Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль

хохирогч: Ш.Энхчимэг,

шүүгдэгч: О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О д холбогдох эрүүгийн 1703 0000 10004 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт, ял шийтгэлгүй, О . Шүүгдэгч О  нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын замд “Тоёото приус” маркийн, 72-55 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан ...“явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Энхчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О  мэдүүлэхдээ: Тухайн осол болох үед зам түгжрээтэй байсан тул би 20-30 км/цагийн хурдтай явж байсан. Санамсар, болгоомжгүй байдлаас болж энэ осол гарсан гэж үзэж байна. Би гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1 880 000 төгрөг төлсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодоод 5 жил болж байна. Цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байх ёстой гэж бодож байна. Өөрийн гэм бурууг ойлгож байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Энхчимэг мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр О  автомашин жолоодож явахдаа намайг мөргөсөн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр миний ахар сүүлний 5 дугаар үе хугаралтай гэж гарсан. Ингээд эмчилгээ хийлгэсний дараа ахар сүүлний 5 дугаар үений зураг авахуулахад эдгэрсэн байсан. Би эмчилгээний зардалд О гаас 1 880 000 төгрөг авсан. Одоо биеийн байдал сайн тул гомдол, саналгүй. Цаашид нэмж нэхэмлэх зүйлгүй гэв. Мөрдөн байцаалтад гэрч-Н.Бат-Оргил мэдүүлэхдээ: ... 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр манай найз О  залгаад хамт банк ороод дансны хуулга авах хэрэгтэй байна гэхээр нь хамт гараад 10 дугаар хорооллын дунд замаар баруунаас зүүн гар тийш “Тоёото приус” маркийн саарал өнгийн автомашинд нь суугаад явж байсан. Тэр үед зам бөглөрөөтэй байсан ба явган хүний гарцны баруун талд нэг машин зогссон байсан. Нөгөө машины хажуугаар гараад явах үед зам хөндлөн гарах гэж байсан нэг эмэгтэй машины баруун толь хэсэгт мөргүүлээд газар унасан. Тэгэхээр нь би О гийн хамт буугаад нөгөө эгчийг өргөөд машинд нь суулгаад би ажилтай байсан учраас тэндээ үлдсэн. Яг гарц дээр осол хэрэг гарсан. Би машины урд суудалд сууж явсан. Осол хэрэг гарахыг сайн харсан гэжээ. (хавтаст хэргийн 25 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9182 тоот дүгнэлтэд: 1. Ш.Энхчимэгийн биед ууцны 5 дугаар нугаламын хугарал, зүүн шилбэ, зүүн тохойнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 28 дугаар хуудас) Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 09- ны өдрийн 279 дугаартай дүгнэлтэд: 1. “Тоёото приус” маркийн, 72-55 УНӨ улсын дугаартай авто машины жолооч О  нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ш.Энхчимэг нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэжээ. (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: О  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч О  нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын замд “Тоёото приус” маркийн, 72-55 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан ...“явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ш.Энхчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь ууцны 5 дугаар нугалмын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Энхчимэгийн мэдүүлэг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9182 тоот дүгнэлт, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 279 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно. Тээврийн прокурорын газраас О гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч эмчилгээний зардалтай холбоотой 923 840 төгрөгийн нотлох баримт хэрэгт гаргаж өгсөн боловч шүүгдэгч 1 880 000 төгрөгийг бэлнээр төлсөн, Ш.Энхчимэг надад учирсан гэмтэл эдгэрсэн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршигийг бүрэн төлсөн гэж үзэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршигийг төлсөн, хохирогч гомдол, саналгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар О  нь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болмогц 863495 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг О д буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН