Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03977

 

2024 08 01 184/ШШ2024/03977

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н
нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -т
холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******,
хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар
******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******
Солонгос улсын виз гаргуулах гэж байна, 2 хүний гэрээний боломж байгаа, нийт
7,000,000 төгрөг болно. Эхлээд 3,000,000 төгрөгийг нь өгөх шаардлагатай гэж
надад хэлсэн. Би тэр үед “надад яг одоогийн байдлаар мөнгө байхгүй байна” гээд,
2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 800,000 төгрөг шилжүүлсэн, дараа нь
1,200,000 төгрөг, 1,000,000 төгрөг гэсэн байдлаар нийт 3,000,000 төгрөгийг
хариуцагч руу шилжүүлсэн байдаг. 7 хоногийн дараа очиход *******
“төмрийн үйлдвэр, савангийн үйлдвэр зэрэг ажлууд байгаа” гэсэн. Гэтэл Солонгос
улс явах асуудал нь сүүлдээ больсон. Юу болсон талаар түүнээс асуухад “элчин
дээр асуудал гарсан” гэж хэлсэн. Тухайн үед таньдаг болохоор миний хувьд удаа
дараа мөнгө төл гэж *******ийг дарамталж байгаагүй. 2023 оны 10 сард
одонгийн хүүхдээ төрүүлсний дараа надад мөнгө хэрэгтэй байна, мөнгөө авмаар
байна гэж хэлэхэд өгөөгүй. Хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр
дүү маань нас бараад, мөнгө хэрэгтэй байна гэхэд өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл
гаргасан. Хариуцагч цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн гэж ярьдаг боловч
цагдаагийн байгууллагаас намайг нэг удаа ч дуудан ирүүлж мэдүүлэг авч
байгаагүй. Мөн энэ асуудлаар би эрүүгийн журмаар шалгуулахаар хандсан
удаагүй. ******* бид 2 хоорондоо ярилцаад л би мөнгөө өгсөн, өөр хүмүүстэй
харилцаж, ярилцаж байсан удаа байхгүй. Өөр хүмүүст мөнгөө өгч залилуулсан гэж
тайлбар гаргаж байгаа ч би тэр хүмүүсийг нь огт танихгүй, уулзаж байгаагүй. Би
хуулийн мэдлэг байхгүй тул нэхэмжлэлээ шүүхийн загвар харж байгаад зээлийн
төлбөр гаргуулах гэж бичиж өгсөн. *******т дансаар мөнгө шилжүүлсэн, виз
гаргаагүй тул 3,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл дээрээ намайг мөнгө зээлсэн гэж байсан боловч
одоо визний асуудлаа ярьж байна. Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр
*******д Солонгос улсын ажлын визэнд оруулж өгнө гэж 3,000,000 төгрөгийг
шилжүүлсэн. Виз гаргаж өгнө гэж *******, ******* нартай ******* холбож
өгсөн, визний урьдчилгаа болгож 4,500,000 төгрөг өгсөн. Би нөхөр *******ыг
Солонгос улсын визэнд оруулж байгаа гэж найз *******д ярьсан чинь
“манай нөхрийг бас асуугаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд би *******тэй холбож
өгөөд ******* нь нөхөр болох *******тайгаа Улаанбаатар их
дэлгүүрийн тэнд очиж ажлын гэрээгээ өөрийн биеэр байгуулсан. Миний хувьд виз
гаргана гэж байсан хүмүүстэй холбоотой байж, нэхэмжлэгчтэй мөн байнгын
харилцаа холбоотой байдаг. Нэхэмжлэл дээр мөнгө зээлсэн гэсэн боловч одоо
агуулгын хувьд өөр зүйл ярьж байна, зээл бол биш. Өөрийн дансаар
*******гээс 3,000,000 төгрөг шилжүүлсэн авсан хэдий ч виз гаргаж өгөх
байсан хүмүүс рүү мөнгийг нь шилжүүлсэн, миний хувьд залилуулсан тул
нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Солонгос улс руу явах зорилгоор хариуцагч руу мөнгө шилжүүлсэн.
Гэтэл тэр мөнгийг хариуцагч ******* болон *******аа, ******* гэх
хүмүүс рүү шилжүүлсэн байдаг. ******* нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан
зүйл байхгүй. Визний мөнгөний асуудал эрүүгийн журмаар шалгагдаад явж байгаа.
Манай талаас мөнгө өгөх шаардлагагүй, цаад хүмүүстээ дамжуулаад өгсөн. Энэ
талаар болон эрүүгийн журмаар шалгагдаж байгааг нэхэмжлэгч мэдэж байх
учиртай. Хариуцагч тухайн мөнгийг хувьдаа зарцуулсан зүйл байхгүй байна. Тэр
хүмүүс нь *******ийг залилаад, хариуцагч мөн хохирогчийн байр суурьтай
байгаа. Нэхэмжлэгч би мөнгөө авч байвал болно гэх хандлага нь зохимжгүй байна.
Тухайн үед виз нь гараад гадаад руу явсан бол нэгэндээ талархах байсан.
Хариуцагч хохирох эсэх нь нэхэмжлэгчид хамаагүй юм байна. Нэхэмжлэлийг
бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамжид 62,500
төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн
лавлагаа, *******гийн  дугаартай дипозит дансны
дэлгэрэнгүй хуулга,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт: Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын
хоёрдугаар хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 30иб 1 /2224 албан
тоот, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******ийн 
дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 27-ний
өдрийн 57,000 төгрөгийн орлогын ордерын хуулбар, ******* гадаад
паспортын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн
шилжүүлгийн баримтын хуулбар,
Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт: Сүхбаатар дүүргийн
цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс 2024 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 30
иб 1 /2775 албан тоот /тус шүүхийн цахим хаягаар хариу ирүүлсэн/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
судлаад

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...виз гаргаж өгөөгүй
тул 3,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “...мөнгийг
хувьдаа аваагүй, өөр хүнд дамжуулан өгч залилуулсан, эрүүгийн журмаар хэрэг
шалгагдаж байгаа...” гэж маргасан.
2. Нэхэмжлэгч ******* Солонгос улсын визэнд орох урьдчилгаа
төлбөр гэж хариуцагч *******т 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр
800,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр 1,200,000 төгрөг, 2023 оны
01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг шилжүүлсэн
нь талуудын Хаан банк дахь дипозит дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд энэ
үйл баримтад зохигч маргаагүй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн
38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн
шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа
өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ. 
******* 3,000,000 төгрөгийг *******гийн өмнөөс бусдад
шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.      
Тодруулбал *******ийн дугаартай дипозит дансны
дэлгэрэнгүй хуулганаас үзэхэд зарлага хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 25-ний
өдөр "эгчээс нь” гэсэн гүйлгээний утгатайгаар 1,200,000 төгрөгийг
шилжүүлсэн бөгөөд дээрх 3,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн
хугацаанаас хойш ******* гэсэн, эсхүл хариуцагчийн тайлбарт дурдсан
утгатай зарлагын гүйлгээ хийгдээгүй байна.
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр с гэсэн утгатай 2,000,000
төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр виз  гэсэн утгатай
2,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр виз со Хатантуулд гэсэн
утгаар 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгч
*******гээс хариуцагчид 3,000,000 төгрөг шилжүүлсэн цаг хугацаанаас
өмнөх зарлагын гүйлгээ байгаа зэргээс үзэхэд хариуцагчийн “дээрх 3,000,000
төгрөгийг виз гаргуулах зорилгоор өөр бусад этгээдэд шилжүүлсэн, өөртөө аваагүй
гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
3.1 Хариуцагч ******* нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 3,000,000
төгрөгтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх боловч
үүнийгээ мөн нотлох баримтаар нотлоогүй тул үндэслэлгүй.
Учир нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар
хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 30иб 1 /2224 албан тоот нь иргэн
 танад гэсэн байна. Хариуцагч талын хүсэлтээр шүүх нотлох баримт
гаргуулахаар шаардсаны хариу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын
хоёрдугаар хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 30 иб 1 /2775 албан
тоотод “..иргэн  нь 2022 оны 10 дугаар сарын дундуур Д.*******
гэх хүнтэй харилцаж Солонгос улсын виз гаргуулахаар 6,000,000 төгрөг шилжүүлж
залилуулсан гэх өргөдөл гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж
байна” гэжээ.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, түүний
тайлбараар хариуцагч *******,  нар гэрлэгчид бөгөөд дээрх
баримтуудаас үзэхэд хариуцагчийн нөхөр болох нь Д.*******т
холбогдуулж эрүүгийн журмаар гомдол гаргасан болох нь нотлогдож байна. Иймд
*******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 3,000,000 төгрөг
гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой буюу талуудын хоорондын харилцаанаас
үүссэн маргаантай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж
үзэхээргүй байна.
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө
хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг
зүйлийг олж авсан этгээдээс, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч
этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу
хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд буцаан шаардах эрхтэй байна.

******* виз гаргуулахаар *******тэй ярилцаж, тохиролцсон, өөр
этгээдтэй энэ талаар тохиролцоогүй гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй ба
“..зуучлагч хийгээгүй, надад итгэж мөнгөө шилжүүлсэн, ямар нэг зүйл бодоогүй” гэх
тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* нь
шилжүүлсэн мөнгийг бусдын даалгавраар хүлээн авч, өөр этгээдэд дамжуулсан
гэж тогтоогдохгүй байх тул хариуцагчийг хөрөнгийг өөрийн мэдэлд авч,
үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Иймд хариуцагч *******ээс 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч
*******д олгох нь зүйтэй гэж үзэв.
6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн
төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан
хариуцагч *******ээс 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д
олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн 62,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,
хариуцагч *******ээс 62,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д
олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан
сонсгомогц хүчинтэй болох бас зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч
буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14
хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол
гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН