Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 725

 

 

 

 

 

 

 

 

 

“ХУДНДХ” -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00258 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХУДНДХ” -ийн хариуцагч “А Ш”  ХХК-д холбогдуулан гаргасан  нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алдангид нийт 2 077 282.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: “А Ш”  ХХК нь 2015 оны 01 дүгээр сараас мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 1 384 855.09 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 692 427 төгрөг, нийт 2 077 282.09 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3.1-т заасныг тус тус үндэслэн 2 077 282.09 төгрөгийг “А Ш”  ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэлээс үндсэн өр 1 384 855 төгрөгийн хувьд хүлээн зөвшөөрнө. Компанийн санхүүгийн байдал хүнд байгаа талаар нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдсэн. Иргэний хуульд заасанчлан хариуцагчийн санхүүгийн байдлыг харгалзан үзэж алдангийг хөнгөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А Ш”  ХХК-аас Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2 077 282.09 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “А Ш”  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 48 187 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Хариуцагч компанийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан алдангиас чөлөөлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй талд ногдох анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгах эрх хэмжээ шүүхэд байсан. Гэтэл 692 247 төгрөгийн алданги төлөх шийдвэр гаргаж, салбарын хуулиар тухайлан зохицуулсан харилцаа хэмээн үзсэнд гомдолтой. Түүнчлэн, сүүлийн үед олон улсад тархаад буй шинэ вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн улмаас компанийн бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон тул шийдвэрт 692 427 төгрөгийн алдангиас чөлөөлсөн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “А Ш”  ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын хугацаандаа төлөөгүй шимтгэл 1 384 855.09 төгрөг, түүнд тооцогдох алданги 692 427 төгрөг, нийт 2 077 282.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. /хх 1-2, 22/

 

Хэрэгт Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын “Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9), Хан-Уул дүүргийн  Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Шимтгэлийн өр барагдуулах, хохирол хариуцах тухай” албан шаардлага, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай” мэдэгдэл, “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл”, “Тооцооны үлдэгдлийн баталгаа” /хх 8-12/ зохигчдын тайлбар зэргээс үзвэл, хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

Энэ нь хариуцагч “А Ш”  ХХК-ийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 1 384 855.09 төгрөгийн тооцоололд хариуцагч маргаагүй, шүүх энэхүү үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн тохиолдолд алданги тооцогдох тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн гэх боловч энэ нь алдангиас чөлөөлөх, түүний хэмжээг багасгах үндэслэл болохгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “А Ш”  ХХК-аас төлсөн 21 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          Т.ТУЯА