| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1907005070052 |
| Дугаар | 2022/ДШМ/699 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/699
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аянагүл,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/246 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Г.Баясгалангийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Б.Д-д холбогдох эрүүгийн 1907 00507 0052 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-н Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин ажилтай, ам бүл 1, ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............./,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч Б.Д нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, .......... хаягт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч Г.Э-н хууль ёсны өмчлөлийн гар цүнхтэй 674.300 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, улмаар гар цүнхэнд байсан Г.Э-н өмчлөлийн “Хаан” банкны картнаас 1.250.000 төгрөгийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, нийт 1.924.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д нь Г.Э-тэй Хэнтий аймгаас ирэх замдаа машин нь эвдэрч, найз Н-с гуйж машинаа .............. тоот хашаанд тавьж, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч Г.Э “такси олоод ир” гэсний дагуу гарахдаа гар цүнхийг нь авч түүний “Хаан” банкны картнаас 1.250.000 төгрөгийг авсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүгдэгч Б.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.Э бид хоёр хамт явж байгаад муудалцсан. Тухайн үед би цүнхийг нь өвөртөлж явсан. Надад өөрийнх нь юмыг нууцаар хулгайлсан зүйл байхгүй. Муудалцаад бид хоёр хоёр тийшээ явсан. Цүнхэнд нь банкны карт байсан. Би цүнхийг нь буцаагаад машинд хийж явуулсан. Цүнхэнд зарим зүйл байхгүй байсан гэж яриад байгаа... Би олсон мөнгөө авдаггүй, Г.Э-т өгдөг байсан... . Би мөнгө олохоороо Г.Э-н данс руу хийдэг байсан.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байна. ...Б.Д, Г.Э нар гэмт хэрэг гарахаас өмнө 3 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Хоёулаа олсон орлогоо тухайн картад хийдэг байсан. Энэ картыг хэн аль нь захиран зарцуулах эрхтэй байсан. Гэтэл Б.Д-г эрхээ хэрэгжүүлсний төлөө бусдын эд хөрөнгийг нууц, далд, шунахайн зорилгоор хулгайлсан гэх хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Тухайн үед Б.Д-д карт эзэмших, ашиглах эрх шилжсэн байсан байна. Иймд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г.Э-н картаас 1.250.000 төгрөг авсан үйлдэл гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйгээр зохицуулагдах байхад Б.Д-г прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна. Хэрэв шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл цүнхийг авсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудад үндэслэж шүүгдэгчид ашигтайгаар, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг гаргаж өгөөч...” гэх,
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Д-н өгсөн: “... миний уур хүрээд Г.Э-н цүнхийг нь өөрт нь мэдэгдэхгүйгээр тэр чигтээ Улаанбаатар хот руу явчихсан юм. Налайхаас гарахаасаа өмнө Налайх дүүргийн 2 дугаар хороо “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас нийт 1.250.000 төгрөгийг данснаас нь зөвшөөрөлгүй аваад явсан... цүнхэн дотроос нь түүний монетон ээмэг, бөгжийг аваад зарсан, бусдыг нь цүнхтэй нь хамт Хэнтий аймаг руу Г.Э-н утасны дугаарыг тавиад унаанд өгөөд явуулсан юм. ...” гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.Э-н өгсөн: “... Тэгсэн чинь Налайх дүүрэгт ирээд машин эвдэрчихээр нь би дүүгийнхээ найз болох Н руу залгаад Тайжид байх хашаанд нь аваачиж тавьсан. Тэгээд гэрт нь сууж байгаад Д-г “чи гараад такси аваад ирээч хоёулаа хүн олж машинаа янзалъя, бас хот руу яаралтай явахгүй бол болохгүй” гэж хэлээд гаргаад явуулсан. Хүлээгээд сууж байтал миний утсанд мессеж ирэхээр нь гайхаад харсан чинь данснаас 800.000 төгрөг гарсан байсан. Тэгээд дахиад удалгүй мессеж ирээд харахад 450.000 төгрөг гарахаар нь би явж байгаад “Хаан” банкныхаа картыг хаалгасан юм... Цуг нэг гэрт амьдраад 3 жил болж байна... Тэр цүнхэнд нь миний жолоочийн үнэмлэх, хоёр монетон ээмэг, машины түлхүүр, “Хаан” банкны карт зэрэг байгаа. Цуг амьдраад хэдэн жил болсон болохоор миний картыг аваад хааяа хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх 34-35, 38/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Н-н өгсөн “... гэртээ ортол Э эгч ганцаараа сууж байсан бөгөөд данснаас мөнгө гараад байна гэхээр нь бид хоёр гарч такси аваад картыг нь хаалгаад дараа нь цагдаагийн газар очиж өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх 39/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.На-н өгсөн “...Д надад хэлэхдээ 2, 3 жил Г.Э-н муу муухай юмыг нь хийж өгсөн хүн. Би тэр хүний ээмэг, “Хаан” банкны карт зэргийг нь авсан. Эргээд очихоор ах, дүү нар нь загнаад хөөгөөд байх юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 42/,
5. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 49-50/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн шүүх хуралд хохирогч Г.Э-г оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагатай гэж үзэн түүнд шүүх хурлын товыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 22, 26-ны өдөр, 5 дугаар сарын 5-ны өдөр удаа дараа мэдэгдсэн. Мөн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогчийг оролцуулж хэрэг хэлэлцэх талаар гаргасан хүсэлтийг нь хүлээн авч, шүүх хурлыг 1 удаа хойшлуулсан боловч хохирогч “Хэнтий аймгийн Цэнхэр суманд мал маллаж амьдардаг. Налайх дүүрэгт шүүх хуралд биечлэн очиж оролцох боломжгүй. Сүлжээ муу барьдаг, зүүм аппликейшн ашиглаж мэдэхгүй. Очихгүй” гэх тайлбарыг тавьж шүүхийн хэлэлцүүлэгт шүүхийн тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж зааснаар гэм буруугийн хурал явуулсан.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр Б.Д-н өгсөн: “...Би олсон мөнгөө авдаггүй, Г.Э-т өгдөг байсан... Би мөнгө олохоороо Г.Э-н данс руу хийдэг байсан...” гэх, яллагдагчаар өгсөн: “... цүнхэн дотроос нь түүний монетон ээмэг, бөгжийг аваад зарчихсан бусдыг бүгдийг цүнхтэй нь хамт Хэнтий аймаг руу Г.Э-н утасны дугаарыг тавьж үлдээгээд унаанд өгөөд явуулчихсан” гэх,
хохирогчоор Г.Э-н өгсөн: “...Цуг нэг гэрт амьдраад 3 жил болж байна... “Д-г чи гараад такси аваад ирээч, хоёулаа хүн олж машинаа янзалъя, бас хот руу яаралтай явахгүй бол болохгүй” гэж хэлээд гаргаад явуулсан... Тэр цүнхэнд нь миний жолоочийн үнэмлэх, хоёр монетон ээмэг, машины түлхүүр, банкны карт зэрэг байгаа. Цуг амьдраад хэдэн жил болсон болохоор миний картыг аваад хааяа хэрэглэдэг байсан...” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгийг зарцуулах эрх хэн алинд нь байгаа. Б.Д хамтран амьдрахдаа Г.Э-н өмчлөлийн мал маллаж, өөрөө ажил хийж орлого олдог байсан. Тухайн үед Б.Д-д карт эзэмших, ашиглах эрх шилжсэн байсан байна...” гэх мэдүүлгүүд,
шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 49-50/ зэргээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас бусад гэмт хэргийг хэн хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, 1.5-д Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоогоогүй тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3-т “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж заажээ.
Гэвч хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн /хх 48/ тогтоолд хөрөнгийн үнэлгээний зүйл буюу объектын шинж чанарыг бичиж дүгнэлт гаргуулсан байна. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт “ хоёр монетон ээмэг” гэж өгсөн байхад түүнийг хэзээ, хаанаас, хэдэн грамм монетон ээмэг худалдан авч байсан зэргийг шалгаж тогтоогоогүй атлаа хаанаас ямар нотлох баримтыг үндэслэн шинжээч томилох тогтоолд “...ээмэг /монет/, 2 хос 4 ширхэг, хуучин хэрэглэж байсан, 500.000 төгрөг, 2015 онд зах дээрээс худалдан авч байсан” гэж дурдан, үнэлгээ гаргуулж харьяалал тогтоож шилжүүлсэн нь эргэлзээтэй байх ба хохирогчид ямар эд зүйлийг буцааж өгсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох,
мөн шүүгдэгч болон хохирогч нар 3 жил хамтран амьдарсан, тус картыг дундаа хэрэглэдэг зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байна. Үүнээс үзэхэд тус дансанд шүүгдэгчийн цалин хөлс болон бусад орлого орж байсан эсэхийг шалгаж тогтоох ба нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 7.2 дугаар зүйлийн 1-т “Прокурор нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд дотоод итгэл нь хийсвэр байх ёсгүй, тухайн хэрэгт тогтоогдсон бүх байдлыг хянаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрын удирдлага болгосон итгэл үнэмшил байна.” гэж тус тус заасан.
Гэтэл хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоолоор Б.Д-д холбогдох хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 18 удаа сунгаж, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 3 жил 7 сар 6 хоног шалгаж, яллах дүгнэлт үйлдэн оруулж ирсэн нь улсын яллагч хянах үүргээ биелүүлээгүйгээс мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчсөн, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах болсон шалтгаан, нөхцөл болон тус хугацаанд хийгдсэн ажиллагаа тодорхойгүй, хэн гэдэг прокурор хяналт тавьж хугацаа сунгаж байсан зэрэг нь байхгүй ба дээрх зөрчлүүдийг цаашид гаргахгүй байхад анхаарах.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заажээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу Б.Д-д холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь гэмт хэрэг гарсан бүхий л нөхцөл байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоосон буюу “хохирогч Г.Э-н хууль ёсны өмчлөлийн эд зүйлсийг Б.Д нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” болох нь хохирогч Г.Э-н мэдүүлэг /хх 34-35, 38/, Дамно ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-19-150 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо /хх 49-50/ зэргээр нотлогджээ.
Мөн шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүдтэй хэргийн оролцогч нар танилцаж санал, хүсэлт гаргалгүй хүлээн зөвшөөрсөн зэргээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ эргэлзээгүй тогтоогдсон байна.
Үүнээс гадна Б.Д болон Г.Э нарын дунд ашиглагддаг байсан гэх “Хаан” банкны виза картыг тухайн цаг хугацаанд хэн аль нь өөрийн эзэмшилдээ ашиглах боломжтой байсан байж болох ч картан дахь эд хөрөнгө буюу түүнтэй адилтгах 1.250.000 төгрөг нь хохирогч Г.Э-н хууль ёсны өмчлөлийнх гэж үзнэ.
Учир нь, хохирогч Г.Э-н “...Виза картаас алдсан мөнгө нь миний мөнгө байсан. Би малчны зээл төлөх зорилгоор өөрийн 2 малыг гаргаад, махыг нь зарсан юм. Олсон мөнгөөрөө зээлийн төлөлтөө хийх байсан, Д анх манай нутагт ирэхдээ манай хажуу талын айлын туслах малчин болж ирсэн. Бид хоёр нэг гэрт орох үед юу ч үгүй, куртик ч үгүй байх үед нь би гутал хувцас зэргийг нь авч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг,
“Хаан” банкны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 29/1204 дугаар албан бичиг, депозит дансны хуулга зэргээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-т учруулсан хохирлын хэсэг болох 1.250.000 төгрөг нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлд заасан хамтран амьдрагчдын /гэр бүлийн гишүүний/ хуваарьт хөрөнгөд хамаарна. Улмаар тухайн эд зүйлийг Б.Д нь хамтран амьдрагч Г.Э-н хууль ёсны өмчлөлийнх, өөрийн дураар захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг нууцаар авч өөрийн хууль бус эзэмшилдээ шилжүүлсэн болох нь тогтоогдсон, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна.
Иймд шүүгчийн 2022/ШЗ/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Г.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 246 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж тогтоожээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүх хуралдаанаар Б.Д-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Баясгалангийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/246 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Баясгаланийн бичсэн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг прокурорт очтол Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР