Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Т  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705004990057 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 28 хоногийн баривчлах ялаар, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 705 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Т д 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялд мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын баривчлах ялыг багтааж түүний биечлэн эдлэх ялыг 6 сарын баривчлах ялаар тогтоож тус тус шийтгүүлж байсан. Шүүгдэгч Т  нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны авто зогсоолоос иргэн Б.Түмэнжаргалын эзэмшлийн 47-69 УНӨ улсын дугаартай “Тоёота Спасио” маркийн автомашиныг хууль бусаар хулгайлан авч 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв. Шүүхээс шүүгдэгч Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл: Шүүгдэгч Т  нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны авто зогсоолоос иргэн Б.Түмэнжаргалын эзэмшлийн 47-69 УНӨ улсын дугаартай “Тоёота Спасио” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хохирогч Д.Түмэнжаргалын “... 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өглөө 08.40 цагт гарах гээд машиныхаа түлхүүрээ үзтэл миний машины түлхүүр байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрт байдаг илүү түлхүүрээ аваад машин руугаа 8.50 цагт гарахад миний машин зогсоол дээрээ байсан. Тэгээд би запас түлхүүрээрээ онгойлгоод хөдлөх гэж байгаад болиод буцаагаад түгжээд гэрлүүгээ орсон. Тэгээд буцаж 09.40 цагийн үед машин дээрээ ирэхэд миний машин байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/ “... Би өөрийн автомашиныг хүлээн авсан, дотор нь байсан бүх зүйл байна лээ. Ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. ... Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/ Гэрч П.Цэндхүүгийн “... би эхлээд гэрлүүгээ орсон. Харин манай нөхөр Түмэнжаргал машинаа байрлуулаад орж ирсэн юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 30 минутын үед манай машин байрныхаа зүүн талд байрлуулчихсан байсан. Тэгээд 09 цаг өнгөрч байхад манай нөхөр машинаа асаах гээд гарсан боловч буцаж гэртээ орж ирээд машин байхгүй байна гэсээр гэртээ орж ирсэн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/ Шүүгдэгч Т гийн яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 8 дугаар сарын гадна автомашины зогсоол дээр байсан Тоёота спасио нэртэй мөнгөлөг шаргал өнгийн машин гадна хаалганд нь түлхүүр зоолттой байхаар нь тухайн үедээ эзнийг нь дуудах гэсэн боловч миний утсанд нэгж байгаагүй. Тэгээд жаахан байж байгаад унаад хөдлөх гэсэн боловч хажуу талын машинаа шүргэчихсэн юм. Тэгээд би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө уг хулгай хийсэн машинаараа таксинд явж байгаад замын цагдаа зогсоохоор нь зогсоход нөгөө цагдаа энэ хэний машин юм бэ бичиг баримтаа шалгуулаарай гэж асуухаар нь энэ манай ахын машин бичиг баримт байхгүй гэж хэлэхэд нөгөө цагдаа дарга руугаа яриад хулгайд алдагдсан машиныг оллоо гэж хэлээд цаанаас нь дахиад цагдаа нар ирээд төв замын цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нарт хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/ 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ны “Тоёота спасио 4769 УНӨ улсын дугаартай” автомашиныг 6.500.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ гаргасан тайлан. /хэргийн 42 дугаар хуудас/ “Тоёота спасио 4769 УНӨ улсын дугаартай” автомашины өмчлөгч нь Дорлигжавын Түмэнжаргал” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Иймд шүүгдэгч Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Т г нь энэ гэмт хэргийг шунахай зорилгоор санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгэмд аюултай шинж чанар, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан эрх, эрх чөлөөг нь хязгаарлах шаардлагатай тул хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч Д.Түмэнжаргалд “4769 УНӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота спасио маркийн автомашин хүлээлгэн өгөв” гэсэн баримт үйлджээ. /хэргийн 37 дугаар хуудас/ Иймд шүүгдэгч Т гээс гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролд тооцож гаргуулах төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ