Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/00967

 

                                                                      В.Нямаагийн нэхэмжлэлтэй                                                                         иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/02592 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар магадлалтай,

В.Нямаагийн нэхэмжлэлтэй,

            “Төгрөгнуурын Энержи” ХХК-д холбогдох        

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэх          

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Нямаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Х.Баасанжаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Төгрөгнуурын Энержи” ХХК-д миний бие Зөвлөх геологичийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ямар нэгэн зөрчил, доголдол гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16/01 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Ингэж ажлаас халсан шалтгаанаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, хөдөлмөрийн гэрээний 8.9.1 болон компанийн хувьцаа эзэмшигчийн 001/15 тоот шийдвэрээр дээрх ажилтнуудын албан тушаалыг орон тооноос хассан болохыг гүйцэтгэх захирлын тушаалд дурдсан байна. Ажил олгогч ажилтныг халсан гол үндэслэл болох компанийн хувьцаа эзэмшигчийн 001/15 тоот шийдвэрийн утга, агуулгыг танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу албан ёсоор танилцуулаагүй гэж үзэж байна. Тус компанийн хөрөнгө оруулагчийн зүгээс Монгол дахь санхүүжилтээ тодорхойгүй хугацаагаар зогсоохоор шийдвэрлэж, орон тоог хасах шийдвэрийг гаргаад байна гэж хариуцагч тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь “Төгрөгнуурын Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулалт зогсоогүй бөгөөд тухайн компанийн санхүүгийн болон бусад үйл ажиллагааг хэд хэдэн хуулийн этгээдэд хариуцуулан өндөр төлбөр бүхий гэрээг байгуулж, үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр явуулж байна. Дээрх үндэслэлүүдээр ажил олгогч ажилтныг халах, орон тооны цомхтгол хийх үндэслэл бүрдээгүй байхад ажлаас халсан, хуульд заасан журмыг зөрчиж, хөдөлмөрлөх эрхийг дордуулсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.” гэжээ.

             Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нарын гаргасан хариу тайлбарт: “Төгрөгнуурын Энержи” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, жуулчлал, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, хөдөлмөрийн харилцааны хүрээнд хууль тогтоомжийг чандлан мөрдөж ирсэн олон жилийн түүхтэй компани юм. Улсын бүртгэлийн газар, хуулийн этгээдийн бүртгэлээр компанийн цор ганц хувьцаа эзэмшигчээр Их Британийн Виржин Арлуудад бүртгэлтэй Фаст Билион Инвестмэнт лимитид гэх хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд бизнесийн хүрээнд гарсан өөрчлөлтийг харгалзан Монгол дахь “Төгрөгнуурын Энержи” ХХК болон “Камекс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 001/15 тоот Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан болно. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь компанийн одоогийн эзэмшиж байгаа хайгуулын лицензүүд урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалд орсон. Хөрөнгө оруулагчийн зүгээс цаашид компанийг санхүүжүүлэх боломжгүй гэж үзэж, эхний ээлжинд орон тоо хасах, цаашлаад компанийн эд хөрөнгийг худалдах зэрэг ажиллагааг хийж дууссаны дараа татан буулгах ажил хийгдэх юм. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажил үргэлжилсээр компанийн оффисийн байрыг ч худалдаад байна. Үүнтэй холбоотойгоор ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу компанийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын Хонг Конгийн Тусгай бүсийн иргэн Зу Дон /Zhu Dong/ нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн байна. Хуулийн этгээд үйл ажиллагаагаа нэг цаг хугацаанд бүхэлд нь зогсоох боломжгүй учраас явуулж буй үйл ажиллагааны цар хүрээг хумих бодит нөхцөл байдал бий болсон тул гүйцэтгэх захирал Зу Дон нь хасагдсан ажил албан тушаалын орон тоонд хамаарах ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, хөдөлмөрийн гэрээний 8.9.1-д заасныг тус тус үндэслэн цуцалсан. Үүнээс үзэхэд ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуулиар зөвшөөрөгдсөн үндэслэл нь бодитой бий болсон гэж дүгнэж байна. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлахад хуулиар тогтоосон журам зөрчөөгүй. Компанийн ажилчдын орон тоог хасах тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нийт ажилтнуудын хурлыг хийж, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг амаар болон бичгээр танилцуулсан. В.Нямаа гуайн хувьд тус хуралд хүрэлцэн ирээгүй бөгөөд хурлын дараа өмгөөллийн “И Эл Си” ХХК-ийн хуульч Б.Нямцэрэн эхнэрээр нь дамжуулан хурлаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг менежер н.Сүрэнд үлдээсэн талаар мэдэгдсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн В.Нямаа нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй учраас гэрээний хугацаа дуустал цалинжих, эсхүл компанийн 20 хувийг эзэмших эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий захидлыг компанийн гүйцэтгэх захирлын цахим хаягаар хүргүүлсэн байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтан В.Нямаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, ажлаас халагдсаны тэтгэмжийн 2 сарын цалинтай тэнцэх хэмжээтэй болгон нэмэгдүүлсэн талаарх мэдэгдэл зэргийг танилцуулахаар дуудсан боловч бас ирээгүй. Иймээс менежер н.Сүрэнд тушаалын нэг хувийг хүлээлгэн өгсөн. В.Нямаа ажлаас халагдсаны тэтгэмжийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цалингийн дансанд шилжүүлсэн бөгөөд тэтгэмж цалингийн дансанд ормогц татаад авсан байдаг. Ажил олгогч нь хувьцаа эзэмшигчийн Монгол дахь компанийн үйл ажиллагааг зогсоож, ажил албан тушаалын орон тоо хассан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хуулиар урьдчилан тогтоосон процессийн шинжтэй журмуудыг мөрдөж ажилласан тул В.Нямаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 16/01 тоот гүйцэтгэх захирлын тушаал нь хууль ёсны байх шинжийг бүрэн агуулсан, үндэслэл бүхий шийдвэр болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/02592 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.Нямааг хариуцагч “Төгрөгнуурын Энержи” ХХК-ийн зөвлөх геологичийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 1 176 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 173 174 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/02592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 1020 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэг. Хэргийн товч агуулга “Төгрөгнуурын Энержи” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гол үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хувьцаа эзэмшигчийн “компаиийн үйл ажиллагааг зогсоох” тухай шийдвэр гаргахад түлхэц болсон шалтгаан нь компанийн одоогийн эзэмшиж байгаа хайгуулын лицензүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхацсан бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд урт нэртэй хуулийн шаардлагын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалд орсон. Үйл ажиллагаа зогсонги байдалд орсон дээрх хугацаанд хөрөнгө оруулагч болох Фаст Биллион Инвестмент Лимитед компанийн зүгээс ажилтнуудын цалин хангамж, урсгал зардал, лицензүүдийн төлбөр, болон бусад шаардлагатай санхүүжилтүүдийг тасралтгүй оруулж, лицензүүдийн асуудлыг шийдвэрлэгдэхийг хүлээсэн. Нэгэнт ашгийн төлөө компани учраас Фаст Биллион Иивестмент Лимитид нь өөрийн хөрөнгө оруулалтаа Монгол улсаас татах, “Камекс” ХХК-иас илүү ашигтай бусад орны төсөлд хөрөнгө оруулж, Камекс компанийн үйл ажиллагааг түр зогсоох, цаашлаад компанийг болон компанийн эд хөрөнгийг шилжүүлэх шат дараалсан үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, эхний ээлжийн арга хэмжээг авахаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Компанийн орон тоог бүх орон тоог хасах” тухай 001/15 тоот шийдвэрийг Фаст Биллион Инвестмент Лимитидийн эрх бүхий захирал Зу Дон гаргасан байдаг. Ийнхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс компанийн үйл ажиллагаа явуулж байсан 600 гаруй м.кв талбай бүхий оффисийн байрыг худалдан борлуулж, одоогоор 20 м.кв талбай бүхий түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлах нь зүйн хэрэг. “Төгрөгнуурын Энержи” ХХК болон “Камекс” ХХК-ийн бүх орон тоог хасах тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс 2015 оны 12 сарын 07-ны өдөр нийт ажилтнуудын хурлыг хийж, Хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг амаар болон бичгээр танилцуулсан байдаг. Харин иргэн В.Нямаад тус хурлын зарыг “Камскс” ХХК-ийн хүний нөөцийн менежер н.Гомбосүрэн нь утсаар мэдэгдэхэд “...би хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Наад хуралд чинь очихгүй...” гэж хэлээд тус өдрийн хуралд ирээгүй, оролцоогүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Нэхэмжлэгч В.Нямаа давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нь 2015 оны 12 сарын 07-ны өдөр “Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн орон тоог хасагдаж байгаатай холбоотойгоор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар” мэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар өгдөг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч орон тоо хасах, хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид утсаар болон гэр бүлийн хүн байгууллагын бусад ажилтнаар дамжуулан мэдэгдсэн гэх тайлбараас үзэхэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ ажил олгогч тал биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм..." гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагчийн зүгээс ийнхүү мэдэгдсэн болохоо баталгаажуулах зорилгоор нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулах гэсэн боловч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр л мэдэгдэлд гарын үсэг зурахгүй байгаа үйлдлийг “мэдэгдээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Гурав. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр авхуулсан гэрчүүдийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад хамаардаг. Гэрч нарын мэдүүлэгт маргаантай байгаа гол үйл баримт буюу “нэхэмжлэгч В.Нямаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг тушаал гарахаас 30 хоногийн өмнө буюу 2015 оны 12 сарын 07-ны өдөр мэдэгдсэн талаарх асуудалд тусгагдсан байсан төдийгүй тус мэдүүлгүүд нь нотолгооны 4 бусад хэрэгслүүдээс ялгагдах гол онцлог нь аман хэлбэртэй байдаг учраас уг мэдээллийг шүүх хуралдааны үед бол шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн дүүрэн оруулах шаардлагатай байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгч хариуцагч нарын мэтгэлцээний явцад гарсан тайлбар, хууль зүйн үндэслэлүүд бүрэн дүүрэн тусгагдаагүй байсантай холбоотойгоор хурлын тэмдэглэлд засвар оруулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй орхиж, гэрчүүдийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг алдагдуулсан. Мөн гэрчүүд нь нотлогдвол зохих үйл баримтын талаар нэхэмжлэгчид шууд мэдээлсэн, мэдэгдсэн этгээдүүд байсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь нэхэмжлэгч В.Нямаад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу компанийн орон тоог хасаж, В.Нямаа болон бусад ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн талаарх мэдүүлэг бөгөөд энэ нь шууд буюу анхдагч нотлох баримтын шинжийг агуулсан тул бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэг шаардлагагүйгээр дангаараа нотлогдвол зохих үйл баримтыг нотлох чадвартай байсан. Дээрх байдлаар гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдвол зохих үйл баримт болох нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдсэн болох нь шууд нотлогдож байхад анхан шатны шүүхийн гаргасан “нэхэмжлэгч нь уг хуралд ирээгүй тул утсаар мэдэгдсэн гэсэн гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх засаж, залруулж үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төдийгүй шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгч нь мэдэгдлийг хуульд заасан хугацаандаа мэдсэн болохоо хүлээн зөвшөөрөөд байхад” анхан болон давж заалдах шатны шүүхээс “мэдэгдэлд нэхэмжлэгчийн гарын үсгийг зуруулаагүй байна” гэсэн үндэслэл хэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж ажилтны ажил олгогчоос өгсөн, танилцуулсан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй байгаа субьектив санааг өөгшүүлэн хожим энэ үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгох, улмаар үйл ажиллагаагаа зогсоож байгаа, ямар ч ажлын орон тоо шаардлагагүй болсон компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн түүчээ болсон Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хөдөлмөрийн харилцаанд буруу жишиг тогтоож байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.        

Нэхэмжлэгч В.Нямаа нь хариуцагч “Төгрөгнуурын энержи” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй гэснийг, хариуцагч эс зөвшөөрч “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай амаар болон бичгээр мэдэгдсэн, хуулиар тогтоосон журмыг мөрдөж ажилласан” гэж маргажээ.

           “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16/01 тоот тушаалаар нэхэмжлэгч В.Нямааг зөвлөх геологичийн албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн гэрээнийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасныг үндэслэсэн байна. /хх-ийн 5 /

           Хариуцагч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/15 дугаар шийдвэрээр тус компанийн үйл ажиллагааг зогсоох, бүх орон тоог хасах, хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл гардуулах, тушаал гаргах, тэтгэмж тогтоох, ээлжийн амралтын тооцоо хийж дуусгахыг гүйцэтгэх удирдлагад даалгасан байх боловч энэ талаар нэхэмжлэгч В.Нямаад мэдэгдсэн үйл баримт тогтоогдоогүй талаар шүүх    дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 32, 33/

          Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” мэдэгдэл, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” мэдэгдэл гэх баримтууд хэрэгт авагдсан боловч эдгээрийг нэхэмжлэгч В.Нямаад өөрт нь хүлээлгэн өгөөгүй, түүний гарын үсэг зурагдаагүй зэргийг хариуцагч байгууллага үгүйсгээгүй байна. 

Ажил олгогч нь орон тоо хасах, хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид утсаар болон гэр бүлийн хүн, байгууллагын бусад ажилтнаар дамжуулж мэдэгдсэн гэх тайлбараас үзэхэд тэрээр хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ хариуцагч тал биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлаас халах мэдэгдэл, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, Худалдаа хөгжлийн банкны хуулга хэрэгт авагдсан байх бөгөөд дээрх бүх баримтууд хариуцагч  “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн нэр дээр байна.  Гэвч “...2015 оны 12 сарын 07-ны өдөр орон тоог хасах тухай компанийн хурал хийхэд нэхэмжлэгч В.Нямааг ирээгүй” гэж хариуцагч тайлбарласан боловч хэрэгт авагдсан тухайн өдрийн хурлын тэмдэглэл нь “Төгрөгнуурын энержи” ХХК-ийнх бус харин өөр хуулийн этгээд буюу CAMEX Central Asia Mineral Exploration LLC гэсэн компанийнх, тухайн тэмдэглэлд “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн орон тоог хасч байгаа тухай тусгагдаагүй байна. /xx-5-8, 28-59,88/ Иймээс нийт ажилтны хурал хийж, нэг сарын өмнө мэдэгдсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг өөр хуулийн этгээдийн ажилтанд хамааралтай гэж үзэх үндэслэлтэй байна. 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/02592 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.174 /нэг зуун далан гурван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                    ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН