Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/700

 

О.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Уянга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч О.Б,  

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлоор О.Б-д холбогдох 2211 00000 0262 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн О-н Б, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр ............аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, охин, дүү нарын хамт ......................... тоотод оршин суудаг,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ............./;

Шүүгдэгч О.Б нь “О И” ББСБ-ын кассын нярваар ажиллаж байхдаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд нийт 10 хоногийн хугацаанд 394.995 төгрөг 10 мөнгө дутагдуулж, уг мөнгийг хувьдаа завшин хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн биелүүлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Шийтгэх тогтоолд дурдсанаар О.Б нь урьд 3 удаагийн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 удаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 удаа тус тус ял шийтгүүлж байсан байна. “О И” ББСБ-д хохирол учруулсан уг гэмт хэрэг нь түүний 4 дэх удаагийн үйлдэл байна. Гэтэл шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг санаатайгаар 4 дэх удаагаа үйлдсэн байхад шүүхээс эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. О.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/772 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялтай байсан боловч ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь гэмт үйлдлээ ухамсарлан, нийгэмшиж байгаа гэж үзэх боломжгүй байна. Иймд О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэж өгнө үү. Хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй ...” гэв.

Шүүгдэгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Надад шүүхээс 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. ...” гэв.

Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар буюу учруулсан хохирлын хэмжээнээс үзвэл түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь тохирсон гэж үзэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял бол хүнд ял, түүнийг гурван дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар ялын бүсчлэлийг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай. ...” гэв. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Б нь “О И” ББСБ-ын кассын нярваар ажиллаж байхдаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд нийт 10 хоногийн хугацаанд 394.995 төгрөг 10 мөнгө дутагдуулж, уг мөнгийг хувьдаа завшин хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н “... 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.Б-г захирлын тушаалаар кассын няравын албан тушаалд томилсон. Кассын няравын үүрэгт хамаарах бараа бүтээгдэхүүний жагсаалт нь үлдэгдэл болон бэлэн мөнгийг сейфний түлхүүрийн хамт хүлээлгэж өгсөн. ... 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гэнэтийн тооллого хийхэд хариуцуулан хүлээлгэж өгсөн бэлэн мөнгө нийт 2.020.695 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой байтал 1.625.700 төгрөг байсан. ... Зөрүү мөнгө нь 394.995 төгрөг 10 мөнгө байсан. Үүнийг яасан талаар асуухад хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн цалингаасаа төлнө хэмээн тайлбарласан. ...” /хх 7-8/,

гэрч Э.А-н “... Намайг мөнгөө асуух болгонд “за за, дараа нь больё” гэж хэлээд хойш нь тавиад надад яриулах боломж өгөхгүй байсан. Өчигдөр 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр намайг мөнгөө асуух үед “би утсаа зарчихаад таны мөнгийг өгье” гэж хэлэхээр нь тухайн үедээ өгчих байлгүй гээд орхисон. ...” /хх 14/,

гэрч Д.Б-н “... Манай байгууллагын дугаар луу О.Б гэдэг хүнийг асууж 2 удаа залгасан. ... Дахиад залгахаар нь Б-т чиний дугаар байна шүү дээ гэж хэлэхэд надад “чи утсаа аваад намайг байхгүй, ажлаасаа гарсан гээд хэлчих” гэхээр нь би дуудлагыг нь авалгүй орхисон. ...” /хх 15/ гэсэн мэдүүлгүүд,

мөнгө хүлээн авсан тухай баримт /хх 23/, кассын орлогын ордер /хх 25/, О.Б-г “О и” ББСБ-д кассын няраваар ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /хх 29/, “Ориент инвест” ББСБ-ын касс тоолж шалгасан акт “... зөрүү 394.995 төгрөг ...” /хх 31/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-с “... шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн ...нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрхтэй боловч ялыг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй юм.

Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байна.  

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлгүй.   

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР