Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 792

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00415 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “ЕСКК” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Санж-Очсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр /3 сартай жирэмсэн байсан/ 11 цагийн үед байгууллагын хурал хийгдэж ажлаас гэнэт халагдсан. Хариуцагч  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүүхэд үнэгүй оруулж тоглуулсан гэх хоёр үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбар өгсөн. 30 000 төгрөгтэй холбоотой асуудал нь манай байгууллага мөнгө хадгалдаг сейф дотроо карт уншуулсан баримтаа хадгалдаг. Орой нь карт уншуулсан баримтаа нэгтгэн тулгаж үздэг. Тухайн өдөр надаас нэг карт уншуулсан баримт дутсан байсан, жижиг цаас учир сейфний ардуур унасан байж магадгүй гэхэд н.Уртнасан эрхлэгч үзээд ир гэсэн. Ингээд утасны гэрлийг асааж үзэхэд сейфний завсараар 30 000 төгрөг харагдсан, үүнийг яах вэ гэж эрхлэгчид хэлэхэд маргаашийн тушаах орлогод нэмж тушаая гэсэн. Зохион байгуулагч, эрхлэгч бид 3 хамтдаа камерийн хяналт дор сейф дотор байсан мөнгийг ухаж гаргаж ирсэн. Маргаашийн орлогод 30 000 төгрөгийг нэмж тушаасан. Тушаалд 30 000 төгрөгийг хувьдаа завшсан гэж бичсэн. Гэтэл үүнийг би олж мэдэгдсэн хүн. Хэрэв хувьдаа завших байсан бол мэдэгдэхгүй шүү дээ.

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүүхэд үнэгүй оруулсан гэдэг нь амралтын өдөр хүүхдүүд тоглоод хөл хөдөлгөөн ихтэй байсан. Би кассанд суудаг учир цааш нь баримт явуулдаг. Тоглоомын төв рүү ороход бас нэг хүн баримт шалгаж, хувцсыг нь шүүгээнд хийж оруулдаг. Хүүхдийн хувцас хийдэг шүүгээ программтай бөгөөд эхлээд доор нь гутлаа хийж, дараа нь хувцсаа дээр хийдэг. Шүүгээ ганцхан түлхүүртэй, үйлчлүүлэгч гутлаа түрүүлж авах тохиолдолд автоматаар цаг дуусч түлхүүрээр хувцсаа авах боломжгүй болдог. Үүнийг тоглоомын төвөөр үйлчлүүлдэг хүн болгонд тайлбарладаг. Тэр өдөр 3 хүүхэдтэй явж байсан үйлчлүүлэгч ой гарантай хүүхдээ аваад орох гэхэд компанийн зүгээс бага насны хүүхдийг оруулахгүй, нөгөө хоёр хүүхэд харгалзагчтай байх ёстой шаардлагыг тавьсан. Үйлчлүүлэгч ээжийгээ дуудсан байсан, шүүгээнд өөрийнхөө гутлыг хийсэн байсан тул яах ч аргагүй дотоод дүрмийг мэдэж байсан учраас шүүгээг онгойлгон гутлаа аваад хүүхдүүдийнхээ хувцсыг шүүгээний дээр тавьсан байдаг. Энэ үед байгууллагад захирлууд ирсэн байсан, үйлчлүүлэгч би хоёр хүүхдээ 24 000 төгрөгөөр оруулчихсан байна, одоо дөнгөж 30 минут болж байна гээд баримтаа үзүүлсэн. Тэгээд надаас яах ёстой вэ гэж асуусан. Миний хажууд шийдвэр гаргах эрхтэй хүн байгаагүй учраас би хүүхдүүдийнхээ хувцсыг аятайхан тавиад цаг дуустал тоглуул гэсэн. Хувцас ил байсан гэх шалтгаанаар намайг хүүхэд үнэгүй оруулсан гэж үзсэн. Тоглоомын төвд 10 гаруй камер байдаг, шүүж үзэж болно гэж би хэлж байсан. Гэтэл хувцас ил байсан, хүүхэд үнэгүй оруулсан гэх тайлбар өгч байсан.

Надад цалингаас 5 хувийн арга хэмжээ авна гэж байсан ч цалин буухын өмнө зохион байгуулагч 5 хувийг хасахаа болилоо гэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн хурлаар цомхотгол хийхгүйгээр ажлаас халахаар болсон гэж хэлсэн. Тухайн оны 10 дугаар сараас тус төвөөр үйлчлүүлэх хүүхдийн тоо буурч байна, 2-3 хүн хална гэх яриа ажилчдын дунд явж байсан ч 11 дүгээр сарын 14-ний өдөр хоёр хүн ажлаас халсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан маягт, хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал, байгууллагын дотоод дүрэм журам зэргийг надад танилцуулж байгаагүй, миний гарын үсэг байдаггүй. Хэрвээ сахилгын шийтгэл ногдуулах маягт өгсөн бол ажилчдад танилцуулж гарын үсэг зуруулах байсан. Миний хувьд эдгээр баримтыг нөхөж гаргасан гэж үзэж байна. Намайг зөрчил гаргасан гэж үзвэл 10 дугаар сарын 30-ны өдрийн сануулах хуудас, 11 дүгээр сарын 02-ны өдрийн цалингийн 5 хувийг хасах арга хэмжээ авагдсан гэж харагдах ба 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан ажлаас чөлөөлөх тушаал ямар ч үндэслэлгүй болж байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 хэсэгт “сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулж болохгүй” гэж заажээ. Надад сахилгын шийтгэл оногдуулсан мэт харагдаж байхад ажлаас халсан тушаал үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан тушаал гарсан. Хэрэв тус хуулийн заалтыг баримталсан бол 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан аль нэг заалтын үндэслэлийг тусгах шаардлагатай болно. Иймд ажлаас халсан нь тодорхойгүй тушаал болсон тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал тайлбартаа: Б.Б- нь “ЕСКК” ХХК-ийн Дархан салбарын тоглоомын ажилтан байсан. Байгууллагаас Б.Б-т сануулах арга хэмжээ амаар хэлж ойлгуулж байсан ч удаа дараа ажлын байрны тодорхойлолт зөрчин үйлчлүүлэгчээс дур мэдэн төлбөр авалгүй автомат тоглоом дээр тоглуулж байгууллагад мөнгөн хохирол учруулсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Мөн касс шахалт хийх явцад баримт дутаж баримтыг хайх үед кассын машины араас бэлэн мөнгө 30 000 төгрөг гарсан зэргээр байгууллагад хохирол учруулахыг завдаж байсныг үндэслэн Б.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг “ЕСКК” ХХК-ийн тоглоомын төвийн ажилтнаар эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1 534 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгох, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ЕСКК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 39 507 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн касс шахалтаар банкны терминалын баримт байхгүй байсан тул баримтыг хайх явцад кассын бэлэн мөнгөний хайрцагнаас 10 000 төгрөгийн дэвсгэрт 2ш, 5 000 төгрөгийн дэвсгэрт 2ш нийт 30 000 төгрөг бэлнээр, баримтгүй гарсан нь хууран мэхлэх замаар байгууллагад хохирол учруулахыг завдсан үйлдэл гэж үзэх тул ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй. Өмнө нь дахин зөрчил гаргавал ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахыг сануулж байсан.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажиллахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.4.10-тМөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж заасныг зөрчин үйлчлүүлэгчийн хувцсыг локер олгож шүүгээнд хийлгүйгээр дур мэдэн үнэ төлбөргүйгээр үнэгүй оруулж тоглуулсан. Энэ нь салбар хариуцсан эрхлэгч Д.Шүрэнцэцэг, хяналтын ажилтан Ч.Амартүвшин, зохион байгуулагч Л.Наранцэцэг нарын тайлбараар тогтоогдож байгаа тул шүүхийн шийдвэрт гомдолтой. Үйлчлүүлэгчийн гар бүртгэлд удаа дараа засвар хийсэн баримтыг хавсаргасан. Үйлчлүүлэгчтэй ёс зүйгүй харьцдаг зэрэг олон удаагийн алдаа дутагдал гаргаж хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгч Ч.Батдэлгэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “ЕСКК” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн ажлаас халсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч “ЕСКК” ХХК нь нэхэмжлэгчтэй 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/15-01 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, дээрх тушаал болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдов. /хх 5, 50, 69-71/

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч “Б.Б- нь төлбөргүйгээр автомат тоглоом тоглуулсан, бэлэн мөнгө хувьдаа авч байгууллагад хохирол учруулахыг завдсан гэх зөрчил гаргаж, сануулах болон цалинг 1 сарын хугацаатай 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан. Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 6/2671 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаанд 5 хувиар бууруулах /хх 46/, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 268 дугаар тушаалаар сануулах шийтгэлийг тус тус ногдуулсан атлаа мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11/15-01 дугаар тушаалаар дээрх зөрчилд нь ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан гэх дээрх зөрчлүүдийг шалгаж тогтоосон тухай баримт, зөрчлийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл, компанийн хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдаагүй, хөдөлмөрийн гэрээнд ажилтан Б.Б- гарын үсэг зураагүй зэрэг үйл баримт тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.7, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж дүгнэж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 1 534 830 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах, мөн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох бусад хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын ажлын байрны шаардлагыг удаа дараа хангахгүй байгаа” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЕСКК” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                       

                                      ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                                                                      Т.ТУЯА