| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 183/2020/00278/и |
| Дугаар | 723 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 723
Т.Н-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00278 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Н-ийн хариуцагч Б.Б-эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12 229 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Т.Н-тэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 12 229 000 төгрөгийг хүүгүй зээлсэн боловч тохирсон хугацаандаа төлөөгүй. Энэхүү зээлийн гэрээг байгуулсан нь талуудын хооронд урьд нь өгч авсан мөнгөний үлдэгдэл бөгөөд тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр мөнгө өгөөгүй. Өмнөх үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн, улмаар уг тооцоонд үндэслэж гэрээ байгуулсан тул хариуцагч Б.Б-ээс 12 229 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Миний бие 12 229 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сард багтаан үлдэх төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан боловч өөрт байгаа баримтуудыг нягтлан үзэхэд Т.Н-д мөнгө өгөх биш харин авлагатай байна. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө шилжүүлэн аваагүй. Нэхэмжлэгч өөрийн “Хаан банк” ХХК дах 5037384817 тоот данснаас миний 5926014868 тоот данс руу 2016 оноос 2019 оны хооронд шилжүүлсэн мөнгө нь 61 490 000 төгрөг, харин буцаан төлсөн нь нийт 156 257 000 төгрөг болж байна. Би өмнө нь автомашин худалдан борлуулдаг байсан. Нэхэмжлэгчийн зээлсэн мөнгийг уг ажилдаа зарцуулж байсан учраас гомдоохгүй гээд боломжоороо буцааж төлдөг байсан. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түүний хүсэлтээр 12 229 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж ойлгоод дээрх гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгчид илүү мөнгө төлсөн байна. Гэрээний дагуу бодитоор мөнгөн хөрөнгө шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 12 229 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 210 614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.2-т зааснаар мөнгөн хөрөнгө бодитойгоор шилжүүлэн аваагүй. Тооцоо нийлсэн баримтад тусгаснаар зээлийн гэрээний 2.1-т заасан хүүгүйгээр бэлнээр зээлдүүлсэн гэсэн тохиролцоо нь бодит бус болох нь нотлогддог. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгө нэхэмжлэгчээс бодитоор хүлээн аваагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.
Нөгөөтэйгүүр, хүүтэй зээлсэн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 4 700 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 8 400 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хүүгийн хамт нэхэмжлэх гэж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаж шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болох 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг нь өмнөх 2019 оны 6 дугаар сарын 6, 14-ний өдөр зээлсэн мөнгийг шаардсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлээ өөрчлөөгүй ба өмнөх харилцааг нэхэмжилж байгаа гэдгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбараар илэрхийлдэг.
Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дах хэсэгт зааснаар өмнөх хүүтэй зээлж байсан зээлийн харилцаа дуусгавар болсон, зээлийн үлдэгдэл төлбөр дээр 12 229 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа шинээр байгуулагдсан гэж нэхэмжлэгчийн шаардаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Т.Н- нь хариуцагч Б.Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 229 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой хугацаанд төлж барагдуулах байр суурь илэрхийлсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тайлбараа өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 11, 16/
Талууд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 12 229 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүй зээлэх гэрээ байгуулсан байх боловч уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна. /хх3/
Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй үндэслэлээ, талуудын хооронд өмнө үүссэн зээлийн өрийн үлдэгдэл болон хүүг тооцож нийт 12 229 000 төгрөгийн үүрэг бий болсон, үүний дагуу зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаж, хариуцагч татгалзлын үндэслэлээ тооцоог бодитоор буюу баримтаар тулгаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр үйлдсэн, өөрийн төлсөн төлбөрийг тооцон үзвэл илүү мөнгө төлсөн нь банкны дансны хуулгаар нотлогдож байна гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дах хариуцагч Б.Б-ийн эзэмшлийн 5926014868 тоот дансны хуулга /хх29-130/ зэргийг харьцуулан үнэлвэл, талууд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд харилцан мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байх атал “Батбаярын Батсүхийн тооцоо 2019 он” гэх баримтад /хх20/ тусгагдсан өрийн тооцоололд тухайн дансны гүйлгээгээр шилжүүлсэн дүнг хамааруулсан эсэх нь ойлгомжгүй байна. Энэ талаар шүүх талуудаас тодруулах буюу тухайн баримтуудын хувьд тэднийг мэтгэлцүүлэх ажиллагаа хийгдээгүй байхад маргааны үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй юм.
Тодруулбал, дээрх тооцооны баримт үйлдэгдэхээс өмнө талуудын хооронд ямар төрлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар зээлийн харилцаа үүссэн гэж үзвэл хэдий хэмжээний зээлийн төлбөрт хүү, алданги тооцогдох эсэх, мөн 12 229 000 төгрөгийн үнийн дүнг хэдий хугацааны төлбөрийг тооцож гаргасан нь тодорхой бус байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхой бус үйл баримтыг тодруулах, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00278 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б-ээс төлсөн 210 614төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ТУЯА