Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 118/ШШ2024/0014

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох “Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий иргэн Б.*******ын нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ........................сумын ....................д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* болон хариуцагч байгууллагын төлөөлөгч З.******* нар дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгууллаа.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоолд зааснаар тасралтгүй 5 жил ажилласан төрийн захиргааны ажилтанд сүүлийн 12 сарын дунджийг 6 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасны дагуу 9.000.000 төгрөгийн мөнгөн урамшуулал болон нэхэмжлэгч Б.******* нь удаа дараа эмчилгээ хийлгэж хагалгаанд орж байгаа байдлыг харгалзан 1.000.000 төгрөгийн тусламж олгохоор тохиролцож, нийт 10.000.000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулах

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 11-р сарын 01-ний өдрийн Б|01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарын бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Уг асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болохыг талууд ойлгож мэдсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь “Нөмрөг сумын Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрч, хариуцагч нь нэхэмжлэгчийн удаа дараа эмчилгээ хийлгэж, хагалгаанд орж байгаа байдлыг харгалзан 1.000.000 төгрөгийн тусламж, нэхэмжлэгчийн сүүлийн 12 сарын цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тэтгэмж  олгохоор тохиролцож нийт 10.000.000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 11-р сарын 01-ний өдрийн Б|01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарын бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч Б.*******аас Б.*******д олгосон 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.5-т заасан эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан ба нэхэмжлэгчийн ажлын байранд П.******* түр томилогдсон бөгөөд тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаагүй байх тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ”, 28.2.5-д “эвлэрэх”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”  гэж заасан байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ  байгуулсан байх бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******  “Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид 10.000.000 төгрөг олгохоор нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА