Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

 

 

 

 

“Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00268 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э Т” ХХК нь хариуцагч “С А Л” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 737 997 836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, түүний өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: “С А Л” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 0016/18 дугаартай “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж, худалдагч болох “Эйр транс” ХХК нь захиалагчаас гэрээнд заасан хэлбэр буюу электрон шуудан, мессенжер, факсаар илгээсэн албан хүсэлтийг нь үндэслэн тийз захиалгыг бичиж өгөх, захиалагч “С А Л” ХХК нь захиалга хийгдсэн тийзийн зхолбогдох төлбөрийг гэрээнд заасан хугацаанд худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагчаас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр электрон шуудангаар тийз захиалгын хүсэлтийг манайд ирүүлсний дагуу захиалгын ажилтан нийт 1 005 195 500 төгрөгийн дүнтэй, 202 ширхэг тийз бичиж өгсөн. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь төлбөрийг нэхэмжилсэн боловч төлөөгүй, төлөхөөс зайлсхийсээр байна.

 

 

Захиалагч төлбөр төлөхгүй байх үндэслэлээ манай захиалга биш, манайд хамааралгүй, өөр этгээдийн захиалгыг бичсэн гэх огт үндэслэлгүй тайлбар гаргадаг ба “Эйр транс” ХХК нь захиалагчаас ирүүлсэн захиалгын хүсэлт бүхий электрон шууданг үзэхэд өмнөх хугацаанд талуудын хооронд тийз захиалгын хүсэлтийг харилцан солилцдог, тийз захиалга ирүүлдэг, хүлээн авдаг тогтсон хэлбэрээр “С А Л” ХХК-ийн ажилтны электрон шуудангаас ирүүлсэн, албан ёсны зөвшөөрөгдсөн хүсэлт байдаг. Худалдагч нь захиалагчаас албан ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрийн дагуу ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тийз бичиж өгөх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байхад захиалагч төлбөрийн үүргээ ямар нэг үндэслэл, шалтгаангүйгээр биелүүлэхгүй гэрээг зөрчиж байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон гэрээг үндэслэн нийт 737 997 836 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Манайх тийз захиалгын хүсэлт илгээгүй, хичнээн тийз, хэзээ захиалсныг огт мэдээгүй. Тийзний үнэ, сонголтуудыг авснаар тийзний үнэ, тоо болон тийз авах хүмүүсийн баримт бичгийг илгээж түүний дараа тийзийг захиалсан болохыг бичгээр баталгаажуулсны үндсэн дээр төлбөрөө төлдөг. Манайх захиалаагүй, хичнээн тийз бичиж байгааг компанид мэдэгдээгүй улмаар Порше Америка компанийн Тим Хеффернан гэх хүнтэй харилцаж тийз захиалгыг авч төлбөрийг тухайн бичигт дурьдсанаар Тим Хефферман гэж хүн кредитийн нэхэмжлэх болон виза/мастер картаар төлөхөө илэрхийлсэн байна. Тим Хеффернан нь манай компанийн ажилтан биш, ямар ч хамааралгүй бөгөөд хэрэг бүртгэлийн шатанд шалгахад тухайн этгээд олон улсын цахим луйвар хийдэг байж болзошгүй нь тогтоогдсон. Ийнхүү ямар ч баталгаагүй этгээдээс их хэмжээний захиалга авсан атлаа манай талыг захиалга өгсөн мэтээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

“Старчейз автоматив лимитэд” ХХК-аас тийз захиалгын албан хүсэлт өгөөгүй бөгөөд “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2.2.3-т худалдагч талаас санал болгосон тийзний хувилбарууд, үнийн саналтай тийз худалдах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тийз бичих зөвшөөрлийг бичгээр явуулах, үүний дагуу бичигдсэн тийзний төлбөр хариуцах гэжээ. Манайд ямар ч тийзний үнийн санал, тийзний хувилбарууд ирээгүй, бичгээр зөвшөөрлийг явуулаагүй байхад захиалсан тийзний төлбөрийг төлөхгүй байгаа мэт нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Старчейз автомотив лимитед” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 737 997 836 төгрөг гаргуулах тухай “Э Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3 847 939 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтын талаар төөрөгдсөн буюу алдаатай дүгнэлт хийснээс үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тодруулбал, талуудын хооронд нислэгийн тийз захиалах үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гэрээ 2018 оны 5 дугаар сард байгуулагдсан, улмаар гэрээ хэрэгжих хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтан О.Дөлгөөний зүгээс “Порше Хойд Америк Инк”-ийн менежер Тим Хэффэрнаны цахим шууданг нэхэмжлэгч талд дамжуулж, холбогдох үйлчилгээг гэрээний дагуу үзүүлэхийг нэхэмжлэгчээс хүссэн харилцаа болсон.

Энэ тохиолдолд маргалдагч талуудыг төлөөлж байсан этгээдүүдийн хэн аль буюу нэхэмжлэгчийн тийз бичсэн Б.Золзаяа, хариуцагчийг төлөөлж харилцсан О.Дөлгөөн нар нь талуудын байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үндсэн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ авах талаар хүсэл зоригоо илэрхийлж оролцсон үйл ажиллагаа болжээ гэдэг нь туйлын тодорхой, үйлчилгээг авагч “Старчейз автомотив лимитед” ХХК-ийн зүгээс баталгаажуулж илгээсэн байдаг.

Шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд төлөөлөгчид оролцохдоо удирдлага болгосон ойлголт, төсөөлөл, хүсэл зоригийг зөв таньж ойлгоогүй, эсхүл зориуд, буруугаар тайлбарласан алдаатай дүгнэлтийг хийсэн нь тодорхой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Эйр транс” ХХК нь хариуцагч “Старчейз автомотив лимитед” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 737 997 836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0016/18 дугаартай “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ” болон хариуцагчаас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр электрон шуудангаар ирүүлсэн тийз захиалгын хүсэлтийн дагуу холбогдох захиалгын ажилтан нийт 202 ширхэг тийз бичсэн гэж, хариуцагч татгалзах үндэслэлээ, өөр этгээдийн тийз захиалах тухай электрон шууданг нэхэмжлэгч талд дамжуулан илгээсэн, гэрээ ёсоор тийз захиалах санал гаргаагүй, бусдын захиалсан тийзний төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн байна.

 

Талуудын тайлбараас үзвэл, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0016/18 дугаартай “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу тийз худалдах, худалдан авах харилцаатай байсан талаар маргаагүй. Харин 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэр заасан ажилтнуудын хооронд харилцсан электрон шуудангийн агуулга болон маргаан бүхий 202 ширхэг тийзний төлбөрийн үүрэг хариуцагч талд үүссэн эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Хэрэгт “Эйр транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Ганболдын гомдлоор үүсгэсэн эрүүгийн 180200387 дугаартай хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хариуцагч талын ажилтан Б.Дөлгөөн, 202 ширхэг тийзийг бичсэн нэхэмжлэгч талын ажилтан Б.Золзаяа нарын гэрчээр асуугдсан мэдүүлэг, энэхүү иргэний хэргийг хянан шийвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Б.Золзаяагийн мэдүүлэг /хх 173,159-160, 175-178/ тус тус авагдсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт нь иргэний хэрэгт шууд нотлох баримт болохгүй ч үүнийг тухайн үйл баримтын хувьд мэдээлэл агуулсан бичгийн баримт гэж үзнэ. Гэтэл дээрх баримтуудад тусгагдсан агуулга өөр хоорондоо илт зөрүүтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч “Эйр транс” ХХК-ийн тийзний захиалга авах ажилтан Б.Золзаяа нь “...хариуцагч “Старчейз автомотив лимитед” ХХК-ийн ажилтан О.Дөлгөөн “Порше Хойд Америк Инк” нь манай АНУ дах салбар юм байна, тийз захиалгыг нь биччих, төлбөр Монгол Улсаас орохгүй гэж захирал хэл...” гэснээр тухайн захиалгыг хүлээн авсан...” гэх боловч, хариуцагчийн зүгээс “...“Порше Хойд Америк Инк”-тай харилцан хамааралгүй, зөвхөн тийзний захиалга авдаг хуулийн этгээдтэй холбож өгнө үү гэсний дагуу 3 хуулийн этгээдэд электрон шууданг нь дамжуулсан, захиалга хийх эсэхэд нь баталгаа гаргахгүй гэдгээ тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдсэн...” гэж маргааны үйл баримтын талаар өөр өөр тайлбар гаргажээ.

 

Иймд маргаан бүхий электрон шуудангийн зорилго нь талуудын хооронд үүссэн тийз худалдах, худалдан авах гэрээ хэрэгждэг байсан хэлбэрээр захиалга ирүүлсэн эсхүл хариуцагч талаас нэхэмжлэгчид бусад этгээдийн тийз захиалах хүсэлтийг нь дамжуулан уламжилсан эсэх, мөн нийт 202 ширхэг тийзний захиалга бичүүлсэн “Порше Хойд Америк Инк”-ийн менежер Тим Хэффэрнантай хариуцагч хуулийн этгээд харилцан хамааралтай зэрэг нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Тим Хеффернан гэгчээс ирүүлсэн захиалгын дагуу бичсэн 202 ширхэг онгоцны тийзний үнэ нийт 1 055 915 000 төгрөг боловч уг үнийн дүнг 737 997 836 төгрөг болгож бууруулсан үндэслэлээ, “...эрсдэлийг бууруулах зорилгоор төлбөр тооцоотой холбоотой буцаалт хийх ажиллагааны үр дүн...” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн хохирсон гэх тийзний үнийн дүн хэрэгт авагдсан баримтаар бодитой тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Учир нь, нэхэмжлэгчийн өмчлөлийн хэдий хэмжээний тийз бусдад ашиглагдан, зарцуулагдсан, хэдэн ширхэг тийз буцаагдаж, түүний үнийн дүн хэрхэн хасагдсанаар дээрх 737 997 836 төгрөгийн дүн гарсан нь тодорхой бус, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э Т” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 847 939 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          Т.ТУЯА