Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705002720128 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх ах дүү нарын хамт, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г . Шүүгдэгч Г  2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Виндоу зочид буудлын гадна согтуугаар Б.Чинбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Г  шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа. Хохирогчид 300.000 төгрөг бэлнээр, 50000 төгрөгийн үнэтэй гар утас авч өгч хохиролыг барагдуулсан. Манай эхнэр хүүхэд гадаадад амьдардаг. Би одоогоор эцэг, эх, ах, дүү нарынхаа хамт амьдарч байгаа гэв. Хавтаст хэргээс: Хохирогч Б.Чинбат мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Виндау” зочид буудлын харуулын үүргийг гүйцэтгээд гадаа байж байхад 3 давхарын 301 тоотод байсан биеэрхүү бүдүүн залуу согтуу гарч ирээд чам шиг ийм хамгаалагчийг ямар хамгаалагч гэдэг юм гээд шууд зодоод байхаар нь би арга буюу зугатаасан. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг, Сэжигтнээр Д.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: ”2017 оны 8 дугаар сарын 26- ны өдөр 20 цагийн үед өөрийн найз Лхагважавыг гэрт нь хүргэж өгөөд харих гэж байхад Мөнхболд гэдэг найз залгаад “чи хаана байна, би Виндау нэртэй зочид буудалд байна, би энэ буудалд хонож байгаа, чи хүрээд ир” гэхээр нь би очиж найзтайгаа архи уусан. Тэгээд манай найз 2017 оны 8 дугаар сарын 27-ны өглөө ажилтай гээд гараад явсан. Би ганцаараа нөгөө буудалд нь үлдсэн. Тэгээд хэзээ уг буудлаас гараад тэр хүнийг ямар шалтгааны улмаас зодож цохисонг мэдэхгүй байна. Архи ууж хүн зодсон нь миний буруу. /хх-ийн 18-19/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10947 дугаартай: Б.Чинбатын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, дух зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт, Хавтаст хэргийн 27 дугаар талд “ Б.Чинбат миний бие Г ас хохиролд 300.000 төгрөг, эм тариа, гар утас авахуулсан, одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх ямар ч зүйл байхгүй гэдгээ батлаж байна “ гэсэн нотаритчаар баталгаажуулсан хүсэлт /хх-ийн 27/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Гантулгын ял шалгах хуудас /хх- ийн 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 35/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г  2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Виндоу” зочид буудлын гадна согтуугаар Б.Чинбатыг зодож биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, дух зүүн бугалганд цус хуралт эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Чинбатын мэдүүлэг /хх-ийн 9/, сэжигтэн Д.Гантулгын мэдүүлэг /хх- ийн 19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 17/, хохирогч Б.Чинбатаас гаргаж өгсөн хүсэлт /хх-ийн 27/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Прокуророос Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Д.Гантулгыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсныг харгалзан түүний холбогдсон гэмт хэргийн тухайн зүйл хэсгийн торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч Г  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Г  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ