Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/698

 

Н.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Баянжаргал,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч П.Ганбилэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.М-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2211 00101 0217 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ................. ажилтай, ам бүл 1, ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицерын үүрэг буюу “гэмт хэрэг захиргааны зөрчлийг хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх” гэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь заалтад заасан эрхээ тус тус хэрэгжүүлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, зөрчил үйлдсэн иргэн Р.М-д 100.000 төгрөгийн торгууль оногдуулах нэрийдлээр хуурч мэхлэн, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5750317961 тоот дансаар 100.000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127128 дугаартай шийтгэлийн хуудсаар Р.М-д Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулан, Р.М-г “100.000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90.000 төгрөгийг нь залилан авч, 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн А.Т-т Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5750317961 тоот дансаар 100.000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127125 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Т-т Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулан, А.Т-г “100.000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90.000 төгрөгийг нь залилан авч, 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн Б.О-д 100.000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5750317961 тоот дансаар 100.000 төгрөгийг нь авч, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1176181 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.О-д Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулан, Б.О-г “100.000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90.000 төгрөгийг нь залилан авч, 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн Л.Д-д 100.000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5750317961 тоот дансаар 100.000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127124 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.Д-д Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулан, Л.Д-г “100.000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90.000 төгрөгийг нь залилан авч, 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 360.000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах чухал ач холбогдол бүхий зүйлсийг нотолж тогтоож чадаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх Эрүүгийн хуулийн зарчим алдагдсан гэж үзэж байна. Шүүгдэгч Н.М-н хийсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх боломжгүй.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэх А.Т, Б.О, Р.М, Л.Д нарын мэдүүлгээс харвал тухайн үед Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил оногдуулах үйлдэл гаргасан ба үүнийгээ тус бүр хүлээн зөвшөөрч Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулахаа хүлээн зөвшөөрч, бэлэн мөнгө байхгүй учир зөрчил оногдуулагч Н.М-н дансанд торгуулийн 100.000 төгрөг шилжүүлснээ хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа илт яллах талыг барьж Н.М-г хохирогч гэх этгээдүүдийн хийгээгүй үйлдлийг зохиомлоор бий болгож, бодит байдлыг нуун дарагдуулах замаар залилсан гэж яллаж байгаа нь бодит байдлаас зөрүүтэй, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, шүүгдэгчийн үйлдлийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, обьектив тал нотлогдохгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.М нь хохирогч нарыг гаргасан үйлдлийнх нь төлөө 100.000 төгрөгөөр торгосон болох нь хохирогч нарын мэдүүлэг болон Зөрчлийн тухай хуулиар нотлогдож байна. Харин Н.М-н торгуулийн мөнгийг Төрийн санд тушаахдаа бичсэн шиг гудамж талбайд хог хаясан учраас 10.000 төгрөгөөр торгосон асуудал огт байхгүй ба энэ нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна. Энэхүү гэмт хэргийн хохирогч тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл, хохирогч гэх А.Т, Б.О, Р.М, Л.Д нар нь хохирлоо гэж өргөдөл гомдол гаргаагүй, мөрдөн байцаагч дуудаж ирүүлж, мэдүүлэг авсан. Хохирогч нар нь хохирсон гэж огт мэдүүлээгүй мөн хохирол нэхэмжлээгүй, үйлдсэн хэрэгтээ Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуульсан гэдгээ хүлээн зөвшөөрч огт маргаагүй байхад хохирогчтой мэт харагдуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч А.Т, Б.О, Р.М, Л.Д нар нь шүүгдэгч М-н үйлдлээс болж хохирсон гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Харин хохирогч байх ёстой гэж үзвэл иргэдийг торгоод торгуулийн мөнгийг Төрийн санд дутуу тушаасан гэж үзэж, хохирогч нь магадгүй төр байх боломжтой байтал энэ талаар огт ажиллагаа явуулаагүй.

Шүүгдэгч Н.М нь ажилдаа хайхрамжгүй хандаж, хохирогч гэх иргэдийг торгохдоо зөрчлийн хуудсыг дутуу бөглөж, түүнийгээ дараа нь буруу бөглөж мөнгийг дутуу тушаасан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага хүлээх үндэслэл гэж хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсвэл гэмт хэргийн шинжгүй байгааг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч П.Ганбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Н.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэх А.Т, Б.О, Р.М, Л.Д нарын мэдүүлгүүдээс харахад тухайн үед Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил оногдуулах үйлдэл гаргасан. Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулахаа хүлээн зөвшөөрч, бэлэн мөнгө байхгүйн улмаас Н.М-н дансанд шилжүүлсэн. Хохирогч гэх хүмүүсийн мэдүүлгээс үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, 100.000 төгрөгөөр торгох санкц бүхий зөрчил үйлдсэн болохоос прокурорын бичсэн шиг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хог хаясан гэх үйлдэл огт нотлогдохгүй байна. ... Хамгийн гол нь шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдэх ямар нэгэн санаа сэдэлт, зорилго байгаагүй. ... Хохирогч гэх хүмүүс нь шүүгдэгч Н.М-н үйлдлээс хохирсон гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.М нь ажилдаа хайхрамжгүй хандаж хохирогч гэх иргэдийг торгохдоо зөрчлийн хуудсаа дутуу бөглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүнийг Зөрчлийн тухай хууль эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх асуудал гэж үзэж байна. ... Бэлэн мөнгөтэй явдаг хүмүүс их цөөхөн болсон. Хүмүүс ихэвчлэн данс руу шилжүүлдэг. Төрийн сангийн данс гэж байдаггүй. Алба хаагч нар зөрчлийн хуудсыг өдөр өдрөөр нь бус, бүтэн сараар нь тооцон авч, мөнгийг бөөнөөр нь банкинд тушаагаад баримтыг эргүүлээд няравт өгдөг. Хувийн дансаар мөнгө авч болохгүй, бэлнээр авах ёстой гэсэн зохицуулалт байдаггүй. ... Н.М өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, торгох ёсгүй байтал торгосон бол өөрөөр яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолбол зохих асуудлууд тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

Прокурор Ж.Баянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.М нь давж заалдах гомдолдоо ажил үүргийн хувьд алдаа гаргасан гэж бичсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт ажлын нөхцөл байдлаас болж зөрчлийн шийтгэл оногдуулах хуудсаа дутуу бөглөсөн гэж ярьж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 2.5 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг нь материалд хавсаргах, 2 дахь хувийг холбогдогчид өгөх, үлдэх хувийг нь энэ журмын 2.4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд өгч тооцоо нийлэх гэсэн заалт байдаг. Хохирогчд нарын мэдүүлгээр тухайн үед шийтгэлийн хуудсанд 100.000 төгрөг гэж бичсэн байсан учраас уг мөнгийг шилжүүлсэн гэдэг. Шүүгдэгч Н.М нь шийтгэлийн хуудсын 2 хувь дээр нь буюу хэргийн материалд хавсаргах, тооцоо нийлэх хувь дээр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан мэтээр бичиж тооцоо нийлж, харин тухайн иргэнд очиж байгаа хувьд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн мэтээр бичсэн. Шийтгэлийн хуудсаа үнэн зөвөөр бичиж Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгож, 10.000 төгрөг гэж бичсэн бол ямар ч иргэн 90.000 төгрөг илүү өгөхгүй нь ойлгомжтой. Энэ байдлуудаас үзэхэд иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар бусдад 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв. 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

           Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицерын үүрэг буюу “гэмт хэрэг захиргааны зөрчлийг хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх” гэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь заалтад заасан эрхээ тус тус хэрэгжүүлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, зөрчил үйлдсэн иргэн Р.М-д 100.000 төгрөгийн торгууль оногдуулах нэрийдлээр хуурч мэхлэн, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5750317961 тоот дансаар 100.000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127128 дугаартай шийтгэлийн хуудсаар Р.М-д Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулан, Р.М-г “100.000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90.000 төгрөгийг нь залилан авч, 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн А.Т-т Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5750317961 тоот дансаар 100.000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127125 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Т-т Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулан, А.Т-г “100.000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90.000 төгрөгийг нь залилан авч, 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн Б.О-д 100.000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5750317961 тоот дансаар 100.000 төгрөгийг нь авч, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1176181 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.О-д Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулан, Б.О-г “100.000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90.000 төгрөгийг нь залилан авч, 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн Л.Д-д 100.000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5750317961 тоот дансаар 100.000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127124 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.Д-д Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулан, Л.Д-г “100.000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90.000 төгрөгийг нь залилан авч, 90.000 төгрөгийн буюу нийт 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.М-н “... Би нөгөө тээврийн хэрэгслийн жолоочтой учраа олоод тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг нь би барагдуулж өгсөн. Ингээд намайг торгосон цагдаагийн алба хаагч “таны буруу учраас Зөрчлийн тухай хуульд зааснаар 100.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бэлэн мөнгө байгаагүй учраас данс руу чинь шилжүүлж болох уу гэж хэлээд цагдаагийн алба хаагчийн дансанд нь 100.000 төгрөгийг шилжүүлэн өгч шийтгэлийн хуудсаа бичүүлж авсан. ...” /1 хх 53-54/,

хохирогч А.Т-н “... Манай байрны оршин суугч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цагдаагийн алба хаагч ирээд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр буюу 100.000 төгрөгөөр торгоно гэсэн. Би ч зөрчлөө хүлээн зөвшөөрч 100.000 төгрөгөөр торгуулахаар болж бэлэн мөнгө байгаагүй учраас дансаар шилжүүлж болох уу гэж цагдаагаас асуухад цагдаа энэ данс руу шилжүүл гэж хэлээд Хаан банкны данс өгсөн би тэр дансанд нь 100.000 төгрөг шилжүүлсэн. ... Цагдаагийн алба хаагч 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлээд надаас дансаар 100.000 төгрөг авсан учраас намайг энэ мөнгөөр л торгосон гэж ойлгож байна. 10.000 төгрөгөөр торгох тухай юу ч яриагүй... гэх /1 хх 130-131/,

хохирогч Б.О-н “... Би Н.М гэдэг хүн танихгүй, би зөрчил гаргаад бэлэн мөнгө байхгүй болохоор дансаар шилжүүлж өгсөн байх гэж бодож байна. Ямар зөрчил гаргаад цагдаад торгуулснаа санахгүй байна. Мэдээж 100.000 төгрөгөөр торгоно гэсэн учраас л уг мөнгийг шилжүүлсэн байна. ...” /1 хх 152/,

хохирогч Л.Д-н “... Би найз Шинэбаярынд пиво уугаад байж байтал доод айлын хүн ус алдаад байна гээд надтай маргалдаад гарсан. Удалгүй хоёр цагдаа ирээд доод айлаас чинь гомдол ирсэн гээд намайг аваад явсан. Би дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн машинд нь суугаад гуйгаад аль болохоор бага арга хэмжээ аваад өгөөч гэсэн. Тэгээд торгуулийн арга хэмжээ авахуулахаар болж нэг цагдаагийнх нь данс руу 100.000 төгрөг шилжүүлээд шийтгэлийн хуудас авч машинаас нь буусан. ...” /1 хх 185/,

гэрч Б.Л-н “... Алба хаагчид хүлээж авсан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулаад дууссан тохиолдолд торгуулийн мөнгийг өөрсдөө банкинд тушааж мөнгө тушаасан баримтыг, шийтгэлийн хуудасны эх хувийн зарцуулалтын хамт надад өгдөг. Би хүлээж авсан зарцуулалтын тайлан, шийтгэлийн хуудас, мөнгө тушаасан баримтаар нь тулгаж няравтай тооцоо хийдэг. ...” /1 хх 94/,

гэрч С.Ан-н “... Шийтгэлийн хуудас 3 хувь байдаг ба алба хаагч бичээд эхний өнгөн хувийг мөнгө тушаасан баримтын хамт ахлахад хураалгана, нэг хувийг нь зөрчил гаргасан иргэнд, үлдсэн хувь нь алба хаагчид өөрт нь үлддэг. ...” /1 хх 100/  гэх мэдүүлгүүд,

Гэмт хэрэг зөрчлийн хайлтын систем /АСАП сангийн лавлагаа/ “... Р овогтой М ... торгуулийн хэмжээ 10.000; ... 2021:11:25, зөрчлийн утга: Гудамж талбайд хог хаясан...” /1 хх 55/, “... А овогтой Т ... торгуулийн нийт хэмжээ 10.000; ... 2021:11:25, зөрчлийн утга: Гудамж талбайд хог хаясан...” /1 хх 136/, “...Б овогтой О ... торгуулийн нийт хэмжээ 10.000; ... 2021:11:22, зөрчлийн утга: Гудамж талбайд ил задгай хог хаясан...” /1 хх 156/, “...Л овогтой Д ... торгуулийн нийт хэмжээ 10.000; ... 2021:11:25, зөрчлийн утга: Гудамж талбайд ил задгай хог хаясан...” /1 хх 190/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай “... гудамж талбайд хог хаясан .. А.Т... Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгж торгох шийтгэл оногдуулж ...” гэсэн №1176181 дугаартай шийтгэлийн хуудас /1 хх 154/, “... гудамж талбайд хог хаясан .. Б.О ... Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгж торгох шийтгэл оногдуулсугай. ...” гэсэн №0127125 дугаартай шийтгэлийн хуудас /1 хх 133/, “... гудамж талбайд хог хаясан ... Л.Д ... Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгж торгох шийтгэл оногдуулсугай. ...” гэсэн №0127124 дугаартай шийтгэлийн хуудас /1 хх 187/, гудамж талбайд хог хаясан ... Р.М ... Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгж торгох шийтгэл оногдуулсугай. ...” гэсэн №0127128 дугаартай шийтгэлийн хуудас /1 хх 232/,

Илтгэх хуудас /1 хх 18-20/, Н.М-н “Хаан” банкны 5750317961 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 43-44/, эд зүйл /камерийн бичлэг/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 45/, Н.М-н “Хаан” банкны дансны хуулга /1 хх 46-49, 2 хх 54-75/, Н.М-н 2021 оны 11 сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд газар дээр нь торгож шийдвэрлэсэн зөрчлийн жагсаалт /1 хх 49/, хохирогч Б.О, А.Т, Л.Д нарын банкны дансны хуулга /1 х 134, 155, 188/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-г албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн, шүүгдэгч Н.М-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Н.М-с “... ажилдаа хайхрамжгүй хандаж, шийтгэлийн хуудсыг дутуу, буруу бөглөж, торгуулийн мөнгийг дутуу тушаасан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага хүлээх, зөрчлийн шинжтэй үйлдэл тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсвэл гэмт хэргийн шинжгүйг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинжид тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.М нь хохирогч Р.М, А.Т, Б.О, Л.Д нарыг өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, тэдний гаргасан Зөрчлийн тухай хуульд заасан танхайрах, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг хог хаях зөрчил үйлдэж 10.000 төгрөгөөр торгосон мэтээр шийтгэлийн хуудас бичиж улмаар өөрийн хувийн дансандаа 100.000 төгрөг тушаалгаж, үлдэх 90.000 төгрөгийг улсын төсөвт оруулахгүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Н.М нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж үйлдсэн байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн ямар үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. 

Иймд шүүгдэгч Н.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/355 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР