Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 82

 

Б.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.П, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаар магадлалтай, Б.П-д холбогдох 1831000870103 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Багш судлаач, эрх зүйч мэргэжилтэй, “Х б” ХХК-д захирал ажилтай, Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Тарвагатай 1 дүгээр баг, 2-1 тоотод оршин суух,

Нийслэлийн шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-3 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, Ц овогт Б-ийн П

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Х б” ХХК-ний захирал Б.П- нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хэрцийн ам” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 20,8 м.куб нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж ойн санд 13,478,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.П-г 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хэрцийн ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 20,8м3 нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж ойн санд 13,478,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Х б” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Х б” ХХК, тус компанийн захирал Б.П- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.П- гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8-д заасныг баримтлан цагаатгах тогтоол гаргасныг зөрчиж магадлал гаргасан гэж үзэж байна. Энэ хэргийг 2018 оны 4 дүгээр сараас эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хийсэн үзлэгт гуалин бүхий моднуудыг нэг бүрчлэн тоолж, хэмжээг гаргасан байна. Тухайлбал, хавтас хэргийн 25, 26, 27 хуудаст 14,859 шоо метр бүхий гуалин байна гэж шинжээчийн дүгнэлт гаргаад энэ нь 13,478,400 төгрөгийн байгаль экологийн хохирол учруулсан гэж үзсэн байна. ...дахин шинжээчийн дүгнэлт гаргахын өмнө манай манаач Наранцэцэгийг асуухад, байгаль орчны байцаагч Ч.Энхтүвшин үзлэг шалгалтаар яваагүй гэдэг нь тодорхой байдаг. Гэтэл Ч.Энхтүвшин анхан шатны шүүх хуралд шалгалтаар байсан мэтээр мэдүүлэг өгдөг. Хавтаст хэрэгт үнэн хэрэгтээ яг ямар хэмжээний мод бэлтгээд яагаад илүү гарсан тайлбар байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан гуалин буюу 14,859 куб метр модны шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хэрэг үүсгээд явсан байдаг. Гэтэл манай “Х б” ХХК 0110173 тоот 38 куб модны эрхийн бичгийг 2018 оны 02-р сарын 02-нд, 0110177 тоот 28 куб модны эрхийн бичгийг 2018 оны 02-р сарын 05-нд, 0110410 тоот 38 куб модны эрхийн бичгийг 2018 оны 02-р сарын 09-нд, 0110418 тоот 13 куб метр модны эрхийн бичгийг 2018 оны 02 дугаар сарын 13-нд бичүүлж авсан байдаг. Энэ бүгдийг нийлүүлэхээр 115 куб метр модны эрхийн бичиг болж байна. Манай “Х б” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас өмнө 83 куб модыг Улаанбаатар хот руу зохих гарал үүслийн дагуу тээвэрлэсэн байдаг. Ингэхээр 115 куб метр модоос 83 куб модыг хасахаар 32 куб метр мод үлдэж байна. Тэгтэл хавтаст хэрэгт авагдсанаар 20,8 куб метр мод илүү бэлтгэсэн гээд байгаа нь энэ 32 куб метр модны эрхийн бичигт багтаж байгаа юм. Цаана нь илүү 11.2 метр модны эрхийн бичиг манай компанид илүү байна. Яг 20.8 куб метр мод биш 14,859 куб метр буюу 15 куб метр мод болж байна. Ингэхээр тухайн шалгалтын албаны 52.8 куб метр мод илүү бэлтгэсэн гэсэн худал мэдээлэлд төөрөгдөн энэ хэрэг үүсч явсан байна.

Мөн энэ хэрэгт миний бие Улсын прокурорт хандах, дахин шинжээч томилуулах хүсэлтээ аймгийн прокурорын шатанд хүсэлт өгөхөд үл тоомсорлож энэ эрхийг хангахгүйгээр шууд шүүх рүү шилжүүлсэн. Би анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт тавьсан. Анхан шатны урьдчилсан хэлэлцүүлгээр миний бие дахин шинжээч томилуулах, бусад үндэслэлээр мөрдөн байцаалтад хэргийг буцаах хүсэлт тавихад прокурор Д.Нямдэлэг удаа дараа шүүх хурлыг цааш нь явуулахыг хүсэж, хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзэж байсан. Харин шүүхээс дахин шинжээч томилох захирамж гарснаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Байгаль орчны албаны шинжээч томилж газар дээр нь үзэж шалгаж дүгнэлт гаргасан.

Иймээс давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх ёстой гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шүүхээс мөрдөгч хэргийн газрын үзлэг хийсэн эсэх нь тодорхой бус, шинжээч нь дүгнэлт гаргасан нэг үндэслэлээ ажлын хэсгийн илтгэх хуудас, ой ангийн гаргасан модны хэмжээ зэргийг үндэслэн гаргасан гэсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэжээ. Үнэн хэрэгтээ 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой манай компанийн хашаанд аймгийн цагдаагийн газрын ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар очиж үзсэн бөгөөд уг хашаанд байсан гуалингуудыг нэг бүрчлэн тоолж хэмжээг нь тогтоосон байдаг. Тэгээд ой ангийн зүгээс уг гуалингуудыг хэмжиж байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоосон байдаг. Ойн ангийн дарга Г.Т-ын гарын үсэг зурсан хуудаст хэдэн ширхэг гуалин, ямар хэмжээтэй мод байсныг нэг бүрчлэн гаргасан байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан. Тэгэхээр дээрх дүгнэлт үндэслэлгүй юм.

Намайг мод бэлтгэх эрхийн бичгээ нөхөж авдаг гэж тайлбарласан... ...Манай компани 2018 оны 02 дугаар сарын 02-ноос эхлэн 2018 оны 02 дугаар сарын 13-ийг хүртэл дээрх эрхийн бичгийн төлбөрийг тушааж мод бэлтгэлээ хийж явсан бөгөөд уг эрхийн бичгийг үндэслэн тээвэрлэлт хийсэн. Гэтэл аймгийн прокурор Д.Нямдэлэг нөхөж авдаг гэсэн буруу ойлголтоор энэ асуудалд хандаж ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй “энэ эрхийн бичгийг 3 хоногт 233 ширхгийг олгосон байх ба энэ нь Б.П-гийн мэдүүлэг, гомдолд дурдсан “эрхийн бичгийг нөхөж авдаг” гэсэн нь нотлогдож байна гэж эсэргүүцэлдээ бичсэнийг үндэслэл болгосон нь давж заалдах шатны шүүх бодит баримтыг нарийвчлан авч үзээгүйтэй холбоотой. Манай компани 3 хоногт 233 ширхэг эрхийн бичиг аваагүй бөгөөд хавтаст хэрэгт ч ийм тоо баримт байдаггүй.

Анхан шатны шүүхийн тогтоолын цагаатгах гол үндэслэл бол хавтаст хэрэгт манай компанийн 20,8 м.куб мод илүү бэлтгэсэн гэсэн баримт байхгүй байгаа ба нийт авсан эрхийн бичгийн тоо хэмжээнээс тээвэрлэлт хийснийг хасахаар үлдэж буй дүн нь хавтаст хэрэгт авагдсан тоон баримтаас хамаагүй илүү байгаа учраас цагаатгах гол үндэслэл болсон гэж үзэж байна. Иймээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын үндэслэн магадлалыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар эрхийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна. Гэм буруутайд тооцохдоо дан ганц байгаль орчны байцаагчийн актаар тогтоогдсон. Хэргийн газрын үзлэгээр нойтон мод уу, хуурай мод уу гэдэг талаар хавтас хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин шинжээч томилсон боловч энэ баримтууд нотлогдоогүй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн. Мөн яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй ба хуулийн этгээдийг тусгаагүй, хуулийн этгээдийн нэр хаягийг буруу бичсэн байгаа юм. Энэ хэргийг хэрэг бүртгэлтэд буцахад нотлох баримтууд бүрэн бүрдэх боломжтой юм. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.П-гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасан шүүх хуралдаанаар гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй” гэсэн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хязгаарлагдах бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Х б” ХХК-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдааныг явуулжээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Х б” ХХК-ний захирал Б.П-г хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг хангалттай нотолж чадаагүй байна.

Тухайлбал, Б.П- нь Хүдэр сумын иргэдийн хурлын тогтоолоор олгогдсон зөвшөөрлийн дагуу, тус сумын засаг даргатай байгуулсан гэрээ ёсоор нийт 400 м.куб мод бэлтгэх эрхтэй байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 02-ноос 20-ны өдрийг хүртэлх хугацаанд мод хэсэгчлэн бэлтгэх үедээ мөнгө тушааж авсан гоожингийн бичигт заасан модны хэмжээ болон шалгалтын явцад хэмжсэн зөрүү 20,8 м.куб модыг хууль бусаар мод бэлтгэсэн гэж дүгнэсэн нь буруу байна.

Ингэхдээ тухайн цаг хугацаанд олгогдсон 4 удаагийн гоожингийн бичигт багтаж байгаа учир зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн зүйлгүй гэсэн тайлбар, шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гарсан талаарх гомдол зэргийг шалгаагүй, мөн түүнчлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу олгогдож буй эрх олгосон шийдвэр, баримтуудыг үгүйсгэн, зөвхөн орон нутгийн байцаагчийн зүгээс олгодог гоожингийн зөвшөөрлийг аваагүй нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангана гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.   

Түүнчлэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан, хувийн болон аж ахуйн нэгжийн ашиг сонирхолыг нь ялгах боломжгүй нэгдмэл байдаг, нэг гишүүнтэй бөгөөд өөрөө өөрийн эрх ашгаа төлөөлөн шийдвэр гаргаж байгаа хүнд болон хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу болжээ.   

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд дээрх үндэслэлийн дагуу  Б.П-, “Х б” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Иймд цагаатгагдсан этгээд Б.П-гийн гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН