Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/725

 

                                               Т.Ө-д холбогдох эрүүгийн

                                                        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

шүүгдэгч этгээд Т.Ө, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл, Г.Сүхээ,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.О, шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл нар болон шүүгдэгч Т.Ө-н өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Ө-д холбогдох эрүүгийн 2017 2502 0959 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Т-н Ө, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................ аймагт төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвчин мэргэжилтэй, “В ф л” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /ургийн овог, овог, нэрээ 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б.Т болгон өөрчилсөн/, /РД: .........../,

Т.Ө /Б.Т/ нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрүүдэд иргэн П.Г-с бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар бартераар авсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, .......... тоот 49.3 м.кв, тус байрны 16 тоот 59.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 байрыг бусадтай хийсэн гэрээний үүргийн биелэлтээ хангаагүй, өөрийн өмчлөлд бүрэн шилжиж ирээгүйг мэдсээр байж хохирогч Ч.О-т өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө хэмээн 2 үйлчилгээний зориулалттай байруудыг “таны өмчлөлд шилжүүлэх гэрээ хийе” хэмээн итгэл төрүүлэн, “хэрэв зээлсэн мөнгөө 3 сарын хугацаанд төлж барагдуулж чадахгүй бол үйлчилгээний байруудыг өөртөө шилжүүлж авч болно” гэж Ч.О-г төөрөгдөлд оруулан, “үнийн дүн өндөртэй хөрөнгөөр зээл авч байгаа, зээл эргэж төлөх боломжтой” хэмээн хуурах аргаар 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү бодон эргүүлэн төлөхөөр Зээлийн гэрээгээр халхавчлан мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор бэлнээр 70.848.500 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Ө-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Ө-с /Б.Т/ 70.848.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч Ч.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан нь хэргийг үнэн зөв шийдсэн боловч оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Би өрх толгойлсон эх, тэтгэврийн доод хэмжээгээр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний насаараа цуглуулсан, охин Хо-н хүний нутагт өдөржин шөнөжин ажиллаж байж олсон мөнгөө ялтан Ө-д залилуулснаас болж би өөрөө ходоодны шархтай, охин минь сэтгэцийн өөрчлөлттэй болж нэг айлын амьдрал тэр чигээрээ сүйрч орвонгоороо эргэсэн юм. Эрүүл мэнд, эдийн засгаараа маш их хохирч 7 жил болоход нэг ч төгрөг өгөөгүй чаддагийн бол шүүхээрээ яваад аваарай гэдэг. 2022 оны 5 сард хуралдсан анхан шатны шүүх хурал дээр Т.Ө нь “гадаадад амьдардаг хүү маань машин явуулсан, зараад мөнгийг нь өгнө” гэж байсан боловч одоо болтол таг чиг байна. “Ах дүү нар маань үлдэгдэл барааг минь 1 компанид 30 саяар өгсөн” гэж хэлээд зогсож байсан 7 жил болоход нэг ч төгрөг өгөөгүйд маш их гомдолтой байна.

Хохирогч миний бие төлбөр төлөх болов уу хэмээн хүлээж байхад даапаалсан, доромжилсон өнгө аястай байгааг харахад 3 жил өнгөрхөд чамд юу ч өгөхгүй гэсэнтэй агаар нэг байна. Тиймээс хохирогч миний бие хохирол төлбөр төлөх боломжтой ч өгөхийг хүсэхгүй байгаа, боломж байвал гадагшаа гараад явчихна гэсэн бодлоор цаг хугацааг өнгөрөөсөн болох нь ургийн овог, овог нэрээ сольсноор хангалттай нотлогдож байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй ял шийтгэлийг хөнгөдүүлсэн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын гэм буруугийн тухайд гаргасан шүүхийн дүгнэлтэд “... хамгийн ноцтой нь Т.Ө нь хохирогч Ч.О-г хуурч мөнгийг нь авчихаад 7 жилийн хугацаанд огт хохирол төлөөгүй нь шүүгдэгчийн гэмт хэрэгтээ хандаж байгаа байдлыг тодорхой харуулж байна. ...” хэмээн дүгнэсэн атлаа төлбөрийг төлөх хугацааг зааж өгөх боломжтой байсан ч заагаагүйгээс тэрээр хохирол төлнө хэмээн 5 хоногийн завсарлага аваад орж ирэхдээ төлбөр төлөх байтугай шүүхэд хуурамч баримт гаргаж ирэн шүүхээр тохуурхсан гэж үзэж байна.

Сүүлд хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байтал шүүх үнэлэн улмаар хохирлын тооцооноос хасаж тооцсоныг эс зөвшөөрч байна. Үнэхээр хүүгийн төлбөр гэж үзвэл хоёр сарын л хүү авсан байх боломжтой бөгөөд энэ нь нийтдээ 800.000 төгрөг болно. Харин хуурч мэхэлж хоёр үл хөдлөх хөрөнгийг надад шилжүүлэхдээ нотариатын болон үл хөдлөх хөрөнгийн хувь төлбөрийг надаас тухайн үед мөнгө зээлэн хийлгүүлсний төлбөрийг мөн хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хохирлын тооцоог нэмэгдүүлэх, хохирлыг тодорхой хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгаж өгөхийг хүсэж давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Хохирогч Ч.О-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Ч.О-н гомдлыг дэмжиж байна. Гомдлын үндэслэл нь “шүүгдэгч Т.Ө-с хохирол төлбөрийг боломжит хурдан хугацаанд гаргуулж авахыг хүсэж байгаа. Учир нь, шүүгдэгч Т.Ө нь 3 жилийн хугацаагаар ял эдэлж, хохирол төлбөрийг төлөхгүй бол төвөгтэй байдал үүснэ. Шүүгдэгч Т.Ө болон өмгөөлөгчийн давж заалдах гомдолд энэ хэрэгт П.Г гэдэг хүн холбоотой. П.Г бараа материалыг нь авч 1, 2 жилийн дараа буцааж өгөөгүйн улмаас энэ үйл явдал эхэлсэн гэж үзэж байна. Гэтэл П.Г нь тухайн үед Г-г хамтран өмчлөгчөөр нь оруулсан үндэслэл нь хавтаст хэрэгт баримт нь байгаа “...5 дугаар сарын 20-ны өдрийн дотор та энэ бараа материалаа нийлүүлж чадахгүй бол манайх өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авна” гэсэн байдаг. Энэ хүн зээлийн гэрээ хийгээд давхар худалдан авах гэрээ байгуулсан. Тиймээс иргэний хэргийн 3 шатны шүүхээс Иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заанаар “халхавчилсан гэрээ хийсэн” гэж үзсэн. ... Миний үйлчлүүлэгч тухайн байр Т.Ө-н өмчлөлийнх, Г-ыг түүний дүү гэж ойлгосон. Хэрэв анхнаасаа хүний байр гэдгийг нь мэдсэн бол их хэмжээний мөнгө зээлэхгүй байсан. ...” гэв.

Шүүгдэгч Т.Ө давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн хувьд дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би өөрийгөө гэм буруугүй гэж үздэг. Би Г-тай орон сууцны сантехникийн бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсны улмаас гэмт хэрэгт холбогдсон гэж өөрийгөө үздэг. Би 2015 онд Герман улсаас сантехникийн бараа оруулж ирсэн. Уг бараа Испани улсын чанартай, үнийн хувьд манайд зарагддаг хятадынхаас өндөр юм. Уг барааг гааль дээр байхад П.Г гэгчтэй танилцаж, орон сууцны байраар солихоор гэрээ байгуулсан. Гааль болон бусад төлбөр нэхэгдэж байгаа талаар хэлж байраа шилжүүлж авахаар тохиролцсон. Г надад уг байрыг шилжүүлж өгөхдөө Г гэдэг хүнийг хамтран эзэмшигчээр оруулж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан.

Би гааль болон бусад төлбөрийг төлөхийн тулд Ч.О-тэй уулзаж 80 сая төгрөгийн зээл авсан. Үнэнээ хэлсэн. Гаалийн болон бусад татвар төлөхийн тулд мөнгө зээлэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Ингээд би бүх төлбөрийг төлж гаалиас бараагаа авсан. Энэ бараагаа Г-д бүгдийг өгсөн. Г-д дахин нийлүүлэх зарим бараа л үлдсэн. Үндсэндээ бидний гэрээний биелэлт хангагдсан. Зөвхөн дахин явж үлдэгдэл бараа л авчрах үлдсэн юм. Гэтэл хэсэг хугацааны дараа П.Г нь манай барилгад таарахгүй байна. Яагаад гэвэл суултуур нь босоо оролттой байна. Манай барилгынх хэвтээ оролттой гэж тайлбар хэлж байлаа. Дараа нь үнэ өндөр болж байна. Манайх урдаас хямдханыг авах болсон гээд ярьж эхэлсний улмаас ийм хэрэг эхэлсэн. Энэ явдал нэг жил өнгөрсний дараа болсон юм. Үүний дараа намайг шүүхэд өгч шийдвэр ч гарсан. Учир нь, энэ байр Ч.О-н нэр байсан учраас Г-н нэхэмжлэл шийдэгдээгүй юм.

Дараа надаас нэхэж асуудал үүссэн. Тэгээд Ч.О-н нэр дээр нэхэмжлэл гаргаж П.Г байраа буцааж авсан. Ч.О анх зээл авахад “заавал өөрийнхөө нэр дээр шилжүүл” гэсэн шаардлага тавьсан учир байр түүний нэр дээр шилжигдсэн байсан.

Гааль дээрээс бараа авахад мөнгө хэрэгтэйг хэлж л авсан. Үүнийг Ч.О шүүхэд ярьж хэлж байсан. Ийм л явдал болсон. Хэрэв П.Г тухайн үед болохгүй барилгад таарахгүй гэдгээ хэлсэн бол гэрээ ч байгуулагдахгүй, ийм явдал болохгүй байлаа. Ер нь Г нэг жилийн дараа гэрээнээсээ буцаж байраа шүүхээр гаргуулж авсан мөртлөө мөрдөн байцаалтад өгөхгүй их удсанд хуулийн байгууллага дүгнэлт хийдэггүй юм. Одоо хүртэл зарим барааг буцааж өгөхгүй байгаа. Энэ талаар мөрдөн байцаалтад хэлж ярьж байсан ч огт тоогоогүй. Миний буруутай үйлдэл байна гэдгийг огт ойлгохгүй байна. Г л гэрээнээсээ буцаж ийм байдалд хүргэсэн гэдэг нь бусдад ойлгомжтой байх. Тэгээд ч удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгож ирсэн нь миний гэм буруугүй гэдгийг баталж байгаа. Нийт 5 удаа прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож, татгалзаж байсныг нотлох тогтоол хавтаст хэрэгт авагдсан.

Одоо яагаад яллаад байгаа нь ойлгомжгүй юм. Би ойлгохдоо бүх шатны прокурор адил хуулийн хүрээнд шийдвэр гаргадаг гэж боддог. Олон жилийн турш энэ зээлийг хэрхэн зарцуулсныг шалгасан. Бүгдийг анх зээл авахдаа хэрхэн зарцуулснаа мэдүүлж ирсэн. Холбогдох баримт хавтаст хэрэгт авагдсан. Олон удаа дахин дахин гаргаж өгсөөр ирсэн. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд дахин дахин нэг зүйлийг л шалгасан. Тэгээд тогтоож чадаагүй. Энэ олон жил шалгах явцад мэдүүлэг өөрчлөгдсөн. Ч.О “намайг хамтран ажиллана гэж мөнгө авсан” гэдэг болсон. Гэтэл иргэний шүүхэд байр нэхэмжилсэн хуралдаанд “Гаалиас бараагаа авна гэж мөнгөө зээлсэн” гэж мэдүүлсэн баримт шийдвэрүүдэд бий.

Одоо бүр шүүхэд дагуулж яваад “энэ байр өгнө” гэж хэлсэн гэж мэдүүлдэг болсон. Энэ 7 жилийн хугацаанд ямар ч төлбөр төлсөнгүй гэж буруутгадаг. Би анх л мөрдөн байцаалтад энэ бараа материалыг зохих үнээр нь авчих гэдэг байсан. 2 удаа үнэлгээ хийлгэсэн. Мөрдөн байцаагч удаа дараа санал тавьж байсан. Үнэ өндөр байна, зөвхөн мөнгө авна гэх мэтээр татгалзаж ирсэн. Би байнга шүүх цагдаагаар явж байсан учраас орлого байсангүй. Орлогогүй хүн яаж төлөх вэ, төлөх санаачилга байсан боловч боломж нь гарсангүй өдий хүрлээ. Эрүүгийн хэрэг байсан бол ийм удаан шалгах шаардлагагүй, тухайн үед нь шийтгэсэн бол өдийд ял шийтгэлээ эдлээд дуусах байлаа. Энэ “зээлийн гэрээ” гэдэг нь шүүхээр тогтоогдсон гэж би ойлгодог. Өнөөдөр хүчин төгөлдөр шийдвэртэй. Тийм учраас иргэний хэргийн маргаан юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Ө-н өмгөөлөгч З.Алтангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Т.Ө нь П.Г-н өмчлөлийн 2 орон сууцыг өөрийн өмчлөлийн болгох зорилгоо хангахын тулд хохирогч Ч.О-с 80 сая төгрөгийг залилан авахаар шийдэж, ингэхдээ үйлдлийн хувьд П.Г-н өмчлөлийн 2 орон сууцыг түр өөрийн нэр дээр шилжүүлж, Ч.О-т 2 орон сууцыг бусдынх биш “өөрийн өмчлөлийн орон сууц” гэж итгүүлэн үнэмшүүлсэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьд П.Г гэгчтэй 2 орон сууцыг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр бартерын журмаар худалдах, худалдан авахаар тохиролцсон хэлцлийг халхавчлах, хохирогчоос мөнгийг салгах зорилгоор Ч.О-г хууран мэхэлж 2 орон сууцыг түүнээс авах 80 сая төгрөгийн барьцаалсан хэлцэл хийж 70.848.500 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр “өөртөө бэлнээр шилжүүлэн авсан үйл баримт нотлогдож байна” гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй юм.

П.Г-тай “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан. Энэ гэрээгээр Т.Ө сантехникийн хэрэгсэл нийлүүлэх, П.Г тэдгээр барааны үнэд 2 орон сууцны байр өгөхөөр тохиролцсон. П.Г гэрээний дагуу 2 орон сууцны байрыг шилжүүлж өгсөн. Улсын бүртгэлийн газраас Т.Ө-н нэр дээр “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ” гарч захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ орон сууцны байрыг барьцаалж зээлийг Ч.О-с авсан. Эдгээр баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн энэ талаар мөрдөн шалгах явцад мэдүүлэг авагдсан бөгөөд үүнийг бүгд мэдүүлдэг. Ямар ч түр нэр дээр шилжүүлэх асуудал яригдаагүй болох нь П.Г-н мэдүүлгээс тодорхой байдаг.

Нэгэнт гэрээний дагуу П.Г орон сууцны байрыг шилжүүлэн өгч байгаа учир хууль ёсны өмчлөгч нь тухайн үед Т.Ө болох нь ойлгомжтой. Тэгээд ч мэргэжлийн байгууллага Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, “гэрчилгээ” авсан болохоор захиран зарцуулах эрхтэй болсон гэх үндэслэлтэй.

Энэ тохиолдолд зээл авахдаа Ч.О-т итгүүлэх, үнэмшүүлэх, залилах, ямар ч шаардлага байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлд “бусдыг хууран мэхэлж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж дүгнэжээ.

Гэрээг “халхавчлах зорилгоор хийсэн” гэх өөр ойлголт юм. Энэ талаар Иргэний хуульд байдаг бөгөөд өөрөөр тайлбарлагддаг. Тэгээд ч шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийг сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр тооцдог. Иймд дээрх шүүхийн “дүгнэлт” хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх шүүгдэгч Т.Ө нь “... гадны аль улсаас хичнээн нэр төрлийн, хэдэн тоо хэмжээтэй, ямар үнэ өртөгтэй бараа бүтээгдэхүүн хэзээ оруулж, ирсэн болон түүнийг хил гааль дээрээс татан авахад хэдий хэмжээний зардал мөнгө орсон талаарх санхүүгийн баримт, тооцоо байхгүй байна.” гэж дүгнэжээ. Т.Ө өөрийн мэдүүлэгтээ удаа дараа тодорхой мэдүүлж ирсэн. Бүх тооцооны баримтыг өгч, энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Энэ талаар шалгахаар удаа дараа мөрдөн байцаалтад “Прокурорын даалгавар” өгөгдөж байсан. Санхүүгийн бүх баримтуудыг гарган өгч, мөрдөгчтэй тооцоо гаргаж байсан. Нэг удаа прокурор өөрөө ирж байлцан тооцоог бодож байсныг би “сайн” санаж байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан учир “байхгүй “гэдгийг огт ойлгохгүй байна.

Шүүгдэгч Т.Ө-н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “хуурч мэхлэх зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг мөн болно.” гэж дүгнэжээ. Энэ бүх байдлууд тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг.

“Хуурсан” гэж үзэж байгаа юм бол орон сууцны хүчин төгөлдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ, П.Г-н орон сууцны байраа шилжүүлсэн тухай мэдүүлсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэнэ. “Бодит байдлыг нуух замаар” гэдэг нь гэрээ, Гаалиас бараа авсан баримт, тооцооны баримтуудаар няцаагдана. Т.Ө зээл авахдаа бараа материалаа Гаалиас авах талаар ярьж байсныг хүмүүсийн мэдүүлгээр нотолно. Ч.О энэ талаар тодорхой мэдүүлсэн. Т.Ө Гаалиас бараа материалаа авахад “мөнгө хэрэгтэй” гэж хэлээд л зээл авсан. Энд хуурч мэхэлсэн ямар ч үйлдэл байхгүй. Хэлсэн ярьсан үйлдлийг шалгахад бүгд үнэн байсан. Зээл төлөгдөөгүй иргэний эрх зүйн маргаан үлдсэн.

Хамгийн ноцтой нь “шүүгдэгч бүхэл бүтэн 7 жил хохирогчид нэг ч төгрөг буцааж төлөөгүй байдал нь шүүгдэгчийн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлагыг маш тодорхой харуулж байна.” гэж бас дүгнэжээ. 7 жил иргэний хэргийн маргаан гэж үзэж ирсэн. Т.Ө-н гадаад орноос оруулж ирсэн сантехникийн барааг хоёр удаа мэргэжлийн үнэлгээний газраар үнэлүүлсэн. Өөрт нь санал болгосон. Заавал бэлэн мөнгө авна гэдэг. Өмгөөлөгч нь “мөнгө л ав” гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт бий. Сантехникийн эд зүйлийг П.Г хэдэн жилийн дараа хүлээлгэн өгсөн. Зарим зүйлийг одоо хүртэл өгөөгүй гэдэг. Энэ долоон жилийн хугацаанд 5 удаа хэргийг хэрэгсэхгүй болгож, татгалзсан, нэг удаа шүүхийн цагаатгах тогтоолоор цагаатгагдсан. Хавтаст хэрэгт өнөөдөр авагдсан нотлох баримтаар энэ шийдвэрүүд гарч байсан.

Харин одоо “ямар эрүүгийн нөхцөл байдал” тогтоогдсоныг өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж энэ “шийтгэх тогтоол”-оор л үзсэн. Өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний маргаан гэж үздэг. Иргэний хэргийн маргаан болох нь “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр”-ээр нотлогдсон. ... Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгах тогтоол гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Ө-н өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Чинбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч Т.Ө нь хохирогч Ч.О-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдээгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Тухайлбал,

1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дүгээр хуудсанд байх гэрч Д.Долгорсүрэнгийн “...анх ээжийгээ Т.Ө гэх хүнд мөнгө өгснийг мэдээгүй, сүүлд 2016 оны 7 дугаар сард мэдсэн. Ээж өөрөө надад нэг хүнд мөнгө зээлчихсэн, нөгөө хүн маань мөнгөө өгөхөөргүй болчихлоо” гээд надад нэг жагсаалт үзүүлээд “энэ нөгөө хүн Швейцарь улсаас оруулж ирэх гэж байгаа барааны үнийн жагсаалт юмаа, энийг нь оруулж ирээд зарвал ашиг гараад мөнгөө гаргаж авч чадах болов уу” гэж хэлж байсан. Тэгээд бас ээж надад нөгөө хүн барьцаанд нь хоёр байр тавьсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Г-н “...П.Г ахын ажлыг хийж байхад Т.Ө гэх хүн ариун цэврийн өрөөний тоноглол нийлүүлнэ” гэж гэрт ирж байсан. Бараа нь гааль дээр байгаа авахад мөнгө хэрэгтэй байна гээд хоёр орон сууцыг Ч.О гэх хүнд барьцаалж мөнгө зээлнэ гээд байрны нэрийг шилжүүлэхэд би хамтран эзэмшигчээр орсон юм. Т.Ө гэх хүн Ч.О гэх хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь заавал тэр хоёр орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлнэ гэсэн гээд Ч.О-н нэр дээр шилжүүлсэн. Тэгсэн авчирсан бараа нь манай барилгад ашиглах боломжгүй байсан учир байраа авъя гээд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан, одоо хоёр байр миний нэр дээр байгаа... гэсэн” /1 хх 23-24/,

гэрч П.Г-н “...Т.Ө-с ариун цэврийн өрөөний хэрэглэлүүдийг бартераар буюу барааны төлбөрт орон сууц өгөхөөр тохиролцон 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гэрээ байгуулсан. Т.Ө-н бараа нь зах зээлийн үнээс өндөр байсан. Европ стандарт гэж хэлэхээр нь би түүнд итгээд заасны дагуу худалдаж авахаар тохиролцсон. Бараа гааль дээр ирчихлээ мөнгө хэрэгтэй байна. Бартерт хоёр байраа барьцаалаад мөнгө аваад гааль дээрээс бараагаа авчраад нийлүүлнэ гэхээр нь за тэг гээд өөрийн дүү н.Г-г хамтран эзэмшигчээр Т.Ө-н нэр дээр хоёр орон сууцыг шилжүүлсэн. Тэгээд Т.Ө бараагаа авчирсан чинь манайд таарахгүй байсан тул “барааг чинь худалдаж авахгүй, барьцаанд тавьсан хоёр өрөө байраа чөлөөлж өгөөд бараагаа аваарай” гээд барааг нь өгөөгүй байсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт “... Б.О-тэй анх гэрээ хийсэн. Тэр үед гааль дээр бараа ирчихсэн байсан. Г-д гаалийн бүх бичиг баримтуудыг үзүүлж гэрээ хийгээд би Ч.О эгчид ямар бараа оруулж ирэх боломжтойг танилцуулсан. Бараатай холбоотой гаалийн бичиг баримтуудыг үзүүлээд үл хөдлөх хөрөнгө нь хоёр хүний өмчлөлд байгаа гэж хэлэхэд “тэгвэл мөнгө өгөх боломжгүй өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ир” гэсэн. Тэгээд Г-тай яриад Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн газар очиж миний нэр дээр болгоод, дараа нь Ч.О эгчийн нэр дээр шилжүүлсэн. Бараа материал маань гааль дээр 6 сар болоод улсын орлого болох асуудал яригдаж байсан тул би нөхцөл байдлыг тайлбарлаж өгөөд, тэр хүн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ хийсэн. “Эднийх жилийн дараа энэ зүйлүүд нь таарахгүй болчихсон, Хятадаас хямдхан бараа аваад ирчихсэн, юмаа буцаана” гэж надад хэлсэн. Ч.О эгчид барьцаанд тавьчихсан, энэ мөнгөө төлж чадаагүй байна гэхэд “Чи итгэмжлэл хийгээд өгчих би байраа авчихна, чиний юмыг өөр компанид зараад Ч.О гэх хүний юмыг өгчихнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд миний үйлчлүүлэгч Т.Ө нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байна.

Учир нь, залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хохирогчийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд иргэд хоорондын маргааны шинжтэй үйлдэл байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Т.Ө нь “2 үйлчилгээний зориулалттай байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж гэрээ хийнэ” гэж итгэл төрүүлсэн, бусдын өмчлөл, өөрийн өмчлөлд ирээгүйг мэдсээр байж миний өмчлөлийн эд хөрөнгө юм гэж хохирогчийг залилсан. П.Г-тай 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гэрээ хийсэн. Нийтдээ 5 төрлийн 1125 ширхэг 239.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2015 он 5 дугаар сарын 20-ны өдөр сар 14 хоногийн дотор нийлүүлнэ гэсэн агуулгатай гэрээнүүд хийгдсэн. Гааль дээр тухайн үед бараа ирсэн баримт байдаг. Нийтдээ 600 төрлийн бараа бүтээгдэхүүн ирсэн гэдэг нь гаалийн мэдүүлгээр нотлогддог. Мөн П.Г мэдүүлэгтээ “Би анх гааль дээр бараануудыг хараад манай барилгад тохирохгүй, авахгүй гэдгээ хэлсэн” гэдэг. Иймээс дээрх гэрээ биелэгдэх боломжгүй байсан нь харагдана. Уг залилан мэхлэх гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж, үйлдэж буй арга нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан, хохирогчийн итгэлийг олох шинжтэй байдгаараа онцлог. Иймээс Т.Ө-н үйлдсэн залилан мэхлэх гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Ө-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Т.Ө /Б.Т/ нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрүүдэд иргэн П.Г-с бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар бартераар авсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, ................... тоот 49.3 м.кв, тус байрны 16 тоот 59.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 байрыг бусадтай хийсэн гэрээний үүргийн биелэлтээ хангаагүй, өөрийн өмчлөлд бүрэн шилжиж ирээгүйг мэдсээр байж хохирогч Ч.О-т өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө хэмээн 2 үйлчилгээний зориулалттай байруудыг “таны өмчлөлд шилжүүлэх гэрээ хийе” хэмээн итгэл төрүүлэн, “хэрэв зээлсэн мөнгөө 3 сарын хугацаанд төлж барагдуулж чадахгүй бол үйлчилгээний байруудыг өөртөө шилжүүлж авч болно” гэж Ч.О-г төөрөгдөлд оруулан, “үнийн дүн өндөртэй хөрөнгөөр зээл авч байгаа, зээл эргэж төлөх боломжтой” хэмээн хуурах аргаар 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү бодон эргүүлэн төлөхөөр Зээлийн гэрээгээр халхавчлан мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор бэлнээр 70.848.500 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Ч.О-н “... Т.Ө нь надад нэрээ хэлж танилцаад “би Швейцарь улсаас сантехникийн хэрэгсэл буюу угаалтуур суултуур, мөн ахуйн хэрэглээний цэвэрлэгээний материал оруулж ирдэг юм, энэ их ашигтай бизнес юм аа, энэ бизнест 80.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Хоёулаа хамтарч ажиллаад ашгаа хуваая” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Ө гэх залууд “би чамайг танихгүй байж яаж чамд итгэж мөнгө өгөх юм бэ, миний мөнгийг аваад алга болчихвол яах юм бэ” гэж асуухад Т.Ө “тэгвэл та надад мөнгө зээлж байна гэж бодоод хөрөнгө оруулж, хоёулаа зээлийн гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулъя” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “... ганц гэрээ хангалтгүй байна, чамд хэрвээ барьцаа хөрөнгө байвал би мөнгө өгөхийг зөвшөөрч байна” гэхэд “өө надад 100 гаруй мкв 2 байр нийлүүлсэн оффисын зориулалттай байр байна, би танд гэрчилгээ болгон оффисоо үзүүлье” гэж хэлээд намайг дагуулаад Баянгол дүүргийн 8 дугаар хороо, .............. гэсэн байранд аваачиж, офисс үзүүлсэн. Тэгээд надад үзүүлэхдээ “энэ миний өмчлөлийн оффис байгаа юм аа, би энд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа, энд зарах бараануудаа үзвэр болгож тавьсан” гэж хэлсэн. Харахад угаалтуур суултуур байрлуулж тавьсан байсан. Тэгэхээр нь би “чинийх юм бол гэрчилгээгээ үзүүлчих” гэхэд Ө “дараа больё, манай төрсөн дүү бид 2-ын нэр дээр байдаг оффис юм” гэж хэлсэн. ... Тэгээд 2015 оны 6 сарны 3-ны өдөр би очоод гэрчилгээг нь үзэхэд Баянгол дүүргийн 8-р хороо ..........тоот 59.7 мкв, мөн тус байрны 17 тоотны 49.3 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. Т.Ө нь “энэ гэрчилгээ миний дүү Г бид хоёрын нэр дээр байдаг юм” гэж хэлсэн. Гэрчилгээг нь үзэхэд Т.Ө, Г гэх хүмүүсийн хамтран эзэмшилд уг үл хөдлөх хөрөнгө нь байсан. Ө “өө наадах чинь манай төрсөн дүү байгаа юм, зөвшөөрнө өө, одоо дуудчихъя" гээд утсаараа дуудахад нэг эмэгтэй хүн ирсэн юм. ... Ө “барьцааны гэрээ хэрэггүй ээ, би танд худалдах худалдан авах гэрээ хийгээд офиссоо таны нэр руу шилжүүлээд өгчихье, та дараа нь надаас мөнгөө авахаараа байрыг минь буцаагаад шилжүүлээд өгчих, одоо худалдах худалдан авах гэрээ хийгээд таны нэр рүү шилжүүлээд өгье, та 80.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих ээ, би ашиг олохгүй болбол танд хүү алданги бодож өгье” гэж хэлсэн. Тэгээд Ө, Г бид 3 нотариат дээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг 16, 17 тоотыг миний нэр рүү шилжүүлж өгсөн. Тэгээд л би энэ бүгдэд нь итгээд “Хүүхдийн 100”-д байрлах “Голомт банк”-ны Солонго дахь салбар Дээр очоод хадгаламжаасаа 50.000.000 төгрөг аваад Т.Ө-д өгсөн, үлдсэн 30.000.000 төгрөгийг бас “Голомт” банкны салбар дээрээс авч өгсөн. Т.Ө надад “би мөнгөө авлаа, одоо шууд Швейцарь улс руу бараандаа явлаа, 2015 оны 9 сараас өмнө би мөнгийг буцаан өгнө” гээд надад оруулж ирэх гэж байгаа барааны жагсаалтаа гаргаж өгсөн. ... 2015 оны 9 сард би Т.Ө руу залгахад “ажил бүтэж байгаа, удахгүй мөнгийг чинь өгнө өө” л гэдэг байсан. Би Т.Ө-н байрыг миний нэр рүү шилжүүлж өгсөн болохоор жаахан санаа амар байсан. Тэгээд 2015 оны 9 сарын 16-ны өдөр Т.Ө надтай уулзаад надад “109 мкв байрыг гэрээний үүргийн дагуу суллаж өгнө” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Тэгтэл 2015 оны 11 дүгээр сар хүртэл би мөнгөө нэхээд л явж байсан. Тэгтэл нэг өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс над руу утасдсан. Би иргэний шүүх дээр очоод уг байр нь Т.Ө-нх биш Г гэх хүний өмч болохыг мэдсэн. ... анх П.Г гэх хүний талаар огт хэлээгүй, Т.Ө нь өөрийнхөө байр гэж хэлсэн. Маш их гомдолтой байна. Анхнаасаа хожим хүчин төгөлдөр бусад тооцогдох гэрээ хийж намайг залилсан. ...” /1 хх 14-17, 18, 2 хх 172-173, 225-226, 3 хх 134-135, 193-195, 219-220/,

гэрч Д.Д-н “...ээж надад “нэг хүнд мөнгө зээлчихсэн, нөгөө хүн маань мөнгөө өгөхөөргүй болчихлоо, би бараг залилуулчих шиг боллоо” гэж хэлсэн. Надад нэг жагсаалт үзүүлээд “энэ нөгөө хүн Швейцарь улсаас оруулж ирэх гэж байгаа барааны үнийн жагсаалт юм, барааг оруулж ирээд зарвал ашиг гараад мөнгөө гаргаж авч чадах болов уу” гэж байсан. Тэгээд бас ээж надад нөгөө хүн барьцаанд нь хоёр байр тавьсан гэж хэлж байсан. Гэтэл нөгөө байрууд нь тэр хүний байр биш болж таараад жинхэнэ байрны эзэн нь шүүхдээд байраа буцаагаад авчихсан, манай ээж байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон. ...” /1 хх 19-20/,

гэрч П.Г-н “... Т.Ө-с ариун цэврийн өрөөний хэрэглэлүүдийг бартераар буюу барааны төлбөрт орон сууц өгөхөөр тохиролцон 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гэрээ байгуулсан. Т.Ө-н бараа нь зах зээлийн үнээс өндөр байсан, Европ стандарт гэж хэлэхээр нь би түүнд итгээд гэрээнд заасны дагуу худалдаж авахаар тохиролцсон. Бараа гааль дээр ирчихлээ мөнгө хэрэгтэй байна. бартерт өгөх хоёр байраа барьцаалаад мөнгө аваад гааль дээрээс бараагаа авчраад нийлүүлнэ гэхээр нь за тэг гээд өөрийн дүү н.Г-г хамтран эзэмшигчээр Т.Ө-н нэр дээр хоёр орон сууцыг шилжүүлсэн. Тэгээд Т.Ө бараагаа авчирсан чинь манайд угаалтуур нь ч таарахгүй, ер нь бүгд манай барилгад таарахгүй бараа бүтээгдэхүүн болж таарсан, би “манайд таарахгүй барааг чинь худалдаж авахгүй, тэр барьцаанд тавьсан хоёр өрөө байраа чөлөөлж өгч байж энэ бараагаа аваарай” гээд тэр барааг нь барьцаа маягаар складанд хийсэн. Тэгсэн чинь нэг жил гаруй манай байрыг буцааж өгөөгүй. Тэгэхээр нь байнга шахаж байж Т.Ө-н барьцаалуулсан хоёр байраа буцааж авсан. ...Анх гааль дээрээс бараа авахдаа л манай барилгад таарахгүй юм байна гэдгийг мэдсэн боловч Т.Ө нь “араас ирэх бараанууд танай барилгад таарна, та түр эдгээр бараа материалыг авч бай” гэж хэлээд надад өгсөн. ...” /1 хх 21, 2 хх 179-181, 227-228, 3 хх 229/,

гэрч Ч.Г-н “...П.Г ахын ажлыг хийж байхад Т.Ө гэх хүн ариун цэврийн өрөөний тоноглол нийлүүлнэ гэж гэрт ирж байсан. Дараа нь гааль дээр байгаа авчирхад мөнгө хэрэгтэй гээд гэрээнд бартераар нийлүүлэх гэж байсан хоёр орон сууцыг Ч.О гэх хүнд барьцаалж мөнгө зээлнэ гээд, манайх бараагаа аваагүй байсан тул байрны нэрийг шууд Т.Ө-д өгөхгүй гээд би хамтран эзэмшигчээр орсон. Т.Ө гэх хүн Ч.О гэх хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь заавал тэр хоёр орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлнэ гээд байна гээд Ч.О-н нэр дээр шилжүүлсэн. Тэгсэн авчирсан бараа нь манай барилгад ашиглах боломжгүй байсан учир байраа авъя гээд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо хоёр байр миний нэр дээр байгаа. ...” /1 хх 23-24/,

гэрч З.М-н “... 2015 оны 5 дугаар сард ажил дээр Т.Ө гэх залуу ирээд “чамд 80 сая төгрөг байна уу, Герман улсаас сантехникийн хэрэгслүүд, обой, паркет оруулж ирсэн. Бараанууд маань гааль дээр байна. 80 сая төгрөг аваад гаалийнхаа төлбөрийг төлчихвөл бараанууд маань орж ирээд бүх зүйл болчих гээд байна, барьцаанд нь хоёр байрны гэрчилгээ өгье”, гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Т.Ө мөнгө зээлчих хүн байна уу гэхээр нь Ч.О эгч ер нь тухайн үед хүүтэй мөнгө зээлдэг байсан. Тэгэхээр нь Ч.О эгч руу залгаж “энд нэг байр барьцаалаад 80 сая төгрөг зээлэх хүн байна” гэж хэлсэн. Ч.О эгч ажил дээр ирээд бид гурав уулзсан, Т.Ө Ч.О-тэй уулзаад хоёр байрыг нь үзэхээр явсан. ... Тэгтэл 2015 оны 12 дугаар сард Ч.О эгч над дээр нэлээд сандарсан байдалтай орж ирээд “энэ байрууд нь П.Г гэх хүний байр юм байна, иргэний шүүхээс нэхэмжлэл ирлээ” гээд над руу уурлаад дайраад байсан. Т.Ө нь анх “энэ миний байр” гэж хэлж байсан. ..., “ /1 хх 25, 2 хх 178, 3 хх 82-83, 227-228/,

гэрч Т.М-н “... 37 сая төгрөг шилжин орж ирсэн талаар сайн мэдэхгүй байна, ах Т.Ө-с асуухаар “би өөрөө сайн мэдэхгүй байна” гээд байсан, би Мөнхөө гэж 37 сая төгрөг шилжүүлээгүй. ...“ /5 хх 1/,

гэрч П.Ц-н “... Т.Ө Ч.О-с мөнгө авсан талаар мэдэж байсан. Уг мөнгөөр дараагийн татан авалт хийнэ гэж төлөвлөж байсан. Бараа татан авалт хийсэн. Т.Ө бараа материал захиалах худалдан авалт хийхэд дандаа өөрөө явдаг байсан. Санхүүгийн бүх зүйлээ өөрөө хариуцдаг байсан. Миний зүгээс 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, Т.Ө-н хувьд ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй бөгөөд бизнесийн санаа байна гэж хэлээд хамтран ажиллахаар болсон. Яг үнэндээ бол чанар муу бараа орж ирсэн тул би 40 сая төгрөгөөрөө шатаад дууссан. ...” /5 хх 15/,

Хаан банкны дансны хуулга /1 хх 52-57/, Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /1 хх 116/, Т.Ө болон “Ворлд фрий линк” ХХК-иас хийгдсэн гаалийн бүрдүүлэлтийн баримтууд,

иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... 956 дугаартай иргэний хэрэг. 2016-09-05-ны өдөр Т.Ө нэхэмжлэл гаргасан, “.. бид 80 сая төгрөг хүлээж аваагүй учир зээлийн гэрээнд зааснаар 80 сая төгрөгөөс хүү тооцохоор бид хоёрт илэрхий хохиролтой байна. Худалдах худалдан авах гэрээ хуульд зааснаар байгуулах ёстой байсан барьцааны гэрээг хаацайлж халхавчилсан байна. Зээлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээг хүчингүй болохыг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан /4 хх 20/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Т.Ө-н гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ө-н бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Г.Сүхээ, З.Алтангэрэл нар “...Т.Ө-н үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөл  нь анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Т.Ө нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ц.Намсрайн гудамж, ......... тоот 49.3 м.кв, тус байрны 16 тоот 59.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 байрыг өөрийн өмчлөлд бүрэн шилжиж ирээгүйг мэдсээр байж хохирогч Ч.О-с мөнгө авах зорилгоор дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлийнх мэтээр ойлгуулж төөрөгдөлд оруулан, хууль бус зээлийн гэрээгээр халхавчлан түүнээс 70.848.500 төгрөгийг авсан, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж болох “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан гэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийг “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Ө-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Г.Сүхээ, З.Алтангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогч Ч.О-с “... энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу нотариатын болон үл хөдлөх хөрөнгийн хувь төлбөрийг нэмж олгохоор мөн шүүгдэгчээс хохирлыг төлүүлэх хугацаа тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ө-с энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 70.848.500 төгрөгийг бүхэлд гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн үндэслэлтэй байх ба хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөр байдлаар хохирсон гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдаж байна.   

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай хүнээс гаргуулж шийдвэрлэхдээ хохирол төлүүлэх хугацаа тогтоох, эсхүл хэсэгчилсэн байдлаар хохирол төлүүлэх талаар хуульчлаагүй, харин энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжин хийгдэх ажиллагаа болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.О, шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл, өмгөөлөгч Б.Чинбат, Г.Сүхээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.Ө-н 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.О, шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл, өмгөөлөгч Б.Чинбат, Г.Сүхээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР