Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 331

 

“Ш-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого,

хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                                    Танхимын тэргүүн М.Батсуурь,                                      

Шүүгчид:                                      Л.Атарцэцэг,

                                                     Х.Батсүрэн,

                                                     Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                             Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:               Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага:  “...Татварын улсын байцаагчийн 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0253 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0323 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга,

Хариуцагч Н.Х, Ж.Я, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0253 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш-А” ХХК-аас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Н.Х, Ж.Я нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0323 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Нэхэмжлэгчийн зүгээс Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4. а/0323 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...татвар төлөгчид гардуулсан хувьд татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Энхбаярын гарын үсэг зурагдаагүй байх боловч Татварын ерөнхий газрын архив болон татварын төлөгчийн хувийн хэрэгт хадгалагдаж буй 2 хувь актад Д.Энхбаяр гарын үсэг зурж баталгаажуулсан, ...илт хууль бус болох үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна” гэжээ.

5. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хэргийг хэлэлцэх үед хариуцагч нар нь “тайлбар гаргахдаа нэхэмжлэгчид маргаан бүхий актын гурван хувийг гурвууланг нь хэлтсийн даргаараа гарын үсэг зуруулаагүй өгч явуулсан, харин хоёр хувийг нь нэхэмжлэгч буцааж өгсөн гэдэг. Тодруулбал хариуцагч нар нь хүчин төгөлдөр болоогүй 3 хувь актыг гурвууланг нь нэхэмжлэгчид гардуулаад сүүлд нь буцааж авсан 2 хувь акт дээрээ хяналт шалгалтын хэлтсийн даргаараа гарын үсэг зуруулсан байдаг.  Энэхүү үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн Акт дүгнэлт бичих гэсэн 34 дүгээр зүйлийн 34.2-т “татварын улсын байцаагчийн акт …татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн Татварын улсын байцаагчид хориглох зүйл гэсэн 30 дугаар зүйлийн 30.1.3-д “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн актыг ...татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах” гэсэн зүйлүүдийг тус тус хариуцагч нар зөрчсөн болох нь өөрсдийнх нь гаргасан тайлбар, хэрэгт хавсаргагдсан баримтуудаар нотлогддог. Гэвч давж заалдах шатны шүүх Татварын ерөнхий хуулийн дээрх зүйл заалтыг хэрэглэх ёстой байтал шүүх хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

6. б/ 0323 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан нь акт хүчин төгөлдөр байх нөхцөлийг заасан боловч актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл биш байна” гэжээ.

7. Дээрх дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий 3 хувь актыг нэхэмжлэгчид гардуулахдаа Татварын ерөнхий хуулиар хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулиар хүчин төгөлдөр бус актыг татвар төлөгч биелүүлэх боломжгүй юм. Гэтэл татварын албанаас хүчин төгөлдөр бус актаар татвар төлөгчид өр үүсгэж биелүүлэхийг албадаж мэдэгдэх хуудас явуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан”, мөн зүйлийн 47.1.7-т “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан зүйл заалтад хамаарч байгаа юм. Тодруулбал, хүчин төгөлдөр бус актыг биелүүлэх боломжгүй байхад Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг зөрчин хариуцагч нар нь актыг биелүүлэхийг шаардаж байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5, 47.1.7 дахь хэсэгт тус тус хамаарч байхад давж заалдах шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 34.2 дахь хэсэг нь илт хууль бус гэж үзэх үндэслэл биш байна гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна.

8. в/ 0323 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Шаардлагатай бол татварын байгууллага Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д зааснаар хүчин төгөлдөр болсон хувийг гардуулах ажиллагааг хийх боломжтой” гэжээ. Гэтэл хариуцагч нар нь нэхэмжлэгчид хүчин төгөлдөр болоогүй маргаан бүхий 3 хувь актыг гардуулаад сүүлд нь буцааж авсан 2 хувь акт дээрээ нөхөж гарын үсэг зуруулсан актуудын нэгийг нь нэхэмжлэгчид гардуулах боломжгүй юм. Нэгэнт хариуцагч нь анх акт гардуулахдаа Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байхад түүнийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй бөгөөд акт илт хууль бус байна. Нөгөөтэйгүүр, татварын улсын байцаагч нь татварын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үндсэн үүргээ биелүүлээгүй байхад шүүх мөн хууль зөрчихийг нь хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байна.

9. Иймд,  дээрх тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар нь “Ш-А” ХХК-ийн 2014, 2015 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022522 тоот актаар 2014 онд 269,969,861.70 төгрөгийн, 2015 онд 359,757,038.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нийт 646,715,060,10 төгрөгийн зөрчилд 535,776.00 төгрөгийн нөхөн татвар, 189,359,057,8 төгрөгийн торгууль, 97,666,628 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 287,561,461.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ. 

12. Нэхэмжлэгч “Ш-А” ХХК нь 210022522 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...210022522 тоот актад Татварын хяналт шалгалт хариуцсан хэлтсийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй, ... хуулийн шаардлага хангаагүй актыг татвар төлөгчид гардуулж байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт болно...” гэж тодорхойлон маргасан байна.   

13. Шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасныг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

14. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадахыг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

15. Хариуцагч татварын улсын байцаагчаас “Ш-А” ХХК-д гардуулсан маргаан бүхий 210022552 тоот актын 1 хувьд Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Энхбаяр гарын үсэг зураагүй нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид гардуулсан 1 хувь нь захиргааны актын хүчин төгөлдөр болох нөхцөлийг хангаагүй байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасан захиргааны актыг илт хууль бус гэж үзэх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, бодит нөхцөл  байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлд хамаарахгүй байна.

16. Учир нь, илт хууль бус захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус болох шинжийг агуулсан буюу утга агуулгын илэрхий засагдах боломжгүй ноцтой алдаатай байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий актын хувьд, татвар төлөгчид гардуулсан 1 хувь дээр Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга гарын үсэг зураагүй боловч бусад 2 хувь /архивт болон татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалагдаж буй/-д хэлтсийн дарга Д.Энхбаяр гарын үсэг зурж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь засч болох захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдаа байх ба дээрх алдааг актад эрх бүхий этгээд гарын үсэг зурах, хүчин төгөлдөр болсон хувийг гардуулах зэргээр залруулах бүрэн боломжтой, уг алдааг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна. 

17. Иймд, нэхэмжлэгчийн “...хариуцагч нь анх акт гардуулахдаа Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байхад түүнийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй бөгөөд акт илт хууль бус байна. ...татварын улсын байцаагч нь татварын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үндсэн үүргээ биелүүлээгүй байхад шүүх мөн хууль зөрчихийг нь хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байна...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

18. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0253 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0323 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА