| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00333/И |
| Дугаар | 156/ШШ2024/00394 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2024/00394
2024 08 13 156/ШШ2024/00394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00333/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч Х.Отгонжаргал, Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч ... нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ... оршин суух, .... ,
Хариуцагч: Хэнтий аймгийн .... тоотод оршин суух, ... ,
Нэхэмжлэлийн шаардлага: 72,260,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ... ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...
Хариуцагч ...
Иргэдийн төлөөлөгч ....
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... д холбогдуулан гэм хорын хохирол 72,260,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим үхэр хөөлөө гэх шалтгаанаар намайг зодож тархи доргилт, зүүн хөмсөгний зулгаралт, зүүн гуяны урд доод хэсэг, гуяны дотор хэсэгт цус хуралт үүссэн хөнгөн гэмтэл учруулсан ба Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ2023/258 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Уг тогтоолоор ... ээс эмчилгээний зардал 127,633 төгрөг, утасны ярианы зардал 51,900 төгрөг бүгд 179,533 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн ба бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан юм. Иймд би энэ хүнд цохиулсны улмаас Цагдаагийн байгууллагад очих, ирэх зардал нийт 936,896 төгрөгний зардал гарсныг баримтын хамт шүүхэд өгсөн. Би Ашдийн чуулга ХХК-ний захирал бөгөөд манай компани жолооны курс хичээлүүлдэг. Энэхүү жолооны курсын байр Хэнтий аймгийн төвд Монгол банкны харъяа Капитал банкны байранд байрладаг, энэ байрыг сард 261,600 төгрөгөөр түрээслэдэг. 2023 оны 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр нийт 523,200 төгрөг болсон. Би энэ хүнд цохиулсны улмаас бие өвдөөд даралт ихсээд ажлаа хийж чадаагүй тэгээд энэ хугацааны байрны түрээсээ төлөөгүй. Тухайн үед жолоонд бүртгэж авсан хүмүүсээ ч жолоочоор төгсгөж чадаагүй. Миний бие өвдөхөд манай эхнэр байнга хажууд байсан. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний бие өвдөөд хоёр хөл дээрээ тогтож чадахгүй болоод Хэнтий аймгийн Батноров сумын Нэгдсэн эмнэлэгт ... эмчид очиж үзүүлсэн. Даралтаа үзүүлэхэд 160х180 харьцаатай байсан. Шөнөжин эмнэлэгт тариа хийлгээд өглөө хүүгээрээ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн их эмч ... үзээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай бүх тариаг хийлгэсэн. Нийт 600,000 гаруй төгрөг болсон. Миний биеийн зовиурын оношыг аймгийн Нэгдсэн эмнэлэг тогтоож чадаагүй. Намайг нуруу гэж оношлосон, би тархины тариа хийлгэж байсан. Наадмын дараа эмч нар Улаанбаатар хот руу явж үзүүл гэж зөвлөсний дагуу тэтгэврийн зээл аваад явсан. Эмнэлгийн очерийг маргааш нь авсан байсан хариугаа авах гэж 4 хоног Улаанбаатар хотод хүлээсэн. 371,000 төгрөгөөр тархины нарийвчилсан шинжилгээ /MRI/- харуулсан. Эм тарианы зардал гээд нийт 751,000 төгрөг зарцуулсан. Замын зардал 191,000 төгрөг, эмчилгээний зардал 884,683 төгрөг болсон. Надаас гарсан зардал нийт 1,992,696 төгрөгийг нэмж нэхэмжилье гээд баримтуудаа урьдчилаад шүүхэд өгсөн байсан. Харин нэмэгдүүлсэн нэхэмжлэлээ бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд гаргая гэж бодож байсан. Одоо нэхэмжлэлээ нэмэгдүүлэхээ больё. Анх нэхэмжлэл гаргасан бензины зардал 936,893 төгрөг, байрны түрээсийн төлбөр 523,200 төгрөг, ажлаа эрхлээгүй байсан хугацааны олох байсан орлого 20,800,000 төгрөг, ажлаа хийж чадахаа болиод сэтгэл санаагаар хохирсон сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, нийт 72,260,093 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч ... нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын Бурхантын булгийн зүүн хойд даваан дээр намайг очиход ... эхнэр .... гийн хамт манай үхрийг даваа уруу ширүүн хөөж байсан. Би хүүтэйгээ хамт мотоцикльтой очоод та яагаад манай үхрийг хөөж байгаа юм бэ гэтэл гэрийн гадаа ирж зурагтын антен эвдээд байна гээд дугуйнаасаа бууж ирээд намайг заамдаж аваад баруун шанаа руу зангилсан гараараа цохиж хүүтэй минь хамт мотоциклиос татан унагасан. Намайг ойчих үед энгэрээс тавилгүй хоёулаа босож ирсэн. Заамдсан гарыг нь тавиулах санаатай ноцолдож арагшаа ухраад татахад ... гуай заамыг маань тавихгүй байхад эхнэр нь салгаж авсан. Эхнэр нь намайг цохиж байгаад шилбүүрээ хугалсан. Тэгээд эхнэр нь хугарсан 2 модоо бариад бид хоёрыг салгах гэж дундуур орж ирэхдээ хугарсан модныхоо сэтэрхийгээр нөхрийнхөө зүүн хөмсөгний дээр хатгасан. Тэр үед миний заамыг тавьсан. Тэгээд ... эхнэртэйгээ хоёулаа надруу дайраад байхаар нь нөхрийнх нь гуя руу 2-3 удаа шилбүүрийн модоор цохисон тэгээд модыг нь өгөөд мотоциклио унаад явсан. Би антеныг нь манай үхэр эвдсэн юм байх гээд дагаж очиж харсан зүгээр байсан. Би тэр даруйд нь цагдаад хэлэх гээд очиход цагдаа маргааш бол гээд согтуу хүний араас явчихсан. Маргааш нь очиход цагдаа гадуур явсан гээд байгаагүй. ... гуай хүнд зодуулсан гэж намайг Цагдаагийн байгууллагад өгсөн байсан. 15 хоногийн дараа намайг Бэрхийн цагдаа дуудаж байцаалт авсан. Дараа нь Батноров сумын хэсгийн төлөөлөгч ...д байцаалт өгсөн. Дараа нь Бэрхийн... гэдэг цагдаа дээр байцаалт өгсөн. 3 сар шалгагдсаны дараа 2023.11.15-ны өдөр шүүх хурал болж намайг 700,000 төгрөгөөр торгож, ... гуайд 179,533 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Би ... ы бөөр нуруу, биед нь гар хүрээгүй ... гуайн бүрдүүлсэн баримт худал хуурмаг баримт байна гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, би ийм их зардал гарах хэмжээний гэмтэл учруулаагүй гэв.
3. Иргэдийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэг суманд амьдардаг хүмүүс байж хэрэг болсноос хойш хоорондоо уулзаагүй байна. Хохирлоо төлөх эсэх талаар ... тай нэг уулзаж ярилцах байсан. Зохих хэмжээгээр мөнгөнөөс төлөх ёстой гэв.
4. Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
4.1.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 3-9 хуудас),
4.2. Ник ХХК 99,969 төгрөг, Ник ХХК 20,000 төгрөг гэх э-баримтуудын хуулбар, (зарим э-баримтууд нь харагдахгүй байдлаар гарсан) (хх-ийн 10 хуудас),
4.3. Ник ХХК код:BE39089455, 25,000 төгрөг, Ник ХХК код:ХМ26160223, 17,000 төгрөг, Ник ХХК код:ВW25076850, 76,200 төгрөг, код:DI252608618 70,000 төгрөг, код:YA961433168 50,000 төгрөг гэх э-баримтуудын хуулбар (хх-ийн 11 хуудас),
4.4. Ник ХХК код:RU8304874, 227,293 төгрөг, код:TI69217575, 50,000 төгрөгийн э-баримтуудын хуулбар, (зарим э-баримтууд нь харагдахгүй байдлаар гарсан) (хх-ийн 12 хуудас),
4.5. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 02/323/286 дугаартай Түрээсийн гэрээний хуулбар (хх-ийн 13-15 хуудас),
4.6. №1811003042 дугаартай Ашдын чуулга ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 16-17 хуудас),
4.7. Verna LC маркийн 58-87 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ... ы жолооны үнэмлэхийн хуулбар (хх-ийн 18 хуудас),
4.8. Verna маркийн 58-87 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хх-ийн 19 хуудас),
4.9. Хэнтий аймгий Ашдын Чуулга ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичгийн хуулбар (хх-ийн 20 хуудас),
4.10. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 49/3841 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар (хх-ийн 21-22 хуудас),
4.11. Төлбөрийн баримтын хуулбар (хх-ийн 23 хуудас),
4.12. Монгол авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо Хэнтий аймгийн Зөвлөлийн 89 дугаартай Хэнтий аймгийн авто жолооны курсуудад хүргүүлсэн албан бичгийн хуулбар (хх-ийн 24 хуудас),
4.13. Гэрэл зургийн хуулбарууд (хх-ийн 25 хуудас),
4.14. Сургалтын гэрээний хуулбарууд (хх-ийн 26-56 хуудас),
4.15. Л....ы амбулаториор эмчлүүлэгсдийн картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 65-67 хуудас),
4.16. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 68 хуудас),
4.17. Улаанбаатар хотод эмчлүүлсэн гэх зарлагын е-баримтууд (хх-ийн 70 хуудас),
4.18. Нэхэмжлэгч ... аас ирүүлсэн гэрэл зургууд (хх-ийн 71-72 хуудас),
4.19. Бриллиант эмнэлэг, томографийн шинжилгээний материал (хх-ийн 73-74 хуудас),
4.20. ....гийн нэр дээрх 5936033436 тоот депозит дансны 2024.05.13-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 75 хуудас),
4.21. Бензиний зардал гэх е-баримтууд (хх-ийн 77 хуудас),
4.22. Хэнтий аймгийн Монгол банкны салбарын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/64 дугаартай албан бичиг (хх-ийн 78 хуудас),
4.23. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээний хуулбар (хх-ийн 79-80 хуудас),
4.24. 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, 500,000 төгрөг гэх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 81 хуудас),
4.25. 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 523,200 төгрөг гэх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 82 хуудас),
4.26. 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2,116,000 төгрөг гэх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (хх-ийн 83 хуудас),
4.27. 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Түрээсийн гэрээг дүгнэсэн акт (хх-ийн 84 хуудас),
4.28. Л....ы 5936241120 тоот депозит дансны 2024.01.01-2024.08.13-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 98-101 хуудас),
4.25. Бриллиант эмнэлэг, ... гэх диск (MRI 2024.07.16),
5. Хариуцагч талаас хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна (хх-ийн 63 хуудас).
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Би хариуцагч ... д цохиулсны улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөөр хохирсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Цагдаагийн хэлтэст дуудагдаж ирж, очиход 936,893 төгрөгний бензины зардал гарсан. Мөн Хэнтий аймгийн төвд жолооны курс хичээллүүлэхээр сарын 261,600 төгрөгөөр байр түрээслэсэн байсан боловч 2023 оны 8, 9 дүгээр сард ажлаа хийж чадахгүй болсон тул нийт 523,200 төгрөгийн байр түрээслэсэн төлбөр, уг хугацаанд ажил эрхэлж чадаагүйгээс орох байсан орлого 20,800,000 төгрөг, энэ гэмт хэргийн улмаас ажлаа хийж чадахаа болиод сэтгэл санаагаар хохирсон, биеийн байдал эрс муудсан учраас 50,000,000 төгрөгний сэтгэл санааны хохирол, нийт 72,260,093 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Нэхэмжлэгч ... ы гомдлоор үүссэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг 700,000 төгрөгөөр торгож, 179,533 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулж ... д олгохоор шийдвэрлэсэн. Энэ төлбөрийг би төлсөн. ... ы шүүхэд бүрдүүлсэн баримт худал хуурмаг баримт байна, мөн би ийм их зардал гарах хэмжээний хохирол учруулаагүй гэж мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч ... нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг, Бурхантын булаг гэх газар үхэр хөөлөө гэх шалтгаанаар ... тай маргалдаж, улмаар түүний зүүн нүдний зовхи, бөөр тус газар нь гараагаа цохиж, зүүн хонго өгзөг хэсэгт удаа дараа шилбүүрээр цохин зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд доод хэсэг, дотор доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол /хх-ийн 3-9/ хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзлаа үндэслэж буй үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэж, нотлох ажиллагаа явуулдаггүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Иймд хариуцагч ... ийн гэмт үйлдлийн улмаас нэхэмжлэгч ... д хөнгөн гэмтэл учирсан байна.
6. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байдаг.
7. Нэхэмжлэгч ... нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын дагуу хохиролд хариуцагч ... ээс 179,533 төгрөг авсан /хх-ийн 75/ байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ийн учруулсан гэмтлийн улмаас нэмж 936,893 төгрөгийн бензины зардал, 523,200 төгрөгийн байрны түрээсний төлбөр, 20,800,000 төгрөгийн орох байсан орлого, 50,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирол учирсан хэмээн нэхэмжилсэн байна.
8. Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж дараах байдлаар хэргийг хянан шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Бензины зардал 936,893 төгрөг гаргуулах тухай шаардлагын хүрээнд:
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд нь нэхэмжлэгчид учруулсан бодит хохирол буюу түүнээс гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Гэвч энэхүү шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч ... нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...2023 оны 9 сард Цагдаагийн газраас 2 удаа дуудагдсан тул Хэнтий аймгийн Батноров сумаас Хэнтий аймгийн Цагдаагийн газарт ирж, очсон бензины зардал, 2024 оны 7 дугаар сарын 16-21-ний хооронд Хэнтий аймгийн Батноров сумаас Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад хэрэглэсэн бензины зардал, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 3 удаа Хэнтий аймгийн Батноров сумын Бурхант гэх газраас цагдаа дээр дуудагдсан, 2023 оны 9 сарын 21-ний өдрөөс хойш Хэнтий аймгийн Батноров сумын Бурхантаас Хэнтий аймгийн Бэрх тосгон хүртэл 4 удаа Бэрх тосгоны цагдаа дээр дуудагдахад ирж, очсон бензины зардал, 2023 оны 10 дугаар сарын 06-ны орчим Хэнтий аймгийн Батноров сумын Бурхант гэх газраас Хэнтий аймгийн Цагдаагийн газарт 3 удаа ирсэн бензины зардал, 2023 оны 10 сарын сүүлээр эмнэлэгт үзүүлэх гэж Хэнтий аймгийн Батноров сумын Бурхант гэх газраас Хэнтий аймагт 3 удаа ирэхэд хэрэглэсэн бензины зардал нийт 936,893 төгрөг болсон. Энэ бензинээ би өөрийн хувийн машиндаа хийж явсан гэж тайлбарлах боловч энэхүү бензиныг худалдан авсныг нотлож байгаа гэх хэрэгт авагдсан э-баримтуудтай цаг хугацааны хувьд таарахгүй байна.
Өөрөөр хэлбэл бензины зардлын баримтууд гэх хавтаст хэргийн 10-д авагдсан 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 50,000 төгрөгийн э-баримт, 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 99,969 төгрөгийн э-баримт, 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 20,000 төгрөгийн э-баримт, хавтаст хэргийн 11-д авагдсан 2023 оны 8 сарын 22-ны өдрийн 25,000 төгрөгийн э-баримт, 2023 оны 8 сарын 25-ны өдрийн 17,000 төгрөгийн э-баримт, 2023 оны 8 сарын 26-ны өдрийн 76,200 төгрөгийн э-баримт, хавтаст хэргийн 12-д авагдсан 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 227,293 төгрөгийн э-баримт, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50,000 төгрөгийн э-баримтууд нь нэхэмжлэгч ... ы тус эрүүгийн хэргийн улмаас Цагдаагийн газар дуудагдсан гэх түүний тайлбарласан цаг хугацаатай тохирохгүй байна. Иймд энэ зардлыг 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч ... ийн үйлдлийн улмаас түүнд учирсан хохирол буюу өөрөөс нь зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй байдаг тул дээр дурдсан эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Хоёр. Байрны түрээс 523,200 төгрөг болон 20,800,000 төгрөгийн орох байсан орлого гаргуулах тухай шаардлагын хүрээнд:
Нэхэмжлэгч ... нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...би Хэнтий аймгийн төвд жолооны курс хичээллүүлэхээр Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын захиралтай тохирч сарын 261,600 төгрөгөөр байр түрээслэсэн байсан боловч хариуцагч ... ийн надад учруулсан гэмтлийн улмаас би 2023 оны 8, 9 дүгээр сард ажил хийж чадахгүй болсон тул нийт 523,200 төгрөгийн байр түрээслэсэн төлбөр болон энэ хугацаанд орох байсан орлого 20,800,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хавтаст хэргийн 13-15-д авагдсан 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 02/323/286 дугаартай Хэнтий аймаг дахь Монгол банкны салбарын захирал, Ашдын чуулган ХХК-ний хооронд байгуулсан Түрээсийн гэрээ-ний хуулбар, хавтаст хэргийн 23, 81-83-д авагдсан төлбөрийн баримтын хуулбараар Ашдын чуулган ХХК нь байр түрээслэсэн болох нь, мөн Ашдийн чуулга ХХК нь жолооны сургалт явуулдаг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 17/-аар, Ашдийн чуулга ХХК-ний захирал нь ... мөн болох нь хэрэгт авагдсан Түрээсийн гэрээ-ний хуулбар /хх-ийн 15/-аар тус тус нотлогдож байна.
Гэвч Ашдын чуулган ХХК нь 2023 оны 8, 9 дүгээр сард ажил, үйлчилгээ явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь жолооны курсээ ажиллуулж байсан бол нэг хүний бүртгэл нь 650,000 төгрөг * 32 хүн = 20,800,000 төгрөгний орлого орох байсан хэмээн тайлбарлаж үүнийгээ нотлохоор хэрэгт 31 тооны Сургалтын гэрээ-г /хх-ийн 26-56/ ирүүлсэн боловч уг Сургалтын гэрээ-нүүдийг хэзээ байгуулсан гэрээ болох нь тодорхойгүй, мөн Ашдын чуулган ХХК-ний жолооны курс нь 2023 оны 8, 9 дүгээр сард элсэлт аваагүй болох нь нөгөө талаас 2023 оны 8, 9 дүгээр сард элсэлт авсан бол 32 хүн элсэх байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь ...хичээл заахад салгалаад толгой эргээд явж чадахаа больсон. Миний толгой руу цохисон гэдэг нь анхан шатны шүүхээр тогтоогдсон, би иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хавтаст хэрэгт амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 65-66/-т 2024 оны 4 сарын 02, 2024 оны 4 сарын 25-ны өдөр хийгдсэн үзлэгийн бичилттэй, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, мэдрэлийн тасаг, эмчлүүлсэн тухай /хх-ийн 67/ материалд бичигдсэн үзлэгт 2024 оны 6 сарын 25, 7 сарын 05-ны өдрийн эмчилгээний бичилт хийгдсэн, Хэнтий нэгдсэн эмнэлэгийн өвчний түүхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 68/-т 2024 оны 6 сарын 25-ны өдөр хэвтсэн, оношид нуруу суурийн артерийн хам шинж гэж бичигдсэн баримтууд шүүхэд ирсэн байна.
Эдгээр баримтуудаар нэхэмжлэгчийг 2023 оны 8, 9 дүгээр сард жолооны курсын багшийн ажлыг хийх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний үндсэн үүрэгтэй холбоотой юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл зохигч нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий аливаа баримт мэдээллийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тэрээр хариуцагч ... ийн үйлдлийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан болохоо нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байна.
Мөн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 5/-ээр нэхэмжлэгч ... д хөнгөн учирсан байх бөгөөд уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахаар заажээ. Үүнээс үзэхэд ажил үүргээ хэвийн явуулах боломжтой байсан гэж үзэхээр байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гурав. Сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд:
Энэхүү шаардлагын үндэслэлээ тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...би энэ хүнд цохиулсны улмаас ажлаа хийж чадахгүй болсон учир сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ... ийн 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ... ы биед учруулсан гэмтэл нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 5/-ээр ...тархи доргилт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн гуяны урд болон доод хэсэгт цус хуралт гэх гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэжээ.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-т зааснаас үзвэл хөнгөн гэмтлээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах тохиолдолд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж үздэг байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг бөгөөд гэм хорын ерөнхий зохицуулалт болох уг хэм хэмжээнд гэм буруутай этгээд эдийн бус гэм хорын хохирлыг арилгах үүрэг ч багтана.
Гэвч нэхэмжлэгч ... ы 2023 оны 8, 9 дүгээр сард ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй тул энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас түүнд сэтгэл санааны хохирол учирсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
9. Иймд нэхэмжлэгч ... ы хариуцагч ... д холбогдуулан гаргасан бензины зардал 936,893 төгрөг, байрны түрээсийн төлбөр 523,200 төгрөг, олох байсан орлого 20,800,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, нийт 72,260,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
10. Иргэдийн төлөөлөгч ....ийн шүүх хуралдаанд гаргасан ...нэг суманд амьдардаг хүмүүс байж хэрэг болсноос хойш хоорондоо уулзаагүй байна. Хохирлоо төлөх эсэх талаар ... тай нэг уулзаж ярилцах байсан. Зохих хэмжээгээр мөнгөнөөс төлөх ёстой гэх дүгнэлт нь хариуцагч ... ээс тодорхой хэмжээгээр төлбөр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн дүгнэлт байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
11. Хавтаст хэргийн 10, 11, 12 дугаар хуудаст авагдсан нийт 12 тооны э-баримтын он, сар, өдөр нь харагдахгүй, хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар гүйлгээ хийгдсэн талаарх бичвэр нь үзэгдэхгүй, нотлох баримтын болон стандарт шаардлага хангаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
12. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бензины зардал 936,893 төгрөг, байрны түрээсийн төлбөр 523,200 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 20,800,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр тус гэмт хэргийн улмаас нэмж эмчилгээ хийлгэсэн зардал болон эмчилгээ хийлгэхэд гарсан бензины зардлаа нэмж нэхэмжилнэ хэмээн тайлбарлаж, уг нэмэгдүүлэх гэж буй нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан баримтыг хэрэгт урьдчилан хавсаргасан гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан боловч тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хэрэгт авагдсан уг нэмэгдүүлэхийг хүссэн шаардлагатай холбогдох баримт болох эм худалдан авсан гэх э-баримт /х-ийн 70, 73/, Бриллиант эмнэлэг, ... гэх диск (MRI 2024.07.16), 2024 оны 7 сарын 16-ны өдрийн Бриллиант эмнэлэгийн томографийн шинжилгээний материал /хх-ийн 73/, бензин худалдан авсан гэх э-баримт /хх-ийн 77/, ... ы нэр дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 98-101/-уудыг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч ... ы нэхэмжлэлтэй хариуцагч ... д холбогдох гэм хорын хохирол 72,260,093 /далан хоёр сая хоёр зуун жаран мянга ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ... нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧИД ...
Х.ОТГОНЖАРГАЛ