| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03735/И |
| Дугаар | 184/ШШ2024/04290 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/04290
2024 09 03 184/ШШ2024/04290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 31 дүгээр хороо, Дэнжийн 2а тоот хаягт оршин байх “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв” төрийн байгууллага/РД:9129006/-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговорт 3,091,310 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Улаанбаатар хотын “Ус цаг уур орчны шинжилгээний төв”-ийн харьяа ******* дүүргийн салбар дах *******ний даргаар 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад ямар ч үндэслэлгүйгээр тус төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хууль бусад тооцож ажилгүй байсан үеийн цалинг олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч тус шийдвэрийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр биелүүлж урьд хийж байсан ажилд эргүүлэн томилсон. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор болох 3,091,310 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч “Ус цаг уур орчны шинжилгээний төв”-ийн дарга болон ахлах нягтлан ******* нар надтай зүй бусаар харьцаж намайг доромжилж ажлаа хийх боломжгүй болгож байна. Өнөөдөр шүүхийн шийдвэр гарсны дараа би өөрөө өмнөх дарга н.******* руу залгаж “Миний данс хаагдчихлаа. Зээл маань нэхэгдээд байна” гэхэд өмнөх дарга цааш дамжуулсан. Маргааш нь 8.000.000 төгрөгийг надад гаргуулж өгсөн. Мөн би ажил дээрээ очиж шүүхийн шийдвэрийг дарга, нягтлан хоёрт танилцуулж явсныг ажилчид харсан. Өмнөх даргын буруутай үйлдлийг тохож байна гэж хэллээ. Хуулийн этгээдийг төлөөлж байж энэ талаар ойлголттой байх хэрэгтэй. Миний бие 2 жилийн дараа тэтгэвэрт гарна. Нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв” шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гэрэлцацрал нь газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны Б/125 тоот тушаалаар томилогдон 2024 оны 01 дугээр сарын 02-ны өдөр ахлах нягтлан бодогч ******* нь тус төвийн даргын Б/05 тоот тушаалаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр томилогдон ажлаа хүлээн авсан байдаг. Бид бүхэн тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны ******* тоот шийдвэрийг анхнаасаа шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйл “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, шүүхийн шийдвэрт гомдол гаргах”, 120.1-д заасан “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хучин төгөлдөр болно”, 120.1.1-д заасан “Энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй" бол буюу 2024 оны 02 сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болох юм байна гэж ойлгож байсан. Мөн *******ийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргийнхээ дагуу хуучин албан тушаал, ажилд эргүүлэн авахдаа уг албан тушаалд ажиллаж байсан той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах асуудал үүссэн байдаг. той хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 80.4-д заасан “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5. 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй" гэсний дагуу 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр телефон утсаар эхлээд мэдэгдсэн ба мөн оны 02 дугаар сарын 19-ний өдөр албан тоотоор мэдэгдсэн байдаг. Ингэж мэдэгдэх үедээ *******, нарын ажлыг цаад тал нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор шийдэх юм байна гэсэн ойлголтоор асуудалд анхнаасаа хандаж байсан. Бас нэг зүйл анхааруулахад тухайн үед *******ийн тушаалыг гаргахад шүүхийн шийдвэр байгууллага дээр ирэхгүй удсан. Уг шүүхийн шийдвэр 2024 оны 02 дугаар сарын 27-ны өглөө шуудангаас хүлээн авсан ба тэр өд******* багтаад даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гэрэлцацрал нь *******тэй фэйсбүүк чатаар харилцсан байдаг. Монгол шуудангийн Хархорин салбар дээрээс манай байгууллагад хүлээлгэн өгсөн хугацааг хуулбарлан өгөхийг хүссэн боловч шүүхийн шийдвэргүй бол хуулбарлан өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. *******ийг томилсон тушаал гаргах үеэр нийтээр амрах баярын өдөр гуравдугаар сарын 08-ны өдөр, бүх нийтийн амралтын өдөр таараад уг хоёр хүний ажлыг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр комисс томилон ажил хүлээлцүүлсэн болно. Иймд бид бүхэн анхнаасаа хуанлийн 45 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэх юм байна гэж ойлгож байсны дагуу хуулийн хугацаанд нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа тул *******ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагч байгууллагын ахлах нягтлангийн ажилд томилогдон, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уг маргааныг мэдсэн. Өмнөх даргын хийсэн буруутай үйлдлээс болж одоо ажиллаж байгаа бид хохирч байна гэж үзэж байна. Анх бид ажилгүй байсан үеийн нөхөн олговрыг олгуулахыг найрсгаар хүлээн авч хүний ажил хавсран хийж байж 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн томилсон. Бидний зүгээс хууль журам болон шүүхийн шийдвэрт зааснаар 45 хоногийн дотор ажлыг хүлээлцсэн. Бид нэхэмжлэгчид бусад ажилчдын цалинг хасаж, танд цалин олгох боломжгүй байна гэж ойлгуулсан. Мөн төсөв мөнгөнд төсөвлөгдөөгүй мөнгийг өгөх боломжгүй гэж хэлсэн. Одоогоор манай талд нэхэмжлэгчид олгох, өмгөөлөгч авах төсөв байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл/хх 1 тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 2 тал/, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар Улаанбаатар хотын “Ус цаг уур орчны шинжилгээний төв”-ийн даргын тушаалын хуулбар/хх 4 тал/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин тооцооны хүснэгт/хх 4 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэр/хх 5-8 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/хх 9 тал/, нэхэмжлэлийн нэмэгдүүллсэн шаардлага/хх 27-28 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/хх 24 тал/ зэрэг баримтыг гарган өгсөн.
Хариуцагч талаас итгэмжлэл/хх 13 тал/, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн 000163004 дугаар гэрчилгээний хуулбар/хх 14 тал/, хариу тайлбар/36-37 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-д холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3,091,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ийн зүгээс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгэхийг даалгахаар шаардлагаар нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тоот тушаалыг хууль бусад тооцож ажилгүй байсан үеийн олговорыг олгохоор шийдвэрлэсэн, хариуцагчийн зүгээс намайг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр биелүүлж урьд хийж байсан ажилд эргүүлэн томилсон тул 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор болох 3,091,310 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл үндэслэлтэй гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч татгалздаг ба хариуцагч байгууллага анхнаасаа хуанлийн 45 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэх юм байна гэж ойлгож байсны дагуу хуулийн хугацаанд нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн, өмнөх даргын хийсэн буруутай үйлдлээс болж одоо ажиллаж байгаа хүмүүс хохирч байна, төсөв мөнгөнд төсөвлөгдөөгүй мөнгийг өгөх боломжгүй, манай байгууллагад нэхэмжлэгчид олгох, өмгөөлөгч авах төсөв байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэв.
Дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч ******* нь “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-ийн ******* дүүргийн салбар дахь *******ний даргаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр одоог хүртэл ажиллаж байгаа талаар талууд маргаагүй.
Уг үйл баримтаас өмнө *******ийг “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тоот тушаалаар “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-ийн харьяа ******* цаг уурын *******ний даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн байх ба уг тушаалын үндэслэлийг хянуулан хүчингүй болгуулах болон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* гарган тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******ийг Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн харьяа ******* цаг уурын *******ний даргын ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 12,901,146 төгрөгийг Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвөөс гаргуулан *******т олгож, *******ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байдаг./хх 5-8 тал/
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-ийн даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч *******ийг Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төвийн харьяа ******* цаг уурын *******ний даргын ажил, албан тушаалд эргүүлэн томилсон байдаг.
Дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримт, хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй бөгөөд гэвч хариуцагч байгууллага нэхэмжлэгч *******ийг үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хэрэгжүүлэх хүртэлх хугацааны олговорыг олгоогүй болох нь тогтоогдож байна.
Иймээс хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ч тухайн албан тушаалыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дахин сэргээгдэх хүртэх хугацааны үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээн урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны олговрыг гаргуулах үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
Тиймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 3,091,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан 33 хоногийн олговорт хариуцагч “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-өөс 2,071,707/33*62,779=2,071,707/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,019,603 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулан хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагч “Нийслэлийн Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Нийслэлийн Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-өөс улсын тэмдэгтийн хураамжид 118,297 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч “Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв” төрийн байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 2,071,707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,019,603 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Нийслэлийн Улаанбаатар хотын ус цаг уур орчны шинжилгээний төв”-өөс 118,297 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****