Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2024/00391

 

2024 08 09 156/ШШ2024/00391  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 156/2024/20195/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ... оршин суух, .... ,

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч ... ,

Гэрч...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Хүсэлт гаргагч ... нь 1991-2000 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Хүсэлт гаргагч ... шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Батширээт суманд 1968 онд төрсөн. Бага насаа эцэг, эхийн хамт өнгөрүүлж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэтгэвэрт гарах хүртлээ сумандаа мал маллаж амьдарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл мал маллаж байсан хугацаа хүрэхгүй байгаа. Иймд мал маллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгох гэсэн юм. Намайг 1989 онд цэрэгт байхад 1989 оны хүн амын тооллогод аав, ээж минь намайг өөрийн хаяг дээрээ бүртгүүлээгүй байсан. Аавынхаа нэр дээр хүн амын тооллогод ороогүй учир аав, ээжийн хамт мал маллаж байсан жилүүд маань баталгаажаагүй байна. Би 1984 онд 8-р анги төгссөн. Өөр сургуульд сураагүй, тэгээд нэгдлийн уурын зууханд галчаар ажиллаж байгаад жолооны курст явсан. Дараа нь 1987-1989 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1989-1990 он хүртэл Батжил нэгдэлд мужаанаар ажилласан. Тэгээд нэгдэл тарж нэгдлээс хувьцааны мал авч эцэг.... болон эх, дүү нарын хамт 1991-2000 он дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1-р бригадад мал малласан. Би 1997 онд гэр бүлтэй болж, өрх тусгаарласан. Гэхдээ малаа аавынхаа нэр дээр тоолуулдаг байсан. Тэр үед би эцэг, эх, гурван дүүгийн хамт амьдарч байсан. Иймд намайг 1990-2000 онд Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1-р багт мал маллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч ... нь 1991-2000 оныг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1-р багт мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. Тэрээр дээрх хугацаанд мал маллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагч ... ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №633144 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4-5 тал),

3. Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9935 дугаартай ...... нь 1987.09.25-ны өдөр н/507 дугаартай тушаалаар Хэнтий аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 065 дугаар хорих ангид алба хааж, 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар Өмнөговь аймагт 1989.10.15-ны өдөр 633144 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

4. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №0681150 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-8 тал),

5. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №01809000474 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

6. Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай тодорхойлолт (хх-ийн 10 тал),

7. Хүсэлт гаргагч ... ын эцэг, эхийн хамт авахуулсан гэх гэрэл зураг (хх-ийн 11 тал),

8. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 08/188 дугаартай ...Хэрлэн сумын Батширээт сумын 1990, 1994, 1997, 2000 оны холбогдох баримт гараагүй болно гэх албан бичиг (хх-ийн 13 тал),

9. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 08/52 дугаартай.... гийн Батширээт сумын Онон багийн 1991-1993, 1995, 1996, 1998, 1999 оны мал тооллогын бүртгэлийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14-20 тал),

10. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-авто жолооч, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг газар-сумын төв, гэр бүлийн байдал- гэрлээгүй, ажилладаг байгууллага-0, ажилд орсон-0, эрхэлдэг ажил-0 гэх лавлагаа (хх-ийн 23 тал),

11. Гэрч ...ын шүүхэд өгсөн ...Намайг анх 1991 онд Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт мал маллахаар тусдаа гарахад ... нь аав, ээж, дүү нарын хамт мал малладаг байсан. Манайхтай саахалт айлууд байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 30 тал),

12. Гэрч ...ийн шүүхэд өгсөн ...Манайхыг 1992 онд Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт хөдөө байхад ... ах аав, ээж, дүүгийн хамт мал малладаг байсан. Манайхан айл саахалт байсан. ... ахыг хэдэн онд цэргийн алба хаасан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг (хх-ийн 31 тал),

13. Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 02/663 дугаартай албан бичиг (хх-ийн 34 тал),

14. Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03-02/3740 2000 оны хүн амын тооллогын лавлагаа (хх-ийн 35 тал),

15. Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 02/733 дугаартай албан бичиг (хх-ийн 48 тал),

16. Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03-02/4244 1989 оны хүн амын тооллогын лавлагаа (хх-ийн 49 тал),

17. Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03-02/4243 2000 оны хүн амын тооллогын лавлагаа (хх-ийн 50 тал),

18. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн CVL2423000001003349 дугаартай ... ,... нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 52 тал

19. Шүүх хуралдаанд гэрч... ын өгсөн ...би ... ын болон түүний аав, ээжтэй нь Хэнтий аймгийн Батширээт сумын Онон бригадад саахалт байдаг байсан. ... нь 1990 оноос хойш өдийг хүртэл мал маллаж байгаа... гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч ... нь 1991-2000 оныг дуусталх хугацаанд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д хамрагдаж, нөхөн тооцуулсан бөгөөд тэрээр 1987-1989 онд цэргийн алба хаасан болох нь хэрэгт авагдсан цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрт авагдсан Баталгаажилтын хуудас-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Гэвч түүнийг 1991-2000 оныг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт мал маллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд:

- Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай .... нь 1990-2000 он хүртэл тус багт эцэг, эхийн хамт мал маллан амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх албан бичиг ирсэн боловч уг албан бичигт дурдагдсан үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст эцэг, эх, дүү нарын хамт авахуулсан гэх гэр бүлээрээ хамтдаа сууж байгаад авахуулсан гэрэл зургийг хавсаргасан боловч уг гэрэл зургаар түүнийг мал маллаж байсан гэж тогтоох боломжгүй байна.

- хавтаст хэргийн 15-20 дугаар хуудаст авагдсан.... гийн нэр дээрх малчин өрх, мал тооллогын материалаас үзэхэд 1993 онд ам бүл 7, мал дээр ажиллагсдын тоо 3, үүнээс 16-35 насны мал малладаг хүн 1, 56-61 насны мал малладаг хүний тоо 2 гэж, 1995-1996 оны материалд ам бүл 6, 16 наснаас дээш мал малладаг хүн 2, 16-35 насны мал малладаг хүн 2, 36 наснаас дээш мал малладаг хүн 1, 55-60 насны мал малладаг хүн 1 гэж, 1998 оны материалд ам бүл 6, малчин өрх 1, малчны тоо 4, 16 наснаас дээш мал малладаг хүн 2, 35-аас дээш насны мал малладаг хүн 1, 60-аас дээш насны мал малладаг хүн 1, нийт малчдаас эмэгтэй 2 гэж, 1999 оны материалд ам бүл 6, малчин өрх 1, малчны тоо 4, 16 наснаас дээш мал малладаг хүн 2, 35-аас дээш насны мал малладаг хүн 1, 60-аас дээш насны мал малладаг хүн 1, нийт малчдаас эмэгтэй 1 гэж бүртгэгдсэнийг.... гийн ам бүлийн уг тоонд хүсэлт гаргагч ... орсон гэж таамаг дэвшүүлж түүнийг мал маллаж байсан хэмээн үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч ... нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...би гурван дүүтэй, дүү ... 1972 онд төрсөн, дүү ... 1974 онд төрсөн, дүү ... 1978 онд төрсөн. Бид бүгд эцэг эхийн хамт амьдарч, мал маллаж байсан... гэж тайлбарласан бөгөөд дээрх малчин өрх, мал тооллогын материалд дурдагдсан малчны тоонд хүсэлт гаргагч ... орсон эсэх, эсхүл түүний дүү нар орсон эсэх нь тодорхойгүй байна.

- хүсэлт гаргагчийн нэр дээрх 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-авто жолооч, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг газар-сумын төв, гэр бүлийн байдал- гэрлээгүй, ажилладаг байгууллага-0, ажилд орсон-0, эрхэлдэг ажил-0 гэж бичигдсэн байна.

- хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 08/52 дугаартай.... гийн Батширээт сумын Онон багийн 1991-1993, 1995, 1996, 1998, 1999 оны мал тооллогын бүртгэлийн түүвэр авагдсан бөгөөд энэхүү архивын түүвэр нь.... гэх хүний мал маллаж байсан байдлыг нотолсон баримт байна. Харин ... ын мал маллаж байсан байдлыг нотлох баримт биш байна. Хүсэлт гаргагч ... нь шүүх хуралдаанд ...би аав, ээж, дүү нартайгаа мал малладаг байсан... гэж тайлбарлах боловч энэ хугацаанд хүсэлт гаргагч ... нь.... гийн гэр бүлийн гишүүн байсан, хамт нэг өрхөд амьдарч байсан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 02/663 дугаартай албан бичиг (хх-ийн 34 тал), Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03-02/3740 2000 оны хүн амын тооллогын лавлагаа (хх-ийн 35 тал), Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 02/733 дугаартай албан бичиг (хх-ийн 48 тал), Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03-02/4244 1989 оны хүн амын тооллогын лавлагаа (хх-ийн 49 тал), Үндэсний төв архивын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03-02/4243 2000 оны хүн амын тооллогын лавлагаа (хх-ийн 50 тал)-гаар үгүйсгэгдэж байна.

- хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн нэр дээрх №633144 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын 2 дугаар хуудаст ам бүлийн байдал-ын талаар бичигдсэн байх бөгөөд уг бичвэр харагдахгүй байсан тул шүүх хуралдаанд түүний эх хувьдтай нь тулган үзэхэд уг цэргийн батлах нь 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгогдсон, энэхүү бичвэр нь харагдах байдлаараа хар өнгийн тосон балаар бичигдэж Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтэс гэсэн тамга дарагдсан байна. Уг батлахын 2 дугаар хуудаст авагдсан ам бүл байдал-ын талаарх мэдээлэл нь харандааны балаар аав ... 42н, ээж Ичинхорлоо 40н, ах ... , 12-17 насны 4 дүүтэй гэж бичигдсэн байна. Иймд уг бичвэр нь нэгэн цаг хугацаанд бичигдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

- хүсэлт гаргагч ... ыг мал маллаж байсан байдлыг мэдэх ..., ...,... нарыг гэрчээр асуусан боловч гэрч нарын 1991-2000 оныг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт мал маллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь гэрч нарын 1991-2000 онд Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт мал маллаж байсан байдал нь баримтаар нотлогдсон тохиолдолд тэдгээрийн мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжтой.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэдэг тул хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүсэлт гаргагч ... ын 1991 оноос 2000 оныг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт мал маллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч .... ын 1991 оноос 2000 оныг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАРИНА