Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00389

 

2024 08 06 156/ШШ2024/00389

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

156/2024/00362/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... , ... тоотод байрлах, ... ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух,... ,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,600,685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ББСБ ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр хариуцагчид 1,599,900 төгрөгийг 3.1% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай компаниас олгосон зээлээр .... ХХК-иас 43 (UE43Т5202AUXCE) маркийн зурагт худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг ... ХХК-ийн Хаан банкан дахь 5210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрийг төлөхгүй, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.01.26-ны өдөр ... тоот захирамжаар хаягтаа байхгүй тул хэрэгсэхгүй болгосон тул ....ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүхийн 2024.06.17-ны өдрийн 182/ШШ2024/02834 тоот шийдвэрээр ....ийн хаягийг Хэнтий аймгийн ... дугаар байр, 32 тоотод бүртгэлтэй гэж гарсан. Иймд Улсын бүртгэлээс тогтоосон хаягийн дагуу ....ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 98,613 төгрөг, үндсэн хүү 446,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,273 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 1,600,685 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч .... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ... ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,600,685 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөр маргаантай зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч ....т холбогдуулан 1,600,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 1,600,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч .... нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,560.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,280,48 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ....ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,280,48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,600,685 /нэг сая зургаан зуун мянга зургаан зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,560.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,280,48 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ....ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 20,280,48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА