Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 724

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Н-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02421 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Н-ийн хариуцагч “Н Х” ХХК-д холбогдуулан гэрээг цуцалснаас учирсан хохиролд нийт 7 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Н Х” ХХК-тай “Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулж,  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж 18-2 тоот, “Меру тауэр”-ийн 5 давхрын 188.4 м.кв талбайтай, оффисын зориулалттай байрыг 2020 оны 5 дугаар сарын 20 хүртэл, 1 жилийн хугацаатай, 7 700 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Уг байр нь засвар, тохижилтгүй тул иргэн Н.Төгсбаяраар интерьерийн зураг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаанд 2 800 000 төгрөг төлсөн. Тухайн зураг төслийн дагуу 25 425 872 төгрөгөөр оффисын засварын ажил гүйцэтгүүлэхээр иргэн Т.Энхбаатартай 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаанд 12 000 000 төгрөг төлж, засвар хийх материал татагдаж ажил эхэлсэн байсан.

Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Меру тауэр” барилгын эзэн гэх эмэгтэй ирж засвар хийж байсан хүмүүсийг хөөж, жижүүр, хамгаалалтын албаны ажилчиддаа “засварын бараа, материалыг бүгдийг гарга” гэсэн үүрэг өгсөн талаар засвар хийж буй ажилчдын ахлагч утасдаж хэлсэн. “Н Х” ХХК-д өөрийн биеэр очиж энэ талаар тодруулахад компанийн ажилтан С.Бат-Эрдэнэ захирал болон тухайн барилгын эзэнтэй утсаар холбогдоод “оффис түрээслүүлэхээргүй боллоо” гэсэн. Бид “барилгын материал татан авч засварын ажил эхэлсэн тул гэрээг цуцлах боломжгүй хохирол их гарна” гэхэд гэрээг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй гэсэн. Гэрээ цуцалсантай холбоотой маш их хохирол гарч байгааг компанийн ажилтнаар дамжуулж удирдлагуудад нь хэлсэн боловч оффисыг суллаж өгөхийг шаардсан.

Гэрээг цуцалснаас Н.Төгсбаяртай байгуулсан интерьерийн ажлын гэрээний 4 700 000 төгрөгийн төлбөр, Т.Энхбаатартай 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 12 000 000 төгрөгийг өгч 5 000 000 төгрөгийг бэлнээр буцаан авсан, 4 000 000 төгрөгийн барилгын бараа материалыг зарсан хойно нь мөнгөө авахаар тохирч 3 000 000 төгрөгийг бараа материалын хохиролд тооцон суутгасан. Иймд “Н Х” ХХК-аас нийт 7 700 000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Х.Н- нь Н.Төгсбаяртай интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан. Гэтэл манай компанитай “Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ба гэрээ байгуулахаас өмнө гуравдагч этгээдтэй гэрээ хийсэн тул манай компанид огт хамааралгүй. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т зааснаар “Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний 3.3-т түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн засварын зардлыг хариуцах үндэслэлгүй. Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Н Х” ХХК-иас 5 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх, тэмдэгтийн хураамжид хариуцагч “Н Х” ХХК-аас 107 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Н-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Барилга нь хөрөнгө оруулалтын болон худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бүхэлдээ бус тодорхой давхар, тодорхой хэсэг талбайгаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд байх боломжтой нь олон нийтэд илэрхий үйл баримт билээ.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан зохицуулалтыг шууд утгаар ойлгох буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу түрээслэгчийн гуравдагч этгээдэд давхар түрээслүүлэх, түрээслүүлсэн хөрөнгийг бусдад худалдах зэргийг зохицуулж, түрээслүүлэгчийн эрх ашигтай холбоотой гарч болох эрсдэлийг хамгаалж хуульчилж өгсөн заалт гэж ойлгож байна. Х.Н- нь Н.Төгсбаяртай “Интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ”-г 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, манай компанитай “Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр тохиролцсон. Энэ нь баримтаар нотлогдож байхад шүүх гэрээний бэлтгэл үе шат гэж буруу дүгнэж, нотлох баримтыг эсрэгээр нь үнэлсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дах хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж маш тодорхой заасан. Х.Н- нь “Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний гол зүйл болох 1.5-д зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн төлбөрт төлөх нийт 30 800 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүйг шүүх харгалзаж үзээгүй.

Н.Төгсбаярт 800 000 төгрөг шилжүүлсэн баримтын огноо 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр буюу түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа үйлдэгдсэн, гүйлгээний утга “баярлалаа нараа” гэсэн нь интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ гэх зүйлийн төлбөр гэх боломжгүй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан. Т.Энхбаатартай 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэх “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хувьд манайх хариуцлага хүлээх үндэслэлгүй, гэрээний 6.1-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.1 хувиар тооцно гэсэн байхад шүүх тэдгээрийн хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Итгэлцлийн гэрээ” гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж манайд хамааралгүй хохиролыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга бус тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Н- нь хариуцагч “Н Х” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохиролд нийт 7 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Оффис түрээслүүлэх, түрээслэх гэрээ”-г нэг талаас түрээслүүлэгч “Н Х” ХХК, нөгөө талаас түрээслэгч Х.Н- нар байгуулж, түрээслүүлэгчийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 18-2 тоот хаягт байрлах, “Меру тауэр” барилгын 5 давхрын 188.4 м.кв талбайг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, оффисын зориулалтаар, 1 м.кв талбайг 40 000 төгрөгөөр тооцож, 1 сарын 7 700 000 төгрөгөөр түрээслэх нөхцөл харилцан тохиролцсон байна. /хх 5-7/

 

Талуудын тохиролцооноос үзвэл, түрээслүүлэгч “Н Х” ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч Х.Н- гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээхээр тус тус хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийг бичгээр хийсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...түрээсийн гэрээг цуцалсантай холбоотойгоор өөрт учирсан хохиролоо гаргуулна” гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...талууд түрээсийн гэрээ байгуулахаас өмнө түрээслэгч гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл хийсэн нь манайд хамааралгүй, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй хийсэн засварын ажлаас гарсан зардлыг хариуцахгүй, түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

Талуудын тайлбараас үзвэл, тэдгээрийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжээгүй буюу түрээслүүлэгч нь түрээслэгч талын эзэмшил, ашиглалтад гэрээний зүйлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар уг гэрээг түрээслүүлэгч санаачилж цуцалсан болох нь тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Н Х” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаанаас өмнө гэрээг цуцалсан үйл баримтын талаар зөв дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарласан, талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний бэлтгэл үе шат гэж дүгнэсэн нь буруу, Х.Н- Н.Төгсбаяртай байгуулсан “Интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ” нь түрээсийн гэрээг байгуулахаас өмнөх цаг хугацаанд байгуулагдсан бөгөөд гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг хариуцахгүй гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан боловч талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл нь барилга бүхэлдээ бус харин 5 давхарын тодорхой хэмжээний талбай байх тул гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.Н- нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн талбайд өөрийн үйл ажиллагаа явуулах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тохижилтын ажил хийлгэхээр 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Н.Төгсбаяртай “Интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ”, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Т.Энхбаатартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулж, ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 2 800 000 төгрөгийг Н.Төгсбаярт /хх13-20/, 12 000 000 төгрөгийг Т.Энхбаатарт төлсөн нь хэрэгт авагдсан гэрээ болон “Хаан банк” ХХК-ийн шилжүүлгийн мэдээллийн баримтаар нотлогдож байна. /хх 8-12, 21-25/

 

Нэхэмжлэгч нь бусад этгээдтэй ажил гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээ тус бүрээс ажлын үр дүн гарсан, тодорхой хэмжээний зардал суутгагдсан үйл баримт  тогтоогдсон тул шүүх тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн нийт 5 800 000  төгрөгийг хариуцагчаас гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь “Н Х” ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө Н.Төгсбаяртай “Интерьерийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ” байгуулсныг шүүх Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүссэн үүрэг гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээний үр дүн нь түрээсийн гэрээний зүйл болох “Меру тауэр”-ийн 5 давхарт байрлах 188 м.кв оффисын “интерьерийн 3Д зураг” байхаар тодорхойлогдсон /хх13-20/, гэрээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч талд 2 удаагийн төлөлтөөр төлсөн нь түрээсийн гэрээтэй хамааралгүй гэж үзэхгүй тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин, шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон үүрэг үүсгэх заалт байгаа нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Иймд дээрх заалтыг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02421 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н Х” ХХК-аас 5 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н Х” ХХК-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          Т.ТУЯА