Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.И /РД:/

Нэхэмжлэгч: Б.О /РД: /

Нэхэмжлэгч: Д.У /РД:/

Хариуцагч: Оюуны өмчийн газар

Гуравдагч этгээд: Б.Д /РД: /

Гуравдагч этгээд: Н.Н /РД: /

Гуравдагч этгээд: С.Б /РД: / нарт холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын 2018 оны А/47 тоот тушаалын , тоот ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И, Б.У, Б.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.М, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.О, гуравдагч этгээд П.Н, С.Б, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Н, Г.Б, орчуулагч Н.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.И, Б.О, Д.У нар нь Оюуны өмчийн газрын даргын 2018 оны А/47 тоот тушаалын , тоот ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

2. Нэхэмжлэгч Б.И, Б.О, Д.У нар нь ******* тоот ашигтай загварын гэрчилгээ, ******* шинэ бүтээлийн патент эзэмшдэг бөгөөд Оюуны өмчийн газрын Хяналтын газарт тухайн патентыг хууль бусаар зөвшөөрөлгүй ашиглаж байгаа талаарх гаргасан гомдлын дагуу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээн шалгах явцад холбогдогч этгээд Н.Н нарын патент ашигладаг талаар нэхэмжлэгч анх мэдсэн.

3. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий албан тушаалтан тогтоол гаргаж 2302 дугаартай хэрэгт хэрэг бүрийн ажиллагаа явуулаад иргэн Б.Иээс гаргасан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.1 Нэхэмжлэгч Б.И, Б.О, Д.У нар нь нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." 37.2. Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно." гэж заасан. Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах" хуулийн шаардлага хангаагүй байна. Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-000, 20-2018-000 тоот ашигтай загварт холбогдох заалтууд нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчсөн төдийгүй, Патентын тухай хуулийн (2006 оны) 6 дугаар зүйлд заасныг илт зөрчсөн хууль бус акт гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие ******* тоот ашигтай загварын гэрчилгээ, ******* тоот шинэ бүтээлийн патентыг эзэмшдэг бөгөөд Оюуны өмчийн газрын Хяналтын газарт миний эзэмшдэг патентыг хууль бусаар зөвшөөрөлгүй ашиглаж байгаа талаарх гаргасан гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгах явцад холбогдогч этгээд Н.Н нарын патентыг лицензийн гэрээ байгуулан ашигладаг талаар тайлбар өгсөн. Энэ нь техникийн түвшин хангасан, шинэ технологийн шийдэл гаргасан бидний шинэ бүтээл, ашигтай загварыг нэвтрүүлж байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд болон дэлхий дахины ногоон технологид саад болж байгаа утгаараа бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм.

4.2. С.Б, Н.Н, Б.Д нарын ашигтай загварын гэрчилгээ авсан "Бодын ширний үс авах, шохойдлогын 20-2018-000 дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга" тоот, "Бог малын арьсны үс авах, шохойдоход бесгөсөн шохойн лагшим ашиглах арга" нэртэй 20-2018-000 тоот бүтээлийн томъёололд нэртэй дурдсан арга нь Патентын тухай хуулийн /2006 оны / 6 дугаар зүйлийн 6.2-т " техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон ашигтай загварыг, 6.4-т ""Ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ, 6.5-д Дараах зүйлийг ашигтай загварт тооцохгүй: 6.5.1. ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухай шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан 6.5.2. урьд тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн" гэж тодорхойлсон байхад шинэ байх хуулиар тогтоосон шалгуур хангаагүй, Монгол Улсад нийтэд илэрхий болж нэвтэрч ашиглагдсан, манай оронд болон гадаад оронд хэвлэн Нийтлэгдсэн байхад ашигтай загварын гэрчилгээ олгосныг хууль бус гэж үзэж байна.

Малын арьс шир боловсруулах чиглэлээр миний бие болоод бидний олон жилийн судалгаа шинжилгээний ажлыг үр дүнгүй болгож байгаагаараа тухайн гэрчилгээ, патент нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Эрдэм шинжилгээ судалгааны ажил шинжлэх ухааны хөгжилд чухал нөлөөтэй байдаг. Олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд техник, технологийн хөгжил хангагддаг нь дэлхий дахинд тогтсон жишиг, хандлага мөн.

Гэтэл Н.Н нарын ашигтай загварын гэрчилгээ нь шинжлэх ухаанд харш, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулж байсан арга технологид суурилсан, 1970-аад оноос дэлхий дахинд хэрэглэж ирсэн уламжлалт буюу хэвшмэл, шинэ биш технологи юм. Байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд харш учраас Н.Н нарын ашигтай загварын гэрчилгээгээр хамгаалагдсан технологийг халах, ногоон технологийг дэлхий дахинд нэвтрүүлэхийг зорьж буй өнөө цагт ийм технологид ашигтай загварын гэрчилгээ олгосныг малын арьс ширний салбарын эрдэмтэд судлаачид бид эрс эсэргүүцэж байгаа юм. Энэ утгаараа зөвхөн эрдэмтэн судлаачид, арьс ширний салбарын бизнес эрхлэгчид төдийгүй улс орны хөгжлийн бодлогод ч хор хохиролтой байгаа учраас энэхүү ашигтай загварын гэрчилгээг хүчингүй болгох нийгмийн шаардлага байна гэж үзэж байна.

4.3 Манай улс орны мал аж ахуйн салбар түүний дотор арьс ширийг дэлхийн технологид нийцүүлэн боловсруулахад бидний судалгаа, шинжилгээний ажлын зорилго оршдог. Ингэснээр арьс ширийг боловсруулан экспортлоход манай судалгаа шинжилгээний ажил чухал үүрэгтэй. Гэтэл Оюуны өмчийн газар хайлт шүүлтийг үнэн зөв, чанартай хийлгүйгээр байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хортой учраас дэлхий дахинд хэрэглэхийг хорьж байгаа хүхэрт натри, бөсгөсөн шохой хэрэглэх технологид ашигтай загварын гэрчилгээ олгосныг бид хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байгаа болно.

Иймд Патентын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,6.4, 6.5.1, 6.5.2-т заасныг тус тус зөрчиж олгосон Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-, 20-2018- тоот ашигтай загварт холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү? гэжээ.

4.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлээр захиргааны акт илт хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Захиргааны үйл ажиллагааны зарчмыг бол тодорхойлсон. Энэ дээр 4.2.1-д хуульд үндэслэнэ, 4.2.4-д үр нөлөөтэй байна, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой гэсэн ийм захиргааны үйл ажиллагааны зарчим байдаг. Гэтэл Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаал энэ зарчим хуулийн шаардлага хангаагүй гэж ингэж үзэж байгаа. Учир нь А/47 тоот тушаал нь гарахдаа Засгийн газрын эрх зүйн байдлын тухай гэдэг ийм хуульд үндэслэсэн байгаа. Тэгэхлээр Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хууль гэдэг нь Монгол Улсад байхгүй. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль гэж ингэж бичсэн байж магадгүй гэж бид үзэж байгаа юм. Гэхдээ энэ үндэслэл болгоод байгаа тухайн хуулийн 12, 14 дүгээр зүйлүүд нь патент олгохтой холбоотой ямар нэгэн үндэслэл болохоор хуулийн заалт биш байгаа юм.

Өөрөөр хэлбэл энэ хуулийн заалтуудаар Оюуны өмчийн газрын даргад ашигтай загварын зөвшөөрөл олгох талаар ямар нэгэн эрх олгоогүй, зөвхөн агентлагийн санхүүжилт, эд хөрөнгөтэй холбоотой ийм зохицуулалтыг үндэслэл болгож ингэж тушаалаа гаргасан байгаа юм. Энэ нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай ийм захиргааны акт байна гэж үзэж байгаа. Тийм учраас хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Патентын тухай хуульд олгосон б эрхийнхээ хүрээнд энэ тушаал гаргах ёстой байсан. Гэтэл Патентын тухай хуулийг ерөөсөө огт үндэслэл болгоогүй ийм тушаал гарсан байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байна.

4.5. Патентын тухай 2006 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т техникийн тухайн үеийн түвшнээс давуутай, нотлогдсон ашигтай загварыг шинэ гэж үзнэ гээд энэ заалтыг зөрчиж гэрчилгээ олгох асуудлыг шийдсэн байна гэж ингэж үзэж байгаа. Мөн дээрх хуулийн 6.4-д ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг шинэ гэж үзнэ гэж заасан. Үүнийг бас зөрчсөн. Мөн Патентын тухай хуулийн 6.5-д дараах зүйлийг ашигтай загварт тооцохгүй гэсэн байгаа. Энэ 6.5.1-д ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан; 6.5.2-т урьд тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн байх юм бол ашигтай загварт тооцохгүй гэдэг ийм зохицуулалтыг хийж өгсөн байгаа. Тэгэхлээр энэ заалтуудыг зөрчиж энэ ашигтай загварын гэрчилгээ олгосон байна гэж үзэж байгаа. Бидний маргаантай байгаа 2 ашигтай загварын гэрчилгээ олгохдоо бид ашигтай загварын мэдүүлэг гээд энэ бүх зүйлүүдийг үндэслээд тайлбарлахад тухайн үед шинжээч н.Одгэрэл мэдүүлэг гаргагч нарт мэдэгдэл өгсөн байгаа. Хуулийнхаа дагуу мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлдээ юу гэж дурдсан бэ гэхлээр энэ томьёололд тодорхойлсон энэ зүйлүүд нь хуулийн шаардлага хангахгүй байна. Тийм учраас энийгээ ингээд тодруулж ирээч. Өөрөөр хэлбэл, 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ийм мэдэгдэл өгсөн байгаа. Тэгэхлээр энэ мэдэгдэлд энэ техникийн шаардлага хангахгүй байна, энийгээ тохируулж өгөөч ээ гэдэг ийм мэдэгдэл өгсөн байгаа. Тэгэхлээр мэдэгдлийн хариу өгөхдөө засах ёстой юмыг нь засаагүй байхад ашигтай загварын гэрчилгээ олгохыг шийдвэрлэсэн нь хууль бус байна гэж үзэж байгаа. Нийтэд илэрхий болсон Монгол Улсад хэвлэн нийтлэгдсэн гэдэг энэ зүйлийг бид нар шүүх хуралдааны явцад үзлэг болоод бусад нотлох баримтыг шинжлэн судлахад тодорхой болно. Тийм учраас Оюуны өмчийн газрын даргын 2018 оны А/47 тоот энэ тушаалын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Тус шүүхэд Б.И, Д.У, Б.О нарын Оюуны өмчийн газрын даргын 2018 оны А/47 тоот тушаалын Н. Н, С.Б, Б.Дунд-Эрдэнэ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ашигтай загварын мэдүүлгийн бүрийн 20-2018-000 дугаартай "Бодын ширний үс авах, шохойдлогын дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга" нэртэй ашигтай загварын мэдүүлгийн бүрийн 20-2018-000 дугаартай "Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга" нэртэй бүтээлийг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалаар П.Н, С.Б, Б.Д нарт ашигтай загварыг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, улсын бүрийн 20-000*******, 20-000******* дугаар ашигтай загварын гэрчилгээ олгосон байна. Ашигтай загварын мэдүүлгүүдэд Патентын хуулийн 12 дугаар зүйлд заасан магадлан шүүлтийг хийхдээ тус хуулийн 6.4 заалтын дагуу ашигтай загварын шинж чанарууд мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болсон эсэхийг тогтоох зорилгоор хайлт хийж, хайлтын тайланд тулгуурлан ашигтай загвараар бүртгэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлтийг гарсан байна. Хайлтын тайланд MN20-000*******, MN20-000******* болон MN20-000******* бүтээлүүдтэй харьцуулж, техникийн өмнөх түвшинг тогтоосон. Техникийн өмнөх түвшинд ашигтай загвараар мэдүүлсэн шинж чанар нийтэд илэрхий болоогүй шинэ байсан тул томьёоллын хүрээнд ашигтай загварын гэрчилгээ олгох боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна.

5.2. Ашигтай загварын шинж чанарт хамаарах хүхэрт натри арьс ширний салбарт ашиглагддаг. Арьс ширний үйлдвэрт арьсны үсийг сулруулахад хэрэглэгдэх техникийн хүхэрт натрийн MNS 0569:1987 стандартыг мөрдөж улсын хэмжээнд арьс ширний салбарт хүхэрт натрийг ашиглаж байна. Мөн нэхэмжлэлд дурдагдсан нэхэмжлэгчийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 4 сарын 30-ны өдрийн А/82 тоот тушаалаар ашигтай загварын 20-000******* дугаар гэрчилгээ олгосон ашигтай загварын мэдүүлэгт "... Өнөөдөр арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд ямааны арьсны үсэн бүрхүүл буюу хялгас үсийг салгахдаа шохой ба хүхэрт натри ашиглан түрхлэг бэлтгэн ..." хэрэглэдэг тухай дурдсан байна. Нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр мэдүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 сарын 5-ны өдрийн А/85 тоот тушаалаар шинэ бүтээлийн 10-000******* дугаар патент олгосон шинэ бүтээлийн мэдүүлэгт "...арьсны ноос хялгасыг салгахдаа шохой ба хүхэрт натрийн түрхлэгийн оронд натрийн силикат ба ферментийг ашиглахыг санал болгож байгаа юм..." гэж дурдсан байна. Нэхэмжлэлд дурдагдсан бөсгөсөн шохойн хувьд гидратын шохойн MNS 6738:2018 стандартыг мөрдөн ашигладаг бөгөөд арьс ширний боловсруулалтад дутуу шатсан шохойн чулуу, элс, шороо зэрэг гаднын хольцгүй 90-95 хувийн гидратын шохойг ашигладаг байна. Мөн улсын бүрийн 20-000*******, 20-000******* дугаар ашигтай загварын эрх эзэмшигч П. Н, С.Б, Б.Д нарын хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

Энэ бөсгөсөн шохой 1950 онд гарсан хуучин гэж. Бид нар зөвхөн шохой гэдэг үгийг нь сонсонгуутаа энэ бүтээлийг хуучин, хоцрогдсон гэж хэлж болохгүй. Патентыг интернетээр хайлт хийж үзсэн. Бөсгөсөн шохойг орос хэлээр гашеная известь, англи хэлээр slaked lime гэж нэрлэдэг. Зөвхөн энэ үгээр хайлт хийхэд 20-30 мянган хайлт гарч ирж байгаа. Хуучин гээд яриад байгаа нь өнөөдөр 2021 онд зохион бүтээгдсэн л байж байгаа. Арьсыг үсгүй болгох аргаар хайлт хийж үзсэн. Шинэ бүтээлийн томьёоллыг хэлсэн. Шинэ бүтээлийн томьёолол, бичиг арга зүй гэдгийг зөв ойлгож байх ёстой. Үндсэн томьёолол гэж 1 дүгээр томьёоллыг хэлдэг. Үндсэн том томьёолол энэ томьёоллоос нэгийн ялгаа 2-ын ялгаа гэдэг энэ томьёоллуудыг дэд томьёолол гэж хэлдэг. Энэ томьёоллууд энийг улам цааш нь нарийвчилж, одоо хэрэглэх хүрээг нь сайн болгохын тулд бичсэн байдаг. Тэгэхээр эд нар түвшин хангаагүй байж болдог. Энэ 1 дүгээр томьёолол түвшин хангачихсан байвал үүнээс хамааралтай дараагийн дэд томьёолол түвшин хангаагүй адилхан байж болно. Тийм учраас дээр үед байсан параметрийг энэ томьёололд оруулчхаж гэж хэлэх нь тухайн бүтээлийн томьёолол бичих арга зүй мэдэхгүй байгаа учраас ийм тайлбар хийж байгаа гэж би бодож байна.

Монгол Улс Парисын 1883 онд батлагдсан конвенцэд элссэн. Энэ том конвенцэд бүх энэ заалтууд байж байдаг. Яг Монгол хүн ийм эрх эдэлнэ, ийм шинэ бүтээл, ийм томьёолол, бичвэр ийм байх ёстой гээд энэ Парисын конвенцээс дагалдаад 17 том конвенцэд Монгол Улс элсээд орчихсон байгаа. Энэ том олон конвенцүүдэд бүгдийг нь энэ талаар биччихсэн байдаг. Энэ конвенцүүдийг үндэслээд Монгол Улс Патентын хуулиа гаргасан байгаа. Монгол Улсын Патентын хуулийг хэрэгжүүлэх журам гэж байгаа. Тэр журам дээр томьёолол ийм байна. Тэр юм нь ингэж байна, тэр томьёолол нь ингэж байна шүү гээд энэ хүмүүст бүгдэд нь ингээд ойлгогдохоор ашиглахаар нэг мөр бүгдээрээ нэг адил ойлгож байна гэжээ

6.1 Гуравдагч этгээд П.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: Оюуны өмчийн газрын даргын 2018 оны А/47 дугаар тушаалаар иргэн П.Н нарт олгосон 20-2018-000, 20-2018-000 тоот ашигтай загварын гэрчилгээнүүд нь хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан хууль ёсны шийдвэр юм. Тус шийдвэрийг гаргах үед 2006 оны Патентын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба энэхүү маргаанд тус хуулийг хэрэглэнэ. Гуравдагч этгээд П.Н би нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Патентын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д "Ашигтай загварын мэдүүлэг нь өргөдөл, тодорхойлолт, томьёолол, тайлбар, зургаас бүрдэх бөгөөд ашигтай загварын томьёолол нь уг шийдлийн ялгарах шинжийг тодорхойлж, эрхийн хамгаалалтын хүрээг тогтооно" гэжээ.

Иргэн П.Н бидний зохион бүтээсэн патентын томьёолол нь нэхэмжлэгчийн ******* тоот ашигтай загварын гэрчилгээ, ******* тоот шинэ бүтээлийн патентын томьёоллын шийдэл, орц найрлага, хугацаа, температур болон бусад шинж чанарууд эрс ялгаатай бөгөөд бие даасан техникийн өөр шийдлүүд юм. Тодруулбал; И нарын ******* тоот "Хонины нойтон хөх арьс боловсруулах арга" патентад дурдагдсан технологид: Найрлагад орох бодисууд: натрийн силикат буюу шингэн шил, фермент, ус, шоргоолжны хүчил, гадаргуугийн идэвхт бодис хэрэглэх ба нийт 4 томьёолол бүхий

Үүнд: 1) 37-38 хэмийн усанд натрийн силикат 150 гр, фермент 30гр, 20-22 өтгөн зуурмаг бэлтгэн шар махан талаас нэвчүүлнэ.

2) Арьсны жингийн 150%-д тооцсон 38-40С усанд, 1,3 кг/см нягттай натрийн силикат 4%, фермент 2%-иар уусган бэлтгэсэн, рН-12-13-тай усанд арьсыг 24 цаг байлгана.

3) Арьсны энгийн 100%-д тооцон авсан 35С-ийн усанд натрийн силикат 1,5-2%, гадаргуугийн идэвхт бодис 0,2% тооцон, дахиад 1 цаг тутамд 5 мин эргүүлэн нийт 24 цаг нэвчүүлнэ. Арьсны жингийн 80%-д тооцон авсан 38С-ийн усанд гадаргуугийн идэвхт бодис, шоргоолжны хүчлийн уусмалд хийж байлгана гэж томьёологджээ.

6.2 И нарын ******* тоот "Ямааны хялгас ноолуурыг шингэн шил, ферментээр авах арга" ашигтай загварын гэрчилгээнд дурдагдсан технологид Найрлагад орох бодисууд: натрийн силикат буюу шингэн шил, фермент, ус, шоргоолжны хүчил, гадаргуугийн идэвхт бодис 5 төрлийн бодис хэрэглэсэн, нийт 4 томъёолол бүхий,

Үүнд: 1) "37-38 хэмийн усанд натрийн силикат 150 гр, фермент 30 гр, 20-26 өтгөн зуурмаг бэлтгэн шар махан талаас нэвчүүлнэ.

2) Ямааны арьсны жингийн 150%-д тооцсон 38-40 С усанд, 1,2-1,3 кг/см3 нягттай шингэн шилийг 3-5%, фермент 0,5-2%-иар уусган бэлтгэсэн, рН-12-13-тай усанд арьсыг 24 цаг байлгана.

3) Арьсны энгийн 150%-д тооцон авсан 25 С-ийн усанд натрийн силикат 1,2-1,3%, гадаргуугийн идэвхт бодис 0,2% тооцон, 1 цаг тутамд 5 мин эргүүлэн нийт 24 цаг нэвчүүлнэ.

4) Арьсны жингийн 80%-д тооцон авсан 38 С-ийн усанд ГИБ буюу гадаргуугийн идэвхт бодис, шоргоолжны хүчлийн уусмалд хийж байлгана" гэж тодорхойлжээ.

6.3. Харин П.Н миний болон хамтрагч С.Б Б.Д нарын 20-2018- 000 тоот "Бодын ширний үс авах, шохойдлогын дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга" гэрчилгээнд дурдсан технологид Хэрэглэх бодис Бөсгөсөн шохой буюу кальцийн гидроксид, натрийн сульфид, ус гэсэн 3 төрлийн бодис хэрэглэдэг. Нийт 2 томьёололтой.

Үүнд: 1) Бөсгөсөн шохойг 18-22 хэмтэй усанд хийж, ууссаны дараа хүхэрт натри нэмэн, өтгөн 25 боме /Ве/, рН-12,5 шар махан талаас түрхэх үйлдлээр үс авах, шохойдлогонд усанд бөсгөсөн шохойг нэмж, нягтыг 1,5-1,7 Ве болгосны дараа арьсыг хийж 18-24 цаг байлгана. 2) Усны хэм 20-25 С байн. гэж тодорхойлогдсон. Мөн "П.Н бидний 20-2018-0003858 тоот мэдүүлгийн дугаартай "Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга" нэртэй ашигтай загварт Хэрэглэгдэх бодис бөсгөсөн шохой, бөсгөсөн шохойн лагшим, хүхэрт натри ашигладаг ба нийт 6 томъёол бүхий, нэршил, технологийн зориулалт, хугацаа, шингэний орчин-рН, түрхлэгийн нягт, технологи явуулах орчны температур огт өөр технологийн арга юм. /нотлох баримтыг хавсаргав/ Нэхэмжлэгч нар өөрийн патентын томьёололд хамааралгүй асуудал, үндэслэлээр бидний ашигтай загварын гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

6.4. Гуравдагч этгээд П.Нын өмгөөлөгч Д.Н шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаар тушаалын хавсралт дахь , тоот ашигтай загварт холбогдох хэсэг нь хуулиар тусгайлан олгосон эрх, хуульд заасан үндэслэл, журам, хэлбэрийн шаардлагыг тус тус хангасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй захиргааны акт юм. Тодруулбал, А/47 дугаар тушаал нь 2006 оны Патентын тухай хуулийн 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийг үндэслэсэн байна. 12 дугаар зүйл дээр ашигтай загварын мэдүүлэгт магадлан шүүлт хийх, 14 дүгээр зүйл нь ашигтай загварын гэрчилгээ олгох гээд. Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Монгол Улсад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг гүйцэтгэнэ гээд, 26.1.2-д шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ олгох гэж заасан. Мөн иргэн, хуулийн этгээдээс тус хуулийнхаа 7 дугаар зүйлийн 7.1-д шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, эсхүл түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана гэж заасны дагуу иргэн П.Н, С.Б нар ашигтай загварын мэдүүлгээ гаргасан. Эдгээр нь Оюуны өмчийн газрын даргын ашигтай загварын гэрчилгээ олгох, олгосон шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон.

6.5 Энэ дээр А/47 дугаар тушаалын хавсралт дахь , тоот ашигтай загварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна. Тушаалтай маргаагүй. Гэтэл тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-ийг зөрчсөн, утга агуулгын илэрхий, алдаатай гэж хэлж байна. Хавсралтынхаа эрх зүйн алдаа, хууль зүйн үндэслэлийг дурдсангүй.

Нэхэмжлэл дээрээ болон нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан баримт дээрээс нь нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэлт өөрчлөлт оруулсныг харахаар нэхэмжлэгч нарыг эзэмшиж байгаа нэг шинэ бүтээлийн патент, нэг ашигтай загварын патент буюу эдгээр оюуны өмчийн эрхийг зөрчөөд байна. Энэ эрх хууль ёсны ашиг ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас бид нар энэ А/47 гэдэг захиргааны актыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэдэг эрх хууль ёсны зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоор энэ 2 дугаар бүхий патенттай холбож тайлбарласан байгаа.

Анхдагч огноо гэдэг, Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д анхдагч огноо гэж юу вэ гэдгийг тодорхойлсон байгаа. Тэр нь ашигтай загвар патентынхаа мэдүүлгийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад анх хүлээлгэн өгсөн он, сар, өдөр гэж тодорхойлж байна. 15 дугаар зүйл дээр патент, ашигтай загварын гэрчилгээний хүчинтэй байх хугацаа гэдэг зүйл байгаа. 15.1-д анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн патент 20 жил, бүтээгдэхүүний загварын патент 10 жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж байна. Гэтэл эрхэм хүндэт нэхэмжлэгч нарын патентын анхдагч огноо нь хэзээ вэ гэдэг асуудал яригдана. Гэтэл гуравдагч этгээд П.Н нар патентаа 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн анхдагч огноотойгоор мэдүүлээд ашигтай загварын гэрчилгээ авсан байгаа. Гэтэл эрх ашиг хөндөгдөж байна гээд байгаа нэхэмжлэгч нар нь 2 жилийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой ашигтай загварын мэдүүлэг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анхдагч огноотой шинэ бүтээлийн мэдүүлгийн дугаар нь 31******* дугаартай гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, А/47 дугаартай тушаал нь 2018 онд гаргахдаа ирээдүйд буюу 2020 онд үүсэж магадгүй, үүсэхгүй ч юм уу, орчлон хорвоо дээр оршин байгаагүй тэр эрх ашиг сонирхлыг зөрчих ямар ч боломжгүй. Улмаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, шинэ бүтээлийн патент, ашигтай загвартай холбоотой олон улсын гэрээ конвенц, нэгдэн орсон гэрээ конвенцоор Монгол Улс хүлээсэн үүргээ маш ноцтойгоор зөрчих, улмаар энэ салбарын эрх зүйн тогтолцоог гажуудуулах сөрөг үр дагавар үүснэ.

6.6. Анхдагч огнооны хувьд товчхондоо эрх ашиг бол анхдагч огнооноос өмнөх бүртэй, өмнө нь эрх эзэмшиж байгаа этгээдийн хүрээнд яригдах болохоос биш ирээдүй цаг дээр үүсэх эрх дээр хэзээ ч яригдахгүй. Энгийнээр бодоход газар, ашигт малтмалтай маш төстэй. Анхдагч огноогоор эрх нь оршин тогтноогүй байхад л эрхийг зөрчсөн гэж үзээд байгаа. Томьёолол, 2006 оны Патентын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2-д шинэ бүтээлийн патентын томьёолол нь тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон ойлгомжтой, товч тодорхой байх бөгөөд нэг шинэ бүтээл нь хэд хэдэн томьёололтой байж болно. 7.5-д ашигтай загварын мэдүүлэг нь өргөдөл, тодорхойлолт, томьёонд тайлбар зургаас бүрдэх бөгөөд ашигтай загварын томьёолол нь нэг шийдлийн ялгарах шинжийг тодорхойлж, эрхийн хамгаалалтын хүрээг тодорхойлно гэж байгаа юм. Тэгэхээр шинэ бүтээл ашигтай загварын эрх буюу өмчлөх эрхийн хүрээ, зааг хязгаар нь зөвхөн томьёоллоор тодорхойлогдоно.

Гэтэл эрхэм хүндэт нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа 2020 онд мэдүүлж авсан тэр ирээдүй цаг дээр мэдүүлж авсан шинэ бүтээл, ашигтай загварын томьёолол нь П.Н, С.Б нарын энэ томьёололтой бүх юмаараа ялгаатай. Орц найрлага. Одоо жишээ нь энэ хүмүүсийн ашигтай загвар патент дээр байгаа натрийн сульфат, шүлтэд тэсвэртэй протез, фермент, шоргоолжны хүчил гэх ийм орц найрлага байхгүй. Ерөөсөө ижил юм нь ус л байгаа. Хугацаа, температур гэх зэрэг шинж чанараараа эрс ялгаатай, өөр шийдлүүд байгаа учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ирээдүй цаг руу очоод зөрчье гэсэн ч энэ боломжгүй зүйл байна. Томьёоллынхоо хувьд буюу эрхийн хамгаалалтын хүрээнд тодорхойлогддог гэдэг хуулийн заалтаар ирээдүй цаг руу очоод хамгаалъя гэхэд томьёолол нь өөрөө зөрүүтэй байна.

Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж байгаа. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар маргааныг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно. гэж байгаа.

2006 оны Патентын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, 6.5.1, 6.5.2 гэсэн заалтад заасан шалгуурыг иргэн П.Н нарын ашигтай загвар нь хангасан тухай гэдэг тайлбар хэлье. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдахдаа ашигтай загварыг олгож байх үеийн түвшнээс давуутай нотлогдоогүй бөгөөд 1952 оноос гадаад оронд 1985 оноос Монгол Улсад нэвтэрч илэрхий болсон шийдэл байна. Илэрхий болсон, нэвтэрч ашигласан, хэвлэн нийтэлсэн тохиолдолд ашигтай загварт тооцохгүй гээд энийг одоо ийм ийм байгаа учраас олгосон нь үндэслэлгүй байна гэдэг юм ярьж байгаа юм. Гэтэл иргэн П.Н нарт олгосон тэр дугаар бүхий 2 ашигтай загвар нь 2006 оны Патентын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, 6.5.1, 6.5.2 гэсэн заалтуудыг хангасан. Өөрөөр хэлбэл, 1 дүгээрт нь анхдагч огноо. Өнөөдөр 2018 онд энэ иргэн П.Н нарт олгох гээд патентын мэдүүлгийг нь аваад шүүлт хийж байхад ирээдүйд болох ч юм уу, болохгүй ч юм уу, лам хувраг ч юм уу, шинжлэх ухаан албан ёсны харилцаанд харш, байж боломгүй тийм юмыг төрийн байгууллагаас патентын шинжээчээс шаардаад ингэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Ирээдүйд болох хэн нэгний эрхийг зөрччихлөө гэж бодоход 2020 онд нэхэмжлэгч нарт олгосон шинэ бүтээлийн патент болон ашигтай загварын томьёолол нь эрхийн хамгаалалт буюу өмчлөх эрхийн шаардлагын хүрээг тогтоож өгч байдаг.

Нэхэмжлэгч нараас өөрсдийнхөө шинэ бүтээл ашигтай загварын гэрчилгээг гаргаж өгсөн байгаа. Томьёоллын хамт хэвлэчихсэн. Мөн ном судалгааны ажил гээд нэр бүхий хэдэн юмнууд гаргаж өгсөн. Энэ дээр ном судалгааны ажил, лавлагаа албан бичиг байгаа. Нэмээд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Оюуны өмчийн газар болон маргаан шийдвэрлэх зөвлөлөөс 817 тоот патент 801*******, ******* дугаарт ашигтай загварын хувийн хэргүүд ирсэн байгаа. Эдгээр ашигтай загвар патентын томьёолол, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ном судалгааны ажил, лавлагаа дээр холбогдох хуудас бүгдийг нь уншлаа. Ирээдүйд 2020 онд бий болж байгаа шинэ бүтээл ашигтай загварын чинь томьёоллыг уншлаа. Гэтэл энэ дээр та нарынхаас тэс өөр шийдэл байна шүү дээ. Ерөөсөө энэ ялгаа нь гэдгээс хойших энэ техникийн шийдэл та бүхний хүсэлтээр болон өөрсдөө шууд шүүхэд гаргаж өгсөн энэ баримтуудад үзэж байгаад огт байхгүй байна. Иймд иргэн П.Н нарын ашигтай загварын гэрчилгээ, улсын бүрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна

7.1. Гуравдагч этгээд С.Б шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний ажлын гол зорилго арьс ширнээс боловсруулалтад хэрэглэж байгаа шохойны чанарыг сайжруулахад чиглэгдсэн ийм ажил. Арьс ширэнд бараа бүтээгдэхүүн гарахаас өмнө бүхэл шохойг унтрааж шохойнд сүү бэлдэж хэрэглэдэг байсан. Тэгээд бүхэл шохойг унтраах процесс 100% шатдаггүй, дотроо заавал түүхий байдаг. Том том дутуу шатсан чулууг нь ялгачихдаг. Жижигхэн иймэрхүү бага хэсгүүдэд нь шохойн сүүтэй үлдчихдэг. Тэр нь арьсныхаа үсийг авах процессынхоо дараа махлахад бол арьсаа үрдэг. Бохир усандаа ордог гэх мэтийн янз бүрийн асуудал үүсгэдэг байсан. Тэгээд энэ чанарыг сайжруулахын тулд бүхэл шохойг шинжилсэн. Гэтэл энэ шохойн чулуу дутуу шатчихсан. Тийм учраас энийг ахиж шатааж үзсэн. Тэрнээс шохой гарч байгаа, тэрийг ахиад бөсгөж үзсэн болж байгаа. Миний гаргасан бүтээгдэхүүн нь бүхэл шохойн дээр усыг хийхэд 3 янзын бүтээгдэхүүн үүсэж байна. Нэгд нь хамгийн их ус хийчихвэл шохойн сүү гээд 250-300%-ийн устай, дараа нь шохойн лагшин гэж байна. Тэр болгон 40,50, 60%-ийн устай, өтгөн тараг шиг юм байгаа. Хамгийн сүүлчийнх нь 5 хувийн устай бөсгөсөн шохой, гурил шиг нунтаг. Энийг би гаргасан юм. Тэгэхээр дандаа грамм литрээр ялгасан байгаа нь шохойн сүү хэрэглэсэн гэж батлаад байгаа. Энийг хуурайгаар л хийж байгаа. Үүнийг найруулаад шохойн сүү бэлтгэж болно. Лагшин бэлтгэж болно. Гэхдээ бид илүүдэл ажил хийх шаардлагагүй. Зүгээр л энийгээ шууд граммлаад хийж байгаа. Уутыг нь авч задлаад хийж байгаа бичлэг надад байгаа. Энийг баримтлах туршигдсан өчнөөн олон юм байгаа. Бүх олон үйлдвэрүүд ямааны арьсны ноолуурыг авахад хүртэл хэрэгжсэн. Өдөрт 4-5 мянган ямааны ноолуурын үсийг авахад 4 цаг авахдаа үүнийг холиод хэрэглэдэг. Үүнийг шинэлэг гэж хэлээд байгаа юм. Бөсгөсөн шохой гэдэг юмыг маш олон салбарт хэрэглэдэг юм байна. Одоо арьс ширэндээ нэвтрүүлчихсэн том үйлдвэрүүд хэрэглээд явж байна. Энэ бөсгөсөн шохойгоор цэвэрлэх байгууламжид туршилт хийчихсэн. Цэвэрлэх байгууламж үнэртэй байна гээд л яриад байгаа шүү дээ. Тэр үнэрийг арилгах туршилтуудыг хийчихсэн. Газар тариаланд хэрэглэж байна. Газар тариалангийн хүчлэгийн хийг бууруулдаг. Нүхэн жорлонгийн үнэр арилгадаг. Утааны хүхэрлэг хийг нь шингээгээд авч байгаа энэ бүх туршилтуудыг бид бүгд хийчихсэн. Одоо барилгын материалд ашиглаж байгаа. Ийм олон шинэ зүйлийг гаргачихсан байхад яагаад энэ ажлыг үгүйсгээд байгаа юм. Энэ их сонин. Одоо манай арьс ширний салбар дутуу шатсан шохойтой чулуугаа хийгээд, тэр их олон бохир ус нь бохирдоод, шохойн лаг гээд зүйл үүсэж хаядаг байсан. Үүнийг хүсээд байгаа юм уу. Яагаад техникийн дэвшлийг ойлгож хүлээж авахгүй байгаа юм. Тэр нь их сонин байна гэв.

7.2. Гуравдагч этгээд С.Бгийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар зөрүүтэй тайлбарлаж байна. Захиргааны акт алдаатай байсан гэж тайлбарлаад байна. Нөгөө өмгөөлөгч нь акттай биш тушаалын хавсралттай маргаж байна гэж тайлбарлаад байгаа нь утга найруулгын хувьд алдаатай өөр өөр тайлбар хэлээд байна гэж ойлголоо. Захиргааны акт алдаатай буюу илэрхий алдаатай гарсан байж болно. Агуулгын хувьд хэний эрхийг хөндөж, хэний эрхийг хамгаалаад байгаа хэлбэр бэ гэдгийг актын хүрээнд бүхэлд нь харах ёстой. Энэ актын хүрээнд яригдаж байгаа этгээдийн эрх ашиг хаана хөндөгдөөд байгааг харах ёстой. Нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Оюуны өмчийн газар тушаал гаргаж байна. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргах ёсгүй байсан мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол энэ хүрээнд эрх бүхий патентыг эрхийнхээ хүрээнд олгосон байна. Олгох явцдаа гаргаж байгаа акт нь өөрөө алдаатай байвал Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан алдаа засах эрх нь өөрөө тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал байна. Үүнийг хэн шаардах вэ гэвэл энэ актад дурдагдсан 17 патент эзэмшиж байгаа 13 этгээд өөрөө шаардлага тавьж засах эрхтэй. Үүний дагуу засах үүрэг нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудалд байгаа. Манай үйлчлүүлэгч С.Бгийн ашигтай загвар нь нэр томьёоллын хувьд, агуулгын хувьд ч нэхэмжлэгч нартай давхцаж байгаа асуудал байхгүй. Нэхэмжлэгч нар өөрөө ямар эрхээ яаж зөрчсөнийг тайлбарлаж чадахгүй байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээдийн хариу тайлбарт үндэслэл бүхий тайлбар байна гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч Б.И, Д.У, Б.О нар тус шүүхэд хандаж Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-, 20-2018- тоот ашигтай загварт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлүүдээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...Патентын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, 6.5.1, 6.5.2-т заасныг тус тус зөрчиж олгосон, шинэ байх хуулиар тогтоосон шалгуур хангаагүй, Монгол Улсад нийтэд илэрхий болж нэвтэрч ашиглагдсан, манай оронд болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн байхад ашигтай загварын гэрчилгээ олгосон нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагч, гуравдагч этгээд нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.И, Д.У, Б.О нар нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн анхдагч огноотой, 10-000******* улсын бүрийн, 10-2020-0006621 мэдүүлгийн дугаар бүхий Хонины нойтон хөх арьс боловсруулах арга нэртэй шинэ бүтээлийн патентийг 2040 оны 9 дүгээр сарын 14-нийг хүртэл эзэмших онцгой эрхтэй, мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн анхдагч огноотой, 20-000******* улсын бүрийн, 20-2020-0000******* мэдүүлгийн бүрийн дугаар бүхий Ямааны арьсны хялгас ноолуурыг шингэн шил ба ферментээр авах арга нэртэй шинэ бүтээлийн патентийг 2027 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаагаар эзэмших онцгой эрхтэй болох нь тогтоогдсон, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

4. Харин гуравдагч этгээд Н.Н, С.Б, Б.Д нар нь ашигтай загварын мэдүүлгийн бүрийн 20-2018-000 дугаартай "Бодын ширний үс авах, шохойдлогын дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга" нэртэй, мөн ашигтай загварын мэдүүлгийн бүрийн 20-2018-000 дугаартай "Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга" нэртэй бүтээлийг тус тус 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалаар П.Н, С.Б, Б.Д нарт ашигтай загвар эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, улсын бүрийн 20-000******* 20-000******* дугаар ашигтай загварын гэрчилгээ олгосон байна.

5. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагын шинжээч Б.Одгэрэлийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтэнд ...Шүүлтийн тайлан-шинэ бүтээлийн тодорхойлолт магадлан шүүлтэд тохирно, шинэ байдал-тийм, үйлдвэрлэлд ашиглагдах боломж-тийм...2. аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь усанд бөсгөсөн шохойг 3%-иар нэмж, d=1,5-1,7Be болоход хүхэрт натри 2-2%-иар нэмж холимогыг бэлтгэсэн байна, 3. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь шохойдсоны дараа түүхий эдийг урсгал усаар 15-20 мин угаагаад дахин шохойдно, 4. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь бөсгөсөн шохойг 20-25С хэмтэй устай 1:2 харьцаагаар хольж лагшимыг бэлтгэнэ, 5. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь түрхлэгийн орчин рН=12,5, 20-25С хэмтэй байна, 6. Аргын томьёоллын 1 эсвэл 3 дугаарын ялгаа нь усанд бөсгөсөн шохойг 3%-иар нэмж, нягтыг d=1,4-1,7Be болгосны дараа 20-25С хэмд 24-72 цаг дахин шохойдно гэсэн дүгнэлт гаргасан болох нь тогтоогдов.

6. Патентын тухай хуулийн 3.1.3-д "ашигтай загвар" гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг; 3.1.4-д "патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг; 3.1.5-д "ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг эрх бүхий этгээд өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг хэлэхээр тус тус заасан.

7. Түүнчлэн уг хуулийн 6.1-д Ашигтай загвар нь шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд гэрчилгээ олгоно 6.2-т Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон ашигтай загварыг "шинэ" гэж үзнэ гэж, 6.3-д Ашигтай загвар нь үйлдвэрлэлийн аливаа салбарт ашиглаж болохуйц байвал "үйлдвэрлэлд ашиглах боломжтой" гэж үзнэ, 6.4-т Ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ, 6.5-д Дараахь зүйлийг ашигтай загварт тооцохгүй 6.5.1.ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан;6.5.2-т урьд нь тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн;6.6-д Энэ хуулийн 4.7 дахь хэсгийн заалт ашигтай загварын гэрчилгээ олгоход нэгэн адил хамаарна. 4.7-д Дараахь зүйлийг шинэ бүтээлд тооцохгүй 4.7.4-т ...байгаль орчин...-д харш шийдэл гэж тус тус заасан.

8. Шүүх маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь: Гуравдагч этгээд нараас ...Б.И нарын ******* тоот "Хонины нойтон хөх арьс боловсруулах арга" патентад дурдагдсан технологид: Найрлагад орох бодисууд: натрийн силикат буюу шингэн шил, фермент, ус, шоргоолжны хүчил, гадаргуугийн идэвхт бодис хэрэглэх ба нийт 4 томьёолол бүхий Үүнд:

1) 37-38 хэмийн усанд натрийн силикат 150 гр, фермент 30гр, 20-22 өтгөн зуурмаг бэлтгэн шар махан талаас нэвчүүлнэ.

2) Арьсны жингийн 150%-д тооцсон 38-40 С усанд, 1,3 кг/см нягттай натрийн силикат 4%, фермент 2%-иар уусган бэлтгэсэн, рН-12-13-тай усанд арьсыг 24 цаг байлгана.

3) Арьсны энгийн 100%-д тооцон авсан 35С-ийн усанд натрийн силикат 1,5-2%, гадаргуугийн идэвхт бодис 0,2% тооцон, дахиад 1 цаг тутамд 5 мин эргүүлэн нийт 24 цаг нэвчүүлнэ. Арьсны жингийн 80%-д тооцон авсан 38С-ийн усанд гадаргуугийн идэвхт бодис, шоргоолжны хүчлийн уусмалд хийж байлгана гэж томьёологдсон, харин ******* тоот "Ямааны хялгас ноолуурыг шингэн шил, ферментээр авах арга" ашигтай загварын гэрчилгээнд дурдагдсан технологид Найрлагад орох бодисууд: натрийн силикат буюу шингэн шил, фермент, ус, шоргоолжны хүчил, гадаргуугийн идэвхт бодис 5 төрлийн бодис хэрэглэсэн, нийт 4 томъёолол бүхий, Үүнд:

1) "37-38 хэмийн усанд натрийн силикат 150 гр, фермент 30 гр, 20-26 өтгөн зуурмаг бэлтгэн шар махан талаас нэвчүүлнэ.

2) Ямааны арьсны жингийн 150%-д тооцсон 38-40 С усанд, 1,2-1,3 кг/см3 нягттай шингэн шилийг 3-5%, фермент 0,5-2%-иар уусган бэлтгэсэн, рН-12-13-тай усанд арьсыг 24 цаг байлгана.

3) Арьсны энгийн 150%-д тооцон авсан 25 С-ийн усанд натрийн силикат 1,2-1,3%, гадаргуугийн идэвхт бодис 0,2% тооцон, 1 цаг тутамд 5 мин эргүүлэн нийт 24 цаг нэвчүүлнэ.

4) Арьсны жингийн 80%-д тооцон авсан 38 С-ийн усанд ГИБ буюу гадаргуугийн идэвхт бодис, шоргоолжны хүчлийн уусмалд хийж байлгана" гэж тодорхойлогдсон,

9. Харин П.Н, С.Б Б.Д нарын 20-2018-000 тоот "Бодын ширний үс авах, шохойдлогын дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга" гэрчилгээнд дурдсан технологид Хэрэглэх бодис Бөсгөсөн шохой буюу кальцийн гидроксид, натрийн сульфид, ус гэсэн 3 төрлийн бодис хэрэглэдэг. Нийт 2 томьёололтой. Үүнд:

1) Бөсгөсөн шохойг 18-22 хэмтэй усанд хийж, ууссаны дараа хүхэрт натри нэмэн, өтгөн 25 боме /Ве/, рН-12,5 шар махан талаас түрхэх үйлдлээр үс авах, шохойдлогонд усанд бөсгөсөн шохойг нэмж, нягтыг 1,5-1,7 Ве болгосны дараа арьсыг хийж 18-24 цаг байлгана. 2) Усны хэм 20-25С байна гэж тодорхойлогдсон, мөн 20-2018-0003858 тоот мэдүүлгийн дугаартай "Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга" нэртэй ашигтай загварт Хэрэглэгдэх бодис бөсгөсөн шохой, бөсгөсөн шохойн лагшим, хүхэрт натри ашигладаг ба нийт 6 томъёол бүхий, нэршил, технологийн зориулалт, хугацаа, шингэний орчин-рН, түрхлэгийн нягт, технологи явуулах орчны температур огт өөр технологийн арга гэж тайлбарласан, харин нэхэмжлэгч тал нь гуравдагч этгээд нарт олгогдсон ашигтай загварыг ...шинэ байх хуулиар тогтоосон шалгуур хангаагүй, Монгол Улсад нийтэд илэрхий болж нэвтэрч ашиглагдсан, манай оронд болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн байхад ашигтай загварын гэрчилгээ олгосон нь хууль бус гэж тодорхойлон үүний нотолгоо болгож Л.П.Гайдоров, Москва 1974, Технология кожи (Специальные главы) номыг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн.

10. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Патентийн хуульд зааснаас үзвэл хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүд нь хариуцагч захиргааны байгууллагаас бүрэлдэхүүнтэй шинжээч томилсны үндсэн дээр асуудлыг тодруулах шаардлагатай, тухайн тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх үзлээ. Тухайлбал:

-"Бодын ширний үс авах, шохойдлогын дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга" нэртэй, мөн ашигтай загварын мэдүүлгийн бүрийн 20-2018-000 дугаартай "Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга" нэртэй бүтээлүүд нь шинэ гэж үзэхүйц ашигтай загвар мөн эсэх, өөрөөр хэлбэл техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон эсэх, нотлогдсон бол хэрхэн нотлогдож байгаа, үйлдвэрлэлийн аливаа салбарт ашиглаж болох эсэх, дээрхи ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болсон эсэх, нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн ном бичмэл баримтуудыг энэ тохиолдолд хэрхэн холбогдуулан авч үзэх,

-Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Патентийн хуулийн 6.5.1-д заасан ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан, мөн 6.5.2-т урьд нь тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн-д эдгээр ашигтай загвар хамаарах эсэх, уг ашигтай загварууд байгаль орчинд харш шийдэл мөн эсэх зэрэг болно.

11. Хариуцагч захиргааны байгууллага эдгээр дурдсан асуудлуудыг бүрэлдэхүүнтэй, салбарын мэргэжлийн шинжээчдийг оролцуулан дүгнэлт гаргуулан тодруулж тухайн дүгнэлтээ үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Патентийн тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-, 20-2018- тоот ашигтай загварт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар /180 хоног/-аар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/47 тоот тушаалын 20-2018-, 20-2018- тоот ашигтай загварт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН