Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам хоорондын Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-иас Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Барилга, хот байгуулалтын яамнаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Э ХХК-нд 002 дугаар бүхий Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар хороололд хүртэл хугацаатай А блок-128, В блок-140, Г блок-287 хүчин чадалтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай, цутгамал хавтгаалжин хана бүхий хийцтэй, 34.4мх17.0м, 33:4мх17.0м хэмжээтэй, 24 давхар, зоорьтой, 3 блок, МК-05 зураг төслийн шифр дугаар бүхий барилгын ажил хийх зөвшөөрлийг 2024 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай олгожээ.

3. Нэхэмжлэгч Э ХХК нь тухайн зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан талаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, И ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23/167 дугаар албан бичиг болон түүний хавсралт баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

4. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамнаас Э ХХК-нд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 9. Онцгой заах нөхцөл-д Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол-ыг ханган ажиллах гэж тусгайлан зааж өгсөн боловч өнөөдрийн байдлаар танай байгууллага нь дээрх заалтыг зөрчиж байгаа талаар гомдол мэдээлэл ирүүлээд байна.

Иймд нийслэлд болсон үер усны гамшигт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өртөж, тэдгээр этгээдээс санал, гомдол ирж байгаатай холбогдуулан Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно. гэж мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэж заасан тул эрх бүхий байгууллагаac уг асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд танай компанийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж байгааг үүгээр мэдэгдэж байна. хэмээн мэдэгдэж 002 дугаар бүхий зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.

5. Э ХХК-иас тус мэдэгдлийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр анх нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон ба түүний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлснээр захиргааны хэрэг үүсгэжээ.

6. Нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Тус компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 29094 м.кв газарт 600 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгтэй А******* хотхон болон Усан парк, Спорт цогцолборын төслийг хэрэгжүүлж байна.

Акуа гарден хотхоны барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 002 дугаартай Усан Парк, Спорт Цогцолборын барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрөлд А блок 128, В блок 140, Г блок 287 хүчин чадал, үйлчилгээтэй орон сууц зориулалтаар Цутгамал хавтгаалж хана үндсэн хийц, 3 хэсэг блок, МК-05 зураг төслөөр онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж заасан.

Уг зөвшөөрлийн дагуу хууль болон холбогдох журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан болно.

Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай албан бичгээр ...Уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 9.Онцгой заах нөхцөл-д "Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол-ыг ханган ажиллах гэж тусгайлан зааж өгсөн боловч өнөөдрийн байдлаар танай байгууллага нь дээрх заалтыг зөрчиж байгаа талаар гомдол мэдээлэл ирүүлээд байна.

Нийслэлд болсон үер усны гамшигт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өртөж, гомдол гаргасан, нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь тогтоогдсон тул танай компанийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ

Бидний зүгээс барилгын үйл ажиллагаа явуулахдаа өөрийн эзэмшил газар дотроо, эзэмшлийн бус газарт хэтрүүлж барьсан зүйлгүйгээр буюу бусад газар эзэмшигч болон өөр этгээдүүд буюу гуравдагч этгээдүүд, нийтийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй.

Түүнчлэн, олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нөхцөл, шаардлагын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр үргэлжилж байсан тул Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 1.1-д заасан зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй. Мөн аливаа байгууллагаас тогтоосон нөхцөл шаардлагыг хангахгүй болсон гэсэн шийдвэр байхгүй болно.

Иймд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 29094 м.кв газарт 600 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгтэй А******* хотхон болон Усан парк, Спорт цогцолборын төслийг хэрэгжүүлж байна. тиймээ Акуа гарден хотхоны барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 002 дугаартай Усан Парк, Спорт Цогцолборын барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрөлд А блок 128, В блок 140, Г блок 287 хүчин чадал, үйлчилгээтэй орон сууц зориулалтаар Цутгамал хана үндсэн хийц, 3 хэсэг блок, МК-05 зураг төслөөр онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж заасан. Уг зөвшөөрлийн дагуу хууль болон холбогдох журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан болно. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай албан бичгээр ...Уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний "9. Онцгой заах нөхцөл"-д "Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол"-ыг ханган ажиллах гэж тусгайлан зааж өгсөн боловч өнөөдрийн байдлаар танай байгууллага нь дээрх заалтыг зөрчиж байгаа талаар гомдол мэдээлэл ирүүлээд байна гэсэн үндэслэл заасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан. Иргэдээс гомдол мэдээлэл гаргасан гэсэн байна. Хэрэв гомдол, мэдээлэл байгаа бол гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэлийг гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч хариуцагч байгууллагаас энэ хүсэлтийг хангаж өгөөгүй байгаа. Тиймээс бид иргэдээс барилгын үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлээгүй гэж үзэж байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэгдэж байгаа О ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь Э ХХК-д газар олгосон захирамж болон барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад маргаад явж байгаа.

Энэ маргааныг иргэдээс ирсэн өргөдөл, гомдол гэж үзсэн гэж хариуцагч байгуулга хэлж байна. Иргэдээс гаргаж байгаа гомдол, мэдээллийг тусгайлсан хуулиар зохицуулагдаж байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа. Хуульд заасны дагуу эсвэл тусгай зөвшөөрлийн хуульд заасны дагуу бол тусгайлан иргэдээс гаргасан гомдол, мэдээлэл байхгүй байна гэж харагдаж байна. О ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийн тухайд бол нэгэнт захиргааны хэрэг үүсчихсэн, шүүхээс хэргийг шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Барилга, хот байгуулалтын яамнаас шийдвэр гаргаад байх шаардлагагүй. Мөн энэ хэрэг дээр Барилга, хот байгуулалтын яам О ТББ-ын нэхэмжлэлтэй хэрэг дээр хариуцагчаар оролцож байгаа. Мөн нэхэмжлэгч гуравдагч этгээдээр оролцож байгаа. Хариуцагчаас тухайн О ТББ-ын нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар өгөөд байгаа. Энэ хариу тайлбарыг мөн шүүхэд өгсөн байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 1.1-д заасан зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэсэн үндэслэл заасан байдаг. Хариуцагч байгууллагаас зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болсон гэдэг эрх бүхий байгууллагын шийдвэр нь хаана байна вэ, үүнийг гаргаж өгөөч гэхэд бол хариуцагчаас мөн ийм баримтыг бол гаргаж өгөөгүй.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гарсан 1000 болон 1002 дугаартай захирамж нь цаг хугацааны хувьд хойш гарсан. Мөн 1000 болон 1002 дугаартай захирамжийг хүчингүй болгуулъя гэсэн Э ХХК-аас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэгдээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ маргаан дээр ч хариуцагчийн буюу Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хурал болон урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар дээрээ Э ХХК-ийн барилгын үйл ажиллагаа, газар эзэмшсэнээс болоод үер болсон зүйл байхгүй гэдгийг тодорхой хэлсэн байгаа. Одоо яг энэ шийдвэр дээр заагдаад байгаа 2 үндэслэл нь бол хууль зүйн үндэслэлгүй байсан юм байна. Бодит байдалд нийцээгүй байна гэдэг нь тогтоогдож байгаа учраас энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөөч ээ гэж нэхэмжлэл гаргасан. гэв.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэгдүгээрт хариуцагчийн хэлсэн зүйлийг хурлын тэмдэглэлд маш сайн бичүүлэх хүсэлтэй байна. Тодруулж хэлэх юм бол захиргааны акт гаргаагүй, харин Нийслэлийн Засаг даргын өмнөөс бид нар мэдэгдсэн гэж тайлбарлаад бид нарт эрх байхгүй, өмнө нь бол зүгээр тушаалаар захиргааны акт гаргаж түдгэлзүүлдэг байсан, энэ удаа зүгээр мэдэгдэл гаргасан гэдэг энэ зүйлүүдийг маш тодорхой тэмдэглүүлэхийг хүсэж байна.

Иргэдээс гомдол гаргаад байна гэдэг нэгдүгээр үндэслэл байгаа юм шиг байна. Тэгтэл иргэдээс хэзээ, хаана ямар гомдол гаргасан юм бэ гэдэг материалаа өгөөч гэхэд өнөөдрийг хүртэл өгөөгүй. О******* ТББ-ын нэхэмжлэлтэй хэрэг Захиргааны шүүх дээр хэрэг үүсээд явж байна гэдгийг иргэдээс гомдол гаргасан мэтээр өнөөдөр ярьж байна. О******* ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар орж тайлбар гаргахдаа бид нар хууль, дүрэм зөрчөөгүй, барилгын ажлын зөвшөөрлийг бүх ном журмынх нь дагуу өгсөн гэдгээ тайлбарласан. Хангалттай тодорхой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөд О******* ТББ-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд явж байгаа юм. Ямар нэгэн байдлаар иргэдээс гомдол гаргасан асуудал бол байхгүй.

Хоёрдугаарт, Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д ямар нэгэн байдлаар нөхцөл шаардлагыг хангаагүй болсон нь тогтоогдсон бол хариуцагч байгууллага түдгэлзүүлэх, зогсоох эрхтэй гэдэг хууль зүйн үндэслэл байна. Гэхдээ манай тохиолдолд бол бид ямар нөхцөл шаардлагыг хангахгүй болсон юм гэдгийг дурдаагүй. Ямар ч тийм зүйл байхгүй. Ямар ч байдлаар зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй гэдэг асуудал байхгүй гэдгийг бид болон та бүхэн ч мэдэж байгаа. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэж байгаа. Хэргийн материалаас харах юм бол "Э*******" ХХК-ийн хэрэгжүүлж байгаа А******* төсөл ямар нөхцөл шаардлагыг хангахгүй болсон нь хэзээ, хэнээр тогтоогдсон юм бэ? гэсэн ямар ч баримт байхгүй. Эрх бүхий байгууллага гэж хэнийг үзэж байгаа юм, тэр чинь хэзээ ямар шийдвэр гаргасан юм, яаж тогтоогдсон юм, тогтоогдсон тул бид нар энэ асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж байна гэж байгаа юм. Хэн шалгах юм, юуг шалгах юм, хэзээ шалгах юм, ямар ч шалгалтын үйл ажиллагаа явагдаагүй.

...Энэ актаа бидэнд гардуулахаас өмнө сошиалд нийтэд тавьж худал мэдээллийг түгээсэн. Нийслэлийн Засаг дарга гаргах ёстой байсан юм бол танайх яагаад барилга барих зөвшөөрлийг түдгэлзүүлж байна гэж ард иргэд, захиалагчдын толгойг эргүүлж үйл ажиллагааг нь хязгаарласан мэтээр мэдэгдэл гаргав. Үүнээс болж өнөөдөр борлуулалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний нөлөөлөл үүсэж байгаа. Ажилчид болон захиалагч нарын хувьд эргэлзээ үүсэж байгаа. Бид үүнийг зүгээр хараад өнгөрөх боломжгүй. Үүнийг бид өнөөдөр захиргааны акт гэж үзэж гомдол гаргасан байгаа. 3/2720 гэдэг албан бичиг нь өөрөө ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй гэдгийг хэлж байна. Хариуцагч тал захиргааны акт биш гэж үзэж байгаа гэдгийг хурлын тэмдэглэлд тэмдэглүүлж байна. гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Олон нийтэд хандаж барилгын ажил зогссон, түдгэлзүүлсэн гэсэн улаан канттай бичиг гаргаж ирчхээд хэдэн сарын дараа энэ нь ямар ч үр дагавар үүсгэхгүй захиргааны акт биш гэж байгаа нь үндэслэлгүй, бодит амьдрал дээр маш том үр дагавар үүсгэж байгаа. Захиалагч нарын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр барьж байгаа барилга, уг барилгын ажлыг явуулахгүй юм байна гэсэн ойлголт тухайн үед төрсөн, одоо ч ийм ойлголттой байгаад байдаг. Тэгэхээр төрийн байгууллага, албан тушаалтнууд ийм хариуцлагагүйгээр хандаж болохгүй гаргасан шийдвэр нь үр дагавар үүсдэг, албадлагаар хэрэгждэг шийдвэрүүд байдаг.

...100 айлаас эхлээд Б******* 90 градус эргэлтээс доошоо Дунд гол гээд явчхаж байгаа. Энэ голын үерийн хамгаалалтын хамгийн найдвартай өргөн урсацтай хэсэг нь Ж*******ы ард талд Энхтайван болон шинэ гүүрний дунд талын зай байдаг 50-аас 52 метр босоо далантай. Хэрвээ энэ гол сэтрээд үер усны аюултай нөхцөл байдал үүсвэл хамгийн сүүлд энэ далан сэтрэх юм. 90 градусын эргэлт дээрээ 20-оос 30 метр доошлоод бүр 7-гоос 15 метр болоод дал нарийссанаас болж усныхаа даралтыг дийлэхгүйгээр сэтэрдэг нөхцөлүүд бол үүссэн. Энэ нь Акуа гарден хороололд бол ямар ч хамааралгүй. Хамгийн их хохирч байгаа нь нэхэмжлэгч компаниас гадна орон сууц захиалсан иргэд байгаа юм. 660 айлын орон сууц гэдэг нь ойролцоогоор 3000 орчим иргэдийн орон сууцанд амьдрах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөрөнгө өмчлөх үндсэн эрх нь шууд зөрчигдөөд байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл Улаанбаатар хотод энэ оны 7 дугаар сард болсон үер усны гамшигт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын орон сууц, эд хөрөнгө өртөсөнтэй холбогдуулан үер усны гамшгийн шалтгааны нөхцөлийн талаар усны салбарын ижненерүүдтэй хийсэн уулзалтаас гарсан санал, иргэдээс ирүүлж буй гомдол болон тухайн цаг үеийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно." гэж зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд "Э*******" ХХК-ийн орон сууцны зориулалттай барилгын ажлын 002 дугаартай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай мэдэгдлийг "Э*******" ХХК-д хүргүүлсэн.

Дээрх мэдэгдлийг хүргүүлснээс хойш "Э*******" ХХК-иас барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэхтэй холбоотой тайлбар, холбогдох баримт бичгийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тус яаманд ирүүлээгүй.

Мөн энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаар захирамж гарч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт "Э*******" ХХК барилга барьж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан байгаа тул энэ үйл ажиллагааг зогсоох, ашиглалтад ороогүй 2 барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах, архитектур төлөвлөлтийн даалгаврын холбогдох хэсгийг хүчингүй болгох, барилга угсралтын ажлыг зогсоох, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Энэ нь тухайн барилгын үйл ажиллагаатай холбоотой шинэ нөхцөл байдлыг бий болгосоноос гадна дээрх албан бичгээр мэдэгдсэн барилгын ажлын зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дугаар хэсэг /Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно/-ийн 3.3-т "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга" олгохоор, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрийг хууль хүчин төгөлдөр болсон /2023 оны 01 дүгээр сарын 01/ өдрөөс хойш аймаг, нийслэлийн Засаг дарга гаргахаар зохицуулсан.

Иймд тус яам нь "Э*******" ХХК-ийн хууль, ёсны эрх ашгийг хөндсөн ямар нэгэн захиргааны акт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч тал захиргааны акт гэж энэ асуудалд хандаад байх шиг байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-д заасны дагуу уг мэдэгдлийг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор тайлбараа өгөх үүрэгтэй. Гэтэл энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд акт хүчин төгөлдөр болно гэдэг агуулга Зөвшөөрлийн тухай хуульд байгаа. Үүний дагуу текстийн утга талаас нь аваад үзэх юм бол түдгэлзүүлж байгаа албан бичигт тайлбар өгөхгүй бол албан ёсоор шийдвэр гарна, тайлбар өгсөн тохиолдолд энэ асуудлыг судалж үзнэ гэдэг агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс тайлбараа ирүүлээгүй учраас манай байгууллагын зүгээс шийдвэртэй холбогдуулан ямар нэгэн эрх зүйн баримт, захиргааны акт гаргаагүй. Та бүхэн захиргааны акт гэж үзэх үү, мэдэгдэл гэж үзэх үү гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн холбогдох шалгуур үзүүлэлтээр хангагдаж байна уу, гэдэг талаас нь харж үзээсэй гэж хүсмээр байна. Мөн хоёрдугаарт нь бидэнд барилгын ажлын зөвшөөрлийг олгочхоод дараа нь түдгэлзүүлсэн гэдэг асуудал яригдаад байна. Бид тухайн үед "Э*******" ХХК-ийн зүгээс ирүүлсэн барилгын ажлын зөвшөөрөл хүссэн материалыг судалж үзээд холбогдох хууль тогтоомжид нийцэж байсан учраас барилгын ажлын зөвшөөрлийг олгосон. Гэтэл 7 сард үер болж нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өөрөөр хэлэх юм бол нийтийг хамарсан гамшигт нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор урьдчилсан байдлаар "Э*******" ХХК-ийн цаашид гарах зардал, гарах эрсдэлийг тооцож барилгын ажлаа зогсоогоорой гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн юм. Компани болон иргэдэд учирсан хохирлыг багасгах зорилгоор энэ мэдэгдлийг хүргүүлсэн болохоос биш ямар нэгэн хэлбэрээр судалж үзээд тогтоогоод гаргачихсан зүйл бол биш гэдгийг та бүхэнд бас хариуцлагатай хэлмээр байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э ХХК тус шүүхэд хандаж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай, барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...бид барилгын үйл ажиллагаагаа өөрийн эзэмшил газар дотроо бусад этгээдүүдийн болон нийтийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэж тодорхойлсныг хариуцагчаас ...энэ оны 7 дугаар сард болсон үер усны гамшигт иргэд аж ахуйн нэгж байгууллагын орон сууц, эд хөрөнгө өртсөнтэй холбогдуулан гамшгийн шалтгаан нөхцөлийн талаар усны салбарын инженерүүдтэй хийсэн уулзалтын санал, иргэдээс ирүүлсэн гомдол, цаг үеийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан...асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдэл өгсөн,...мэдэгдэл нь захиргааны акт биш,...Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тухайн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй... гэж тайлбарлан маргав.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 17******* дугаар бүхий 29094 м.кв газрыг худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Э ХХК-д эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 002 дугаар бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус олгосон, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 9. Онцгойлон заах нөхцөл-д Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаж ажиллах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норм, дүрмийг чанд сахиж ажиллах гэж заасан байна.

4. Түүнчлэн Нийслэлийн засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаар бүхий Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Э" ХХК нь Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт хууль зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул хууль бус үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/953 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт үүрэг болгож шийдвэрлэсэн,

5. Мөн Нийслэлийн засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/1002 дугаар бүхий Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай захирамжаар Э ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөp нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул тус компанид эзэмшүүлсэн 17******* нэгж талбарын дугаар бүхий 29094 м.кв газраас 7844 м.кв газрыг хасаж талбайн хэмжээг хавсралт ёсоор өөрчилж шийдвэрлэсэн,

6. Үүний дараа Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03/5758 дугаар бүхий Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн хамтран ажиллах тухай албан бичгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Э" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1000 дугаар, Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын А/1002 дугаар захирамжууд гарсан, дээрх захирамжийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд "Э" ХХК-ийн барилгын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх болон түдгэлзүүлсэн бол уг шийдвэр хүчинтэй эсэх талаарх мэдээлэл шаардлагатай байна гэж мэдэгдсэн,

7. Мөн иргэн Э.Д******* нарын 31 иргэнээс Барилга хот байгуулалтын сайдад гомдол гаргасны хариуд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/3644 дүгээр албан бичгээр ...Нийслэлийн засаг даргад хандана уу гэсэн хариу өгсөн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

8. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 17******* дугаар бүхий 29,091 м.кв газарт хэрэгжүүлж буй "Э" ХХК-ийн орон сууцны зориулалттай барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийг үндэслэж 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 002 дугаараар тус яамнаас олгосон. Уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний "9. Онцгой заах нөхцөл"-д Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг Сонирхол"-ыг ханган ажиллах" гэж тусгайлан зааж өгсөн боловч өнөөдрийн байдлаар танай байгууллага нь дээрх заалтыг зөрчиж байгаа талаар гомдол мэдээлэл ирүүлээд байна, иймд нийслэлд болсон үер усны гамшигт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өртөж, тэдгээр этгээдээс санал, гомдол ирж байгаатай холбогдуулан Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу Барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий Байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно" гэж, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д "зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон" гэж заасан тул эрх бүхий байгууллагаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд танай компаний барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа-г мэдэгдсэнээс гадна түүний хавсралт болох нэхэмжлэгч компанийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-нд ТҮДГЭЛЗҮҮЛСЭН гэх бичвэрийг улаан өнгөөр бичиж тэмдэглэсэн болох нь тогтоогдов.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...энэ мэдэгдэл нь захиргааны акт биш, ТҮДГЭЛЗҮҮЛСЭН гэх бичвэрийг одоо шууд арилгах боломжтой... гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар ...захиргааны акт мөн, уг мэдэгдэл болон улаан өнгөөр ТҮДГЭЛЗҮҮЛСЭН гэж бичсэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлээд хэвлэлийн хурал хийж олон нийтэд илт худал мэдээ тарааж компанид хохирол учруулсан... гэж тайлбарлан маргасан.

10. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж зааснаас үзвэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь нэхэмжлэгчид үр дагавар дарамт үүсгэсэн, захирамжилсан шинжтэй, энэ утгаараа захиргааны акт мөн гэж үзнэ.

11. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэн улмаар үүнийхээ илэрхийлэл болгон нэхэмжлэгч компанийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-нд ТҮДГЭЛЗҮҮЛСЭН гэх бичвэрийг улаан өнгөөр бичиж тэмдэглэн хавсралтаар ирүүлсэн, уг мэдэгдлийн үр дагавар өнөөдрийг хүртэл арилаагүй, нэхэмжлэгчид дарамт үзүүлсэн шинжийг хэвээр хадгалсаар байгаа нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...бид зөвхөн тогтоосон хугацаанд тайлбараа ирүүлэхийг л мэдэгдсэн тул захиргааны акт биш гэх тайлбар гаргасан нь бодит үнэнд нийцээгүй, үндэслэл бүхий тайлбар биш гэж шүүх дүгнэв.

12. Нөгөө талаар маргаан бүхий захиргааны актад ...уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний Онцгой заах нөхцөлд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаж ажиллах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норм, дүрмийг чанд сахиж ажиллах гэж тусгайлан заасан боловч өнөөдрийн байдлаар танай байгууллага нь дээрх заалтыг зөрчиж байгаа талаар гомдол мэдээлэл ирүүлээд байна гэж дурдсан ба энэ талаар нэхэмжлэгч ...гомдол мэдээлэл ирүүлээгүй нь тогтоогдсон гэж, хариуцагчаас ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй О ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг тухайн гомдол мэдээлэл гэдэгт хамааруулж үзсэн гэж тайлбарлав.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн засаг даргад хандаж Э ХХК-иас барилгын тухай хууль зөрчсөн гэх асуудлаар иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаж байсан нь баримтаар тогтоогдоогүй, харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд О ТББ-ын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй боловч үүнийг хариуцагч захиргааны байгууллагад ирүүлсэн гомдол, санал гэж үзэх хууль зүйн боломжгүй.

14. Өөрөөр хэлбэл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д гомдол гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг гэж зааснаас үзвэл хариуцагч байгууллагад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас Э ХХК-ийн үйл ажиллагааны талаар тухайлан гомдол гаргасан нь тогтоогдохгүй байх ба шүүхэд гаргасан О ТББ-ын нэхэмжлэлийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан гомдол-д хамааруулан авч үзэх үндэслэлгүй.

15. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад ...Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан тул эрх бүхий байгууллагаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд...зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа-г мэдэгдсэний тухайд:

16. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэж, 1.1-д зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэж тус тус заасан.

17. Энэ талаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаж байсан гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...мэдэгдэл хүргүүлснээс хойш холбогдох тайлбараа нотлох баримтын хамт ирүүлээгүй, энэ хугацаанд Нийслэлийн засаг дарга...архитектур төлөвлөлтийн даалгаврын холбогдох хэсгийг хүчингүй болгох, барилга угсралтын ажлыг зогсоох, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн...нь шинэ нөхцөл байдал болохоос гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.3-д зааснаар Нийслэлийн засаг дарга тусгай зөвшөөрлийн асуудлыг зохицуулахаар хуульд заасан гэж тодорхойлон маргав.

18. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3-д Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно: гэж, 3.3-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх энгийн зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ба барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг Нийслэлийн засаг даргад харьяалуулсан, уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр зохицуулсан байна.

19. Дээрхи хуулийн заалтуудаас үзвэл Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөр барилгын ажлын тусгай зөвшөөрлийг тодорхой нөхцөлд Барилга хот байгуулалтын яам биш харин Нийслэлийн засаг дарга түдгэлзүүлэхээр хуульд заасан байхад нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга түдгэлзүүлэхээр шийдвэрлэж мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш, нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагыг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болсныг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

20. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримт болох Нийслэлийн байгаль орчны газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/13-01/023-02 дугаар бүхий Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьсан тухай дүгнэлтээс үзвэл Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн даргын баталсан 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу Э ХХК-ийн гүйцэтгэж байгаа A******* хотхоны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж тухайн дүгнэлтийг гаргаснаас үзвэл маргаан бүхий захиргааны актыг гаргах үед буюу 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэхэд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болсныг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

21. Мөн түүнчлэн Нийслэлийн засаг даргын, "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" 2023 оны А/1000 дугаар, Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай" А/1002 дугаар захирамжууд гарсан боловч эдгээр захирамжуудад нэхэмжлэгч компанийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-ний талаар тухайлан зохицуулаагүй байх тул энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...Нийслэлийн засаг дарга нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврын холбогдох хэсгийг хүчингүй болгох, барилга угсралтын ажлыг зогсоох, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн...нь шинэ нөхцөл байдал болно гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

22. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э******* ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн тухай Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 8.2 дугаар зүйлийн 3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН