Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Иргэдийн төлөөлөгч: Т.Баттүшиг,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Л.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т  нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020902 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д , 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй, 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т , 1 Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Ноос ирээдүй ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч Д , Т  нар нь бүлэглэн, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Д  хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зүүн талд чингэлгүүдийн дунд иргэн Б.Заяабатын эзэмшлийн Ай фоне 5 загварын гар утас, гар утасны чихэвч, Коби 9 загварын пүүз, куртик, биет 2000 төгрөг, автобусны карт зэрэг эд зүйлийг, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 7 дугаар давхарт иргэн Ш.Даваадоржийн эзэмшлийн Смарт бугуйн цаг, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад хүүхдийн тоглоомон хутга байна, дээрэм хийе гэж ярилцсан. Бид хоёр 5-н шарын 10 дугаар буудал гэдэг газраас 10 дугаар хорооллын автобусны буудал хүртэл алхсан. Автобусны буудал дээр бие жижигтэй нэг хүүхэд байхаар нь араас нь дагаад цуг лифтэнд орж, лифт зогсоход нөгөө хүүхдийг татаж гаргаад цаг, пүүз зэргийг нь авсан. Дараагийн үйлдэл дээр хохирогчид тоглоомон хутгыг тулгаад грашны хажууд очиж гутал, куртик, iphone-5 маркийн гар утас, чихэвч, автобусны смарт карт зэргийг нь аваад зугтаасан” гэв. Шүүгдэгч Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэхэд гутал, куртик хоёрыг граш дээр хаясан. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв. Хохирогч Б.Заяабатын мөрдөн байцаалтад өгсөн: “...өөрийн гар утсаараа хөгжим сонсоод алхаж байтал 21 цаг 42 минутын орчим үл таних 3 эрэгтэй урьдаас хоорондоо юм яриад алхаж байсан. Тэгтэл урьд алхаж байсан намхан нуруутай залуу нь баруун талаар гарах гэж байхдаа зүүн гараараа хэвлий хэсэг рүү цохисон байдалтай мөрлөөд гарсан. Тэгэхээр нь чихэвчээ аваад эргэж хараад яасан бэ гэж хэлтэл намайг мөрлөж авсан залуу нь яасан бэ гээд урдаас хэлсэн. Тэгээд би юм хэлэлгүй, хөдлөлгүй зогсож байтал чи нааш ир гэхэд бусдаасаа нас арай бага бололтой хүүхэд нь цаана үлдээд нөгөө хоёр нь над дээр хүрч ирээд хамгийн намхан намайг эхэлж мөрлөсөн залуу нь иш хэсгийг нь хараагүй богино тонгорог маягийн хутга гаргаж ирээд хэвлий тус газар руу тулгаад дуугүй байгаарай, орилох юм бол ална шүү, илүү дутуу хөдөлгөөн хийгээд үзээрэй тэгвэл гэдэс рүү чинь бүлнэ шүү, намайг дагаад яв гэж хэлээд хутга тулгасан залуу баруун талд баруун гартаа хутга барьчихсан зүүн гараараа шилэн хүзүүгээр тэвэрчихсэн. Нөгөө залуу нь зүүн гарын булчин хэсгээс бариад “Найз” зочид буудлын баруун талаар гараашууд дундуур авч орсон. Тэгээд цахилгаан хүчдэлийн хажуу талаар контейнер дундуур оруулж, контейнер налуулж зогсоод намхан залуу хутга хүзүү хэсэг рүү тулгаад чихэвчээ аваад ир гэхээр нь цагаан цэнхэр өнгийн компьютерт ашиглах зориулалттай гар утсандаа хийж ашиглаж байсан том чихэвчээ өгтөл хажуу талынхаа өндөр залуудаа өгөөд дахин намхан залуу нь гар утсаа гараад ир гэхээр нь өмсөж явсан даавуун материалтай пальто маягийн куртикны дотор талын энгэрийн халааснаас хар өнгийн iphone-5 маркийн гар утсаа өгөхдөө гар утас аваад хэрэггүй, маш хэрэгтэй зүйл байгаа гэхэд утасныхаа кодыг хэл, дуугүй бай гэж хэлсэн. Тэгээд утасныхаа дэлгэцний кодыг хэлэхэд намхан залуу нь гар утсыг арай өндөр нуруутай залуудаа өгтөл тэр залуу оролдож байгаад гар утасны кодыг гаргаад ID кодоо хэл гэхээр нь хэлэлгүй байж байтал намхан биетэй залуу нь зүүн гарын эрхий, долоовор хурууны ар гол хэсэгт нэг удаа зүсээд хурдан кодоо хэл гэхээр нь ID кодоо хэлж өгөөд байж байтал намхан залуу хажуу талаас орж ирээд пүүзээ тайл гэхээр нь үзмэн ягаан өнгийн коби 8 загварын пүүзээ тайлж өгсөн ба өгөх үедээ хөл нүцгэн явах юм уу гэхэд чимээгүй байгаарай хоолойг чинь хэрчинэ шүү гэсэн. Тэгэхээр нь дуугүй пүүзээ тайлаад намхан залууд өгөхөд нөгөө хамт байсан залуудаа өгсөн ба дахин куртикээ тайл гэж хэлсэн. Тэгэхээр нь өмсөж байсан куртикээ тайлаад өгөхөд мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхэд нэгжээд мөнгө гарч ирвэл хоолойг чинь хэрчинэ шүү гэж хэлсэн. Тэгээд халаасаа өөрөө уудлаад өмдний ар талын халааснаас автобусны карт, 1000 төгрөгийн дэвсгэртээр 2 ширхэг, нийт 2.000 төгрөг өгсөн. Гэтэл намхан залуу нь цүнхэнд чинь юу байна гэж хэлэхээр нь үнэтэй юм байхгүй, нэгжээд үз гэтэл нэгжиж үзэлгүй доошоо суу гэхээр нь доошоо суутал чимээгүй байгаарай араас орилж хашгирах, дагах юм бол ална шүү гэж хэлээд явахаар нь би ийм, тийм юм болохгүй гэхэд намхан залуу нь эргэж ирснээ нуруу хэсэг рүү 4-5 удаа хутганыхаа үзүүр хэсгээр цохисон маягтай зоогоод байх шиг байсан. Тэгж байснаа шууд 10 дугаар хорооллын автобусны буудал чиглэл рүү хоёулаа зугтаагаад гүйсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/, Насанд хүрээгүй хохирогч Ш.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 65 дугаар байрны 72 тоот гэрээсээ гарч байрны орчимд ахынхаа найзад нохой өгчихөөд тэндээсээ шууд 10 дугаар хорооллын урд талын автобусны буудлын дэлгүүр дээрээс нэгж аваад эргээд гэр рүү явсан. Тэгээд 65 дугаар байр руу ороод лифтэнд ороод 7 давхрыг дарах үед үл таних нэг эрэгтэй, хоёр арай залуу байрын 3 хүн орж ирээд согтуу хүн 4 давхарт буутал үл таних хоёр хүн 6 давхарт дарсан. Тэгээд 6 давхар дээр зогсоод лифт онгойх үед үл таних хоёр хүний хар цагаан өнгийн ханцуйтай боомбор маягийн куртиктэй хүн нь хаанаас хутга гаргаж ирсэн нь мэдэхгүй, зүүн талын хавирга орчим тулгаад дуугүй байгаарай, дуугарвал хоолойг чинь хэрчинэ шүү гэж хэлээд ар талд гараад намайг чигээрээ яв гээд зургаан давхрын шатны хажуу талд очоод халаасандаа байгаа эд зүйлээ гарга гэж хэлсэн. Хутга тулгасан залуу нь дахин зүүн талын халаасанд байсан бор өнгийн смарт бугуйн цагийг аваад өмсөж байсан пүүзэн гутлаа тайл гэж хэлсэн. Ингээд би гутлаа тайлаад өгтөл лифт явуулахгүй гээд зогсож байсан залуу нь ирж авсан ба нөгөө надад хутга тулгадаг залуу нь намайг доошоо шатаар авч буусан. Тэгээд намайг 5-6 давхар хоёрын хооронд аваачаад одоо чимээгүй байгаарай, араас дагаад цагдаа дуудах юм бол ална шүү гэж айлгасан. Мөн лифтнээс гарч ирсэн хүн нь наадхынхаа хоолойг хэрчээч гээд байсан. Тэгээд хутга тулгасан хүн иргэж 6 давхар руу гарч лифтэнд суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх- н-106-107/, Шинжээчийн 5636 тоот дугаартай дүгнэлтэд: “...Б.Заяабатын биед хүзүү, баруун дал, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-42/, Яллагдагч Д гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т  бид хоёр 10 буудлын автобусны буудал дээр буугаад хоорондоо юм яриад алхаж байхдаа надад хутга байна, энэ хутгаар хүмүүсийг айлгаж байгаад эд зүйлсийг дээрэмдье гэхэд Т  тэгье гэж хэлээд бид хоёр чигээрээ алхаж явсаар байгаад 10 дугаар хороолол орчимд 21-22 цагийн хооронд очсон. Тэгээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр зогсож байтал гартаа бугуйн цаг барьчихсан 14-15 орчим насны хүүхэд зогсож байхаар нь ардаас дагаад буудлын хойд талын хуучны 9 давхар байрнуудын голоор орж явсаар байгаад 1 орцтой байр руу дагаж ороход хохирогч хүүхэд лифтэнд суугаад 7 номерыг дарахаар нь Т  6 номерыг дарсан. Тэгээд дээшээ яваад 6 давхарт зогсоод хаалга онгойхоор нь хохирогчийг лифтнээс түлхэж гаргаад шатны хажуу талд аваачаад хутга гаргаж харуулаад дуугүй байгаарай биедээ байгаа эд зүйлсээ гарга, наад гартаа барьж байгаа бугуйн цагаа шалан дээр тавь, гутлаа тайл гэж хэлсэн. Тэгтэл хохирогч бугуйн цаг болон гутлаа тайлахаар нь лифтэнд хүлээж байсан Т ыг дуудаад эд зүйлсийг ав гэж хэлсэн. Тэгээд би шууд хохирогчийг дагуулаад лифтэнд суухаасаа өмнө Т  эд зүйлсийг авч байхаар нь гутлыг үлдээ гэж хэлээд 6 давхарт үлдээж Смарт бугуйн цагийг нь аваад явсан. Ингээд байрнаас гараад 10 дугаар хорооллын автобусны буудал чигтэй явж байтал ... Т  арай түрүүнд явж байснаа 18-19 орчим насны эрэгтэй хүүхэдтэй мөргөлдөх үед хохирогч эргэж хараад Т  руу үг хэлэхээр нь би араас шууд гүйж очоод шилэн хүзүүдэж тэвэрч хутга үзүүлээд чимээгүй байгаарай, дагаад яв гэж хэлсэн. Тэгээд Т  бид хоёр хохирогч залууг дагуулаад гараашны хажуу талын буланд гарааш руу нуруугаар нь налуулж доош суулгаад хоолойд нь хутга тулгаад биедээ байгаа эд зүйлсээ гарга гэж хэлсэн. Тэгээд би эхлээд цагаан өнгийн компьютерт хийдэг чихэвч, хар өнгийн iphone-5 маркийн гар утсыг аваад Т ад өгсөн ба дахин өөр эд зүйл байна уу, гарга гэхэд автобусны смарт карт бэлэн 2.000 төгрөг гаргаж ирэхээр нь өөрийн халаасандаа хийгээд гутал, гадуур өмсөж байгаа хар өнгийн куртикыг нь тайлуулж авсан. Эхлээд гутлаа тайлж өгөхөөр нь Т ад өгсөн ба куртикыг нь би өөрөө аваад араас дагавал ална шүү, дуугүй байгаарай гэсэн айлган сүрдүүлсэн маягтай үгнүүд хэлж байгаад шууд эргэж хараад Т ыг зугтаарай гэж хэлээд зугтааж гүйгээд 10 дугаар хорооллын орчимд тоотыг нь мэдэхгүй байрны хажуу талын жижиг подволь маягийн нүх рүү куртикийг нь би шидсэн. Буудлын хойд талын ломбарданд дээрэмдэж авсан гар утсаа Т ын нэрээр 130.000 төгрөгөнд тавиад би 70.000 төгрөгийг, 60.000 төгрөгийг Т  аваад би өөр тийшээ явлаа гэж хэлээд салаад явсан. Тэгээд би бааранд орж ганц нэг шил пиво ууж байгаад эргэж гараад шөнө гэртээ харьсан. Тэгээд хэрэг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дараа цагдаад баригдсан. Би дээрмийн гэмт хэрэг хийх санааг гаргаж Т  дэмжсэн. Мөнгө хэрэг болоод дээрмийн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/, Яллагдагч Т ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хохирогч 6 юм уу, 7 давхарт дарахаар нь би өмнөх доод талын давхрын тоог дарсан. Ингээд миний дарсан давхарт лифт зогсох үед Д  хохирогчийг араас нь түлхээд буусан ба би араас нь хараад явуулахгүй гээд лифтэн дотор зогсож байсан. Тэгээд цаана Д  хохирогчтой юу гэж ярьсныг мэдэхгүй. 5 орчим минутын дараа Д  намайг хүрээд ир гэж дуудахаар нь лифтнээс гараад шатны хажуу талд явж очсон. Тэгтэл Д  хохирогчийн барьж байсан бугуйн цагийг ав гэж хэлэхээр нь автал Д  дахин хохирогчийг гутлаа тайл гэхэд хохирогч бор өнгийн кет маягийн гутлаа тайлаад өгөхөөр нь авсан. Д  хохирогчийг доош нэг давхарт буулгахаар авч явсан. Тэгээд би эргээд лифт рүү очоод байж байтал Д  араас гүйж ирээд лифтэнд суугаад доошоо бууж байрнаас гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ 10 дугаар хорооллын автобусны буудал орох санаатай явж байтал урдаас явган хүний зам дээгүүр чихэвч зүүсэн 18-20 орчим насны хар өнгийн хувцастай залуу ирж яваа харагдсан. Тухайн үед гадаа харанхуй үзэгдэх орчим хязгаарлагдмал байсан ба хохирогчийг урдаас ирж байхаар нь зүүн талаар мөрлөж өнгөрөөд эргэж хартал хохирогч чихэвчээ авах үед Д  араас нь шилэн хүзүүгээр нь тэврээд байрны хажуу талаар гарч гарааш дундуур аваад явсан. Д  эд зүйлсээ өг гэж хэлээд байсан ба өгсөн эд зүйлсийг нь би аваад байсан. Тэгтэл Д  хохирогчийг гутал, куртикээ тайл гэсэн. Гутлыг аваад хойно байсан контейнер дээр шидсэн ба хар өнгийн пальто маягийн куртик өгөхөөр нь бариад зогсож байтал Д  хохирогчийг дугарч болохгүй шүү, дугарвал ална шүү, араас дагаад үзээрэй гэж хэлээд эргэж хараад зугтаарай гэхээр нь би араас нь дагаад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 60-61/, Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гомдол /хх-н 5-6/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9, 17-19/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-н 21-22, 26-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 24-25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27-28/, эд зүйлийн үнэлгээ /хх- н 62-64/, яллагдагч Д гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66- 69, 83, 85/, яллагдагч Т ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 70-73, 82, 84/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар: Шүүгдэгч Д  нь Т тай бүлэглэн, давтан үйлдлээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 21 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 7 дугаар давхарт иргэн Ш.Даваадоржийн эзэмшлийн Смарт бугуйн цаг, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг, -2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зүүн талд чингэлгүүдийн дунд иргэн Б.Заяабатын эзэмшлийн Ай фоне 5 загварын гар утас, гар утасны чихэвч, Коби 9 загварын пүүз, куртик, биет 2000 төгрөг, автобусны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авсан тус тус гэм буруутай, Шүүгдэгч Т  нь Д тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 21 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 7 дугаар давхарт иргэн Ш.Даваадоржийн эзэмшлийн Смарт бугуйн цаг, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг, -2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зүүн талд чингэлгүүдийн дунд иргэн Б.Заяабатын эзэмшлийн Ай фоне 5 загварын гар утас, гар утасны чихэвч, Коби 9 загварын пүүз, куртик, биет 2000 төгрөг, автобусны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авсан тус тус гэм буруутай болох нь: Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Заяабатын өгсөн: “...намхан намайг эхэлж мөрлөсөн залуу нь иш хэсгийг нь хараагүй богино тонгорог маягийн хутга гаргаж ирээд хэвлий тус газар руу тулгаад дуугүй байгаарай, орилох юм бол ална шүү, илүү дутуу хөдөлгөөн хийгээд үзээрэй тэгвэл гэдэс рүү чинь бүлнэ шүү, намайг дагаад яв гэж хэлээд хутга тулгасан залуу баруун талд баруун гартаа хутга барьчихсан зүүн гараараа шилэн хүзүүгээр тэвэрчихсэн. Нөгөө залуу нь зүүн гарын булчин хэсгээс бариад “Найз” зочид буудлын баруун талаар гараашууд дундуур авч орсон. Тэгээд цахилгаан хүчдэлийн хажуу талаар контейнер дундуур оруулж, контейнер налуулж зогсоод намхан залуу хутга хүзүү хэсэг рүү тулгаад чихэвчээ аваад ир гэхээр нь цагаан цэнхэр өнгийн компьютерт ашиглах зориулалттай гар утсандаа хийж ашиглаж байсан том чихэвчээ өгтөл хажуу талынхаа өндөр залуудаа өгөөд дахин намхан залуу нь гар утсаа гараад ир гэхээр нь өмсөж явсан даавуун материалтай пальто маягийн куртикны дотор талын энгэрийн халааснаас хар өнгийн iphone-5 маркийн гар утсаа өгөхдөө гар утас аваад хэрэггүй, маш хэрэгтэй зүйл байгаа гэхэд утасныхаа кодыг хэл, дуугүй бай гэж хэлсэн. Тэгээд утасныхаа дэлгэцний кодыг хэлэхэд намхан залуу нь гар утсыг арай өндөр нуруутай залуудаа өгтөл тэр залуу оролдож байгаад гар утасны кодыг гаргаад ID кодоо хэл гэхээр нь хэлэлгүй байж байтал намхан биетэй залуу нь зүүн гарын эрхий, долоовор хурууны ар гол хэсэгт нэг удаа зүсээд хурдан кодоо хэл гэхээр нь ID кодоо хэлж өгөөд байж байтал намхан залуу хажуу талаас орж ирээд пүүзээ тайл гэхээр нь үзмэн ягаан өнгийн коби 8 загварын пүүзээ тайлж өгсөн ба өгөх үедээ хөл нүцгэн явах юм уу гэхэд чимээгүй байгаарай хоолойг чинь хэрчинэ шүү гэсэн. Тэгэхээр нь дуугүй пүүзээ тайлаад намхан залууд өгөхөд нөгөө хамт байсан залуудаа өгсөн ба дахин куртикээ тайл гэж хэлсэн. Тэгэхээр нь өмсөж байсан куртикээ тайлаад өгөхөд мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхэд нэгжээд мөнгө гарч ирвэл хоолойг чинь хэрчинэ шүү гэж хэлсэн. Тэгээд халаасаа өөрөө уудлаад өмдний ар талын халааснаас автобусны карт, 1000 төгрөгийн дэвсгэртээр 2 ширхэг, нийт 2.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/, насанд хүрээгүй хохирогч Ш.Даваадоржийн өгсөн “...Тэгээд 6 давхар дээр зогсоод лифт онгойх үед үл таних хоёр хүний хар цагаан өнгийн ханцуйтай боомбор маягийн куртиктэй хүн нь хаанаас хутга гаргаж ирсэн нь мэдэхгүй, зүүн талын хавирга орчим тулгаад дуугүй байгаарай, дуугарвал хоолойг чинь хэрчинэ шүү гэж хэлээд ар талд гараад намайг чигээрээ яв гээд зургаан давхрын шатны хажуу талд очоод халаасандаа байгаа эд зүйлээ гарга гэж хэлсэн. Хутга тулгасан залуу нь дахин зүүн талын халаасанд байсан бор өнгийн смарт бугуйн цагийг аваад өмсөж байсан пүүзэн гутлаа тайл гэж хэлсэн. Ингээд би гутлаа тайлаад өгтөл лифт явуулахгүй гээд зогсож байсан залуу нь ирж авсан ба нөгөө надад хутга тулгадаг залуу нь намайг доошоо шатаар авч буусан. Тэгээд намайг 5-6 давхар хоёрын хооронд аваачаад одоо чимээгүй байгаарай, араас дагаад цагдаа дуудах юм бол ална шүү гэж айлгасан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 5636 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9, 17-19/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-н 21- 22, 26-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 24-25/, эд зүйлийн үнэлгээ /хх- н 62-64/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхгүйгээр заналхийлж довтолсон гэмт хэргийг давтан, бүлэглэн, зэвсэг хэрэглэн үйлдсэн”, Шүүгдэгч Т ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д  нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэн үйлдсэн үйлдэлд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар таван жилээс 12 жил хүртэл хугцаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн, шүүгдэгч Т ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д  нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг давтан, бүлэглэн, зэвсэг хэрэглэн үйлдсэн, Шүүгдэгч Т  нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлт нь үндэслэлтэй болно. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Заяабат, өсвөр насны хохирогч Ш.Даваадорж нарт учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч Д , Т  нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нь маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно. Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч Д д ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 .1-д хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно гэж заасны дагуу ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч Т ад оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт болно. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн заалтыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэхээр зохицуулсан байх ба хөнгөн гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээг тусгай ангид 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргүүд хамаарах тул хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ. Шүүх шүүгдэгч Д , Т  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Шүүгдэгч Д , Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эрүүгийн 201726021049 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д г “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэн, давтан, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд, -Шүүгдэгч Т ыг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д г 03 жил 05 сар хорих ялаар, -2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т ыг 03 жил 05 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д , Т  нарт тус тус оногдуулсан 03 жил 05 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эрүүгийн 201726021049 дугаартай хэргийг нэгтгэсэн бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д , Т  нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ