Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/722

 

                                                               С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Д.Батхуяг,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1106 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Г.Н-н өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Б.Оюунбилэг болон шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар С.Б-д холбогдох 2002 00519 0716 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн С-н Б, ............... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Шүүгдэгч С.Б нь “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Би бусдад төлбөртэйн улмаас толгой компани болох “.............” ХХК дээр шүүхэд нэхэмжлэл ирээд байна. Та бүхэн “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцаагаа надад шилжүүлээд, охин компани болох “Г Т” ХХК-ийн 75 хувийг шууд эзэмшчихээч” гэж хуурч, “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцааг С.Б-д шилжүүлэх, “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг байгуулан нотариатаар батлуулж, улсын бүртгэлд “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцааг С.Б-д шилжүүлэх гэрээг өгч бүртгүүлэн, “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр “.............” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсны дараа “Г Т” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч залилж, “Ч И Н Р И” ХХК-д 34.659.003.504 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянахад шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт одоо цугларсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Нэгдүгээрт: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокуророос үндэслэлтэй, зөв тогтоогоогүй, нотлоогүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь, “Ч И Н Р И” ХХК нь С.Б-тэй түүний болон бусад этгээдийн хувь оролцоотой “Г т” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших 342.91 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Сүжигтэйн алтны уурхайн төсөл дээр “Ч И Н Р И” ХХК хувьцааны 75 хувийг, С.Б хувьцааны 25 хувийг эзэмшихээр хамтран ажиллах гэрээг БНХАУ-ын Бээжин хотноо 2018.12.28-ны өдөр байгуулсан байх ба энэ гэрээ болон бусад тохиролцоогоор “.............” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах, өнгөрсөн хугацааны бүх асуудлыг бүрэн шийдэж дуусгах зорилготой гэж талууд томьёолсон /эхний хөрөнгө оруулалт 2.680.000 ам.доллар, дараагийн 362.410 ам.долларын хөрөнгө оруулалтын зардал, 47.819 ам.долларын урсгал зардал/ хөрөнгө оруулалтаар “Ч И Н Р И” ХХК-иас нийт 3.090.229 ам.долларын хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт “.............” ХХК, “Г т” ХХК, С.Б-д хийгдсэн байна.

Үүнийг тухайн үеийн ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш /1 ам доллар- 2849.69 төгрөг/-аар тооцвол 8.806.195.000 /найман тэрбум найман зуун зургаан сая нэг зуун ерэн тав/ төгрөг болж байна.

Гэтэл хохирогч тал болон прокуророос ямар үндэслэлээр С.Б-г 34.659.003.504 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа нь эргэлзээтэй байна. 7 дугаар хавтаст хэргийн 202-238 дугаар хуудсанд авагдсан “Хос итгэл төгс” ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлангаар “Г т” ХХК-ийн үнэлгээг тус компанийн Төв аймгийн Борнуур сум дахь хайгуулын ажил эцэслэж хийгдээгүй, олборлолт, ашиглалт огт хийгдэж эхлээгүй Сүжигтэйн алтны шороон ордыг үнэлгээний хамгийн өндөр өртөгтэй аргаар буюу орлогын хандлагын аргаар үнэлж гэмт хэргийн хохирлыг байж болох хамгийн өндөр дүнгээр нэхэмжилж байгаа нь хэт нэг талыг барьсан байхаас гадна үндэслэлгүй байна. “Г т” ХХК буюу Сүжигтэйн алтны ордыг 34.653.003.504 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс “Ч И Н Р И” ХХК-иас хөрөнгө оруулсан гэж үзэж болох 8.806.195.000 төгрөгийг хасвал даруй 25.852.808.504 төгрөгийн онц их зөрүү гарахаар байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” заасан. Гэтэл шууд учирсан хохирлоор бус ирээдүйд олж болох орлого гэж тооцсон хийсвэрээр төсөөлж баримжаалсан үнэлгээгээр хохирлыг тооцож оруулж ирсэн нь бодит байдалтай нийцэхгүй болжээ.

Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсэж буй алдагдал, гарз, хөнөөл, сүйтгэл гэж ойлгож болох бөгөөд нөхөн төлөгдөх шинжтэй эрүүгийн эрх зүйн ойлголт юм. Чухамдаа гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол, хор уршиг учруулсан этгээд хохирол төлбөрөө өөрөө хариуцан төлж барагдуулах нь хууль болон шударга ёсонд бүрэн нийцэх боловч бусдад төлөх ёстой, хариуцах үүрэгтэй хохирол төлбөр нь бодитой, зөв тогтоогдсон байхыг хууль шаарддаг билээ. Эндээс үзэхэд шүүгдэгч С.Б-н “Ч И Н Р И” ХХК-д шууд учруулсан хохирол 34.653.003.504 төгрөг гэж тооцох нь өрөөсгөл бөгөөд шүүгдэгч С.Б болон хохирогч талуудын хооронд анх яригдсан болон сүүлд үргэлжлэн явагдсан бизнесийн ажил хэрэг, хөрөнгө оруулалтын талаарх яриа, хэлцэл тохироо, байгуулсан гэрээ, оруулсан хөрөнгө оруулалт, мөнгөний зарцуулалт зэргийг цогцоор нь авч үзэж үнэлэлт дүгнэлт өгөх нь хэргийн шийдвэрлэлтэд чухал ач холбогдолтой байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Хоёрдугаарт: прокуророос шүүгдэгч С.Б-г “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020.01.15-ны өдөр “Би бусдад төлбөртэйн улмаас толгой компани болох “.............” ХХК дээр шүүхэд нэхэмжлэл ирээд байна. Та бүхэн “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцаагаа надад шилжүүлээд, охин компани болох “Г Т” ХХК-ийн 75 хувийг шууд эзэмшчихээч” гэж хуурч “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцааг С.Б-д шилжүүлэх, “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг байгуулан нотариатаар батлуулж, улсын бүртгэлд “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцааг С.Б-д шилжүүлэх гэрээг өгч бүртгүүлэн, “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр “.............” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсны дараа “Г Т” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч залилсан гэж буруутгаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Н өөрөө биечлэн “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад холбогдох бичиг баримт, материалыг өгч хандсан боловч “Ч И Н Р И” ХХК-ийн буюу хохирогч Г.Н-н бүрдүүлж өгсөн материалыг бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэл хийх холбогдох хууль журмыг зөрчсөн гэж үзэж бүртгэхээс татгалзаж материалыг буцааж шийдвэрлэсэн талаар мэдүүлж байна.

Тиймээс шүүгдэгч С.Б-н “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр залилсан гэх үйлдлийг нарийвчлан шалгаж “Г Т” ХХК-иас “Ч И Н Р И” ХХК руу хувьцаа шилжүүлсэн бүртгэлийг хийхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр гарахад шүүгдэгч С.Б-н зүгээс ямар санаа зорилготой байсан, ямар оролцоотой байсан, улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байхаар ямар үйлдэл, эс үйлдэл хийсэн талаар нягтлан шалгах нь зүйтэй болно. Ийнхүү шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нотолбол зохих дээрх байдлуудыг хангалттай хэмжээнд шалгаж нотлоогүй байх ба шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа үндэслэл нь зөвхөн нэг талыг буюу яллах талыг барьсан шинжтэй байна.

Иймд шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай байх тул шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн 2002005190716 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, мөн “Г Т” ХХК-ийн хувьцаа, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоосон прокурорын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1671 дугаартай зөвшөөрөл, Төв аймгийн Борнуур сум, Сүжигтэй гэх газарт байрлалтай 342.91 ректар бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-021628 дугаартай тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №260 дугаартай зөвшөөрлийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Н-н өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хавтаст хэргийн 7-ийн 157-163 дугаар хуудаст “Ч И Н Р И Лимитед” ХХК болон шүүгдэгч С.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Г Т” ХХК-ийн Сүжигтэй алтны уурхайн төсөл дээр хамтран ажиллах гэрээ авагдсан ба дараах нөхцөлүүдийг гэрээний талууд харилцан тохиролцсон. Үүнд:

Гэрээний Д заалт: “.............” ХХК болон С.Б нар нь дараах өр зээлтэй байгаа. Улаанбаатар банкны зээл шүүхийн шийдвэрийн дагуу ойролцоогоор 500.000 ам доллар, Монголиан ресурс корпорейшн компанид төлөх төлбөр 530.000 ам.доллар, 2015-2018 он хүртэлх шүүх өмгөөлөгчийн зардал зэрэг шаардлагатай байгаа.

Хамтын ажиллагааны нөхцөл хэсгийн 1, 2 дахь заалт, талуудын эрх ба үүрэг хэсгийн в заалт, 2 а, в, г, д заалтуудын дагуу “Ч И Н Р И Лимитед” ХХК нь С.Б-н 100 хувийн хувьцааг нь эзэмшиж буй “.............” ХХК-ийн /гэрээ байгуулах үед “Г Т” ХХК нь охин компани нь байсан/ нийт хувьцааны 75 хувийг 2.500.000 ам.доллароор худалдан авах, хувьцаа эзэмшлийн өөрчлөлтийг бүртгүүлэх үйл ажиллагааг Б тал буюу С.Б бүрэн хариуцах, эрх зүйн маргаан ирээдүйд үүссэн тохиолдолд Б тал хариуцахаар талууд харилцан тохиролцсон.

Гэвч шүүхээс гэрээ болон бусад тохиролцоогоор “.............” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах, өнгөсөн хугацааны бүх асуудлыг бүрэн шийдэж дуусгах зорилготой гэж талууд томъёолсон эхний хөрөнгө оруулалт 2.680.000 ам.доллар гэж үндэслэлгүй дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь, “Ч И Н Р И Лимитед” ХХК-ийн зүгээс “.............” ХХК-ийн нийт хувьцааны 75 хувийн хувьцааг худалдан авах болсон гол зорилго нь түүний охин компани болох “Г Т” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болох Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Сүжигтэй нэртэй алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл байсан бөгөөд үүнийхээ дагуу 2.500.000 ам.доллароор “.............” ХХК-ийн нийт хувьцааны 75 хувийг худалдан авсан болно.

Иймд “.............” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах, өнгөсөн хугацааны бүх асуудлыг бүрэн шийдэж дуусгах зорилготойгоор гэрээ байгуулсан, 2.680.000 ам.доллароор эхний хөрөнгө оруулалт хийсэн /талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хэргийн оролцогчдын тайлбараар худалдан авсан хөрөнгө мөнгө байсан/ гэж талуудын хүсэл зоригийг өөрөөр дүгнэсэнд нь гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”, 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заасан байна.

Уг хуулийн зохицуулалтуудын дагуу хэргийн бодит байдлыг болон нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад бүрэн тогтоогдож байтал анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг буруу тогтоосон гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүхийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгосон байх ба хохирогч “Ч И Н Р И Лимитед” ХХК-д учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааг дахин хийх шаардлагагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч, яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон маргаан бүхий шүүгчийн захирамжид шүүхээс дүгнэлт хийхдээ “Ч И Н Р И Лимитед” ХХК-ийн зүгээс “.............” ХХК-ийн нийт хувьцааны 75 хувийн хувьцааг худалдан авахад болон хөрөнгө оруулалтын санхүүжилтэд зориулж нийт 3.090.229 ам долларыг зарцуулсан гэдэгтэй маргадаггүй.

Шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршигт “Хос итгэл төгс” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь хамаарахгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасны дагуу шууд учирсан үр дагавар биш байна, харин 3.090.229 ам доллар нь шууд учирсан хохирол байна гэж дүгнэсэн атлаа хэргийг прокурорт буцааж дахин тогтоо гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2. Мөн шүүгчийн захирамжид “... Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Н өөрөө биечлэн “Г Т” ХХК- ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И Лимитед” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад холбогдох бичиг баримт, материалыг өгч хандсан боловч “Ч И Н Р И Лимитед” ХХК-ийн буюу хохирогч Г.Н-н бүрдүүлж өгсөн материалыг бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэл хийх холбогдох хууль журмыг зөрчсөн гэж үзэж бүртгэхээс татгалзаж материалыг буцааж шийдвэрлэсэн талаар мэдүүлж байна ... шүүгдэгч С.Б-н улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр залилсан гэх үйлдлийг нарийвчлан шалгаж, С.Б-н зүгээс ямар санаа зорилготой байсан, ямар оролцоотой байсан, улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байхаар ямар үйлдэл, эс үйлдэл хийсэн талаар нягтлан шалгах нь зүйтэй болно ... С.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нотолбол зохих дээрх байдлуудыг хангалттай хэмжээнд шалгаж нотлоогүй байх ба шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа үндэслэл нь зөвхөн нэг талыг буюу яллах талыг барьсан шинжтэй байна” гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12095 тоот захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар С.Б-н эзэмшилд байгаа маргааны зүйл болсон “.............” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийн хувьцааг бусдад зарах, худалдах, шилжүүлэх бэлэглэх, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч С.Б-д даалгаж шийдвэрлэжээ

Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сарын эхээр шүүгдэгч С.Б нь “Би бусдад өр төлбөртэйн улмаас толгой компани болох “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцаагаа надад шилжүүлээд, охин компани “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг шууд эзэмшчихээч” гэх санал, хүсэлтийг “Ч И Н Р И Лимитед” ХХК-д удаа дараа тавьсаны дагуу С.Б-д итгэж хүлээн зөвшөөрсөн.

 Улмаар С.Б, “Ч И Н Р И Лимитед” ХХК нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн тогтоол, Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, “Ч И Н Р И Лимитед” ХХК нь “.............” ХХК-ийн нийт хувьцааны 75%-ийг С.Б-д шилжүүлэх, ГХОААН-ийг өөрчлөн Монгол ААН болгох, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг С.Б нь харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүд, хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу С.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр УБ-05 маягтын дагуу гаргасан өргөдөл  гаргасан байх ба Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтөөс

            - хасагдах өөрчлөлт нь “Хонг Конг-ийн хуулийн “Ч И Н Р И” ХХК өөрийн эзэмшлийн 75 хувь эрх шилжүүлэх гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хэлбэр өөрчлөх”

            - нэмэгдэх өөрчлөлт нь “С.Б нь 100 хувь хувьцаа эзэмшигч захирлаар ажиллах, аж ахуйн нэгжийн гэрчилгээ шинээр авах, Хонг Конг-ийн хуулийн этгээд “Ч И Н Р И” ХХК-д “Г Т” ХХК 75 хувь шилжсэн, С.Б “Г Т” ХХК-ийн 25 хувь шилжих”-ээр улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасан.

Улсын бүртгэгч Г.Алтайгийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 200116095 дугаартай шийдвэрээр өргөдөл гаргагч С.Б-н гаргасан “Г Т” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг гаргасан байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 529 тоот дүгнэлтээр “.............” ХХК-д олгосон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах болсон байна.

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С.Б нь “Г Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, итгэмжлэл, бэлэглэлийн гэрээг хууль бусаар үйлдэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг дахин гаргуулан авч “.............” ХХК-ийн захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нь “Г Т” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өөртөө шилжүүлэх үйлдлийг гаргасан.

“Г Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б нь өөрийгөө бүртгүүлсэн талаар “Ч И Н Р И” ХХК-д огт мэдэгдээгүй ба хохирогчийн зүгээс энэ зүй бус үйлдлийг хожим хойно мэдсэний үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргасны дагуу С.Б-с дараах тайлбаруудыг тус тус гаргасан болно. Үүнд:

Шүүгдэгч С.Б-с Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тайлбар гаргасан ба уг тайлбартаа “Дутуу байсан баримт бичгийг бид зохих журмын дагуу бүрдүүлж гүйцээсэн бөгөөд холбогдох гэрээг байгуулж “Г Т” ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчтэй болгож, С.Б 25, “Ч И Н Р И Лимитед” ХХК 75 хувьцааг эзэмшиж байна. Тус “.............” ХХК болон “Г Т” ХХК нь хувь хувьцаа эзэмшлийн, тамга тэмдэгийн болон төлбөр тооцооны асуудлаар ямар нэгэн маргаангүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд дээрх өөрчлөлтийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэн авч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

Мөн С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр УБЕГ-ын Хяналт шалгалтын газарт бичгээр гаргасан тайлбартаа “баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар 2020.01.20-ны өдөр татгалзаж буцаагдсан тул Б.Батболд шүүгч Д.Мягмаржав нар нь 2019.10.18-ны өдрийн захирамжаар “.............” ХХК-д шүүхийн хориг тавиулсан тул “Г Т” ХХК-д дахин хориг тавиулахаас урьдчилан сэргийлж өөрийн нэр дээр тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр гаргуулж авсан болно. Түүнээс өөр санаа агуулаагүй гэдгийг мэдэгдэж байна. Хөрөнгө оруулагч нар БНХАУ-ын цагаан сарын баярт нутаг явсан тул зөвлөлдөх хүнгүй мөн тамга тэмдэг миний гар дээр өгөөгүй учраас захирлын хувьд ийм шийдвэр гаргасан. 2020.01.31-ний өдрийн бүртгэл, шинээр авсан гэрчилгээ, тамга тэмдгийг хүчингүй болгож гэрээний дагуу “Ч И Н Р И Лимитед” ХХК-ийг бүртгэж өгнө үү. Бидний хооронд төлбөр тооцоо, хувьцааны хувь, эзэмшлийн ямар нэг маргаан байхгүй болно” гэжээ.

“Ч И Н Р И” ХХК-ийн зүгээс улсын бүртгэлд гомдол гаргасантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 903 тоот дүгнэлтийг гаргасан ба дүгнэлт хэсэгт: “Г Т” ХХК-ийн 2020 оны 01.31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн зөрчилтэй улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй, “.............” ХХК болон Г Т ХХК-ийн үрэгдүүлсэн шалтгаанаар хүчингүй болгуулсан тамга тэмдгийг хураан авахаар шийдвэрлэсэн байна.

Уг дүгнэлттэй холбоотойгоор 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Г Т” ХХК-ийн нийт хувьцааны 75 хувийг “Ч И Н Р И” ХХК, 25 хувийг С.Б нь тус тус эзэмшихээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Үүний дараагаар “Г Т” ХХК-ийн захирал С.Б нь “Ч И Н Р И” ХХК-д мэдэгдэлгүйгээр “Г Т” ХХК-ийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №16/20 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “Компанийн тамга тэмдэгийн хэлбэрээ өөрчлөх хүсэлтэй байгаа тул хяналтын дугаар шинээр олгож өгнө үү” гэж хүссэн байна.

Улмаар С.Б-н зүгээс “Ч И Н Р И” ХХК-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан төлөөлөгч Г.Н-д холбогдуулан Нийслэлийн Цагдаагийн газарт хандан гомдол гаргасан бөгөөд уг гомдолдоо Г.Н нь буруу орчуулга хийсэн, тамга, тэмдгийг авчихаад өгөхгүй байгаа гэх үндэслэлийг дурдсан. 

Хамгийн сүүлд С.Б-н зүгээс 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “Г Т” ХХК-ийн нийт хувьцаа 75 хувийн хувьцаа эзэмшигчээр “Ч И Н Р И” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан бөгөөд гомдолдоо “...Хувьцааг шилжүүлж авсан цагаас эхлэн “Ч И Н Р И Лимитед” ХХК нь компанийг цааш нь олон улсын хөрөнгийн бирж дээр зарах гэж байгаа нь тодорхой болж, компанийн үйл ажиллагааг зогсоон эдийн засгийн хүндрэлтэй байдалд оруулж, компанийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрөл зэргийг хураан авч гүйцэтгэх захирал намайг үйл ажиллагаа явуулах ямарч эрхгүй болгосон ... Монгол Улсын хуулиудыг ноцтойгоор зөрчсөн тул бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

С.Б-с гаргасан гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3651 тоот дүгнэлтийг гаргасан бөгөөд уг дүгнэлтээр “Г Т” ХХК-ийн 2020.02.20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, 2020.01.31-ний өдрийн хувьцаа эзэмшигч өөрчилсөн бүртгэлийг сэргээж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан “Ч И Н Р И” ХХК нь С.Б-н хууль бус үйлдлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад гомдлоо гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт үйлдлийг гаргасан байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар С.Б нь албан тушаалын байдлаа ашиглаж тамга, тэмдэг, гэрчилгээг удаа дараа дахин гаргуулан авч, улсын бүртгэлийн байгууллагад “.............” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр, “Г Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө тус тус бүртгүүлсэн бөгөөд Б.Батболдоос нэхэмжлэл гаргасан тул компаниа алдах эрсдэлтэй байна гэж “Ч И Н Р И” ХХК-ийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашигласан нь залилах гэмт хэргийн шинжийг хангалттай агуулсан байтал анхан шатны шүүхээс дахин нарийвчлан тогтоо гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

С.Б нь дээрх хууль бус үйлдлийг гаргах болсон үндэслэлээ “Г.Н нь 75 хувийн хувьцааг бусдад зарах гэж байгаа, Г Т ХХК- ийн 100 хувийн хувьцааг өөртөө авах гэж байгаа, Олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргах гэж байгаа, эсвэл худалдан авсан хөрөнгө мөнгө шилжиж ирээгүй, тамга тэмдгийг захиран зарцуулах эрхийг Г.Н эзэмших болсон, Г.Н буруу орчуулга хийж гэрээг буруу ойлгосон, өөр хүмүүст өндөр үнээр зарах бодолтой байна” гэж удаа дараагийн мэдүүлэг болон бичгээр гаргасан тайлбартаа мэдүүлдэг бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б нь “Б.Батболдын нэхэмжлэл гаргасанаас айгаад энэхүү үйлдлийг гаргах болсон. “Ч И Н Р И” ХХК-ийн хувьцааг одоо ч шилжүүлж өгөхөд бэлэн байна. Г Т ХХК-ийн дансанд 3,090,229 ам долларыг шилжүүлсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Би “Ч И Н Р И” ХХК-ийг залилах үйлдлийг гаргаагүй” гэж мэдүүлсэн байна.

Үүнээс үзэхэд шүүгдэгч С.Б нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд өөр хоорондоо асар их ялгаатай, зөрүүтэй мэдүүлгийг өгсөөр ирсэн бөгөөд бодит байдалд Б.Батболд нь “.............” ХХК-ийн нийт хувьцааг авах зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бус гагцхүү С.Б-д холбогдуулан түүнд ноогдох хувьцааны 10 хувийг л авахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгаа давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсч байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 2022/ШЗ/1106 тоот захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч С.Б-н өмгөөлөгч би дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх С.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийхгүйгээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Шүүх буцаасан нэгдүгээр үндэслэлдээ:

“...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокуророос үндэслэлтэй зөв тогтоогоогүй, 7-р хавтасын 202-238-р талд “Хос итгэл төгс” үнэлгээний компани нь орлогын хандлагын аргаар үнэлж, хохирлыг байж болох хамгийн өндөр дүнгээр үнэлсэн, шууд учирсан хохирлоор бус ирээдүйд олж болох орлого гэж тооцож, хийсвэр төсөөлж баримжаалсан үнэлгээгээр хохирлыг тооцож оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна ...” гэж зөв дүгнэсэн атлаа, хохирлыг “Ч И Н Р” ХХК-д шууд учруулсан хохирол 34.653.003.054 төгрөг гэж тооцох нь өрөөсгөл бөгөөд талуудын хоорондын яригдсан яриа болон сүүлд үргэлжлэн явагдсан бизнесийн ажил хэрэг, хэлцэл тохироо, гэрээ, хөрөнгө оруулалт, мөнгөний зарцуулалт зэргийг цогцоор нь авч үзэж үнэлэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж хэргийг мөрдөн шалгуулахаар прокурорт буцаах үндэслэл болгосонд гомдолтой байна.

Зүй нь: С.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт үнэлгээ хийлгэх шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд “Хос итгэл төгс" үнэлгээний компани нь хохирогч гэх хохирлыг ирээдүйд олох байсан орлогын хандлагын аргаар үнэлгээ хийж, 34.653.003.054 төгрөг гэж үнэлж, прокурор нь “Ч И Н Р И” ХХК-д дээрх хохирол учруулсан гэж С.Б-д яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэхүү хохирол нь мөн зүйлийн 1-д заасан хохирол биш болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

2. С.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, С.Б нь уг хэргийн субъект биш, энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнд байх хуульд заасан нөхцөл шаардлагууд үгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8 дахь заалтад заасан нөхцөл байдал байхад хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байтал мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Залилах гэмт хэргийн гол шинж болох Үндсэн шинж нь: “...бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөртөө олж авсан байх”-ыг шаарддаг.

Гэтэл С.Б нь талуудын тохирсноор “.............” ХХК-ийн 75% хувьцааг С.Б шилжүүлэх, “Г Т” ХХК-ийн 75% хувьцааг С.Б нь “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд эдгээр гэрээд ямар нэг өөрчлөлт ороогүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Харин дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр, өөрчлөлт ороогүй, уг гэрээнүүдийн дагуу улсын бүртгэл хийлгэхэд холбогдох баримтуудыг компанийн гэрчилгээ, тамга тэмдэгийн хамт С.Б нь “Ч И Н Р И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Г.Н-д хүлээлгэн өгсөн талаар талууд маргадаггүй.

С.Б нь Иргэний хууль, Компанийн хуулийн дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, уг гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр байхад С.Б нь “Ч И Н Р И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг залилах боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байтал анхан шатны шүүх хэргийг хуульд заасан журмаар эцэслэн шийдвэрлэхгүйгээр хэргийг мөрдөн шалгуулахаар прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Харин “Г Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Б Иргэний болон Компанийн хуульд заасан үүргээ биелүүлсэн, Талуудын байгуулсан хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээний дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хуульд заасан журмын дагуу бүртгэхгүй байгаа нь С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Залилах гэмт хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэх үндэслэл болохгүйг шүүх анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь Иргэний харилцаа, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх ойлголтгүйгээр С.Б-г ялласан нь харамсалтай бөгөөд харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь авч үзэн зөв үнэлэлт өгөөгүй, хуулийг зөв хэрэглэж, хуульд зааснаар хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн хэргийг буцаасан 2 дахь үндэслэл нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 1.7-д зааснаар С.Б-н “Г Т” ХХК-ийн 75 % хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр залилсан гэх үйлдлийг нарийвчлан шалгах, хувьцаа шилжүүлсэн гэрээг бүртгэл хийхээс татгалзсан УББ-ын шийдвэр гарахад С. С.Б-н зүгээс ямар санаа зорилго байсан, ямар оролцоотой байсан, улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байхаар ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн талаар нягтлан шалгах нь зүйтэй...” гэсэн үндэслэл заасан нь учир дутагдалтай бөгөөд үндэслэлгүй юм. Учир нь: С.Б нь “Г Т” ХХК-ийн 75% хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг талуудын тохирсны дагуу байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Уг гэрээний дагуу улсын бүртгэл хийлгэхээр Г.Н-н хамт 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад очиж мэдүүлэг өгч, холбогдох баримтуудыг өгсөн, харин ХЭУБГ нь бүргэл хийхээс татгалзсан, татгалзсан шалтгаан нь С.Б-тэй холбогдолгүй, эсрэгээрээ “Ч И Н Р И” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Г.Н-с шалтгаалсан талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байтал хэргийн энэ хэсэгт холбогдох талд шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1106 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

             Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг прокурорт буцаах тухай 20228/ШЗ/1106 дугаар захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. С.Б-г “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэсэн боловч албан тушаалын байдал, эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласан гэж үзсэн нь тодорхойгүй.

2. С.Б нь Б.Батболд гэх этгээдэд өр төлбөртэй бус, харин их хэмжээний эд хөрөнгөө түүнд хууль бусаар алдаж хохирсон болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /7хх 93/-ээр тодорхой байхад яллах дүгнэлтэд С.Б-г “би бусдад өр төлбөртэйн улмаас толгой компани дээр шүүхэд нэхэмжлэл ирээд байна. Та бүхэн охин компани болох Г Т ХХК-ийн хувьцааг шууд эзэмшчихээч гэж хуурсан” гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн.

 3. Яллах дүгнэлтэд “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцааг С.Б-д шилжүүлэх, “Г Т” ХХК-ийн 75 хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг байгуулан нотариатаар батлуулж, улсын бүртгэлд “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцааг С.Б-д шилжүүлэх гэрээг өгч бүртгүүлэн, “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр “.............” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсны дараа “Г Т” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч залилсан” гэжээ.

Ч И Н Р И” ХХК-ийн хүсэлтийн дагуу талууд “.............” ХХК-ийн 75 хувийн хувьцааг С.Б-д шилжүүлэх, “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг тус тус үйлдсэн ба бүртгэл хийлгэх материалыг Г.Н нь өөрийн биеэр улсын бүртгэлийн байгууллагад хүлээлгэн өгсөн, энэ үед С.Б-г “.............” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх материалыг бүртгэлийн байгууллага хүлээн авахаас татгалзаж, харин “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр “Ч И Н Р И” ХХК-ийг бүртгэх материалыг авч үлдсэн талаар Г.Н 6 дахь хавтаст хэргийн 230-р талд мэдүүлсэн байдаг.

Гэтэл “Ч И Н Р И” ХХК-ийн бүрдүүлсэн материалыг ч бүртгэлийн байгууллагаас зөрчилтэй буюу холбогдох хууль, журмыг зөрчсөн гэх үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзаж буцаасан байхад С.Б-г “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр залилсан гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд улсын бүртгэгч бүртгэл хийхээс татгалзсан үйлдэлд С.Б-н ямар хууль бус үйлдэл, оролцоо байгаа талаар прокурор огт дүгнэлгүйгээр ялласан.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Тодруулбал, шүүхээс “С.Б нь Г Т ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р” ХХК-д шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгүүлэлгүйгээр залилсан гэх үйлдлийг нарийвчлан шалгаж “Г Т” ХХК-иас “Ч И Н Р И” ХХК-руу хувьцаа шилжүүлсэн бүртгэлийг хийхээс татгалзсан улсын Бүртгэлийн байгууллагын шийдвэр гарахад шүүгдэгч С.Б-н зүгээс ямар санаа зорилготой байсан, ямар оролцоотой байсан, улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байхаар ямар үйлдэл, эс үйлдэл хийсэн талаар нягтлан шалгах нь зүйтэй болно” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан.

Бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн шийдвэрт “Ч И Н Р И” ХХК-иас УБЕГ-т хандан гомдол гаргасныг УБЕГ-ын 2020.08.13-ны өдрийн 8/7277 тоот шийдвэр, мөн УБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8/8781 тоот шийдвэрээр тус тус хариу өгч, гомдлыг хангаагүй ба эдгээр шийдвэрүүдийг эс зөвшөөрвөлЗахиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү, эсвэл бүрдлийн шаардлагаа ханган дахин бүртгэл хийлгэхэд эрх тань нээлттэй гэсэн байдаг.

Г.Н нь дээрх бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд огт хандаагүй атлаа улсын байцаагч Д.Чинтулга болон С.Б нарыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, түүний гомдлын дагуу хэргийг шалгасны эцэст “Ч И Н Р И” ХХК-ийн хийлгэсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын байцаагчийн дүгнэлт нь хуульд нийцсэн бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж С.Б-д давуу байдал олгосон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж гомдлыг хаасан. /бхх 161/

Дээрх байдлаар “Ч И Н Р И” ХХК нь хууль бус бүртгэл хийлгэсэн болох нь тогтоогдож, үүний улмаас бүртгэл хүчингүй болсон явдалд С.Б болон улсын байцаагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй үгүй болохыг Авлиагтай тэмцэх газраас шалгаж, тогтоосон байхад дахин шалга гэж шүүхээс хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгтийг тус тус зөрчсөн.

4. “Ч И Н Р И” ХХК-ийг “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхээс татгалзсанаар тус компани нь “.............” ХХК-ийн охин компани хэвээр үлдсэн. “Г Т” ХХК-ийг “.............” ХХК-ийн охин компанис салгахгүй бол Б.Батболдын нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргааны улмаас хамтын ажиллагаанд саад учрах нөхцөл байдал хэвээр байсан тул С.Б “Г Т” ХХК-ийг толгой компаниас нь салгаж хувь хүний нэр дээрээ 2020 оны 1 сарын 31-ний өдөр шилжүүлсэн.

Улмаар 5 хоногийн дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Ч И Н Р И” ХХК-д “зөрчилтэй, дутуу баримтуудаа бүрдүүлэн компанийн 75 хувийн хувьцаагаа бүртгүүлээрэй” гээд компанийн тамга, тэмдэг болон бусад баримтуудыг хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгч, “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч И Н Р И” ХХК-ийн нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт /9хх 28-29/-ийг улсын бүртгэлийн газарт гаргаснаар “Ч И Н Р И” ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, уг асуудал дуусгавар болсон байдаг.

Гэтэл дээрх бүртгэл хийгдсэнээс хойш хагас жилийн дараа буюу 2020.07.16-ны өдөр Улсын байцаагчийн 3651 тоот дүгнэлтээр “Ч И Н Р И” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосноор өмнөх 2020 оны 1 сарын 31-ний өдрийн бүртгэл сэргэсэн байтал энэхүү үйл баримттай огт хамааралгүй буюу “Ч И Н Р” ХХК-ийг “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхээс татгалзсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн улсын бүртгэгч Г.Алтайгийн гаргасан шийдвэрт С.Б-г буруутгаж “хувьцааг бүртгүүлэлгүйгээр” залилсан гэж ялласан нь ойлгомжгүй байна.

Хууль бус бүртгэл хийлгэсэн Г.Н болон нотариатч Ц.Энхбадрал, улсын бүртгэгч Ц.Алтай нарыг шалгахын оронд хууль бус бүртгэл хийлгэсэнтэй ямар ч холбогдолгүй С.Б-г буруутгаж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй.

Хэрэв “Ч И Н Р И” ХХК нь хууль зөрчиж бүртгэл хийлгээгүй, бүртгэл нь үнэн, зөв байсан бол Улсын байцаагчийн дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгох үр дагаварт хүрэхгүй, нөгөөтэйгүүр дутуу, зөрчилтэй баримтаа өнөөдрийг хүртэл бүрдүүлэн улсын бүртэглийн байгууллагад дахин өргөдөл гаргаж бүртгэл хийлгэх бүрэн боломжтой, эрх нь нээлттэй байхад С.Бумэнгэрэлд залилуулсан гэж гомдол гарган, түүнээс 34 тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

5. С.Б нь 2009 оноос хойш өөрийн “Г Т” ХХК-ийн эзэмшлийн уурхайдаа хайгуул хийж нийт 14 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байсан бөгөөд компанийн цаашдын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай байсан тул “Ч И Н Р И” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтийг компанидаа авахаар болсон. 2.5 сая ам.доллараас өөр хөрөнгө оруулалт орж ирээгүй бөгөөд энэхүү мөнгө нь Хамтын үйл ажиллагаанд зарцуулагдсан, үүнтэй холбогдох баримтыг хэрэгт гарган өгсөн ба “Ч И Н Р И” ХХК-иас С.Б-д гэрээний дагуу төлөх ёстой 7.5 сая ам.доллароос нэг ч төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

С.Б нь “Ч И Н Р И” ХХК-иас 34.653.003.504 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх ямар нэгэн эд хөрөнгө хүлээн аваагүй байтал прокурор талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг огт дүгнэлгүй орхигдуулснаас хэргийн үйл баримтыг буруу ойлгож ирээдүйд олж болох орлого буюу 34 тэрбум төгрөгөөр “Ч И Н Р И” ХХК-д хохирол учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:”, 1.2-т “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж зааснаар “Ч И Н Р” ХХК-ийг эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой.

Хохирогчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч гэх Г.Н нь С.Б-г “Ч И Н Р” ХХК-тай гэрээ байгуулахад орчуулагчийн үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсад амьдардаг БНХАУ-ын иргэн ба Хамтран ажиллах гэрээний оролцогч болон компанийн эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд “Ч И Н Р” ХХК-иас Н-д олгосон гэх итгэмжлэл нь дараах байдлаар хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас “Ч И Н Р” ХХК-ийн хувьцааны бүртгэл хийлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийн нэг бол хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байхгүй буюу гадаад улсад үйлдэгдсэн баримт бичгийг апостил гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлэх шаардлага хангагдаагүй гэх үндэслэл ба энэхүү зөрчлийг гаргаснаа “Ч И Н Р” ХХК-ийн төлөөлөгч гэх Г.Н нь хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны үед Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хандан өөрсдийн буруутай үйлдэлд С.Б-г эндрүүрч буруутган гомдол гаргасан байх тул түүнд гомдол саналгүй гэсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн. /9 хх 157/

Г.Н нь “Ч И Н Р” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэсэн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн огноотой итгэмжлэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад англи хэлнээс монгол хэл дээр орчуулан өгсөн нь 6 дахь хавтаст хэргийн 90, 91 дэх талд баримтаар авагджээ.

“Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д Монгол улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хууль 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсанаар гадаад улсад үйлдэгдсэн Монгол Улсад хэрэглэгдэх бичиг баримтын гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг нотлохын тулд баримт бичиг үйлдэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас апостил гэрчилгээ олгогдсон байхыг шаардах ба энэхүү гэрчилгээний хамт тухайн баримт бичгийг үнэн зөв, хуулийн хүчин төгөлдөр гэж үздэг, харин энэхүү конвенцид нэгдэн ороогүй улс орнуудын хувьд тухай баримт бичгийг заавал нотариатаар батлуулж, консулын газраар дамжуулан авах журамтай байдаг.

Гэтэл уг итгэмжлэл нь апостиль гэрчилгээ болон нотариатаар баталгаажаагүй, элчин сайдын яам, консулын газраар дамжиж ирээгүй бөгөөд итгэмжлэл олгосон этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, гарын үсэг, тамга тэмдэг нь жинхэнэ эсэх нь тодорхойгүй, хүчин төгөлдөр бус итгэмжлэл болох нь илэрхий байхад мөрдөгч, прокуророос хохирогчийг төлөөлөх эрхгүй этгээдийгхууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон.

Дээрх үндэслэлээр “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож өгнө үү” гэсэн яллагдагч С.Б-н хүсэлтийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангийн 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/1167 тоот “Хариу мэдэгдэх хуудас” /9хх 13/-аар хангасан гэж мэдэгдсэн ч хүсэлтийг хангасантай холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.

Мөн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий хэд хэдэн хүсэлтийг яллагдагчаас гаргасныг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Прокурорын мэдэгдэх хуудсаар бүрэн хангасан гэж мэдэгдсэн ч үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа мөн хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтүүдийн алийг нь ч хэрэгт хавсаргаагүй, тэдгээртэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Г.Н нь дээрх хуулийн шаардлага хангахгүй 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлийг “Элит” гэх орчуулгын товчоогоор орчуулуулахдаа алдаатай, худал орчуулсан нь дараах байдлаар нотлогдож байна. Тус итгэмжлэлийн англи хэл дээрх хувилбарын доод мөрөнд итгэмжпэл нь олгогдсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчинтэй гэснийг “итгэмжлэл нь олгогдсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй” гэж худал орчуулж хэргийн оролцогч биш этгээд итгэмжлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, гомдол, хүсэлт гаргаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэг өгсөн нь нотлох баримт цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн бөгөөд нотлох баримтад тооцогдохгүй.

Тодруулбал, дээрх хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлд заасан хүчинтэй гэх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дууссан байтал 1 жилийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогчийг төлөөлөх эрхгүй Г.Н-г хохирогч, иргэний нэхэмжпэгчээр тогтоож, тайлбар, мэдүүлэг авч нотлох баримтыг бүрдүүлсэн. Г.Н-с хэрэг шүүхэд шилжсэн хойно гаргаж өгсөн хоёр дахь итгэмжлэл буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн огноотой итгэмжлэл нь мөн хуулийн шаардлага хангаагүй буюу итгэмжлэлд зурсан гарын үсэг, тамга нь жинхэнэ эсэх нь тодорхойгүй, баталгаажуулсан зүйлгүй бөгөөд энэхүү итгэмжлэл дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг Гадаад харилцааны яамны 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 10/654 тоот албан бичгээр тодорхойлсон. Иймд Г.Н нь хохирогчийг төлөөлөх эрхгүй этгээд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байхыг шаарддаг бол С.Б нь хамтран ажиллах гэрээний дагуу “Г Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлээд өгчихсөн, харин энэхүү гэрээг бүрдүүлбэрийн хамт улсын бүртгэлийн байгууллагад өгч бүртгэл хийлгэх чь “Ч И Н Р” ХХК-иин үүрэг байтал сайн дураараа бүртгэлээ хийлгэхгүй байгаа үйлдэлд С.Б-г буруутган залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч С.Бумэнгэрэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байтал шүүхээс гэм буруутайг нотлох баримт заавал олж ирүүл гэсэн агуулгаар хэргийг буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. “Ч И Н Р И Лимитед” ХХК-ийн зүгээс “.............” ХХК-ийн нийт хувьцааны 75 хувийн хувьцааг худалдан авах болсон гол зорилго нь түүний охин компани болох “Г Т” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болох Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Сүжигтэй нэртэй алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл байсан бөгөөд үүнийхээ дагуу 2.500.000 ам.доллароор “.............” ХХК-ийн нийт хувьцааны 75 хувийг худалдан авсан. ...” гэв.  

Шүүгдэгч С.Б тус шүүх шүүх хуралдаанд: “... Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс гэм бурууг хэлэлцэх хугацаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал мөн хохирлын хэмжээг бүрэн тогтоох боломжтой гэж үзэж байна. “.............” ХХК-ийн хөрөнгө оруулалт буюу баримтаар тогтоогдсон 8.806.195.000 төгрөгийн хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн.

Тухайн хэрэгт Улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан холбогдсон асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт авагдсан. “.............” ХХК буюу толгой компани нь асуудалд орсон учраас шүүгдэгч С.Б-н “манайд хөрөнгө шилжүүлээч” гэсэн хүсэлтийн дагуу “Г Т” ХХК нь 75% хувийг сайн дураараа шилжүүлсэн. “Г Т” ХХК-ийн 75% хувийг “Ч И Н Р” ХХК-д шилжүүлж байна гэж гэрээнд тусгагдсан. Үүнтэй холбоотой баримт бичиг, шаардлагатай зүйлсийг би хийж хариуцна гэсэн утга агуулга бүхий гэрээг шүүгдэгч С.Б хийсэн.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар Гадаадын хөрөнгө оруулалттай бүртгэлийн газарт бичиг баримт өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Энэ баримтын бүрдэл дутуу, хууль журамд заасан үндэслэлийг хангаагүйг мэдэж байсан атлаа Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт өгсөн нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн арга нь гэж үзэж байна. Иймээс С.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүх хуралдаанаар С.Б-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1106 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  хохирогч Г.Н-н өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол С.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХӨӨ 

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР