Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Д /РД:/

Нэхэмжлэгч: С.Л /РД: /

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ц.О /РД: /

Гуравдагч этгээд: Ц ХХК /РД: / нарт тус тус холбогдуулж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дүгээр захирамж, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/791 дүгээр захирамжийн Ц.От холбогдох хэсэг, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжийн Ц.О, "Ц" ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/405 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, С.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээд Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Д, С.Л нар нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/791 дүгээр захирамжуудын Ц.От холбогдох хэсэг, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжийн Ц.О, "Ц" ХХК нарт холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/405 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож баталгаажуулах тухай А/561 дүгээр захирамжийн хавсралт жагсаалтын 58 дугаарт иргэн Ц.Оийн нэр багтсан бөгөөд 400 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр эдэлбэр газар өөрчлөх тухай А/989 дүгээр захирамжийн хавсралтын 36 дахь хэсэгт иргэн Ц.Оийн нэр багтсан бөгөөд 400 м.кв газрыг 1894 м.кв газар болгож өөрчилсөн. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр эдэлбэр газар өөрчлөх тухай А/791 дүгээр захирамжийн хавсралтын 8 болон 9 дэх хэсэгт иргэн Ц.Оийн нэр багтсан бөгөөд 1894 м.кв газрыг 700 м.кв болон 442 м.кв газар болгож өөрчилсөн.

3. 2020 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/498 дугаар захирамжийн хавсралтын 14 болон 15 дахь хэсэгт Ц.Оийн эзэмшлийн 700 м.кв болон 442 м.кв газрыг "Ц" ХХК-д шилжүүлсэн.

4. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай А/405 дугаар захирамжаар иргэн Ч.Д, С.Л нарт холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамжийн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгч байсан тул 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Н.Д, С.Л нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Нийслэлийн Хан-Уул Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/291 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Дид 700 м кв газар, Самданжамцын Лт 402 м кв газрыг тус тус 15 жилийн хугацаатай гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх захирамжаас 3 хоногийн дараа Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар Б овогт Цгийн От 400 м кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч С.Лын эзэмшлийн 402 м кв газартай давхцуулан газар эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаар "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" захирамжийн 3 дахь заалтаар "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай", Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн Ц.От"... гэжээ. Хожим Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/791 дугаар захирамжийн хавсралтын "8"-д заасны дагуу Б овогт Цгийн О үйлдвэрийн зориулалтаар 700 м кв газар 15 жилийн хугацаатай эзэмшүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжаар "Ц ХХК-д шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нарын зүгээс өөрийн анх газар эзэмших эрх үүссэн газраа Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас ашиглах эзэмших боломжгүй болсныг мэдсэн даруй өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад түүний хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/5888 дугаар албан бичгээр "...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын маргаантай асуудлаар гомдол ирүүлснийг судалж үзлээ. Танд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01-08/4964 тоот бичгээр гомдлын хариуг хүргүүлсэн байна... хэмээх хариуг өгсөн. Иймд Нийслэлийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." гэснийг зөрчсөн. Мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хуулийн бүрдүүлбэрийг хангаагүй баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэн захиргааны албан тушаалтны дээрх хууль бус шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэг заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Өөрөөр хэлбэл иргэн Ч.Д миний эзэмшлийн 700 м кв газар, С.Лын эзэмшлийн 402 м кв газрыг иргэн Цгийн От болон Ц ХХК-д давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны хууль бус актуудыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа юм гэжээ

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч 2013 онд Ц.Оаас газар худалдан авсан. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийсэн. Гэвч газрын гэрчилгээ гаргаж өгөх асуудлыг Ц.О удаашруулсан. Ингэж явсаар сонгууль болж бүх удирдлагууд солигдсон. Хууль зөрчин энэ маргаан бүхий газрыг хэд хэдэн удаа бусдад шилжүүлэн худалдсан. Монгол улсын Нийслэлдэх газар олголт хууль бус үйл ажиллагаа, луйврын маш том хохирогч бол Ч.Д, С.Л нар юм. Маргаан бүхий газрыг тойрсон асуудлууд маш тодорхой харагддаг. Гэрээ, гэрчилгээ бүх зүйл анхдагч эзэмшигчид байсан. Нийслэлийн засаг даргын захирамжуудыг Ц.О болон н.А нарын оролцоотойгоор удаа, дараа захирамж гаргасан. 2016 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга н.Г албан ёсны захирамж Ч.Д, С.Л нарт гаргасан. Гэвч харамсалтай нь Хан-Уул дүүргийн захирамжийн үзүүлэхгүйгээр 5 жил нууж, энэ хугацаанд Нийслэлийн Засаг дарга удаа дараа хуурамч захирамжуудыг гаргасан байгаа юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга А/405 тоот захирамж гаргахдаа анх удаа Ч.Д, С.Л нарт холбогдох газар олгосон захирамжийг хүчингүй болгосон захирамж гаргасан юм. Өөрөөр хэлбэл энэ захирамж 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хууль ёсны байсан гэдгийг хариуцагч Хан-Уул дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч баталдаг.

2021 оны А/405 тоот захирамж илт хууль бус захирамж байгаа юм. Хоёр үндэслэлээр захирамжийг гаргасан байдаг. Нэгдүгээрт, захирамж давхардаж гарсан гэж байгаа юм. Энэ захирамж хэзээ ч, хаана ч давхардаж гараагүй. Газрын өмчлөл, ашиглалт Ч.Д, С.Л нарт шилжсэн, шилжсэнээс хойш ямарваа нэгэн байдлаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанаас гаргасан захирамжууд бол 2016 оны Хан-Уул дүүргийн Засаг дарга н.Гийн гаргасан захирамжтай зөрчилдөж байсан болохоос биш н.Гийн захирамж бусдын захирамжийг өөрчилсөн, хүчингүй болгосон, эсвэл зөрчилдсөн зүйл байхгүй. 2021 оны 04 дүгээр сарын А/405 бол хүчин төгөлдөр захирамж юм. Хоёрдугаарт газар дээрээ амьдраагүй гэж байгаа. Маргаан бүхий газар дээр сэндвичин орон сууц барьж, 140 машин шороо буулгаж, газрыг бүрэн тэгшлээд хаалга, хашаа барьж Ч.Д, Ч.Сүхбаатар нар байнгын амьдарч байсан гэдэг нь маргаангүй.

Маргаан бүхий газрыг хууль бусаар бусдад дахин худалдаж байгаа үйлдлийг харахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Гэтэл маргааныг иргэний болон газрын маргаан болгосон байгаа юм. Нэхэмжлэгч нар 10 гаруй жил хууль, шүүхийн байгууллагаар явж 10 гаруй шүүх хуралдаан хойшилж байна. Энэ нь Монголын төр болон Газрын албаны нэр төртэй холбоотой асуудал. Үүнийг зөв хууль зүйн талаас нь шийдвэрлээд нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү? Нотлох баримт хэргийн материалд хангалтай цугларсан байгаа гэв.

7. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Ч.Д. С.Л нараас Нийслэлийн Захиргааны хэргийн aнхан шатны шүүхэд "Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/498 дугаар захирамжийн "Ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дүгээр захирамжийн Боржин овогт Цгийн От холбогдох хэсэг, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/791 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, 2020 оны А/498 дугаар захирамжийн "Ц ХХК-д холбогдох хэсэг нь хууль дүрэм журамд нийцэн гарсан захиргааны акт байна. Мөн иргэн Ч.Д, С.Л нарт 2016 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/291 дүгээр захирамжаар олгосон газрыг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/405 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй байна. Иймд Захиргааны хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5 дах хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

8. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

658 м.кв газар хасагдсан. Нийслэлийн кадастрын мэдээллийн санд иргэн Ц.Оийн эзэмшлийн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ... бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн шаардлагыг хангаж байна. Иймд маргаан бүхий захирамж нь хуульд нийцэн гарсан үндэслэл бүхий захиргааны акт байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Ч.Д, С.Л нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Дулааны цахилгаан станц-3"-ын хойд талд иргэн Ч.Д, С.Л нар 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/291 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" гэж заасан. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2015 оны 15 дугаар тогтоолоор дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд нэхэмжлэгч нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн уг газар нь 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг бичиж олгоогүй байна.

Мөн маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүс, инженерийн шугам, сүлжээ бүхий газар бөгөөд Газрын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших эрх олгохоор зохицуулсан байдаг. Иймд хууль, тогтоомж зөрчсөн дүүргийн Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16/4223, 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4840 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Дүүргийн Засаг дарга хууль, тогтоомж зөрчсөн захиргааны актын холбогдох хэсгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/405 дугаар захирамжаар хүчингүй болгож хуульд нийцүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

10. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

Хан-Уул дүүргийн зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон зохицуулалтаар Нийслэлийн Засаг даргын итгэмжилсэн төлөөлөгчийн хэлсэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/405 дугаар захирамжаар нэхэмжлэгч болон нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудал байдаг. Энэ хэрэг өмнө 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болон өнөөдөр хэлэлцэхэд ч гэсэн захиргааны байгууллагын захиргааны акттай холбоотой гэхээсээ илүү нэр бүхий иргэдийн хоорондын асуудал яригдаад байгаа учраас би өмнө нь шүүгчийн түдгэлзүүлсэн асуудлуудыг дэмжиж байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу иргэний болон эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа энэ асуудлуудыг шийдвэрлэх нь их зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байсан гэжээ.

11. Гуравдагч этгээд "Цацрал Констракшн" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

"Цацрал Констракшн" ХХК нь гадаад худалдаа, Хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2020 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалттай газар зарна гэсэн зарын дагуу иргэн Ц.Отай холбогдсон юм. Ц.Отай харилцан тохиролцож 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 244, 245 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1780******* дугаар бүхий 700.0 10.07/ м.кв газрыг 153.000 000 сая төгрөгөөр, 1780******* дугаар бүхий 442.0 10.0442/ м.кв газрыг 97.000.000 төгрөгөөр, нийт 250.000.000 төгрөгөөр худалдан авсан.

Нийслэлийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" захирамж гарч "Цацрал Констракшн" ХХК-нд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1780******* дугаар бүхий 700.0 10.07/ м.кв газрыг, нэгж талбарын 1780******* дугаар бүхий 442.0/0.0442/ м.кв газрыг тус тус үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн худалдан авсан газраа 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-2206*******, 3-2206*******2 дугаарт Бүртгүүлж, 0000*******, 0000******* дугаартай "Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ" "Цацрал Констракшн" ХХК-нд олгогдож хууль ёсны эзэмшигч болсон.

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон "Цацрал Констракшн" ХХК нар "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01122-2020/*******, 01122-2020/******* дугаартай гэрээ байгуулж, газрын төлбөр болон гэрээний үүргээ биелүүлэн ирсэн.

Гэвч иргэн Ч.Д гэгч нь "Цацрал Констракшн" ХХК-ийн эзэмшлийн газар дээрээс өөрийн эд зүйлсээ авахгүй байдлаас болж тус компани 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж, эзэмшиж чадахгүй хохирсоор байна. Компанийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 онд "Цацрал Констракшн" ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, з дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700.0 м.кв. 442.0 м.кв газарт байх Ч.Дийн эд зүйлсийг албадан чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэл гаргасан.

Тус иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дугаартай захирамжаар иргэн Д.От Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай олгож, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулан, холбогдох байгууллагатай гэрээ байгуулж хууль ёсны эзэмшигч Ц.О болсон баримт хэрэгт байдаг.

Уг газраа Ц.О 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "Үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших Ч.Дтой байгуулсан байдаг. эрх худалдах гэрээ"-г Ц.О, Ч.Д нарын дээрх гэрээтэй холбоотой төлбөр тооцооны маргаанд "Цацрал Констракшн ХХК-нд ямар ч хамааралгүй болно.

Ч.Д нь Ц.Отай холбоотой төлбөр тооцооны маргааны явцад өөртөө болон эхнэр С.Л нэр дээр газрыг хоёр хувааж хууль бусаар Хан-Уул дүүргийн засаг даргаар 2016 онд давхцуулан гаргуулсан А/291 дугаар захирамж хууль бус, уг захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн засаг даргын А/405 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн хууль бус шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийслэлийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дугаартай захирамж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаартай захирамжийн Ц.От холбогдох хэсэг, 2019 оны 08 дугаар сарын 05-ны Өдрийн А/791 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны Өдрийн А/498 дугаартай "Цацрал Констракшн" ХХК олгосон шийдвэрүүд хууль, журамд нийцсэн захиргааны акт гэж үзэж байна гэжээ.

12. Гуравдагч этгээд "Цацрал Констракшн" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

Ц.О нь 2005 оноос хойш маргаан бүхий газар дээр бол блок хийж байгаад Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай олгож, улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны эзэмшигч болсон гэдэг нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдож байна. Уг газраа Ц.О нь 2013 оны 11 сарын 29-ний өдөр үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрх худалдах гэрээг Ч.Дтой байгуулан 170,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч урьдчилгаанд 85,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 20-нд 30,000,000 төгрөг, 05 дугаар сарын 10-нд 55,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээнд тусгасан үйл баримт хэргийн материалд авагдсан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаартай захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээ шинэчлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Ц.Оийн газар эзэмших эрхийг бол хүчингүй болгосон үйл баримт байдаг. Ч.Д, Ц.О нарын хоорондын иргэний эрх зүйн газартай холбоотой, гэрээтэй холбоотой маргаан бол эхэлсэн байна гэж гуравдагч этгээдийн зүгээс бол харж байна. Ч.Д нь Ц.От төлсөн 85,000,000 төгрөгөө буцааж аваад, уг газраа үнэ төлбөргүй өөрийн эзэмшилд авахын тулд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж 4 хоногийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын А/291 дугаартай хууль тогтоомж зөрчсөн захирамж бол гарсан байдаг. Иргэн хүн газар хөөцөлдөхөд тодорхой хэмжээнд материал бүрдүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа ордог гэтэл уг захирамж нь хүсэлтээ өгөөд 4 хоногийн дараа гарсан. Ийм үйл баримт бол хэрэгт авагдсан байдаг.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/291 дугаартай захирамж нь 1 дүгээрт хэргийн материалд авагдсан. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Хан-Уул дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байдаг. Нэхэмжлэгч нарт эзэмшүүлэхийг үзүүлсэн газар нь 16 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бол тусгагдаагүй. Хоёрдугаарт уг маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүс, инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Газрын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших эрх олгохоор заасан хууль тогтоомжийг зөрчиж гарсан акт байсан. Гуравдугаарт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдыг эзэмшиж, эзэмшилд ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар бол давхцахгүй байх ёстой гэдгийг бол зөрчсөн. Яагаад гэвэл маргаан бүхий газар нь анхнаасаа 2012 оноос хойш Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд олгогдоод тухайн оноосоо хойш Нийслэлийн даргын захирамжууд бол нийслэл дээр гараад явж байсан. Энэ дүүрэг бол нийслэлийн олгогдож байгаа шийдвэртэй давхцуулж бол дүүргээс бол ямар шийдвэр гаргах ямар ч хууль зүйн боломж байхгүй. Ийм нөхцөл байдал бол хэргийн материалд авагдсан байгаа. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А/405 дугаартай захирамж гардаг. Энэ захирамж нь гарахдаа дүүргийн Засаг дарга өөрийн хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон байдаг. Захирамжийн гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээр Газрын тухай хууль тогтоомж, газрын эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, шүүх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсний дагуу Ч.Д, С.Л нарт дүүргийн Засаг даргаас мэдэгдлийг хүргүүлээд, тухайн дүүргийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан байдаг. Хан-Уул дүүргийн Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн захиргааны актын холбогдох хэсгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны А/405 дугаартай захирамжаар хүчингүй болгож, хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэжээ.

13. Гуравдагч этгээд Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Д, С.Л нар нь Ц.О болон "Цацрал Констракшн" ХХК-д давхцуулан олгосон захиргааны хууль бус актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Маргаан бүхий газар дээр Ц.О нь 2005 оноос хойш аж ахуйн зориулалтаар блок хийж байгаад Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний А/119 тоот захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 0.18 га газрыг эзэмших эрхтэй болсон. Улмаар 2013 онд Ч.Д тухайн газрыг худалдан авахаар Ц.Отай харилцан тохиролцож, урьдчилгаа 85.000.000 төгрөгийг өгсөн.

Энэ хугацаанд газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ шинэчлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ц.О Нийслэлийн газрын албанд газрын гэрчилгээгээ гаргуулах хүсэлтээ өгсөн байх хугацаандаа авто осолд орж, газрын гэрчилгээ гарах хугацаа удааширсан учир Ч.Д нь худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, мөнгөө буцааж хүүтэй нь авахаар шаардахад нь Ц.Оийн эгч, дүү нар нь зээл авах, эмчилгээнд зарцуулах байсан мөнгөө цуглуулах зэргээр Ч.Дид 90 000 000 төгрөгийг буцаан төлсөн Гэтэл нэхэмжлэгч нар энэ тухай огт дурдалгүйгээр маргаан бүхий газрыг анх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/291 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай гэр бүлийн зориулалтаар эзэмшиж авсан байхад 3 хоногийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ц.От давхцуулж олгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ

14. Гуравдагч этгээд Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

Хоёр нэхэмжлэгч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Гэтэл нэхэмжлэгч Л нь нэхэмжлэл гаргасан боловч яг хэдэн метр квадрат газрын маргаан үүсгээд байгаа гэдгээ ч өнөөдөр мэдэхгүй орж ирж байна. Ерөнхийдөө маргаан үүсгээд байгаа захирамжууд Хан-Уул дүүргийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Ч.Дид газар эзэмших гэрчилгээ олгосон захирамж юм. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлоход дурдаж байсан 2014-2020 он хүртэлх захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ярихдаа миний газрыг давхцуулаад олгочихлоо л гэж яриад байдаг. Гэтэл 2005 оноос хойш Ц.О энэ газрыг ашиглаж, эзэмшиж байгаад 2012 онд газрын гэрчилгээ гарсан байгаа. Газрын гэрчилгээ гарснаас хойш 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд тухайн газрыг нь худалдаж авсан. Худалдаж аваад 2014 оноос хойш Ч.Д нь амьдарч, үйл ажиллагаа явуулж ашиг олж ашиглаж байгаад 2020 оны ковидын үед гэрээгээ цуцалъя. Цуцлах үндэслэл нь газрын гэрчилгээ гарахгүй, гараад сэргээд, хүчингүй болоод байгаа асуудлын бүх процессыг мэдэж байсан. Нэхэмжлэгч өнөөдөр маргаан бүхий газар дээр н.Сүхбаатар гэж хүнийг амьдруулсан л гэж яриад байна. Ц.О газар эзэмшиж байгаад осолд ороод н.А гэж хүн аргагүй байдалд ороод дүүгийнхээ газрын гэрчилгээний асуудыг нэхэмжлэгчтэй яриад байсан юм. Хэргийн материалд авагдаад байгаа 2016 оноос хойш хүчингүй болоод хүсэлт өгсөн энэ хүсэлтүүдийг хэн бичээд байгаа юм. н.А бичээгүй Ц.О л хүсэлт бичиж өгсөн... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ц.О нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж хүсэлтдээ тухайн газрын кадастрын зураг, холбогдох баримтыг хавсаргаж өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр Газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжаар Нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар болон иргэн Ц.О-т үйлдвэрлэлийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан 0.18 га газар олгохоор шийдвэрлэсэн үүний дагуу Ц.О нь Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон боловч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр Газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байх ба дээрхи үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргахгүй байна.

3. Уг захирамжийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж тус тус заасан.

4. Нэг. Нэхэмжлэгч нараас гаргасан, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/561 дүгээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож баталгаажуулах тухай захирамжийн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5. Нийслэлийн Засаг даргын, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож баталгаажуулах тухай захирамжийн хавсралтын 58-д Ц.От Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 400 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/258 дугаар захирамжийн иргэн Ц.От холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон байна.

6. Нэхэмжлэгч нь уг захирамжийн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг А/257 дугаар захирамжаар хүчингүй болгосон, гэтэл А/258 дугаар захирамжаар хүчингүй болгосон мэт хуурамч баримтанд үндэслэж А/561 дүгээр захирамжийг гаргасан нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...тухайн өдөр А/257, А/258 гэж 2 захирамж гарсан, дугаарыг андуурч бичсэн нь техникийн шинжтэй алдаа, агуулгын хувьд алдаагүй захирамж гэж, гуравдагч этгээд ...2013 оны 11 сарын 29-нд Ч.Д уг газрыг худалдаж авсан боловч гэрээгээ цуцлах хүсэлт тавьсан тул мөнгийг нь буцааж өгсөн, газрын эрх цуцлагдсан тул Ц.О өөрөө хөөцөлдөж сэргээж авсан гэж тайлбарлан маргав.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх худалдан авах гэрээ-г нэхэмжлэгч Ч.Д болон гуравдагч этгээд Ц.О нар байгуулж гарын үсэг зурсан, уг гэрээний 1.3-д Худалдан авагчийг төлбөрийнхөө 50%-ийг төлсний дараа худалдан авагчийн нэр дээр газраа шилжүүлэн өгч үлдэгдэл төлбөрөө авах эрх олгох, 1.4-т Худалдан авагчид газар албан ёсоор шилжиж, Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнө газрын талаар ямар нэгэн маргаантай асуудал үүсгэж, уг асуудлаас болж худалдан авагч тал хохироход хүрвэл бүх хохирлыг худалдагч тал хариуцана, 1.5-д Худалдан авагч газрын эзэмших эрхийн үнийн 50%-ийг төлсөн тохиолдолд газрын гэрээ болон гэрчилгээг хүлээлгэн өгч, шинээр захирамж гаргуулах үед хамт очиж Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүсэлтээ өгнө гэж заасан, гэрээний сүүлийн төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 10-нд төлөхөөр, төлбөрийн урьдчилгаанд 50 хувь буюу 85,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Ч.Дид 2020 оны 02 дугаар сарын 21-нд 50 000 000, түүнээс 1 сарын дараа 40 000 000 төгрөгийг дансаар /Аээс зээл төлөв гэсэн утгатайгаар/ шилжүүлсэн, одоо уг гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд өөр өөр байр суурь илэрхийлж байгаа нь тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид мөн маргаагүй.

8. Хэдийгээр нэхэмжлэгч Ч.Д /С.Л нь тухайн гэрээний тал биш боловч өөрийн нөхрөөр дамжуулан хүсэл зоригоо илэрхийлсэн гэж тайлбарлан нэхэмжлэгчээр оролцож байгаа/ нь тухайн газрыг худалдаж авахаар Ц.Отай тохиролцсон боловч талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш хэсэг хугацааны дараа буюу Нийслэлийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг цуцалснаар гэрээний үүрэг зогсонги байдалд орж улмаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй нь тогтоогдож байх ба харин Нийслэлийн засаг даргын, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар Ц.От 400 м2 газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, харин ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд эерэг нөлөөтэй захирамж гэж үзэхээр байна.

9. Тухайлбал, иргэн Ц.Оийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж дуусаагүй, газар эзэмших эрх нэхэмжлэгч Ч.Дид /С.Лд/ хуульд заасны дагуу үүсээгүй, гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй байсан энэ нөхцөлд Нийслэлийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжтай нэхэмжлэгч нар маргаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Ц.О 400 м2 газрыг эзэмших эрхээ сэргээсэн асуудал нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, тэдэнд газрын эрхийн асуудлаар шаардах эрх үүсээгүй байсан байна.

10. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А/257 дугаар захирамжийн дугаарыг А/258 гэж буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж тайлбарласныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч ...хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж хариуцагчийг буруутгасан боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх ба улмаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй.

11. Харин 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/291 дүгээр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамжаар хавсралтад заасан хэмжээ зориулалт бүхий газрыг тус бүр 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулахаар шийдвэрлэн газар эзэмших эрх олгосон иргэдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгон, газрын төлбөрийг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан, уг захирамжийн хавсралтын 2 болон 3 хэсэгт нэхэмжлэгч С.Л, Ч.Д нарт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 402 м2 болон 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр заасан боловч уг захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, ийнхүү олгогдохгүй байгаа асуудлаар нэхэмжлэгч нар гомдол хүсэлт нэхэмжлэл гаргаж маргаж байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ 27.3 дахь хэсэг Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дах хэсэг Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж тус тус заасан.

13. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/291 дүгээр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамжаар маргаан бүхий байршилд 402 м2 болон 700 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад тухайн асуудлаар маргаагүй атлаа уг газрын 400 м2 талбайн эзэмших эрхийг Ц.От олгосон Нийслэлийн засаг даргын А/561 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

14. Хэдийгээр нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон Дүүргийн засаг даргын захирамж гарснаас хойш 3 хоногийн дараа 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/561 дүгээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож баталгаажуулах тухай захирамжаар Ц.От маргаан бүхий газар болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд орших 400 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсон байх ба нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон Дүүргийн засаг даргын захирамж гарсан үйл баримт нь дангаараа Нийслэлийн Засаг даргын А/561 дүгээр захирамжийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болохгүй.

15. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний талаар маргаангүй, гэрээ дуусгавар болоогүй мэт тайлбарлах атлаа нэхэмжлэгч Ц.От газар эзэмших эрх олгосон захирамжтай маргаж байгаа нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

16. Хоёр. Нэхэмжлэгч нарын гаргасан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр эдэлбэр газар өөрчлөх тухай А/989 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

17. Нийслэлийн засаг даргын уг захирамжийн хавсралтын 36-д Ц.От өмнө олгосон 400 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэн 1894 м.кв газар болгож өөрчилсөн байх ба уг захирамжийг гаргахдаа Ц.Оийн гаргасан хүсэлт, Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлуудаас гаргасан дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн, уг захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

18. Нэхэмжлэгч уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн, хуулийн 38 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан гэж тайлбарласныг хэргийн оролцогчид эс зөвшөөрч маргасан.

19. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны актын үндэслэл болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн Ц.От холбогдох хэсгийг шүүхийн энэ шийдвэрээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул түүнд үндэслэж гарсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр эдэлбэр газар өөрчлөх тухай А/989 дүгээр захирамжийн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

20. Нөгөө талаар тухайн захирамж нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг үндэслэн гаргасан нь үндэслэл бүхий захиргааны акт байх ба уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

21. Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасан боловч нэхэмжлэгч нарын эзэмшил нь хууль ёсны болоогүй, тэдэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож гэрээ байгуулагдаагүй тул хуулийн энэ заалт нь нэхэмжлэгч нарын тухайд хэрэглэгдэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

22. Гурав. Нэхэмжлэгч нарын Нийслэлийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр эдэлбэр газар өөрчлөх тухай А/791 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

23. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд иргэн Ц.О нь ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/989 тоот захирамжтай 1894 м.кв газар дээгүүр өндөр хүчдэлийн шугам явж байгаа тул нормын дагуу 752 м.кв газрыг хасаж 1142 м.кв газрыг баталгаажуулж өгнө үү гэх хүсэлт гаргаснаар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр эдэлбэр газар өөрчлөх тухай А/791 дүгээр захирамж гаргаж, улмаар Нийслэлийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дүгээр захирамжийн иргэн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

24. Нэхэмжлэгч уг захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...хууль бус захирамжид үндэслэж гаргасан, нэхэмжлэгч нарын эзэмших эрхтэй газрыг хувааж Эрчим хүчний тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбарлан маргасан.

25. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гэж, 21.2.3-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих; гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж тус тус заасан.

26. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршил, нэр эдэлбэр газар өөрчлөх тухай А/791 дүгээр захирамж нь хариуцагч захиргааны байгууллага болох Нийслэлийн засаг даргын хуульд заасан эрх хэмжээнд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

27. Өөрөөр хэлбэл шүүхийн энэ шийдвэрээр Ц.От газар эзэмших эрх олгосон захирамжийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн, түүнчлэн тухайн газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдох газар болохын хувьд уг газрын талаар Нийслэлийн засаг дарга шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, уг газар нь 2016 оны Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсныг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

28. Дөрөв. Нэхэмжлэгч нарын гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/498 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

29. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.О нь 1780******* дугаар бүхий 442 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар улсын бүртгэлийн Э-2206******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, мөн өдөр 01122-2020/******* дугаар Газар эзэмших гэрээ-г байгуулсан, түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 244 дүгээр гэрээг Ц.О болон Ц ХХК-ийг төлөөлж М.Тамираа нар байгуулсан болох нь тогтоогдов.

30. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж заасан.

31. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ц.О болон Ц ХХК нар нь тус тусдаа хүсэлт гаргаж газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай хүсэлтийг холбогдох баримтуудыг хавсарган гаргаснаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/498 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг гаргаж уг захирамж гарсантай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/791 дүгээр захирамжийн иргэн Ц.От холбогдох хэргийг хүчингүй болсонд тооцсон байна.

32. Уг захирамжийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ц ХХК нь 0000******* дугаар бүхий 700 м.кв болон 442 м2 газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, эрхийн улсын бүртгэлийн Э-2206*******2 дугаарт бүртгэж 0000*******, 0000******* дугаар гэрчилгээ олгон улмаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн газрын албатай байгуулсан үйл баримтууд тогтоогдов.

33. Нэхэмжлэгч нар дээрхи захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хуурамч баримтанд үндэслэж гарсан хууль бус А/561 дүгээр захирамжид үндэслэн гарсан захирамжаас хойшоо гарсан захирамжууд бүгдээрээ хууль бус гэж тодорхойлон маргаж байна.

34. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана., 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна. гэж тус тус заасан.

35. Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл гуравдагч этгээд Ц.О нь газар эзэмшигчийн хуульд заасан эрхийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн засаг дарга захирамжаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуулиар тогтоосон эрх хэмжээнд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гэж шүүх дүгнэв.

Иймд уг маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж үзлээ.

36. Тав. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/405 дугаар Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

37. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/405 дугаар Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай захирамжаар ...тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар бусдын газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон, газар дээрээ амьдардаггүй иргэн Ч.Д, С.Л нарт холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамжийн заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрх нь хүчингүй болсон тухай иргэдэд мэдэгдэж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба...нд үүрэг болгож, энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" дүүргийн Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамжийн иргэн Ч.Д, С.Л нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсон байна.

38. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дах хэсэг Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж тус тус заасан.

39. Дээр дурдсан үйл баримтууд болон хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч нарт Хан-Уул дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн боловч тэдэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, энэхүү гэрчилгээ олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүйн асуудлаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч нарыг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

40. Хэдийгээр шүүхээс хийсэн газрын үзлэг болон гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч Ч.Д нь уг хаяг бүхий газарт байшин барьж хашаа татаж амьдарч байсан нь тогтоогдсон боловч энэ үйл баримт нь дангаараа хууль ёсны газар эзэмшигчид тооцох үндэслэл биш.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, 44 дүгээр зүйлийн 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Д, С.Л нараас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/791 дүгээр захирамжуудын Ц.От холбогдох хэсэг, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжийн Ц.О, "Ц" ХХК нарт холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/405 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН