Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/726

 

О.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Мөнхзаяа,

шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч С.Батгэрэл  нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2009 02361 0861 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ө овгийн О-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......................хаягт оршин суудаг,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар,

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 4 жил 6 сар 24 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:............../;

   Шүүгдэгч О.М нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц п” төвд үйл ажиллагаа явуулдаг “С с” гэх нэртэй гар утасны дэлгүүрээс “Айфоне-11 про макс” загварын гар утсыг худалдаж авах мэт дүр эсгэж, тус байгууллагын борлуулагч Э.П-н “Хаан” банкинд эзэмшдэг ........... тоот данс руу төлбөр шилжүүлсэн тухай мессежийг харуулан хуурч, улмаар түүний хажууд “Хас” банкны ажилтантай утсаар холбогдож “3.000.000 төгрөгөөс дээш мөнгөн гүйлгээ банк хооронд 1-2 цагийн хооронд ордог” хэмээн итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш молл” төвд үйл ажиллагаа явуулах “А С” дэлгүүрийн худалдагч Ч.З-г ажлаа хийж байхад нь “Айфоне-11 про макс”, “Айфоне 11” загварын 2 ширхэг гар утсыг худалдан авъя, мөнгөн төлбөрийг нь шилжүүлчихлээ” хэмээн утсан дээрээсээ данснаас нь зарлага гарсан утгатай мессеж харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан залилж, 6.959.800 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш молл” дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулдаг Самсунг дэлгүүрийн салбараас “Самсунг эс-20” загварын 1 ширхэг гар утас, “Самсунг 10.1” загварын таблет 1 ширхэг зэргийг худалдан авч, мөнгөө шилжүүлсэн гэж хуурамч гүйлгээний баримт харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 4.698.000 төгрөгийн хохирол учруулсан, 

      2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “A store” нэртэй дэлгүүрийн салбарт үйлчлүүлж буй мэт дүр эсгэж, ай падийн төлбөр, “Айфоне 12” загварын гар утасны захиалгын төлбөр шилжүүлсэн гэж хуурамч гүйлгээний баримт харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 1.399.900 төгрөгийн үнэ бүхий ай падыг өөртөө шилжүүлэн авч залилсан,

     2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” нэртэй арьс, гоо заслын эмнэлгээр үйлчлүүлэх үедээ хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эмчилгээ болон тосны мөнгөө дансаар шилжүүлсэн хэмээн итгүүлж, тухайн эмнэлгийн ажилтан хохирогч С.Б-д тус эмнэлгээр үйлчлүүлсэн төлбөр болох нийт 348.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

      2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвд иргэн Э.А-с гар утас худалдаж авахаар тохиролцоод “гар утасны төлбөрийг шилжүүлчихлээ” гэж хуурч итгүүлэн, гүйлгээ хийсэн баримт харуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнээс 2.630.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфоне-12 про макс” загварын гар утсыг залилсан,

    2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн төвийн 1 давхарт байрлах иргэн Э.Н-н үйл ажиллагаа явуулдаг лангуунаас “Айфоне 12 мини” загварын гар утас болон “Ай ватч” цаг зэргийг худалдан авахаар болж төлбөрийг нь интернет банкаар шилжүүлсэн гэж хуурамч дансны хуулга үзүүлэн, “банк хоорондын гүйлгээ удаж байгаа гэж” хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Айфоне 12 мини” загварын гар утас болон Ай ватч зэргийг шилжүүлэн авч Э.-д 3.583.700 төгрөгийн хохирол учруулсан,

      2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хуурамж нэр, цахим хэрэгсэл ашиглан “...мөнгө шилжүүлээч, буцаагаад өгье...” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д байсан хохирогч Х.Т-с 5.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

     2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөнгөө дансаар шилжүүлсэн хэмээн итгүүлж “I house” нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хохирогч Н.О-с “Айфоне 11 про макс” загварын 1 ширхэг гар утас, “Аппле ватч эс-5” 40 мл загварын бугуйн цаг 1 ширхэг зэрэг нийт 5.138.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч залилсан,

       2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б.Нямсүрэн нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд” ХХК-ийн гадна иргэн Б.Н-с “Айфоне 12 про” загварын гар утас худалдан авахаар болж, төлбөрийг нь интернет банкаар шилжүүлсэн гэж хуурамч дансны хуулга үзүүлэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Айфоне 12 про” загварын гар утсыг нь шилжүүлэн авч залилан, 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

     2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цаг 38 минутын үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин агуулах худалдааны төвийн “The North Face” тасгаас куртикийг тооцоогоо интернет банкаар шилжүүлнэ гэж залилан авч, Ж.С-т 1.199.990 төгрөгийн хохирол учруулсан,

   2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Делл центр” компьютерын дэлгүүрийн ажилтан Г.Д-с “Делл” загварын нөүтбүүк худалдан авна, төлбөрийг нь интернет банкаар шилжүүлсэн, “данснаас мөнгө гарсан гэсэн” хуурамч мессеж үзүүлэн, хуурч, 5.408.700 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүкийг нь авч, залилсан,

       2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Виктори центр” төвийн 5 давхарт байрлах “Гоо Од билэг” ХХК-ийн компьютерын дэлгүүрийн худалдагч Д.Т-с “Макбүүк про 16” загварын нөүтбүүк худалдан авна, төлбөрийг нь интернет банкаар шилжүүлсэн, банк хоорондын гүйлгээ 2-с 3 цагийн дараа орно гэж хуурч, 7.190.000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүкийг нь авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

    Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө овогт О-н М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч О.М-г 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 17 хоног хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 жил 11 сар 7 хоногоор тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.М-с хохирогч Ч.Уртнасанд 4.698.000 төгрөг, хохирогч Х.Арлунгуад 6.959.800 төгрөг, хохирогч Х.Арлунгуад 1.399.900 төгрөг, хохирогч Э.Пүрэврагчаад 3.650.000 төгрөг, хохирогч Х.Азжаргалд 2.630.000 төгрөг, хохирогч Х.Төгсжаргалд 5.400.000 төгрөг, хохирогч С.Буянжаргалд 348.000 төгрөг, хохирогч Н.Оюунсумъяад 5.138.000 төгрөг, хохирогч Э.Нямсамбууд 3.583.700 төгрөг, хохирогч Б.Нямсүрэнд 3.100.000 төгрөг, хохирогч Ж.Саранчимэгт 1.199.990 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Ургамалд 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Баяржаргалд 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 4 сар 26 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч О.М-н эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

    Шүүгдэгч О.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусдын өмчлөх, эзэмших эрхийн эсрэг хийж буй гэм буруутай үйлдэл болон тус зүйлчлэлтэй санал нийлэхгүй байгаа зүйл байхгүй бөгөөд хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрдөг.

   Миний бие уг гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр хийгээд байвал ийм өндөр ялтай, хүнд зүйл ангиар зүйлчлэгдэж, олон жилийн ял авна гэж бүрэн ухаарч ойлгоогүй, “өнөөдөр болоод байна” гэсэн тэнэг бодол, сэтгэхүйтэй байсандаа маш их харамсаж байна.

 Хохирол төлбөрийг эхнээс нь төлж барагдуулж байгаа бөгөөд цаашид төлж барагдуулах болно. Иймд хохирлыг төлж барагдуулахыг илэрхийлж буйг минь харгалзан үзэж биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч О.М-н өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэдийгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй боловч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Я.Мөнхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч О.М нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гар утас, нөүтбүүк, ай пад, ай таб, цаг, куртик зэрэг эд зүйл худалдаж авах мэт дүр эсгэж, мөн гоо сайхны газраас үйлчилгээ аваад данс руу төлбөр шилжүүлсэн тухай мессежийг харуулан хуурч, итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, нийт 13 удаагийн үйлдлээр, 50.706.090 төгрөгийн хохирол учрулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.У-н “... Намайг ажлаа хийж байхад гаднаас үл таних 25 орчим насны эмэгтэй орж ирээд 3.899.000 төгрөгөөр зарагдаж байсан “Самсунг эс-20 ультра” загварын гар утсыг худалдан авч, урамшуулалд нь “Самсунг А” загварын гар утас, 799.000 төгрөгийн үнэ бүхий Таб зэргийг худалдан авсан бөгөөд нийт 4.398.000 төгрөг дансаар шилжүүлчихлээ гээд гар утсаа үзүүлсэн боловч дансанд мөнгө орж ирэхгүй байсан. ...” /1 хх 33-35/,

хохирогч Х.А-н “... Шангрилла моллын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Аппле стори” дэлгүүрт үл таних эмэгтэй хуурамч гүйлгээний утга харуулан залилсан байна. ...” /1 хх 78-79/,

хохирогч Э.П-н “... манай дэлгүүрт нэг эмэгтэй орж ирээд гар утас худалж авна гээд банкны данс руу шилжүүлэг хийж байгаагаа надад харуулсан. Би хэсэг хугацааны дараа Хас банкны оператортой утсаар ярьж асуухад мөнгө орж ирэхгүй байна гээд залилуулснаа мэдсэн. ... Тухайн эмэгтэйгийн өгсөн 85702303 дугаар луу залгахад ашиглалтад байхгүй байсан. ...” /1 хх 137/,

хохирогч Э.Аз-н “... 25-27 орчим насны нэг эмэгтэй орж ирээд “Айфоне 12 про мак” загварын гар утасны үнэ асуухаар нь тайлбарлаж өгөхөд “би авъя” гэж хэлсэн. ... Миний Хаан банкны дансыг аваад “Хас банкны данснаас шилжүүллээ” гээд ... удалгүй 2 удаа мөнгө гарсан зарлагын мессеж харуулсан. Тухайн мессежид 2.000.000 болон 1.600.000 төгрөгөөр гарсан байхаар нь би итгээд тэр эмэгтэйг явуулсан. 20 орчим минутын дараа банк руу залгаж асуухад тийм гүйлгээ хийгдээгүй байна гэсэн. ...” /1 хх 235-236/,

хохирогч Х.Т-н “... Надад “эмчилгээ хийлгэж байна, хөлөө цэвэрлүүлж байна” гээд чаталдаг байсан. 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “би эмчилгээний төлбөр хийх гэсэн юм, чи мөнгөтэй юу, чиний машинд миний хүнээс авсан 6.000.000 төгрөг байгаа, би тэр мөнгийг авсан шүү” гэж хэлээд “энэ мөнгөө дансанд хиймээр байна, чиний карт байна уу, тагнуулын ажилтан тул данс руугаа хийж болохгүй” гэхээр нь би зөвшөөрөөд машинд байгаа гээд кодтой нь өгсөн. Миний аавын тэтгэврийн карт, цалингийн картыг хамт аваад явчихсан байсан. Би мөнгө явуулахдаа чи наад мөнгөө данс руу хийж цаг алдаж байхаар би эндээс түр өгчих үү гээд Хаан банкны Пүрэвдолгор гэх хүний данс руу шилжүүлсэн. ...” /2 хх 44/,

хохирогч Г.Д-н “... Тухайн эмэгтэй хэсэг зогсож байгаад надад өөрийн гар утсан дээрээс 5.500.000 төгрөгийн зарлага гэсэн утгатай мессеж харуулсан. Би тухайн үед үйлчлүүлэгч ихтэй байсан тул баталгааны бичиг хийж өгөөд гаргасан. ...” /2 хх 97/,

хохирогч Д.Т-н “... 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай ажил дээр гаднаас үл таних эмэгтэй орж ирээд үзүүлэн дээр байсан нөүтбүүкийг үзэж байгаад хамгийн үнэтэй буюу 7.190.000 төгрөгийн үнэ бүхий “Макбүүк про 16” загварын компьютерийг худалдаж авахаар тохиролцон, мөнгийг нь интернет банкаар шилжүүлсэн, 2-3 цагийн дараа орчихно гэж хэлээд авч явсан байсан. Гэтэл мөнгө нь байгууллагын дансанд ороогүй, бид нарыг залилсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан юм. ...” /2 хх 158/,

хохирогч С.Б-н “... Манай эмнэлгийн Туул гэх эмч ирээд тус эмэгтэйтэй уулзаж ярилцаад, ... тухайн эмэгтэй эмчилгээнд орсон. Эмчилгээ нь дуусаад над дээр тооцоогоо хийх гэж ирээд дансаар шилжүүлье гэж хэлээд би байгууллагынхаа дансыг өгөхөд удалгүй “шилжүүлчихлээ” гэж хэлэхэд нь ресепшн рүүгээ залгаж дансанд мөнгө орсон байна уу гэж асуухад ороогүй байна гэхэд нь ... утсаа гаргаж ирээд Хас банкны ажилтантай ярьж байгаа юм шиг залгаад “... Аан сүлжээний асуудал байж магадгүй юу, за за” гээд утсаа таслаад сүлжээний асуудал байгаа юм шиг байна. Удахгүй орчихно гэж хэлээд би регистрийн дугаараа бичиж үлдээгээд явчих гэж хэлээд хувийн мэдээллийг нь тэмдэглэж аваад гаргаж явуулсан. ...” /2 хх 242-243/,

хохирогч Н.О-н “... 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ байх үед үл таних эмэгтэй орж ирсэн. ... Тэгээд би дансаа шалгаад мөнгө орж ирээгүй байгаа тухай хэлэхэд тэр эмэгтэй Хаан банкны лавлахтай ярьж байгаа дүр үзүүлээд 5.000.000 төгрөгөөс дээш гүйлгээ болохоор хянагдаж байна. Удахгүй орно гэж байна гэхээр нь би итгээд заза би чамайг хүлээлгээд яахав дээ, яараад байгаа бол явдаа гэж хэлээд “Айфоне 11 про мах” загварын гар утас 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхгийг өгөөд 85111494 гэсэн утасны дугаарыг нь авч үлдээд явуулсан. Дээрх эмэгтэйг явснаас хойш 5 минут орчим хугацаанд мөнгө орж ирэхийг хүлээгээд мөнгө орж ирэхгүй болохоор нь манай орлогыг хариуцдаг Пү рүү залгаад та дансаа шалгаад өгөөч, 5.130.000 төгрөг орсон байна уу, банк дээрээ хүлээгдэж байгаа гэхэд банкин дээр ямар ч хүлээгдэж байгаа гүйлгээ байхгүй байна гэж хэлэхээр нь сандраад өгсөн дугаар луу нь залгахад нэг удаа дуудаад утсаа унтраачихсан байсан. ...” /2 хх 43/,

хохирогч Э.Н-н “... 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 12-13 цагийн орчим манай дэлгүүрт ягаан хослолтой, хар нүдний шилтэй 20 орчим насны туранхайдуу эмэгтэй орж ирээд “Айфоне 12 мини” болон “Айвоч-сериес 6” загварын цаг зэргийг худалдаж аваад 3.850.000 төгрөгийг банк хоорондын гүйлгээгээр шилжүүлсэн гээд дансны хуулгаа харуулсан. Миний дансанд мөнгө тэр даруй орж ирээгүй бөгөөд тэр эмэгтэй банк хоорондын гүйлгээ удаж байгаа байх гэсэн тул би тэр эмэгтэйн иргэний үнэмлэхний лавлагаа, гар утасны дугаар зэргийг нь аваад барааг нь өгөөд явуулсан. Гэтэл нөгөө мөнгө нь одоо болтол дансанд орж ирээгүй. ...”/ 3 хх 92-93/,

хохирогч Б.Н-н “... Надад мөнгөний хэрэг гараад Жи Эс Би ББСБ-аас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр лизингээр авсан байсан “Айфоне 12 про” загварын гар утсаа зарахаар болоод фэйсбүүк группт зар байрлуулсан. Тэгтэл А.Дөлгөөн гэх хаягаас гар утас чинь байгаа юу, ямар нэгэн асуудалгүй биздээ гэсэн цахим зурвас ирсэн. ... Тэгээд маргааш өдөр нь би гар утсаа хүргэж өгөхөөр болоод миний утасны дугаарыг авсан юм. Маргааш нь над руу залгаад  “чи гар утсаа “Таван Богд” ХХК-ийн өмнө ирээд авах боломж байна уу. Би “Таван Богд” ХХК-д ажилладаг” гэсэн. ... Тухайн гар утас авах гэж байсан эмэгтэй нь 19 үйлчилгээний төв орчмоос ирсэн. Ирээд миний машины арын суудал дээр суугаад миний гар утсыг үзээд 3.000.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд миний дансны дугаарыг аваад “мөнгийг чинь шилжүүлсэн шүү” гээд надад мөнгө шилжүүлсэн гүйлгээ гэсэн зураг утаснаасаа үзүүлсэн. Тэгээд миний гар утсыг аваад буусан. Тухайн үед өөрийнхөө барьж байсан гар утсаа шууд зарсан болохоор би гар утасгүй байсан. Би тухайн газраас хөдлөөд Яармагийн Хаан банкны АТМ орж дансаа шалгатал миний дансанд мөнгө ороогүй байсан. ...” /3 хх 134-135/,

хохирогч Ж.С-н “... 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 38 минутад “Норд фэйс” брэнд барааны тасгаас 5 өмсгөлийн хар өнгийн галууны өдөн юүдэнтэй куртикийг 30 орчим насны үл таних эмэгтэй нь тооцоогоо интернет банкаар хийсэн гэж залилж авч явсан байсан. ... Тухайн эмэгтэй нь надад гүйлгээ хийгдсэн гэж гар утаснаасаа баримт үзүүлсэн. ...” /3 хх 171-172/,

иргэний нэхэмжлэгч Ж.У-н “... Тэр эмэгтэй ломбардад нөүтбүүкээ дахин барьж орж ирээд “эгчээ би 1.500.000 төгрөгийн барьцаанд тавъя” гэхээр нь би шалгаж үзээд мөнгийг дансаар шилжүүлсэн. ...” /2 хх 102/,

иргэний нэхэмжлэгч Ж.Б-н “... Манай ломбардад О.М гэх нэртэй эмэгтэй хүн саарал өнгийн “Макбүүк про” 16 инчийн хэмжээтэй компьютер ломбардад 3.000.000 төгрөгт барьцаанд үлдээсэн ба би мөнгийг өөрийнхөө 5021586072 тоот данснаасаа М-н хий гэсэн Хаан банкны 5004591534 тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас явж байна гээд хүмүүс ирээд тухайн нөүтбүүкийг хураан авсан. ...” /2 хх 161/,

гэрч Н.Б-н “... байгууллагынхаа санхүүгийн бүртгэлийн ахлах нягтлан бодогчоор гүйлгээг шалгуулахад 6.959.800 төгрөгийн гүйлгээ орж ирээгүй байна гэсэн. ...” /1 хх 83/,

гэрч Ч.З-н “... Манай дэлгүүрт 25 орчим насны саарал цамцтай, махлагдуу эмэгтэй орж ирээд 2 утас авна гээд “Айфоне 11 про макс”, “Айфоне 11” загварын гар утаснууд аваад тооцоогоо шилжүүлж болох уу гэхээр нь байгууллагын данс руу 6.959.800 төгрөг шилжүүлчих гэхэд шилжүүлчихлээ гээд утсан дээрээсээ данснаас зарлага гарсан утгатай мессеж харуулахаар нь шалгаагүй явуулчихсан. ... санхүүгийн албанаас залгаад 2 гар утасны тооцоо дансанд орж ирээгүй гэхээр нь падаан дээр байсан утасны дугаар луу залгахад эрэгтэй хүн аваад тийм хүн байдаггүй гэсэн. ...” /1 хх 87/,

гэрч Ө.А-н “... Нэг эмэгтэй гаднаас орж ирээд саарал өнгийн 1.899.990 төгрөгийн үнэ бүхий “Ай пад” худалдан авахаар болсон. Мөн манай дэлгүүрт ирэхгүй байгаа “Айфоне 12” загварын гар утасны захиалга өгч 3.699.900 төгрөг төлөхөөр болоод нийт 5.569.800 төгрөгийг өөрийнхөө Хас банкны интернет банкийг ашиглан манай байгууллагын данс руу шилжүүлчихлээ гэж хэлээд мессеж надад үзүүлсэн. Тэгээд 1.899.900 төгрөгийн “Ай пад” аваад гарсан ...” /1 хх 188/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйл худалдсан тухай төлбөрийн баримтууд /1 хх 31, 71, 189, 2 хх 119/, Андууд, Голд фэйс ломбард барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /2 хх 125, 190/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 57-60, 120-124, 165-168, 3 хх 60-63, 139-142, 175-177/,

Хохирогч, гэрч нар О.М-г таньж олуулсан талаарх ажиллагааны тэмдэглэл /1 хх 47-49, 109-112, 150-152, 246-250, 2 хх 62-64, 247-250, 3 хх 54-57/,

 “Дамно”, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 38, 91-94, 142, 198, 2 хх 6-7, 128, 210, 3 хх 9-10, 46, 50-51, 106, 147, 185/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.М-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Уг гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга гэх шинж нь хэвшмэл маягтай, удаа дараагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч О.М-н үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчид тухайн зүйлд зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.М-н “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.М-н өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамааруулах нөхцөл үүссэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх байдлаар түүнд ял оногдуулан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэжээ.  

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 4 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих...”-оор хуульчилсан байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сар 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 17 хоногийн хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж, нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Дээрх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсантай холбоотой шүүгдэгч О.М-д оногдуулсан 3 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, хэрэв уг ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулж, ялын хугацаанд О.М-г Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 4 жил 6 сар 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 17 хоногийн хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж, нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 3 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч О.М-г Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-д мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... 10 жил 11 сар 7 хоногийн ... ” гэснийг “... 7 жилийн ...”  гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 54 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР