Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/732

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Г.Д,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Баярмаагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Д-д холбогдох 2209 00000 0383 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ч овгийн Г-н Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, онлайн дэлгүүрт ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, ах нарын хамт ....................оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ......................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Шүүгдэгч Г.Д нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан Алтайн хойлог /Tetraogallus altaicus/-ийн түүхий эд болох 1 бодгалийг 2022 оны 1 дүгээр сард бусдаас худалдан авч хадгалсан, улмаар 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг бусдад худалдах зорилгоор хадгалж авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Г-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худалдан авч, худалдах зорилгоор хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 4 дэх зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түргэн муудах, онцлог эд мөрийн баримт болох бор саарал өнгийн 2472.6 грамм жинтэй, 460 мм /сүүлгүйгээр/ урттай хойлог шувууны 1 ширхэг бодгалийг устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баярмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад “Тогтоох” хэсэг нь тодорхойлох хэсэгтэй зөрчилдсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шийтгэх     тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогчоос уучлалт гуйсан ... хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн ... зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо...” гэжээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн...” гэж заасан. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдэл юм. Хэрэгт байгаль орчны асуудал хариуцсан төрийн эрх бүхий байгууллагын ажилтныг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба шүүгдэгч Г.Д нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан “...хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн...” гэх нөхцөл байдал хэрэгт авагдаагүй, харин учруулсан хохирлыг нөхөн төлж, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

   2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна... гэж, мөн Тогтоох хэсэгт энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хойлог шувууны 1 ширхэг бодгалийг устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж шийдвэрлэсэн атлаа “...эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй... гэж хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй буруу бичсэн байна.

   3. Прокуророос яллагдагч Г.Д нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан Алтайн хойлогийн түүхий эд болох 1 бодгалийг бусдаас худалдан авч, хадгалсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Г.Д-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худалдан авч, худалдах зорилгоор хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж чухам ямар зүйлийг худалдан авч, худалдах зорилгоор хадгалсан гэдэг нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл уг гэмт хэрэг нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан амьтны гаралтай түүхий эд болох нь тогтоогдсон байж уг гэмт хэргийн шинжийг хангана.

4. Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг тодорхойлон заасан бөгөөд хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ял оногдуулах хуулийн зохицуулалттай байна. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 5.400.000 төгрөгөөр ялаар шийтгэсүгэй гэж ямар ялаар шийтгэж байгааг дурдаагүй.

5. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... хойлог шувууны 1 ширхэг бодгалийг устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай” гэж шийдвэрлэсэн атлаа хаана хадгалагдаж байгааг дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолд дээрх агуулгаар өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би цахим группт зар бичсэн. Зарын дагуу холбогдсон хүнд аваачиж өгөх гээд очиход Экологийн цагдаагийн албан хаагчид байсан. Дээрх албан хаагчид хуурамч цахим хаягаас намайг барих зорилготой холбогдсон байсан. ...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Д нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан Алтайн хойлог /Tetraogallus altaicus/-ийн түүхий эд болох 1 бодгалийг 2022 оны 1 дүгээр сард бусдаас худалдан авсан, улмаар 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Т-н “...Алтайн хойлог шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ан амьтны экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 1 бодгаль нь 130.000 төгрөг байдаг. Амьтны тухай хуулиар экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог учраас байгаль орчинд учруулсан хохирол нь 260.000 төгрөг болдог. Уг алтайн хойлог шувуу нь Монгол орны Улаан номд бүртгэлтэй, Амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан, дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллаар олон улсын хэмжээнд анхааралд өртөхөөргүй, Монгол орны хэмжээнд ховордож болзошгүй ангилалд хамаардаг. ...” /хх 17-18/,

Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Би дахин зар тавьж, түүнээс хойш 3-4 хүн чат бичиж би хариуг илгээсэн. Уг хүмүүст 400.000 төгрөгөөр зарна гэсэн хариу өгч байсан. Тэгээд дугаар үлдээсэн хүний утас руу залгахад “нэгдүгээр эмнэлэг дээр авъя” гэхээр нь тэнд очиход экологийн албан хаагч байгаад миний шувууг хураан авсан. ...” /хх 20-21/,

гэрч М.Б-н “... Найз Д-тай цуг явж байтал нэг дугаар луу Г.Д миний утаснаас залгаад “шувуугаа зарахаар боллоо” гээд эхлээд нэгдүгээр эмнэлэг ороод, дараа нь ШУТИС дээр хүрээд ир гэж байна гэхээр нь очсон. Гэтэл тэнд Экологийн цагдаагийн албаныхан байсан. Г.Д-д шувуу байгааг би өнөөдөр л мэдсэн. ...” /хх 23-24/ гэх мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, энэ ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн 1 бодгаль хөлдөөсөн шувуу нь Тахиатан-Galliformes /Gebler, 1836/ баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus altaicus /Gebler, 1836/ зүйлийн бие гүйцсэн, хүйс нь эм байна. Шинжилгээнд ирүүлсэн Алтайн хойлог нь Ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номны /2016 он/ ховор шувуунд орсон зүйл юм. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Алтайн хойлогийн нэг толгойд 130.000 төгрөгөөр үнэлсэн байна. Амьтны тухай хуулийн 37.2-т амьтны аймаг учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно. ...” гэсэн 2022 оны 505 дугаартай дүгнэлт /хх 29-31/,

“... Шинжилгээнд ирүүлсэн шувууны хүзүүний хэсэгт үүссэн 1 см голчтой үүссэн гэмтэл нь /нүх/ буудалтын улмаас үүссэн байх боломжтой. Сумны хошуу илрээгүй болно. ...” гэсэн 2022 оны 653 дугаартай дүгнэлт /хх 39-40/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүх Г.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д нь ховор ан амьтны түүхий эд болох Алтайн хойлогийн нэг бодгалийг худалдан авсан, хадгалсан байхад юуг хадгалж, худалдах зорилгоор авсан талаар дүгнээгүй, өөрөөр хэлбэл үйлдлийн шинжийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэжээ.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгчид торгох ял шийтгэл оногдуулах талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтдаа ямар ял оногдуулснаа бичилгүйгээр зөвхөн ялын хэмжээг бичих байдлаар буруу бичсэн, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн тогтоогдоогүй үйл баримтын талаар дүгнэж, дурдсан, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр улсын яллагчийн гаргасан торгох ялын саналыг зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан мэтээр буруу дүгнэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Алтайн хойлог шувууны 1 ширхэг бодгалийг устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгахдаа хаана хадгалж байгааг дурдаагүй зэргээр алдаатай дүгнэлт хийж, шүүх шийдвэрээ хэт хайхрамжгүй байдлаар бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Иймд энэ талаар бичсэн прокурор Г.Баярмаагийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худалдан авч, худалдах зорилгоор хадгалсан гэмт хэргийг...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.” гэснийг “... 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ,       

    ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

              ШҮҮГЧ                                                               М.АЛДАР