Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0839

 

“ЦЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Н.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0710 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “ЦЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0710 дугаар шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.3, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЦЭМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохыг хүсч гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах гомдолдоо: “Нэг. 2014 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй, сунгах хууль зүйн үндэслэл байхгүй, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна.

Хоёр. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “ЦЭМ” ХХК-ийн “ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, “ЦЭМ” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д  “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 24.2-т “Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Нэхэмжлэгч “ЦЭМ” ХХК-аас “Ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохыг хүсч гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Улаан чулууны нуруу” гэх газарт 14757 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр “Х” ХХК-д олгосон, улмаар тухайн компанийн хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1298 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “ЦЭМ” ХХК-д шилжүүлжээ.

“ЦЭМ” ХХК-аас нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар шийдвэрээр 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1027 дугаар шийдвэрийн “ЦЭМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын 5372Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай”,

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн XV-005372 дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотой уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ даалгах тухай”, 

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр “Ашигт малтмал, газрын тосны газрын Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоолгох тухай” шаардлагуудыг нь хангаж, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч “ЦЭМ” ХХК шүүхийн шийдвэрээр нэгэнт зөрчигдсөн эрхийг нь сэргээсэнтэй холбогдуулж хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2017 оны 01 дүгээр сарын 20, 23-ны өдрүүдэд гаргасан байтал хариуцагч төрийн захиргааны байгууллага хүсэлтийг нь “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон” үндэслэлээр хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 7/807 дугаар албан бичгээр “Ашигт малтмалын  тухай хуулийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өөрчлөлтөөр гэрээ байгуулах боломжгүй” гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааг зохицуулсан 23 дугаар зүйл 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон боловч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 /энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах/, 24 дүгээр зүйлийн 24.1 /Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй/-д зааснаар “ЦЭМ” ХХК хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй. 

Тодруулбал, “ЦЭМ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 /Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно/-д заасны дагуу тооцон үзэхэд хуулийн 24.2 /Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно/-т зааснаар дуусгавар болсон гэж үзэхээргүй байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч “ЦЭМ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагч төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 /ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх/-д заасан чиг үүргийнхээ дагуу хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд тухайн байгууллагын эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчийн хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх, зөрчигджээ.

Иймд хариуцагчийн “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                             Н.ХОНИНХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Д.БАТБААТАР