Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 671

 

 

 

 

 

 

 

 

 

П.Ш-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02715 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Ш-ийн хариуцагч Т.Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 23 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ш-э, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир, хариуцагч Т.Б-, түүний өмгөөлөгч Л.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагчид 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд 21 850 000 төгрөг, 2018 оны 5 сард 5 000 000 төгрөг, нийт 26 850 000 төгрөг зээлүүлсэн. Хариуцагч үүнээс 3 200 000 төгрөг төлсөн. 23 850 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шаардлагаа багасгаж, түүний эргэн төлсөн гэх 7 850 000 төгрөгийг хасч нийт 16 000 000 төгрөгийг Т.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгчээс мөнгө зээлээр авч байгаагүй хамтран ажиллах зорилгоор авсан, 14 850 000 төгрөгийн үнэ бүхий байгалийн алт өгснөөр үлдэгдэл 12 000 000 төгрөг болсон. Үүнээс иргэн Д.Пагмадуламын дансаар 4 500 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. Энэ бүхэн нэхэмжлэгчийн хар өнгийн дэвтэрт тусгагдсан байдаг. Надад дансаар шилжүүлсэн мөнгийг нэхэмжилсэн атлаа авсан мөнгөө тооцоогүй байна. Бид найз нөхдийн харилцаа холбоотой, нэхэмжлэгч бусдын нөлөөнд орсон гэж бодож байна. Миний тооцооллоор нийт 8 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 15 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 236 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, хамтран ажиллах тохиролцооны дагуу мөнгө өгч, авалцсан. Цагдаагийн байгууллагын дарамт шахалтанд орж өгсөн мэдүүлэг, баримтыг шүүх гэрээ гэж үзсэн нь буруу. Гэрч Э.Баттулга, Г.Батгэрэл нарын мэдүүлгээр Т.Б-т 14 850 000 төгрөг буцаан өгсөн нь нотлогдсон. Шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй шалтгаанаа хууль зүйн үндэслэл бүхий тайлбараар няцаагаагүй.

Т.Б-аас П.Ш-ийн “Хаан банк” ХХК дах 5077152459 тоот дансанд 2017-2018 онд олон удаагийн шилжүүлгээр мөнгө шилжүүлсэн нь зээлийн гэрээний дагуу бус, хамтран ажиллах зорилгоор байсан гэдгийг шүүх анхаараагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хэрэгт чухал ач холбогдол бүхий “тэмдэглэлиин хар дэвтэр” нотлох баримтаар гаргуулахыг хүссэн боловч шүүх гаргуулаагүй нь маргааныг буруу ойлгон шийдвэрлэх үндэслэл болсон. Түүнд бүх зүйл үнэн зөв, бодитой, тодорхой тэмдэглэгдсэн байсан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсээгүй, харин уурхайд хөрөнгө оруулах үйл баримт буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заагдсан харилцаа үүссэн нь нэхэмжлэгч, гэрч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байхад шүүх анхаараагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Ш-э нь хариуцагч Т.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 16 000 000 төгрөг болгон багасгасныг, хариуцагч зээлийн харилцаа үүсээгүй, хамтран ажиллах гэрээний харилцаа байсан, 8 000 000 төгрөгөөс бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх 1, 18/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Т.Б-ын гар бичмэл бүхий “...П.Ш-ээс зээлж авсан мөнгөө 2019.12.20-нд төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд өөрийн өмчлөлийн хөрөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй” гэх агуулгатай баримт /хх3/, нэхэмжлэгчийн эзэмшлийн “Хаан банк” ХХК дах 5752116515, 5029254141 тоот дансны хуулга /хх6-8, 32-33/ зэргийг харьцуулан үнэлвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх цагдаагийн байгууллагын дарамт шахалтаар өгсөн мэдүүлэг, баримтыг үнэлж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь буруу, уурхайд хөрөнгө оруулалт оруулах байдлаар хамтран ажилласан, энэ нь нэхэмжлэгчийн тайлбараар, 14 850 000 төгрөг буцаан өгсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр тус тус нотлогдож байхад шүүх үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн боловч шүүх гаргуулаагүй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан П.Ш-ийн эзэмшлийн “Хаан банк” ХХК дах 5752116515, 5029254141 тоот дансны хуулга, зохигчдын тайлбараас үзвэл, 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 27 700 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч дансаар буцаан төлсөн гэх 3 200 000 төгрөг, нэхэмжлэгч хүлээн авсан гэх 7 850 000 төгрөгийг тус тус хасч тооцвол шүүхийн хангаж шийдвэрлэсэн үнийн дүнгээс илүү хэмжээ гарч байна. /хх6-8, 32-33/

 

Хариуцагч нь хамтран ажилласан, алт өгсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйн гадна, түүний бичсэн хэргийн 3 дах талд авагдсан баримтыг цагдаагийн байгууллагын дарамт шахалтаар буюу хууль бусаар хийсэн хэлцэл гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Түүнчлэн алт худалдах, худалдан авах харилцаа нь хуулийн тусгай зохицуулалтын хүрээнд явагддаг бөгөөд хариуцагч алт олборлох уурхай ажиллуулахаар талуудын хооронд хамтран ажиллах тухай хуульд нийцсэн хэлцэл хийгдсэн, уг хэлцлийн дагуу зохигчдын хэн аль нь үүрэг хүлээсэн талаар болон ямар үндэслэлээр мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан болохоо нотлох үүрэг нь мөнгө хүлээн авсан талд байдаг.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрч Г.Батгэрэл, Э.Баттулга нарын “Т.Б-тай хамт П.Ш-ийн гэрт очиж алт өгдөг байсан, хэдий хэмжээний алт өгч, хэдэн төгрөгийн тооцоотой байсан талаар сайн мэдэхгүй, П.Ш-э өөрийн хар дэвтэр дээр тооцоог тэмдэглэдэг байсан” гэх агуулгатай мэдүүлэгүүд нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх 14 850 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгсөн нь эргэлзээгүйгээр нотлогдсон гэж үзэхгүй. /хх59-60/ 

 

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид байгаа тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт /хх 40/ гаргасан байх боловч тухайн дэвтэр нэхэмжлэгчид байгаа эсэх нь тодорхойгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт зааснаар албадан гаргуулах боломжгүй юм.

 

Иймд дээрх хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосныг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдснаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 15 800 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Б-аас төлсөн 236 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                          Т.ТУЯА