.

Тухайн актыг гаргахдаа Өргөдөл, түүний бүрдүүлбэрийг хуулийн хугацаанд ирүүлээгүй, тэмдэгтийн хураамжийг өргөдөл гаргаснаас 20 хоногийн дараа төлсөн, кадастрын бүртгэлийн системд бүртгэлгүй, холбогдох хууль, журмын заалтуудыг ноцтой зөрчсөн тул тухайн аж ахуйн нэгжид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, 3 мэдэгдсэн боловч үндэслэлтэй шалтгаан бүхий тайлбар, нотлох баримтуудыг ирүүлээгүй тул нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн ******* дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.“ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан.

2.1.Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй,

2.2.Тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын аюултай бүстэй давхацсан гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

3.******* ХХК нь 2009 оны 02 сарын 24-ний өдрөөс Улаанбаатар хот, дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрөл эзэмших явцдаа тоосгоны шаврын нөөц тогтоож, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тушаалаар ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн /х.х-914/ бөгөөд нийслэлийн Засаг даргад хандан уг тоосгоны шаврын нөөцийг ашиглахаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан.

4.******* ХХК-ийн хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон боловч  2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын аюултай бүстэй давхацсан гэсэн үндэслэлээр уг ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

          4.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлийн тухайд:

          Нэхэмжлэгч ******* ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасны /х.х-43-75/ дагуу нийслэлийн Засаг даргын  2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар /х.х-77/ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.        ******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар /х.х-80/ албан бичгээр ******* ХХК-ийн Түгээмэл тархацтай ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримтыг Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүргүүлэхдээ “... захирамжийн дагуу бүртгэлийг хийхэд кадастрын бүртгэлийн системд “хаагдсан” статустай болсон байгаад зохицуулалт хийж нээж өгнө үү” гэж хүссэн байна.

          Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 8/1380 дугаар албан бичгээр “...******* ХХК-ийн ... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл 2021 оны 02 дугаар сарын 24-д дуусгавар болсон тул сэргээж бүртгэх боломжгүй” /х.х-82/ гэжээ.

          Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02/632 дугаар албан бичгээр /х.х-152/ “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК-ийн ... хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. ...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох баримтын хамт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ирүүлсэн бөгөөд ...кадастрын бүртгэлийн системд “хаагдсан” төлөвтэй болсноос ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүртгэж болохгүй байгаад зохицуулалт хийж нээж өгнө үү” гэж дахин хүргүүлсэн.

          Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 12/642 дугаар албан бичгээр “ тоот тусгай зөвшөөрөл нь  2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүчингүй төлөвтэй байна. Ашигт малтмалын орд, илрэл, эрдэсжсэн цэгийн бүртгэл болон ордын нөөцийн хэмжээг улсын бүртгэлд бүртгэсэн талаарх мэдээлэл, мөн ашигт малтмалын зураг болон шиф файл манай хэлтсээс гарах боломжгүй” гэсэн байна.

          Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах;”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 19.3-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:”, 19.7-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 10 өдөрт багтаан барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, ... тус тус мэдэгдэж, төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.

          Эдгээр үйл баримт, бичгийн нотлох баримтаар ******* ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж, үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлтэй бөгөөд кадастрын бүртгэлийн системд “хаагдсан” төлөвтэй болсноос шалтгаалан хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймээс нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийн 1 хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон" гэж тусгасан нь огт үндэслэлгүй юм, Тухайн үед энэ талаар татгалзаагүй атал хэзээ хойно нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зохион гаргаж ирж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

          4.2.Тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын аюултай бүстэй давхцалтай гэх үндэслэлийн тухайд:

          Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжийн 1-т “... ******* ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь ... төмөр замын аюултай бүстэй давхцалтай.”,  

          Мөн Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10/407 дугаар албан бичгээр /х.х-136/ “...******* ХХК-ийн дугаар хүчингүй тусгай зөвшөөрлийн талбайг уул уурхайн бүртгэлийн системд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд төмөр замын хамгаалалтын зурвас газартай 32.13 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна” гэжээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд үзлэг хийхэд нэхэмжлэгч ******* ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй харин хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалтай гэсэн төлөвтэй./х.х-172/

          Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн хавсралтад заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол /40.58 га/ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлоос /41.16 га/ зөрүүтэй/х.х-173/ байгааг зургаар баталгаажуулав. /хэргийн оролцогчид маргаагүй/

          Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Төмөр замын хэрэг эрхлэх газрын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дугаар албан бичгээр /х.х-15/ “... санал болгож байгаа олборлолт хийх 27 га талбай нь ... төмөр замын гом шугамаас хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд 280 м хүртэл зайнаас эхэлж байна. ... ******* ХХК-ийн шавар олдворлох цэгийн эхлэл нь гол шугамаас 250 м-ээс дээш зайд байгаа нь төмөр замын тээврийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх зүйлгүй тул дээрх 1/23 тоот албан бичигт дурдагдсан координатуудад зохих хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, ашиглуулахад боломжтой” гэсэн тодорхойлолт өгсөн байна.

          Мөн Улаанбаатар төмөр замын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дугаар бичгээр /х.х-92/ “... ******* ХХК-ийн доорх координаттай нэгж талбар бүхий газар нь ... төмөр замын өртөө хоорондын 120 метр өргөнтэй төмөр замын зурвас газартай давхцалгүй байна.” гэжээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12."төмөр замын аюултай бүс" гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг; Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/146 дугаар тушаалаар батлагдсан Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн 2.1. “Аюултай бүс гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хэлнэ.”, 2.2.”Төмөр замын аюултай бүс нь ...: - Төмөр замын өртөө хоорондын замд захын зам төмрөөс 5 метр; - Өртөө зөрлөг, салбар замд захын зам төмрөөс 2 метр; - Зорчигчийн буух, суухад зориулсан нам болон өндөр тавцангийн ирмэгээс дотогш 1.0.метр, тавцангүй буух суух газарт захын зам төмрөөс 2 метр, томоохон зангилаа өртөөдийн зорчигчийн байгууламжийн хориг хашааны талбайн хэмжээгээр; - Ачаа, ачаан тээш ачих, буулгах талбайн хэмжээгээр” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий ашиглалтын талбай нь төмөр замын аюултай бүсэд хамааралгүй.

          Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11."төмөр замын зурвас газар" гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг;” 27 дугаар зүйлийн 27.7-д “Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэх болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно” гэж зохицуулсан байна.

          5.Хариуцагчаас ******* ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:” гэж заасныг зөрчиж ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон тул уг шийдвэрээ хүчингүй болгосон гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар орсон дээрх зохицуулалтад ******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон харилцаа  хамаарахгүй.

          6.Түүнчлэн ******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “******* ХХК нь ...журмын дагуу бичиг баримтын бүрдлийг хангуулахгүйгээр зөвхөн албан бичгээр хүсэлт гаргасан, ... материалуудыг нөхөн бүрдүүлж ирүүлсэн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

          7.Иймээс дээр дурдсан үндэслэл, үйл баримтыг дүгнээд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.12, 27 дугаар зүйлийн 27.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.АДЪЯАСҮРЭН