Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 791

 

"М Б Ш т Г Х”-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/00368 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М Б Ш т Г Х”- нь хариуцагч З.С-ид холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батбаяр, хариуцагч З.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын шинээр баригдсан Батцагаан Цогчэн дуганд 2019 оны 6 дугаар сарын 21-ээс 24-ний өдрийн хооронд “Азийн буддистуудын энх тайвны бага хурал”, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “САМВАД 3” Олон Улсын хурал тус тус болсон. “Их хүрээ” хийдийн хамба номун хан З.С- нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “ТМ” телевизийн “Контрол комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо, “М Б Ш т Г Х”- буюу ард түмний зонхилон шүтдэг шашны байгууллагын талаар бодит үнэнд нийцэхгүй, илтэд худал мэдээлэл баримтгүйгээр хэлж, ажил хэргийн нэр хүндэд халдсан.

Хариуцагч нь ОХУ-ын буддын шашны хамба лам Н.Дамба Бадмаевич Аюушеев Азийн буддистуудын энх тайвны бага хуралд оролцоод, их л шүүмжлэлтэй хандаж, дэндүү бэлтгэл муу байна, Чойжамц хамба гуай та, эсвэл удирдлага нь бүгдээрээ огцор, 30 жил хуралдаагүй гээд ширээ цохиж хурлыг орхиод явсан гэж илтэд худал мэдээлэл тараасан. Мөн “...БНЭУ-ын Ерөнхий сайд Хамба ламын бэлэглэсэн Батцагаан дуганы хамгийн гол шүтээн Бурхан багшийг хар төмөрөөр хийсэн. Хар төмөрөөр хутга, жад, хүйтэн мэс зэргийг хийдэг. Ямар ч бэлэгдэлгүй. Хэзээ ч Монголчууд шүтээнээ хар төмөрөөр хийх уламжлал байхгүй. Тэр бол маш том доромжлол болно. Тэрийг нь буцаах л ёстой. Тэрийг нь бүтэн төмөрөөр хийчихэж болно доо, гэтэл хэд хэд хуваагаад таллаад гагначихсан байх жишээтэй. Тэрийг нь энд Монголчууд гагнаад, шүрүүпдээд байрлуулж болохгүй. Тэр бурхандаа Монгол улсыг модоо бариарай гэсэн шиг тэр төмөрт Монголын ард түмэн, төрийн гурван өндөрлөгийг мөргүүлж болохгүй...” гэж хэлсэн.

Гэтэл БНЭУ-ын Ерөнхий сайд нь 2 орны найрсаг хамтын ажиллагаа, Монголын ард түмний сүсэг бишрэл болсон буддын шашны гол шүтээн бурхан багшийн дүрийг бүтээж сайн сэтгэлээр нэхэмжлэгч байгууллагын хийдэд өргөсөн. Бурхан бүтээж өргөхдөө Монголын ард түмнийг доромжилсон зүйл огт байхгүй Бурхан багш, Богд зонхова нарыг бүтээхдээ хар төмөрөөр хийгээгүй, гуулиар хийж өгсөн. Хийд шашны байгууллагын гол шүтээнийг илтэд худал ярьж, гутаасан мэдээ тарааж байгаа нь шашны байгууллагын нэр хүндэд эрээ цээргүй халдаж байна.

Хариуцагч өөрөө бурханы хуварга хүн байж бурхан шашныхаа эсрэг байнга гүтгэлэг, худал ташаа мэдээ тарааж, нэр хүндийг нь унагасаар ирсэнийг буддын гүн ухаанд зааснаар хүлцэн тэвчиж ирсэн. Энэ удаагийн үйлдэл нь 2 орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэв суулгасан, ҮАБЗ-өөс энэхүү мэдээллийн үнэн зөвийг олуулж хууль хяналтын байгууллагаар шалгуулж хариуг ирүүлэх талаар удаа дараа дуудаж үүрэг даалгавар өгсөн тул нэхэмжлэл гаргаж байна.

Бурхан багшийн мэлмийг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн арван тавны Бурхан багшийн их дүйчин өдөр нээсэн. Хариуцагчийн хэлснээр  модон хохьмой өдөр нээгээгүй. Бурхан багшийн мэлмий нээнэ гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал бурхан багшийн нүдийг будахыг ойлгодог юм.

Мөн нэвтрүүлэгт оролцохдоо, “Дилав хутагт гуай таалал төгсөхийнхөө өмнө, Монголоос гарахдаа ганц сайхан хаш хөөрөг авч гарсан байгаа юм. Ганц хөөрөг нь тэр хөөрөг. Ганц хөөргөө хамбад итгээд миний энэ хөөргийг Монголдоо өгөөрэй гээд явуулчихаж. Хамба тэрийг хүлээж аваад наашаа ирэхдээ Германаар дайрч явсан байдаг юм. Хамтлагийн хүмүүстэй тамхилсан гэж баахан хүмүүс гэрчилдэг юм. Хамба чинь томроод тэр хүмүүст энэ хөөргийг таних уу та нар, Дилав хутагтын хөөрөг адис ав гээд тамхилж байсан. Тэгээд аваад ирсэн. Эрэлийн Эрдэнэбатын 120-д байгаа тоосгон байшинд тэнд одоо хамба лам өөрийнхөө амьдарч байгаа 6 өрөө байраар сольсон байвал яах уу. Одоо тэр Дилав хутагтын хөөрөг Эрдэнэбатад байгаа. Соёлын өвд ч байхгүй Эрдэнэбатад байгаа.” гэж ярьсан. Тус хөөргийг бусдад 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгөөр худалдаж, мөнгийг нь Өмнөговь аймгийн Маанийн хийдийн шинэ дуганы бүтээн байгуулалтад зориулан шилжүүлсэн, Жамбалдорж ламын хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн маанийн хийдийн бүтээн байгуулалтад зориулаарай гэснээр зориулалтаар нь шилжүүлж хүслийг нь биелүүлсэн. Б.Эрдэнэбатад 6 өрөө байраар сольж авсан зүйл байгууллагад байхгүй, дээрх хөөрөг нь хамба ламд бус МБШТ Г  хийдэд Жамбалдорж лам хүсэлт гаргасан байдаг тул хамба ламтай хамааралгүй байхад илтэд худал ташаа мэдээлэл бусдад тараасаар ирлээ.

Бичлэгийн 44 минут 10 секундээс 44 минут 28 секундэд “Хамба номуун хан гэдэг өргөмжлөлийг бүр хөдөө орон нутагт, 4 жил хуралдаад хамба лам чинь сайн ажилласан бол  юу гэждээ Оросын ерөнхийлөгч биш дээ. 4 жил болоод тэргүүнээ сонгох ёстой биздээ. Тэр дүрмийг уландаа гишгээд бүр хязгааргүй эрхтэй хаан болоод тэрийгээ улам бүр баталгаажуулах зорилгоор өөрийгөө хамба номуун хаан гэдгээр өргөмжлөөд дахиад ямар эрх мэдэл эрх вэ гэхээр аль нэг богдыг тодруулах эрхийг олж авч байгаа юм” гэжээ. ... МБШТ Г  хийд шашны байгууллагын тэргүүний хэргэм нь “ИХ хамба”, “Гавж” гэж өнөөдрийг хүртэл явсаар ирсэн. МБШТ Байгууллагын зүгээс Их хамба лам, гавж Д.Чойжамц хамба ламд “Хамба номуун хаан” гэдэг хэргэмийг хүртээсэн зүйл байхгүй. Уг хэргэмийг манай байгууллагаас ашиглуулдаггүй тул олгоогүй гэж үзнэ. Дээрх хэргэм нь Богдын дараа орох хэргэм бөгөөд МБШТ-ийн тэргүүн лам нарын хурлаар нэг л хуваргад олгох ёстой.

Гэтэл хариуцагч З.С- өөрийн дураар МБШТ-ийн тэргүүн лам нарын зүгээс өргөмжлөх ёстой хэргэмийг ямар ч зөвшөөрөлгүй хүлээн зөвшөөрүүлэлгүй хэрэглэсээр ирсэн хүн. Өөрийгээ сүсэгтэн олон түмэнд “Хамба номуун хаан” гэж өргөмжилж энэхүү хэргэмийг хэрэглэсээр явж байгаа мөртлөө үндэслэлгүйгээр байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдаж гаргаагүй шийдвэрийг гаргасан, олгоогүй хэргэмийг олгосон мэтээр ярьж илтэд худал ташаа мэдээлэл тараасан.

Иймд байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан видео хэлбэрээр залруулга хийхийг хариуцагч З.С-ид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Г  хийдийн шинээр баригдсан Батцагаан Цогчэн дуганд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс мөн сарын 24-ний өдөр Азийн буддистуудын энх тайвны бага хуралд ирсэн ОХУ-ын бурханы шашны тэргүүн Дамба Бадмаевич Аюушеевын уг хурлын ажиллагааг дуусгаагүй нутаг буцсан тухай нэхэмжлэлдээ дурджээ. Уг хуралд ОХУ-аас ирж оролцсон зочид төлөөлөгчид миний мэдээлэлд дурдсан асуудлыг давхар нотлоно гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын ерөнхий сайдын өргөсөн Бурханыг тухайн үед шинээр баригдаж байсан Батцагаан дуганд зөөвөрлөж оруулах үед би өөрийн биеэр дэргэд нь хараад зогсож байсан учраас үзсэн харсан талаар үнэн бодит байдлыг ярьсан болно. Бурхан багшийн мэлмийг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчин өдөр нээгээгүй учраас би энэ талаар баримтанд тулгуурлан ярьсан. Дилав хутагтын хөөрөг нь Монгол улсын соёлын өвд тооцогдохуйц хосгүй үнэт эдлэл.

Гэтэл Монголын нэр алдартай хутагт хүний хөөргийг Д.Чойжамц хамба бэл бэнчин харж бизнесмэн хүнд бэлэглэж өвлүүлсэнд хувь хүнийхээ хувьд одоо хүртэл харамсаж явдаг. “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн хэд хэдэн удаагийн ярилцлагадаа ... Дилав хутагтын хөөргийг Д.Чойжамц хамбыг Монгол улсын соёлын өвд тооцуулах ёстой хосгүй үнэт эдлэлийг бэлэг сэлт, арилжааны хэлбэрт оруулан захиран зарцуулсныг итгэж байна гэж үзэж өөрийн байр суурыг илэрхийлсэн билээ. Г  хийдийн нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдаагүй, миний “контрол комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо өгсөн ярилцлагын улмаас тус хийдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ямар нэгэн гэм хор учраагүй үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа болно.

МБШТ Г  хийдийн үйл ажиллагаанд Монголын бурханы шашинтаны сүсэгтэн олноос шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо илэрхийлсэн өчнөөн мэдээ, мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байдаг. Харин Г  хийд энэ бүхнийг анхааран үзэж, үйл ажиллагаагаа улам сайжруулахын оронд хийдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдлаа гэж байгаа нь туйлын харамсалтай. Г  хийдээс зохион байгуулж байгаа арга хэмжээ бурханы шашинтан, сүсэгтэн олны санаа сэтгэлд нийцсэн цаашлаад Монголын бурхан шашин хиргүй тунгалаг ариун байгаасай гэсэн санаа зорилго агуулж үнэн зөвийг бодит байдалд тулгуурлан нээлттэй ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн.

Түүнээс биш Г  хийдээс зохион байгуулсан аливаа үйл ажиллагааг мушгин гуйвуулж, худал зүйл ярьж хийдийн нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдаагүй тул хийдийн нэр төрийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсэгт заасныг баримтлан ТМ телевизийн Контрол комментатор нэвтрүүлгээр “ ... ОХУ-ын Буддын шашны хамба лам Н.Дамба Бадмаевич Аюушеев хурал дээр ирэхдээ их л шүүмжлэлтэй хандаж, дэндүү бэлтгэл муу байна, удирдлагын сонголт Чойжамц хамба гуай та эсвэл удирдлага нь бүгдээрээ огцор, 30 жил хуралдаагүй ... ширээ цохиж хурлыг орхиод явсан ..., ... бурхан багшийг хар төмрөөр хийсэн, хар төмрөөр хутга, жад, хүйтэн мэс зэргийг хийдэг, ... бурханыг салгаад хэсэг хэсэг болгож гагнуураар салгасан ... бурхан багшийн мэлмийг модон хохмой өдөр нээсэн, хэзээ ч бурханы мэлмийг Модон хохмой өдөр нээдэггүй, харанхуй шөнө, хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохмой өдөр мэлмийг нь нээдэг уламжлал Монголд байхгүй ... “ гэх мэдээгээр                                            нэхэмжлэгч “М Б Ш т Г Х”-ийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, тараасан арга хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг хариуцагч З.С-ид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.С-оос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М Б Ш т Г Х”-эд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон түүнд холбогдох нотлох баримттай миний бие танилцаж амжаагүй тул татгалзсан тайлбараа бичгээр гаргах, түүнтэй холбоотой баримтаа гаргах боломж олгоогүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

ТМ телевизийн “Контрол комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо хийсэн мэдээлэл нь худал ташаа байсан болон МБШТ Г  хийдийн нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг хэрхэн гутаасан, нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг яаж доройтуулсан, илт харш мэдээллийг ямар хүрээнд тарааж цацсан, хэдий хэмжээгээр мэдээлэгдсэн, ямар хор уршиг үр дагаварт хүргэсэн болохыг нэхэмжлэгч тал нотлоогүй. Нэхэмжлэлд ... худал мэдээ БНЭУ-ын талд тараасан тухай дурдсан, БНЭУ-ын талд би ямар ч байдлаар мэдээлэл хийгээгүй, ийм боломж нь ч байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрхи мэдээлэлтэй холбоотойгоор МБШТ Г  хийдийн дотоод болон гадаад харилцааны үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учраагүй, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явагдаж түүнээс хойш хэд хэдэн удаагийн Олон улсын Бурханы шашны хурлууд шат дараалан болж өнгөрсөн.

Анхан шатны шүүх Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэд хэдэн хуулийн зүйл заалтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь, Монголын сүсэгтэн олонд буддын шашин шүтэхэд саад болохуйц мэдээлэл огт хийгээгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй байхад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудлыг шийдвэрлэсэн мэт эргэлзээ төрж байна.

Шүүхийн үнэлсэн Пандит хамба лам Д.Б.Аюшеевын гарын үсэг, тамга бүхий 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 055/19 дугаар албан бичиг нь  хурал болсон үйл явдлаас 5 сарын зөрүүтэй бөгөөд “М Б Ш т Г Х”-ийг Монгол улсын Гандантэгчилэн хийд болгон ташаарч илгээсэн нь эргэлзээтэй. Мөн “М Б Ш т Г Х”-ийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж тараасан арга хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг хариуцагчид даалгасан.

Гэтэл Зууны мэдээ сонины 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 211/6178/ дугаарын 6 дах нүүрэнд “...Хөрөнгийг нь Энэтхэгийн Ерөнхий сайд гаргаж Энэтхэгт бүтээсэн энэ бурхан багшийн дүрийн суурийг хар төмрөөр хийсэн. Монголчууд хийд дуганыхаа гол шүтээнд хэзээ ч хар төмөр оруулдаггүй. Хар төмрөөр Монголчууд эртнээс хутга жас зэрэг мэс хүйтэн зэвсэг л хийдэг байсан..." гэж бүрэн эхээрээ залруулагдан нийтлэгдсэн.  Талуудын хооронд үүссэн маргаантай асуудал нь телевизийн нэвтрүүлгийн техник ажиллагаатай шууд холбоотой байсан.

Өөрөөр хэлбэл МБШТ Г  хийдээс шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг гардаж авахаас 7 хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр маргаан дагуулсан асуудал залруулагдан нийтэд мэдээлэгдсэн байсан. Дээрх мэдээлэл хийгдсэнээс хойш бараг 6 сар гаруй хугацаа өнгөрсөн, мэдээллийн үнэ цэнэ алдагдсаныг шүүх анхаарч үзээгүй.

Хариуцагчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий гэж үзэж гаргаж өгсөн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар шүүх хуралдааны явцад тайлбарлаагүй атлаа хариуцагч бодит байдалд нийцэж байгаа баримтаар нотолж чадаагүй гэж шийдвэртээ тусгасан нь ойлгомжгүй. Шүүх бүрэлдэхүүн Сэнтий, Жавил, Бадсуурь, Идгаа Чойжин, Сожин, Богдзонхав зэрэг төвд үгийг хэрхэн ойлгосон нь эргэлзээтэй байна.

Шүүх хуралдаанд мэтгэлцэх боломж олгоогүйн улмаас шашны нарийн утга учир бүхий үг хэллэг, нэр томьёог бодит байдалд нийцүүлэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргах эрхийг хязгаарлаж мэтгэлцэх зарчмыг алдагдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “М Б Ш т Г Х”- нь хариуцагч З.С-ид холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж /хх 1-2, 17/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа “ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан видео хэлбэрээр залруулга хийхийг хариуцагчид даалгах” гэж өөрчилжээ. /хх 128-130/

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хариуцагчид мөн өдөр гардуулж /хх 131/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж хариу тайлбар гаргах хугацааг тогтоож, гарын үсэг зуруулсан байна.

 

Гэтэл тухайн өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч болох хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн үндэслэлд хамаарч байна.  

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх буюу “сидинд үзлэг хийлгэх тухай” хүсэлт гаргасныг шүүх хангаж, үзлэг хийх ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл үйлдсэн боловч уг тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.7 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна. /хх 56, 68-69, 83/ Тодруулбал, тэмдэглэлд маргааны талаарх тодорхой цаг хугацааг тусгасан байх боловч үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь хэрэгт хамааралтай эсэх нь тодорхой бус, мөн үзлэгээр илэрсэн зүйлийг баримтжуулаагүйг шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/00368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.С-оос төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                    

                                       ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Т.ТУЯА